Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтан дээр сандайлсан гуйлгачингаас алдаж хоцорсон Монгол


Өнгөрсөн зууны сүүлчээр монголчуудыг гадаадынхан алтан дээр сандайлсан гуйлгачид гэдэг байлаа. Тухайн үед  манай эдийн засгийн байдал хүнд арьс шир, ноос ноолуураа түүхийгээр нь л урд хөршид экспортлохоос хэтэрдэггүй байсан гэж хэлж болно. Алт олборлолтыг дэмжсэн хууль эрх зүйн орчин ч таатай 2.5 хувийн татвар авдаг байв. Үүний нөлөөгөөр алтны шороон ордын хайгуулын болон олборлолтын лицензийн наймаа дэлгэрэх, энд тэнд уурхай нээх нөхцөл бүрдсэн.  Энэ нь манай улсын эдийн засаг аажимдаа  уул уурхайгаас хараат болох эхлэл байлаа.

Өнөөдөр манай улсын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал эзэлж байна. Гэвч алт олборлолт жилээс жилд буурч ирлээ.

УИХ-аар одоо урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Алтны ил байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Уул уурхайн сайд Д.Ганхуяг  “Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль батлагдвал алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд  2.5 хувийн татвар төлнө. Тушаахгүй бол олборлосон алтны хэмжээгээр нь таван хувийн татвар ногдуулна. Хэрэв алт олборлогч болон алт худалдан авагч нь хууль бусаар хил давуулан худалдах, олборлосноо нуух, хадгалах, татвараас зайлсхийх тохиолдолд хүлээх хариуцлагыг чанга тусгасан. Энэ хууль таван жил үргэлжлэх бөгөөд үйлчлэх хугацаа нь дуусахад эргээд таван хувийн татвар төлөх болно. Дэлхийн жишигт алтны нөөц ашигласны татвар бага байдаг юм билээ. Энэ нь уг  салбарт татварыг зохистой тогтоохын ач холбогдлыг илтгэж байна. Жишээлбэл Хятад хоёр хувь, Бразиль хоёр хувь, Энэтхэг 2.5, Индонез дөрвөн хувийн татвар авдаг.  Уг хууль ямар нэг компанид зориулагдаагүй. Хуулийн төслийг ЭЗХЯ, Монголбанк, УУЯ хамтран бэлтгэж Засгийн газарт санал нэгдсэн тул УИХ-д өргөн барьсан. Эцсийн шийдийг УИХ гаргана” хэмээн өчигдөр мэдээллээ.

Уг хуулийн төсөл хэрэв батлагдвал Монголбанк алт худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл тооцоог хийх, хяналт тавих аж. Ингэснээр алтны далд наймаа зогсч улсын гадаад валютын нөөц нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Татварын хувь хэмжээ буурснаар улсын төсөвт орох орлого 40-50 сая ам.доллараар буурах тооцоо гарсан. Гэвч  алтаа алдалгүй худалдаж авснаар улсын сан хөмрөг дэх валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцож буй юм. Хууль хэрэгжих  хугацаанд манай улс 8.5-10 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болно гэж байгаа. Учир нь, алтыг олборлосон л бол зах зээлд ямар ч валютаар чөлөөтэй хөрвөдөг үнэт металл билээ. Төв банкны тооцоолж буйгаар дээрх хууль батлагдвал ирэх онд 30 тонн алт худалдан авах юм. Энэ оны байдлаар манай улс 7.7 тонн гаруй алт олборлоод байгаа бөгөөд төлөвлөж буй хэмжээнээс бараг хоёр дахин илүү юм.
Алтны нөөц ихтэй орнуудын үндэсний валют тогтвортой, эдийн засаг нь жигд өсөлттэй байдаг. Өнөөдөр дэлхийд АНУ 8.1 мянган тонн алтны нөөцөөр тэргүүлж буй юм. Удаад нь Франц 2.6, Герман 2.4, Хятад нэг мянган тонн алтны нөөцөөр орж байна. 

 Оюу толгой зэсийн баяжмал дахь алтаа биет болон биет бус хэлбэрээр Монголбанкинд худалдвал мөн л хууль хэрэгжих хугацаанд жилд 2.5 хувийн өсөн нэмэгдэх нөөц ашиглсаны татвар төлөх аж. Хэрэв тушаахгүй бол таван хувиар төлөөд явах ажээ. Биет бус хэлбэр гэдэг нь экспортод гарч буй баяжмалд байгаа алтны хувь хэмжээг тооцож худалдахыг хэлжээ. Тэгэхдээ манай тал өөрийн эзэмшлийн буюу 34 хувийн алтаа худалдан авах учиртай.

Хууль эрх зүйн орчин таатай байх үед жилд дунджаар 15 тонн алт олборлодог байжээ. Бүр оргил үедээ буюу 2005 онд  24 тонн алт олборлосон мэдээлэл бий. Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр унци алтны үнэ дээш цойлж байв. Тэр үед Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль буюу гэнэтийн ашигийн 68 хувийн татвар гарснаар алт олборлолт буурах эхлэлийг тавьсан. Уг хуулиар зөвхөн алт, зэсийн босго үнэ тогтоож түүнээс илүү гарвал  өндөр татвар авах  болсон. Ингээд Монголбанкинд жилд тушаадаг алтны хэмжээ илт буурах эхлэл тавигдсан. Гэтэл дарин дээр давс гэгч урт нэртэй хууль гэж  нэрлэгдсэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч олборлосон алтны хэмжээ огцом буурлаа.  Өнөөх гэнэтийн ашгийн 68 хувийн татвар нь хүчингүй болсон ч байдал дээрдээгүй билээ. Учир нь,  урт нэртэй хуулиар алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын 1336 лиценз эзэмшигчийн үйл ажиллагаа зогссон юм. Мөн өсөн нэмэгдэх нөөц ашигласаны төлбөрт борлуулалтын орлогоос 10 хувийг нь авах болсон. Энэ нь алт хууль бусаар хил гаргаж зарах, банкинд барьцаалж орхих явдалд түлхжээ. Нэг ёсондоо алтан дээрээ сандайлсан гуйлгачин байснаа түүнийгээ  халаасалж эхэлсэн. Харин өнөөдөр алтаа ухуулж алдсан Монгол болж хувирсан билээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан