Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдээ нүүрсээр хордуулан хөнөөх хот


Утаатай, хүйтэн Монголын нийслэлд өвлийн улирал залгасан болохоор хаа сайгүй нүүрс түлж дулаацах үе иржээ. Энэ улсад нас барж буй 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлын нөлөөгөөр хорвоог орхиж байна.
Дэлхийн хамгийн хүйтэн хотод өвөл нэгэнт ирж, Улаанбаатарын захын хороолол дахь гэрүүдээс саарал утаа суунаглах нь О.Болормаагийн  санааг зовооно. “Хүйтний улирал эхлэхээр бүх зүйл аймшигтай болдог. Гудамжны үзүүрт байгаа машиныг ч олж харахаа больдог” гэж тэр ярив. Энэ бүхэн монголчуудын уламжлалт сууц болох гэрийн гол халаалт болох нүүрс түлдэг зуухаас болж байгаа юм.  Монгол гэр бол нүүдэлчин гэр бүлийг тал нутгийн хүйтэн өвлийг ч ажралгүй өвөлжүүлж чадах сууц. Гэвч Улаанбаатарын хүн амын 60 хувь нь гал түлдэг ийм нөхцөлд амьдрахаар асуудал өөрөөр эргэж, нийтийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлжээ.

Канадын Саймон Фрэйзерийн их сургуулийн хүрээлэн буй орчны эрүүл мэндийн судлаач Райн Аллены Улаанбаатарт хийсэн судалгааны дүнг аваад үзэх юм бол энэ “нүүрсэн хот”-д тохиолдож буй 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдолтой холбоотой байна. Өвлийн улирал дөхөхөөр Улаанбаатарт хөдөө нутгаас шилжин ирэгсэд нэмэгддэг бөгөөд захын хороололд суурьшина. 2010 оны тоо баримтаар жилдээ 30-40 мянган хүн хотод шилжиж ирдэг байна. Хэрэв хатуу өвөл болж малчид малаа алдвал ажил олж хийхээр хот бараадна. Яг л ийм замаар Болормаа зургаан жилийн өмнө хотод иржээ. Хөвсгөл аймагт амьдардаг байсан тэд нийслэлд ирээд нөхөр нь барилгад цагийн ажил хийх болжээ. Гэвч тэд одоо буцахыг хүсч байна. Болормаагийн хэлэх нь “Өглөөдөө бас оройн хоолны үеэр утаа бүр ихэсдэг. Өвөл болохоор л хоолой өвдөж, ханиалгаж эхэлдэг. Манайх нялх хүүхэдтэй болохоор эрүүл мэндэд нь санаа зовох юм”
Арванхоёр, нэгдүгээр сарын үед гадаа температур -30 хэм хүрэх цагт энэ хот хорт утаандаа уусан алга болох мэт харагдахаа больдог.
 
2011 оны арванхоёрдугаар сард гарсан Дэлхийн банкны мэдээллээр Улаанбаатарын агаар дахь бохирдлын хэмжээ тус улсын агаарын чанарын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин их, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 6-7 дахин өндөр байна. Тийм ч учраас Дэлхийн банк Монголын нийслэлийг манай гаригийн хамгийн их бохирдолтой хотоор нэрлэснийг гайхах зүйлгүй. Улаанбаатарын Шархад орчимд амьдардаг Г.Туяа бол улсын эмнэлэгт гурван жил ажиллаж байгаа нэгэн. Түүний хэлснээр амьсгалын замын өвчлөл, ханиад томуу, харшлын өвчин сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгдсэн гэнэ. “Гэхдээ өвчний бүх тохиолдол нүүрснээс болсон гэж хэлэхэд хэцүү. Зарим өвчтөний хувьд архаг хууч өвчтэй байсныг хэлэх ёстой” гэв.  Орон нутгийн нийгмийн халамжийн газрын ажилтан Б.Оюунаа ч“Бидэнд тодорхой тоо баримт байхгүй. Гэхдээ дутуу төрөх, ураг зулбах, шинэ төрсөн хүүхэд уушигны өвчтэй төрөх нь нэмэгдсэн” гэж ярихдаа төдий л сэтгэл зовсон шинжгүй байв.

Олон улсын хөгжлийн агентлагуудын тусламж дэмжлэгээр Монголын Засгийн газар хотын оршин суугчдад нүүрс бага түлдэг хэмнэлттэй зуухыг хямд үнээр өгч байгаа аж. Энэ зуухны үнэ нь 240 ам.доллар ч иргэдэд 35 орчим ам.доллараар өгдөг  гэнэ. Б.Оюунаагийн ярьснаар айл өрхүүд шинэ зуухыг авч байгаа ч авч чадахгүй хэсэг ч бий гэнэ. Түүний ойр орчмын бүх айл Багануураас ирсэн чанар муутай хямд нүүрсийг худалдан авдаг аж. 40 килограмм орчим нүүрсийг хоёр ам.доллараар авдаг ч энэ нүүрс нь хурдан шатдаг, илүү хортой утаа ялгаруулдаг байна. Б.Оюунаа “Манай гэрийн бараг бүх хүн ханиалгаж байгаа, Ийм нөхцөлд тамхи татдаггүй хүний уушиг хүртэл харласан байх” гэж хэлсэн.
Жил ирэх тусам агаарын чанар улам муудаж байгааг энэ хүмүүс харж байна. Төвийн дулаанд холбогдоогүй энэ гэр хороолол байсаар, өргөжин тэлсээр байгаа цагт яаж “Хөх тэнгэрийн орон” гэгдэх Монголын нийслэл хар титэмнээсээ салахыг тэд мэдэхгүй байна.

Францын “Le Monde” сонин

0 Сэтгэгдэл
Baga Nuuriin nuursiig hot ruu oruulaxiig alban esoor xorigloochee!!! Uulee...uxleeshdeee!!
yanam be
Хамгийн их уншсан