Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гитлерт амьдралаа зориулсан эмэгтэй

Олон сая хүнийг хагацал зовлонд учруулж, нулимстай нь хатаасан нацист Германы удирдагч А.Гитлерийг мэддэг хүн бүр л түүнийг үзэн яддаг. Гэвч хүн төрөлхтөний заналт дайсан болсон энэ хүнийг хайрладаг нь олон биш боловч хэд хэд байсан нь түүхэн үнэн. А.Гитлерийг бага залуугаасаа үнэн зүрхнээсээ хайрлаж, эцэст нь амьдралаа түүнд тушаасан нэгэн золгүй эмэгтэйн амьдралын тухай дор өгүүлэх гэж байна. Гуравдугаар Рейхийн удирдагч А.Гитлер хэд хэдэн эмэгтэйтэй холбогдсоноос бүгдээрээ цаашид амьдрахыг үл хүсэн өөрийгөө хорлосноороо ижил хувь тавилан үүрсэн. Тэдний нэг бол Ева Браун юм. А.Гитлертэй 16 жил хайр сэтгэлийн холбоотой байж, ганцхан өдөр эхнэр нөхрийн ёсоор амьдарсан эмэгтэй бол Ева Браун.
 Тэрээр 1912 оны хоёрдугаар сарын 6-нд католик шашинтай, Бавари гаралтай айлын гурван охины дундах нь болон мэндэлжээ. Ева Лицейд дунд боловсрол эзэмшиж, дараа нь бизнесийн сургуульд нэг жил суралцсан аж.

Гитлерт анхны харцаар дурласан 17-той охин

1929 онд 17 настай Ева өөрөөсөө 23 насаар ах А.Гитлертэй Мьюнхенд анх учирчээ. Тэрээр А.Гитлерийн хувийн гэрэл зурагчин Генрих Хоффманны туслахаар ажилд орсоны дараахан түүнтэй танилцжээ. Тэр А.Гитлерийг дэлгүүрт нь орж ирмэгц анхны харцаар дурласан гэдэг. Тэр анхны уулзалтынхаа тухай эгчдээ захиа бичихдээ “Би дэлгүүрээ хаах цагийг хүлээн зогсч байхад хаалга онгойх чимээ сонстлоо. Эзэн маань үстэй малгай өмссөн нэг ахимаг насны эрэгтэйтэй хамт орж ирэв. Би тэр эрэгтэйг харах гэж дөхөн очиход эзэн намайг түүнтэй танилцуулж, “Ноён Вольф энэ бол манай бяцхан хатагтай Ева” гэж хэлсэн. Хоффман дараа нь түүнийг дайлах гэж намайг хажуугийн шар айрагны мухлаг руу жаахан зайдас, шар айраг авахуулахаар явуулсан” гэжээ.
Еватай адил А.Гитлер ч залуухан охинд тэр дороо л татагджээ. Тэр өөрийн дуртай зүйлсээ Ева
эелдгээр үзүүлж харуулан  найрсаг хандаж байв. Энэ үед Ева шинэхэн болзоот залуугийнхаа тухай найзууддаа ингэж дүрсэлжээ. “Үсээ инээдтэй засуулсан, цайвар өнгийн Англи хүрэм, үстэй том малгай өмсдөг жентельмэн эр” хэмээн найзууддаа ярьж байхдаа Ева аль хэдийнэ А.Гитлерт хөл алдан дурласан байлаа. Тэд танилцаад удаагүй байхдаа А.Гитлерт бичсэн захидалдаа Ева “Эрхэм ноён Гитлер, театрт маш сайхан үдшийг өнгөрүүлсэнд баярлалаа. Мартагдашгүй үдэш байлаа. Таны энэ нөхөрлөлийн төлөө би үргэлж талархаж явах болно. Тантай дахин уулзах мөчийг цаг тоолон хүлээж байна” гэж бичсэн байна. Ингээд төдий л удалгүй Ева Браун эцэг эхийнхээ эсэргүүцлийг ч үл тоон А.Гитлерийг даган Альпийн нуруун дахь амралтын газар руу явжээ. А.Гитлер тэр хоёрын харилцааг эцэг эх нь эхний хоёр жилд хүчтэй эсэргүүцдэг байжээ.  Үүнээс хойш тэр А.Гитлерийн хатагтай болсон юм.

“Цэргүүдээр уруулын будаг хийнэ”

А.Гитлерийн нарийн бичгийн дарга нарын нэг Траудл Жанге Еватай дайны үеэр анх уулзсан сэтгэгдлээ хожим “Эцсийн мөч хүртэл” дурсамж номдоо ингэж бичжээ. “Тэр өөртөө тун зохисон хувцас өмсдөг, биеэ сайхан авч явдаг, хүмүүстэй нээлттэй харилцдаг эмэгтэй байсан. Шар долгиолог үстэй, хөөрхөн царайтай, нүүрээ аятайхан будсан, чамин үнэт эдлэл байнга зүүдэг, тийм ч өндөр биш атлаа сайхан бие галбиртай.Түүнийг энэ дүр төрхөө өөрчлөхийг фьюрер хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй байсан. Нэг удаа тэрээр үсээ үл ялиг бараан болгоход А.Гитлер аймшигтай уурлаж “Чи огт өөр болчихож, Чи өөр эмэгтэй байна” гэж хашхирсан.” гэжээ.  Сонирхуулахад А.Гитлер эмэгтэйчүүдийн гоо сайхны будаг шунханд ихэд дургүй байсан гэдэг. Амьтны гаралтай түүхий эдээр хийдэгт нь дургүй тэрээр нэг удаа Евад “Удахгүй наад уруулын будгийг чинь үхсэн цэргүүдээр хийдэг болно” гэж хошигнож байсан тухай туслах нь ярьдаг.

А.Гитлерт л зориулагдсан эмэгтэй

А.Гитлерийн  жолооч Эрик Кемпка Еваг “Германы хамгийн азгүй эмэгтэй” гэж дурссан байдаг. Учир нь, тэр энэ дэлхий дээрх хамгийн хэцүү зүйлийн нэг хүлээх гэдэг “шийтгэлийг” хамгийн их амссан. Тэр А.Гитлертэй холбоотой амьдарсан 16 жилийнхээ ихэнх хугацааг түүнийг хүлээхэд зориулсан гэдэг. Гитлер түүнийг олны нүдэнд өртүүлэхийг хүсдэггүй, хүлээн авалт, уулзалт зэрэгт авч явдаггүй, үнэндээ Ева ч явахыг тэгтлээ хүсдэггүй байж. Тэр байнга олны нүднээс далд, тусдаа нэг өрөөнд барьцаалагдсан мэт ганцаардан амьдардаг байв. А.Гитлерийн хувийн туслах Хайнз Линже хожим түүний тухай дурсамж номд фьюрерийн ойрын туслах ажилтнууд Еваг “Тансаг торонд хашигдсан охин”гэж нэрлэдэг байснаа ярьсан нь бий. А.Гитлер түүнийг ингэж залхаан цээрлүүлж байгаа мэт амьдардаг байсан хэдий ч энэ бүсгүйд үнэхээр хайртай байсныг ойрын эх сурвалжууд баталдаг юм. Тэр Еватай байхдаа л амар амгаланг мэдэрнэ. А.Гитлер хайрт бүсгүйнхээ тухай Хайнз Линжед “Фраулин Браун бол залуу бүсгүй. Над шиг өндөр албан тушаалтай хүний эхнэр болоход хэтэрхий залуудна. Гэхдээ тэр бол надад л зориулагдсан эмэгтэй. Тийм учраас л бид хамт амьдардаг юм. Гэхдээ Рейхийн удирдагчаас нэг л өдөр бууж, тэтгэвэртээ гарвал хэдхэн хүн ажиллуулаад байж дөнгөх байшин худалдан аваад түүнтэй гэрлэнэ” гэж ингэж хэлж байжээ.

              Ганцаардлаа хуваалцсан тэмдэглэлийн дэвтэр

Ева хайртай хүнтэйгээ хамт байх боломж хомс байдгийг өдрийн тэмдэглэлдээ л гомдоллодог байж. Ева хоёр удаа амиа хорлох гэж оролдож байсан. Эхнийх нь 20 настайдаа хүзүү рүүгээ буудаж азаар амьд үлдэж байсан бол 1935 онд нойрны эм хэтрүүлэн хэрэглээд золтой л нөгөө ертөнц рүү явчихаагүй юм. А.Гитлерийг хүлээж цөхөрсөндөө амиа хорлоход хүрч байсан түүнд энэ явдлын дараа фьюрер арай илүү халамж тавих болжээ. Тэр Мьюнхений хотын захад байшин, мерседес машин, хувийн жолоочтой нь авч өгсөн байна. 1935 онд Ева өдрийн тэмдэглэл хөтөлж байснаас өдгөө 23 хуудас нь үлджээ.

1935 оны хоёрдугаар сарын 6,

Би өнөөдөр жаргалтай 23 настайгаа золголоо. Үгүй ээ, жаргалтай гэдэг ч яг оносон үг биш байна. Үнэндээ би одоо аз жаргалгүй байна. Хэрвээ би нохойтой байсан бол ийм ганцаардлыг мэдрэхгүй байхсан. Нохойтой болъё гэж би түүнээс хэчнээн их гуйлаа даа. Шауб надад цэцэг, захидал авчирч өглөө. Одоо миний өрөө цэцгийн дэлгүүр шиг л болж дээ.
Итгэлээ алдахгүй нь л чухал. Би одооноос тэвчээртэй байж сурах хэрэгтэй юм байна гэж бодлоо. 

Хоёрдугаар сарын 11,


Тэр над дээр ирсэн боловч ямар ч нохойны сураг чимээ байсангүй. Тэр надаас төрсөн өдрийнхөө бэлгэнд юу авах вэ ч гэж асуусангүй. Тэгэхээр нь би өөртөө 50 франкаар хүзүүний зүүлт, ээмэг бөгж авлаа. Бүгдээрээ их гоё, түүнд таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэв тийм биш байсан бол тэр өөрийг авч өгнө гэх байсан биз.

Хоёрдугаар сарын 18,

Тэр бямба гаригт ирсэн. Бямба гаригт хотын үдэшлэг болдог юм. Тэр намайг үдэшлэгт явахыг зөвшөөрөв. Тиймээс би 12 цаг хүртэл хэдэн цагийг маш гайхамшигтайгаар өнгөрүүлсэн. Ням гаригт түүнтэй уулзаж болно гэж амласан. Гэвч тэр гэнэт л явахаар шийдэж, надад баяртай ч гэж хэлээгүй яваад өглөө. Тэр яагаад надад уурлаад байсныг ойлгосонгүй. Уг нь, үдэшлэгт явахыг тэр өөрөө л зөвшөөрсөн шүү дээ. Тэр одоо дахиад хоёр долоо хоног ирэхгүй. Тэр хүртэл би ч галзуурах байх даа. 

Гуравдугаар сарын 11,

Би түүний тодорхой зорилгод л хэрэгтэй. Түүнээс биш энэ бүхэн байх боломжгүй. Тэр надад хайртай гэж хэлэх нь хэзээ ч биелүүлдэггүй амлалт шиг хуурамч сонсогдох юм.

Дөрөвдүгээр сарын 1,

Тэр намайг өчигдөр зоогонд урилаа. Бид гурван цаг хамт суусан боловч ганц ч үг сольсонгүй. Тэр явахаасаа өмнө гарт маань дугтуйтай мөнгө атгуулчихаад явсан. Хэрэв тэр дугтуй дотор хайрын үгс бичсэнсэн бол би хэчнээн баярлах байв аа. Гэвч тэр тэгж боддоггүй бололтой.

Тавдугаар сарын 10,

Хоффман хэлэхдээ тэр намайг солих өөр бүсгүй олсон гэлээ. Тэр эмэгтэйг нь Валкери гэдэг гэнэ. Хэрвээ түүний мэдээлэл үнэн бол тэр надад энэ тухайгаа хэлэхгүй байгаа нь аймшигтай юм.

Тавдугаар сарын 28,

Би сая дөнгөж түүн рүү захидал илгээлээ. Хэрэв тэр өнөө оройдоо багтааж хариу бичихгүй бол би 25 ширхэг эм уугаад нөгөө ертөнц рүү явах болно.   

                         Бусад эртэй ярихыг хориглоно

Ева нацист намын гишүүн болоогүй юм. Тэр гуравдугаар Рейхийн дотоод ажилд ч оролцдоггүй байв. Үнэндээ А.Гитлертэй уулзах боломж ч ховорхон байхад ажил хэргийг нь сонирхох цаг ч олддоггүй байсан биз ээ. Тэгээд ч А.Гитлер “Ажил хэрэгт маааь хутгалдаад байдаг эмэгтэйтэй учирвал энэ дээр /төрийн толгойд/ юу болно гэж бодож байна. Хэрвээ би хүүхэдтэй болбол ямар асуудал үүсэхийг мэдэж байна уу. Эцэст нь, тэр эмэгтэйчүүд чинь хүүгээ миний залгамжлагч болгох гэж зүтгэнэ шүү дээ” гэж ярьж байсан удаатай. Энэ яриаг Альберт Шпир сонсоод, хөөрхий Еваг ихэд өрөвдөж байсан тухай “Альберт Шпир: Үнэнтэй тулалдсан нь” номонд өгүүлсэн байдаг. А.Гитлер нам, улс төрийн ажил ярих үеэрээ түүнийг өрөөнд байхыг зөвшөөрдөггүй байсан нь үүнтэй ч холбоотой. 1943 онд Герман дайны эдийн засагт шилжих үед л Ева бодит амьдралд юу болоод байгааг бага зэрэг анзаарч эхэлсэн гэнэ. Учир нь, тэр үеэс тансаг эд хэрэглэл, эмэгтэйчүүдийн гоо сайхны бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоож эхэлсэн аж. Ева олон жил сүүдэрт амьдарсны эцэст дэлхийн II дайн эхлэснээс хойш А.Гитлертэй хамт хааяа нэг олон нийтийн өмнө хамт явж харагдах болжээ. Өндөр хэмжээний хүлээн авалт, А.Гитлерийн төрсөн өдрийн үдэшлэгт Еваг урих болжээ. Гэвч түүнд тамхи татах, өөр эрчүүдтэй үг солих, инээлдэх, бүжиглэх зэргийг А.Гитлер хатуу хориглосон байна.

А.Гитлерийн ихэнх зургийг найз бүсгүй нь авчээ

А.Гитлер түүнтэй хамт байдаггүй ч өөрт нь үнэн зүрхнээсээ хайртай гэдэгт түүний сэтгэл бага ч болов тайвширдаг байж.  Фьюрер түүнээс хол байгаа үедээ хоёр хоноод л нэг ярьдаг, Мьюхен руу туслахууд нь явбал заавал захиа дайдаг байсныг туслах Хайнз Линге нь баталдаг юм. А.Гитлер хайртдаа илгээсэн хувийн захидалдаа Еваг чаперл, хашерл, патшерл зэрэг австри үгээр өхөөрдөн нэрлэдэг байсан гэнэ. Нарийн бичиг Т.Жангегийн дурсан ярьснаар  хоолны ширээний ард тэр Евагийн гарыг бариад “Миний патшерл үүнийг идчих, биед чинь сайн шүү дээ” гэж ятгаж суух нь олонтаа байсан гэнэ.
Ева дайны үед ч гүнж шиг л амьдардаг байж. Ихэнх цагаа дасгал хийж, ном уншиж, чимээгүй бодол болон суухад зарцуулна. Ева Браун гэрэл зурагт туйлын хорхойтой нэгэн байв. Тийм ч учраас А.Гитлерийн зураг өдгөө ийм олноор хадгалагдан үлдсэн юм. Өдгөө үлдэж хоцорсон А.Гитлерийн зургуудын ихэнхийг Ева авсан байдаг.

Эмэгтэй дэмжигчдээ алдахгүйн тулд А.Гитлер найз бүсгүйгээ нуудаг байжээ
А.Гитлер Еватай хамт олны өмнө тун цөөхөн гарчээ. Гэхдээ зөвхөн дайны үеэр тэд гэрлэхийнхээ өмнөхөн. Тэдний харилцааны эхэн үед А.Гитлер Еваг олны нүдэнд өртүүлэхийг хүсдэггүй байсан нь тэр эмэгтэй дэмжигчдийнхээ анхаарлыг татсаар байхын тулд гэж судлаачид тайлбарладаг. Тийм ч учраас германчууд дайн дууссаны дараа л А.Гитлер найз бүсгүй, эхнэртэй байсан гэдгийг мэдсэн юм. Альберт Шпирийн номд өгүүлснээр Гитлер хэзээ ч Еватай нэг өрөөнд унтаж байгаагүй гэнэ. Тэр Бергоф дахь байшиндаа, Берлин дэх нуувчиндаа ч тусдаа унтлагын өрөөтэй байсан агаад түүндээ л унтдаг байсан аж.
            
1944 оны долдугаар сард А.Гитлер амиа алдах дөхсөн. Энэ явдлын дараа тэдний бие биедээ илгээсэн захидал нь энэ.

Хайрт Чапперл минь,
Надад бүү санаа зов. Би сайн байгаа. Магадгүй бага зэрэг ядарсан байх. Би удахгүй гэртээ харьж, чинийхээ хажууд сайхан амарна гэж найдаж байна. Би чамтай хамт маш удаан амар тайван амрах болно. Гэхдээ Германы ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юунаас ч илүү чухал. Надад учирсан аюулыг фронтод тулалдаж яваа цэргүүдтэй харьцуулахын ч аргагүй гэдгийг бүү март. Чи минь надад санаа тавьж байгаад баярлалаа.  Ээж аавдаа миний мэндийг, бас сайн сайхныг хүсч байгааг минь дамжуулаарай. Тийм сайхан гэр бүлээс төрсөн охиныг өөрийн болгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Тэр азгүй өдөр өмсч байсан дүрэмт хувцсыг би чам руу явууллаа. Энэ бол манай арми намайг хэрхэн хамгаалж буйн, бас бид дайснаасаа айх явдалгүй гэдгийн нотолгоо болно.

Үнэн зүрхний угаас хайртай, чиний А.Г.


Гелибтер,
Миний сэтгэл маш тогтворгүй байна. Чамайг тийм аюул дунд байгааг бодохоор  би энд бараг үхэж байна. Боломж гармагц буцаж ирээрэй. Би галзуурч байгаагаа мэдрээд байна. Энд цаг агаар нь сайхан, бүх зүйл нь амар тайван юм. Би харин өөрөөсөө ичиж байна… Би чамд үргэлж хэлдэг. Хэрвээ чамд ямар нэгэн юм болбол би амьд явж чадахгүй. Бид анх уулзсан тэр цагаас хойш би чамайг хаашаа ч явсан дагасаар байх болно, үхэл ч байсан ялгаагүй. Зөвхөн чиний хайрын төлөө амьдардаг гэдгийг минь чи мэднэ.

Чиний Ева


Нөгөө ертөнцөд ч хамтдаа

Дээр захидалд дурдсанаар зөвхөн Ева ч хайрттайгаа хамт хорвоог орхихыг хүсдэг байсан биш гэнэ. Энэ бол А.Гитлерийн эртнээс захиж хэлж байсан хүсэлт ажээ.  Тэр нас барахдаа Ева болон хайртай нохой Блондигоо хажууд нь байх ёстой гэдгийг сайтар сануулсан байлаа.
Германчууд ялагдал хүлээхэд ойрхон ирээд байхад зурагчин Хоффманы охин Еваг Германаас гарахыг ятгаж. Тэгэхэд Ева тэр санааг нь огт хайхралгүй харин ч Мьюнхенээс бүслэгдсэн Берлин рүү А.Гитлерийг зорин очжээ. А.Гитлер түүнийг Мьюнхен рүү буцахыг тушаахад тэр эсэргүүцээд, “Би чамайг ганцаараа үхэхийг зөвшөөрнө гэж үү” гэж хэлсэн гэдэг.
1945 оны дөрөвдүгээр сарын 28-ны өглөө Ева нарийн бичиг Траудлд үл ойлгогдох зүйл хэлжээ. Тэр “өнөөдөр дуусахаас өмнө та миний төлөө нулимс дуслуулах болно” гэжээ. Харин энэ нь Ева олон жил хүсч мөрөөдсөндөө хүрч А.Гитлертэй удахгүй гэрлэж, бас удахгүй нөгөө ертөнц рүү явна гэдгээ мэдэж байгаагийн илрэл байсан бололтой. Үүний маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 29-нд  Зөвлөлтийн арми Рейхастагт бараг тулж ирээд байх үед суртал ухуулгын сайд Уолтер Вагнер А.Гитлерийг Ева Браунтай гэрлэх ёслолыг үйлдүүлсэн юм. Хожим олдсон тэдний гэрлэлтийн баталгаан дээр Ева гарын үсгээ зурахдаа Ева гэсэн эхний нэрийнхээ араас Браун гэдэг овгоо бичих гэж андуураад “В” үсэг зурсныхаа дараа засч Ева Гитлер болгон бичсэн байдаг аж. А.Гитлерийн хамгийн ойрын туслахууд болох Геббел, Борманн нар тэдний хуримын гэрчээр гарын үсэг зурсан байдаг.
А.Гитлер эхнэр авмагцаа гэрээслэлээ бичээд, нарийн бичгээ тэтгэвэрт нь гаргажээ.
Түүний гэрээслэлээс товчхон дурдвал,
“Үүрэг хариуцлагаа биелүүлж чадсан эсэхээ эргэцүүлэн бодолгүйгээр өөрийн карьерийг дуусгахаас өмнө олон жилийн турш үнэнчээр хайрласан бүсгүйг эхнэрээ болгон авлаа. Тэр өөрийн хүсэлтээр хувь заяагаа надтай хуваалцаж, үхэл рүү хамт явахыг хүссэн юм. Би болон миний эхнэр дайснууддаа бууж өгөх ичгүүрээс зугтахын тулд үхлийг сонголоо. Надад харьялагдан хамаарагдаж байсан үнэ хүрэх бүхий л зүйлсийг намдаа шилжүүлнэ.
Берлинд үйлдэв. 1945 оны дөрөвдүгээр сарын 29, өглөөний 4.00 цаг
" гээд гарын үсгээ зурсан байна.

Маргааш өдөр нь А.Гитлер штабынхантайгаа сүүлчийн удаа хуралдаад, оросууд орж ирэхэд хэдхэн хаалт үлдсэнийг ярьжээ. Харин үүний дараа өдрийн хоёр цагт ердийнхөөрөө хоёр нарийн бичгийн даргатайгаа үдийн зоог барьжээ. Харин зоогийн дараа тэр нөгөө ертөнц рүү явах бэлтгэлээ аажмаар базааж эхэлсэн байна. Тэр эхлээд Блонди нохойдоо хор өгч. Дараа нь гурван цагийн үед Еватай хамт ойр дотны хүмүүсээ дуудан салах ёс гүйцэтгэжээ. Ингээд газар доорхи нуувч руу орж, Евад шилэн савтай цианитийн хор өгчээ. Харин тэр өөрийгөө 7.65 мм-ийн Уолтер буугаар толгойдоо буудан амиа хөнөөсөн юм. Энэ явдлын дараа туслах Хайнз нуувч руу ороход, цусанд будагдсан буйдан дээр А.Гитлер суугаагаараа нас барсан байсан бол Ева хажууд нь хэвтсэн байхыг олжээ. Тэднийг амиа хорлох үед Еваг бие давхар байсан гэсэн яриа байдаг ч батлах нэг ч баримт байдаггүй.


Тэдний цогцсыг Оросын цэргүүд олоод Зүүн Германы Магдебургт нууцаар оршуулсан юм. Тэдэнтэй хамт Иозиф Гебеллийг эхнэр зургаан хүүхдийн хамт мөн оршуулжээ. Гэвч 1970 онд тэдний шарилыг хөндөж, чандарлаад Эльба голд цацсан гэдэг.
Ева Брауны эцэг эх хоёр дайны дараа саяхныг хүртэл амьдарсан юм. Түүний ээж Франциска 1976 он хүртэл Бавари нутагтаа фермийн аж ахуй эрхэлж байгаад 91 насандаа өөд болжээ.


Адольф Гитлер, Эва Браун хоёрын сүүлчийн мөчүүд өнгөрсөн нуувч


0 Сэтгэгдэл
ih setgel hodolloo sonirholtoi blaa bayrlalaa
Сонирхолтой мэдээ байлаа баярлалаа
Хамгийн их уншсан