Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол цэргүүд эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон манай дайчид албаа нэр төртэйгээр гүйцэтгэн эх орондоо өнөөдөр ирсэн юм.

НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн "Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг сахиулах UNMISS ажиллагааны цэргийн бүрэлдэхүүнд НҮБ-ын VII мандатаар аюулгүй байдлыг хангахад НҮБ-ын мандатын дагуу Өмнөд Судан Улсад тогтвортой байдлыг тогтоох 2011 оны 1998 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсын цэргийн багийг Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Улмаар Засгийн газрын 2011 оны 267 дугаар тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсын 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн.

Цэргийн хүчний командлагчийн ажиллагааны тушаалын дагуу батальоны ажиллгааны хариуцлагын бүс дотоор нийслэл Жуба, Лейкс мужийн Румбек, Юнити мужийн Бентью хот, Парианг, Ийда суурингуудад байнгын, түүнчлэн зарим тохиолдолд заагдсан суурин, бүсүүдэд тодорхой хугацаагаар түр байрлаж үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрийн угтах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад албаны хүмүүс, энхийг сахиулагчдын ар гэрийнхэн угтан авсан юм. Энхийг сахиулсан энэ удаагийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ тагнуулын даргаар үүрэг гүйцэтгэсэн юм. Цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг эх нутагтаа газардсан даруйд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс офицер, ахлагч нарт тєрийн дээд одон медалийг нь гардуулан өглөө.

Монголын цэнхэр дуулгатнууд НҮБ-ын цэргийн холбогч, ажиглагч офицерууд болон энгийн ажилтан албан хаагчид бусад олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчдын болон орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, дүрвэгсдийн хуарангуудад хүмүүнлэгийн материал богино зайн, автомашинтай болон агаарын эргүүл, нислэг үйлдэх үеийн нислэгийн Зурвасын НҮБ-ын баазуудад байнгын байрлалын харуул хамгаалалтыг зохион байгуулах үүргийг өнгөрсөн хугацаанд амжилттай гүйцэтгэсэн байна.

Хоёрдугаар ээлжинд үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн нь зэвсэгт хүчний Жанжин шатабын даргын тушаалаар Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх сургалтад 2012 оны арванхоёрдугаар сарын 16-наас 1013 оны хоёрдугаар сарын 21ний өдрүүдэд хоёр ээлжээр зэвсэгч хүчний сургалтын нэгдсэн төвд хүн нэг бүрийн бэлтгэл, тасаг, салаа, рот, батальоны жигдрэлт гэсэн үе шаттайгаар зохион байгуулан газар орон дээр 2013 оны гуравдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэн эх орондоо ирээд байна.

Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 38 анги байгууллага, ҮАБХТЧҮ бүхий 7 байгууллагын 850 цэргийн албан хаагч газар орон дээр үүрэг гүйцэтгэн өнөөдөр төрийн одон медаль, Батлан хамгаалах салбарын шагналаа гардан авч байна. Мотобуудлагын батальоны захирагчаар хурандаа Ч.Түмэндэмбэрэл, батальоны захирагчийн орлогчоор хурандаа С.Дашзэвэг, батальоны штабын даргаар, дэд хурандаа Ш.Гэрэлт-Од нар үүрэг гүйцэтгэсэн.

НҮБ-аас явуулж байгаа ажиллагаанд эмэгтэй албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэг уриалга гаргасанчлан цэрэг эрсийн зориг, тэвчээр шавхсан амаргүй энэ албанд эрчүүдтэй мөр зэргэцэн манай 30 орчим эмэгтэй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэнээр онцлогтой.

Өнөөдөр албаа амжилттай гүйцэтгээд эх орондоо ирээд байгаа хоёрдугаар ээлжийн цэргийн багийн хувьд  үүрэг гүйцэтгэх хугацаандаа хэд хэдэн үүргийг амжилттай гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Батальоны үндсэн үүргийн хүрээнд хариуцлагын бүсүүддээ нийт 53159 км замд агаар болон газраар хол, ойрын эргүүлийг чанартай зохион байгуулж, НҮБ-ын объект, байгууламж, бие бүрэлдэхүүн, цувааны болон техникийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, усан эргүүлээр дүрвэгсэд болон орон нутгийн иргэдийг татан гаргаж, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн нь нутгийн энгийн номхон иргэдийг болзошгүй аюулаас хамгаалж, олон арван мянган хүний амь насыг хамгаалсныг Мужийн засаг, захиргааны удирдлагууд удаа дараа тэмдэглэж баяр хүрэсэн байдаг. Түүнчлэн Юнити мужийн Бентью хотод шинээр байгуулагдсан "HOGAS" өнчин хүүхдийн асрамжийн газартай байнгын харилцаатай ажиллаж, өөрсдийн нөөц бололцоог ашиглан тус газрын засвар, тохижилтын ажлыг үе шаттай амжилттай хийж иржээ.

Дайны уршгаар гэр орноосоо дайжиж зэвсэгт бүлэглэлүүдийн хөдөлгөөнд оролцон, тэдний гар хөл болж байсан насанд хүрээгүй хүүхдүүдийн зэвсгийг хураасны дараах нийгэмшүүлэх ажиллагаанд оролцож нийт 27 хүүхдийг ажиллагааны хариуцлагын үндсэн бүр Юнити мужийн Коч сумын Пакур болон Дуар тосгонуудаас тээвэрлэж Бентью хотод авчрах ажиллагааг амжилттай зохион байгуулсан нь энэ ээлжийнхний бас нэгэн гавьяа юм.

Манай дайчдын гавьяа зөвхөн цэрэг дайны ажиллагаагаар зогсохгүй ээ. Учир нь дэлхийн хамгийн залуу БНӨСУ тусгаар тогтнолоо олсноос хойших хоёр дахь жилийнхээ ойг тэмдэглэх үеэр өөрийн хариуцлагын үндсэн бүс Юнити муж Бентью хот дахь "Тусгаар тогтнолын стадион"-д хана барилга угсралтын ажлыг богино хугацаанд чанартай хийж бэлэг барьсан нь ард түмний талархыг хүлээжээ.

Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын салбарын бүрэдлэхүүн нийтийн бие засах газарт унасан нярай хүүхдийн амь насыг авран, эмнэлгийн тусламж үзүүлсэн нь тухайн гэр бүлд амьдрал, аз жаргал бэлэглэсэн буянт үйлс болсон төдийгүй орон нутгийн ард иргэдийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн тэдэнд итгэл найдвар төрүүлсэн ажиллагаа болсон юм. Мөн тус салбарын дайчид хотын зах дээр гарсан галыг унтраах ажлыг амжилттай зохион байгуулан Монгол цэргийн бэлтгэл, ур чадварыг өндөрт өргөсөн юм.

Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд Юнити мужийн Парианг суурин дахь орон нутгийн бага сургуулийн барилгын засварын ажлыг 22 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн, түүнчлэн Юнити мужийн Рубконо сумын дунд сургуулийг 1500 сурагч хичээл хийх боломжтойгоор бүрэн хэмжээгээр засч, тохижуулан орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгсөн зэрэг олон сайхан ажлаар албаа хааж улсынхаа нэрийг өндөрт өргөөд ирсэн юм.




Төрийн дээд одон, медалиар шагнагдсан

энхийг сахиулагчид

Цэргийн гавьяаны одонгоор:

Д.Энхжаргал Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Д.Отгонбаяр Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, Г.Содбаяр тус ангийн ротын ахлагч, Б.Мөнх-Амгалан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ротын ахлагч, Я.Оросоо Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын захирагч,

Цэргийн хүндэт медалиар:

Б.Бат-Амгалан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн химийн албаны дарга, Д.Сүхбат Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн батальоны захирагч, Х.Ариунбаатар Зэвсэгт хүчний ХШҮГ-ын санхүүгийн хяналтын Улсын байцаагч, Б.Батболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, Б.Олзбаяр Зэвсэгт хүчний мөн ангийн ажиллагааны офицер, Ю.Мөнхбат Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, О.Баттулга Зэвсэгт хүчний 016 дугаар  бригад, батарейн захирагч, Л.Туул Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооны дадлагын сургагч багш, Д.Бямбаа Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн станцын дарга, жолооч, Д.Баатар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмнэлгийн дарга, З.Мягмархүү Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, авто ашиглалтын инженер, Б.Батсайхан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн офицер, Г.Гансүх Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Л.Хүчитбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн захирагч, С.Сүхбат Зэвсэгт хүчний 027 дугаар анги, гэмтэл бичил мэс заслын тасгийн эмч, Л.Мөнх-Эрдэнэ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Бямбаа Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн  ар талын дарга, Д.Цогтбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Түвшинжаргал  Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн засварын  салааны захирагчийн орлогч, Ж.Бадраа Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүлгийн дарга, Б.Эрдэнэчулуун Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн химийн тасгийн захирагч, С.Норовванжил Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн жолооч буудагч, Б.Ганбаатар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн өндрөөс буух бэлтгэлийн сургагч, Р.Энхтайван Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн сургалтын процесс хангах бүлгийн сургагч багш, Ц.Энхболд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн механик жолооч, Д.Шижирболд Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ротын жагсаалын дарга, Б.Батмөнх  Зэвсэгт хүчний мөн ангийн  СПХР-ын ЯЦБМ-ын механик жолооч, Л.Батцэнгэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн салаан захирагчийн орлогч, Б.Гантулга Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ротын ахлагч,

Энхийн төлөө медалиар:

Э.Эрдэнэ Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн лабораторийн эмч, Ж.Ирэхбаяр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн буудагч, А.Оюунболд Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ТХЗКБ-ийн ээлжийн техникч, Д.Манлайбаатар Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн хөгжимчин, Д.Шинэбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн механик жолооч, Г.Сэргэлэнбаатар Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танкийн оператор нарын зэрэг мотобуудлагын батальоны хоёрдугаар ээлжийн нийт бие бүрэлдэхүүнийг Энхийн төлөө медалиар тус тус шагналаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан