Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар нүүрс тараангаа агаарын бохирдолтой тэмцэх үү

Ерөнхийлөгчөөс өргөн мэ­дүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төс­лийг хэлэлцэх эсэхийг өчиг­дөр Байгаль орчин, хүнс, хө­дөө аж ахуйн байнгын хо­рооны хурлаар хэлэлцлээ.
Уг өөрчлөлтөөр Агаарын бо­хирдолтой тэмцэх үндэсний хо­роог Ерөнхийлөгчийн там­­­гын газраас Засгийн га­зарт шилжүүлэх тухай тус­гаж. Энэ талаар Байн­гын хорооны хурлын үеэр гишүүдийн хооронд хэлэл­цүүлэг, маргаан өрнөсөн юм. Хуулийн төслийн өөрчлөлт, тус Үндэсний хорооны ажлыг тайлбарлахаар Ерөн­хийлөгчийн Хуулийн бод­логын зөвлөх Ч.Өнөрбаяр, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг гишүүн болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаныхан оролцлоо.

УИХ-ын гишүүн А.Бакей: -Агаарын бохирдолтой тэм­цэх үндэсний хороо үүргээ гүйцэтгэж чадсан уу. Байгаль орчны чиглэлийн яам энэ хороог авбал ажлыг нь сайжруулах биш улам муу болгоно шүү.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: -Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн өргөт­гөсөн хуралдаанаар агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гээд Ерөнхийлөгч анхааралдаа авсан юм. Ингээд Ерөнхийлөгчийг энэ хороог дэргэдээ авч, чиглүүлэх санал гарсан.Харин одоо Ерөнхий сайд дэргэдээ авч, хариуцаач гэж байгаа. Үндэсний хороо төсөв ерөнхийлөн захирах эрхгүй байдаг учраас Засгийн газар гишүүддээ хариуцуулах боломжтой гэж үзсэн учраас ийм санал өгч байна. Зарим ажил Засгийн газрын түвшинд очоод гацдаг. Яамдын ажил дунд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажил уусах биш харин ч Засгийн газрын хэмжээнд чиглүүлэн авч явах ёстой юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Засгийн газар утаа нэмэгдээгүй гэж арай худлаа хэлэхгүй байх. Утаанаас болсон өвчлөл ямархуу байгааг бодитойгоор нь гаргаж тавьмаар байна. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутаг ч гэсэн агаарын бохирдол ихтэй болсон.

УИХ-ын гишүүн Л.Эр­дэнэ­чимэг: -Утаагүй зуух нийлүүлэхийг Мян­ганы сорил­тын сан хариуцаж хийсэн. Дэл­хийн банкнаас 45 мянган зуух нийлүүлэх ажлыг хийж бай­гаа. Бидний эрүүл мэндийг гадаадынхан хариуцаад явж байна. Ажил хийж байхад Засгийн газар заримдаа гай болдог. Өмнөх Засгийн газар гэхэд боловсруулсан түлшний үйлдвэр барихад 18 тэрбум төгрөг гаргаад тэр нь юу ч болоогүй. Одоо Багануурын нүүрсийг нийслэлд оруулж ирж зарж байна. 2012 онд утаатай тэмцэхэд 30 тэрбум төгрөг, энэ жил 22 тэрбум төсөвлөсөн.
Утаанаас болдог эрүүл мэндийн хохирлыг мөнгөөр тооцож гаргажээ. Энэ тооцоогоор бол жилдээ 30 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц эрүүл мэндийн хохирол нийслэлчүүд амсдаг байна гэсэн үг. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ПМ гэсэн үзүүлэлт утааны ямар хэмжүүр, юуг харуулж байгааг лавлав. ПМ гэдэг нь хүний нүдэнд үл үзэгдэх тоосонцор учир амьсгалын замын өвчлөл үүсгэдэг гэнэ. Ялангуяа хүүхдийн уушгийг гэмтээдэг аж. Жирийн зуухны бохирдлын хэмжээ 1570 ПМ байсан бол утаагүй зуухных 70 байгааг шинжилгээгээр тогтоосон байна. 2014 онд утаагүй зууханд 30 тэрбум төгрөг төсөвлөж. Агаа­рын бохирдол зөвхөн гэр хо­рооллын яндагийн утаа гэлт­гүй, автомашин гэх мэтчлэн олон хүчин зүйлээс үүсч буй аж. Иймээс цаашдаа 10-аас дээш жил явсан автомашин хи­лээр оруулахгүй байх, өн­дөр татвар ногдуулдаг бо­лох тухай хөндөх ёстойг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг гишүүн хэлж байлаа. Яагаад гэвэл Монголд явж буй автомашины 90 хувь нь 10-аас дээш жилийн настай гэсэн юм. Нийслэлийн агаарын бохирдлын 30 гаруй хувийг автомашины утаа үүсгэдэг гэж тогтоожээ.

УИХ-ын гишүүн Су.Бат­болд: -Утаа дийлдэхээ больчихлоо. Ерөнхийлөгч утаатай тэмцэж дийлэхээ болиод Ерөнхий сайдад хариуцуулах гэж байна уу. Анх энэ үндэсний хороог байгуулахдаа Засгийн газар үгэнд орохгүй байгааг харж болоогүй хэрэг үү. 17 яамаар ажлыг нь хийлгээч. Үндэсний хороо цахим мэдээллийн сүлжээ үүсгэж, иргэдээс санал авдаг гэж байна. Иргэдээс яг ямар санал, яах гэж авдаг юм. Нэг барилга барих гээд хашаа хатгаж, тэндээ хоёр айл буулгадаг. Хотын төвдөө ингэж утаа нэмээд байна. Ярьсаар байтал чинь утаа гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Эрүүл хүн ч үлдэхгүй нь.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: -Агаарын бо­хирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гээд Ерөнхийлөгч ҮАБЗ-д оруулахад та хариуцаад аваад яваач гэж санал гарсан юм. Ажлын алба гэж нүсэр бүтэц байгуулагдаад олон хүн зүгээр суугаагүй. Зөвхөн цахим мэдээлэл бүрдүүлдэг гэж ойлгож болохгүй. Агаарын бохирдлын асуудлыг улс төржүүлж болмооргүй байна. 

УИХ-ын гишүүн Л.Эрдэ­нэ­чимэг: -Үндэсний хороо жилийн хугацаанд сайн ажилласан. ЭХЯ, УУЯ, БОНХЯ үүнд оролцоотой. Тус тусын яамандаа байсныг нь Үндэсний хороонд багцалсан. Энэ хороо байгуулагдаагүй бол агаарын бохирдолд төсөв ч батлуулж чадахгүй байсан. УИХ, дэд хороо ажилд нь хяналт тавих ёстой.

УИХ-ын гишүүн Б.Гарам­гайбаатар: -Ерөнхийлөгч зөв зүйл санаачилж, эхлүүлсэн. Агаарын бохирдол буурсан, утаа хэвээрээ байгаа гэж мэргэжлийн хүн ярьсан байна. Энэ хоёр чинь өөр асуудал юм уу. Хийсэн ажлаа Үндэсний хорооныхон яагаад хамгаалдаггүй юм бэ. Ерөнхий сайд энэ хороог авч явах биш нэг яамандаа хариуцуулах нь зөв. Шилжүүлэхээр бүтэц, орон тоо яригдах уу.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: -Чиг үүргийг шилжүүлэхээр төсөв мөнгө гэж гарахгүй. Олон яамныхаа ажилтай илүү уялдах учраас Ерөнхий сайдад хариуцуулах гээд байгаа юм. Засгийн газрыг эрхлүүлэхээ больж, Ерөнхийлөгчийн зүгээс, УИХ-аас ч гэсэн шахаж ажиллуулъя гэж байгаа хэрэг.
Утааны хор багассан уу, үгүй юү гэсэн маргаан энэ үеэр болж, нарийн тайлбарлах хүн байсангүй. Агаарын бохирдол биш, утаа нь илүү чанартай болсон гэсэн үг үү хэмээн гишүүд нэлээн шүүмжлэн ярилаа.    

УИХ-ын гишүүн Д.Арвин: -2000 оноос хойш агаарын бохирдлыг бууруулах гэж маш их мөнгө төсөвлөсөн. Байдал яг хэвээрээ байна. Засгийн газрууд нь юу ч хийгээгүй. XXI зуунд утаагүй зуух тараана гэж яриад сууж байгаа нь эмгэнэл. Агаарын бохирдол бууруулахаар төсөвлөсөн мөнгө, дулаалгыг нь хороодын Засаг дарга нар нь шамшигдуулдаг. Тэгэхээр УИХ үүнд анхаарч бодлогоор ажиллах ёстой. Барсболдоос эхлээд үе үеийн Байгаль орчны яаманд мөнгө өгсөн ч ямар ч ажил хийгээгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Я.Сод­баатар: -Өнгөрсөн жил бид Ерөнхий сайдыг хамгийн муу чанарын Багануурын нүүрсийг нийслэлд тараалаа гэж бичиг өгч байсан боловч тоогоогүй. Ерөнхий сайдын хамаатан садангууд энэ нүүрс тараах ажлыг хийгээд, компани байгуулчихсан явна. Засгийн газар нэг гараараа агаарын бохирдолтой тэмцэх мөнгө батлаад нөгөө гараараа утааг нэмэгдүүлж нүүрс тарааж байна.  
Ингээд гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайдад хариуцуулж өгөх холбогдох хуулийн төслийг өөрчлөлтийг хэлэлцэхээр дэмжлээ. Үүнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан