Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИХ ХАТДЫН ТУУЛЬ АМИЛЖ, СУРГААЛИА АЙЛДАХ ҮЕЭР

Их Монгол Улсын түүхэнд эрэлхэг хатдын байгуулсан гавьяа их. Гэсэн ч тэр бүр алдар гавьяа нь түүхийн хуудаснаа бичигдэж үлдсэн нь ховор. Бичигдсэн ч олонд танигдаж, хүндлэгдсэн нь гарын арван хуруунд хүрэхгүй билээ. Тэгвэл Их Монгол Улсын түүхэнд мөнхрөн үлдсэн есөн их хатны түүх амилж байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нэгэн шинэхэн уран бүтээл өлгийдөж байгаа нь “Их хатдын туульс” түүхэн бүжгэн жүжиг аж. Тоглолтын бэлтгэлтэй танилцаж сурвалжлахаар өчигдөр чуулгыг зорьсон юм. Харин аль хэдийнэ бэлтгэл нь хангагдаад, уран сайхны зөвлөлдөө шалгуулж байхтай таарлаа. Ингээд түүхэн хатдын туульсийг өөрийн ухаандаа тунгааж, буулгалаа.

Хөдөлгөөн бүр нь уянгалах Гоомарал

Их Монгол Улсын түүхэн толь гэж хэлэгддэг “Монголын нууц товчоо” бүтээл “Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу. Гэргий нь Гоо марал ажээ. Тэнгис далайг гэтэлж ирэв. Онон мөрний тэргүүнээ Бурхан халдунаа нутаглаж байхуйд төрсөн Батачихан ажгуу...” хэмээн эхэлдэг. Энэ өгүүлбэрээс өөр гэргий Гоомаралынх нь тухай ганц ч үг өгүүлбэр түүх, судар бичигт тэмдэглэгдэж үлдээгүй. Тэгвэл Гоо марал “Их хатдын туульс”-д амилжээ. ҮДБЭЧ-ын С.Цэцгээгийн уян налархай хөдөлгөөн бүр нь цаанаа л нэг уянгалаг аж.

Ухаант сургаалиар удмаа тэтгэх Алунгоо хатан

Таван хөвгүүн төрүүлсэн ч тэднийгээ хагарал бутралгүй өсгөсөн гавьяа Алунгоо хатных. Түүний энэ их ухааныг хойч үед үлдээх “Таван сумны сургааль” гэж бий. Тэгвэл энэ бүжгэн жүжигт Алунгоо хатан таван сумаар биш таван бүсээр өөрийн хөвгүүдээ нэгтгэх аж. Аядуу зөөлөн хатан таван хүүгээ сурган эргэлдэн бүжих нь эгээ л их хатны дүрийг ийм л байсан болов уу гэж харагдуулах. Чамгүй олон жил чуулгын тайзнаа бүжиглэсэн бүжигчин бүсгүй Г.Уянгын намбалаг төрх, хааяа огцом эргэлдэх нь үнэхээр Алунгоо хатан энэ байна гэж дуу алдмаар аж.

Өрөвч зөөлөн Өүлэн эх

Их эзэн богд Чингис хааныг алтан хэвлийдээ тээж төрүүлсэн Өүлэн эх эр нөхрөө Татаруудын гарт хорлогдож, насан эцэслэхэд бүсээ чанга бүслэн хатууг давж, хэцүүг туулж явсан юм. Дөрвөн хүү, нэг охин төрүүлсэн ч эр нөхөр нь үгүй болохоор Алтан ургаас гадуурхагдан олон жилийг үдсэн ч хүүхдүүд нь эрийн цээнд хүрч Их Монгол Улсаа нэгтгэж чадсан нь Өүлэн эхийн сургааль байж. Зориг тэвчээртэй Өүлэн эхийг ҮДБЭЧ-ын бүжигчин Т.Ариунжаргал амилуулсан байна.

Ууч сэтгэлт Бөртэ үжин

Их эзэн богд Чингисийн алтан ургийн залгамжийг таслаагүй гэргий Бөртэ үжиний түүх сонирхууштай ажээ. Гэхдээ “Их хатдын туульс”-д амилсан Бөртэ үжин энэ үеийн залууст ууч сэтгэлийн талаар сургана. Бага балчир наснаас Тэмүүжинтэй ураг барилдаж, түүндээ ухаангүй сэтгэлээ өгсөн их хатны ууч сэтгэлийг гайхмаар. Хэдийгээр Бөртэ үжин Чингис хааны их хатан хэдий ч их хаан олон аймаг, ханлигийг дайлаар морьдож байхдаа эртний өст аймаг Татарыг эзлээд Есүй, Есүгэн хэмээх хоёр бага хатан авсан нь Бөртэ үжинд  хүндээр туссан ч тэрээр үнэн байдлыг бодитоор харж чадсанаар төрийн үйл хэрэг эмс хатдын хэргээр цалгардаагүй билээ. Чингис хаан төрийн дөрвөн хатантай байсан билээ. Өмнө “Эрх цагаан ишиг”-ний дүрээр хүүхдүүдийн хайрыг татаж чадсан басхүү сургамж өгсөн бүжигчин П.Мөнхцацралын жижигхэн туранхай бие нь Бөртэ хатны дүрийг эмзэг зөөлөн харагдуулсан.

Бүжгийн хөдөлгөөнөөр ярих Сорхугтани бэхи

Сорхугтани нь Хэрэйдийн удирдагч Тоорил ханы бага дүү Жаха Хамбугийн охин юм. Жаха Хамбу нь Тэмүүжинг дэмждэг байсан ба өөрийн хоёр охиныг түүнд өгсөн билээ. Чингис хаан том охинтой нь гэрлээд, харин бага охиныг нь өөрийн ууган хүү Тулуйд өгсөн. Сорхугтани тэр үеийн монгол эмэгтэйчүүд шиг гэртээ маш их анхаарал тавьдаг нэгэн байв. Эр нөхрөө дайн тулаанд явсан хойгуур хойгуур гэр бүлээ авч үлдэн, үр хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж байсны ачаар түүний хүүхдүүд нь өөр, өөр хаант улсыг зорьсон юм. Түүний нөхөр Тулуй Зүүн Монгол, Хойт Хятад, Ираны талыг эзэлсэн ба 1232 онд 40 настайдаа нас барсан юм. Гэсэн ч Өгөөдэй хаан хэзээний ухаалаг Сорхугтанийг өндөр тушаалд байлгасаар л байсан. Гэхдээ  тэрээр Сорхугтаныг өөрийн хүү Гүюгт эхнэрээр өгөхөд тэрээр эсэргүүцэж, дөрвөн хүүгээ харах хүнгүйгээр орхихгүй гэв. Энэ шийдвэр нь Монголын түүхэн дэх хамгийн зөв шийдвэр байж чадсан юм.
Энэ бүх түүхийг хүчирхэг гар, хөлийн хөдөлгөөн, хурц хараа, эрс шулуун байдлаараа тайзнаа амилуулж чадсан бүжигчин М.Бямбаагийн авьяас чадварт талархая.


Хар муу санаатанд хорлуулсан Дөргөнэ хатан

Өгөөдэй хааны хатан Дөргөнэ хүнд итгэмтгий гэнэ нэгэн байсан ч тал нутгийн ухаалаг хатдын нэг байв. Тийм ч учраас Эзэнт гүрний түүхэн төр барьсан анхны хатан болж үлдсэн билээ. Их хаан нь тэнгэрт одож, хаан ширээний төлөө хэн ч юугаа ч хайрлахаа байсан үед уужуу ухаанаар төрийн хэргийг гартаа атгасан Дөргөнэ хатны нөлөө түүнийг насан эцэслэсэн ч дурсагдсаар байсан. Гэхдээ ухаан дулимаг хүмүүсийн хар хоронд амь насаа алдсан хатны домог хамгийн итгэсэн хүн чинь чиний дайсан ч байж болно хэмээн сургажээ.

Сорхугтани бэхийн залгамж Чимбай хатан

Чимбай бол Өэлүн хатны төрхөм Хонгирад аймгийн Анчин ноёны охин. Хубилайн хатан болоод Дорж, Мангала, Чингим, Номчон хэмээх дөрвөн хөвгүүн төрүүлсэн билээ. Чимбай нь сэцэн сэргэлэн, ажилч хичээнгүй эмэгтэй байв. Хубилай хааны төр барих үйлст шадар туслагчийн үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
Хубилай өмнө зүг дайлаар явах үед Мөнх хаан таалал төгсч, Хар Хорумыг хариуцан сууж байсан түүний дүү Аригбөх хаан суухаар санаархаж, ах Хубилайн эзгүйг далимдуулан биеэ хаан өргөмжлөхөөр завдаж, цэрэг морь элсүүлэн бэлтгэж байхыг мэдмэгц Чимбай хатан Хубилайд нууцаар элч зарж, цаг тухайд нь мэдэгдсэний ачаар тэрээр хаан ширээнд суух ёслолыг яаралтай завдаж гүйцэтгүүлж чадсан юм. Хэрвээ ухаант эх Сорхугтани бэхийг Хубилайн хүмүүжилд асар их нөлөө тус хүргэсэн гэвэл Чимбай хатан Хубилай хааны бүх насны амьдралд нь үнэнч хань, ялангуяа төр улсыг жолоодоход тун их дэм түшиг, итгэл зориг өгч байсан. Чимбай нь үзэсгэлэн гоо төдийгүй цэцэн сэргэлэн, өрөвч энэрэнгүй, хөдөлмөрч эмэгтэй байжээ.
Эртний Монголын гайхамшигт бүсгүйчүүдийн нэг, алдарт Өүлэн, Бөртэ үжин, Есүй нарын адил хурц ухаантай хатны сургаалийг бүжигчин Л.Энхболор хүргэх нь.

Эрэлхэг хатан Самарын сургааль

Алтан ургийн сүүлчийн удмын хүүг хамгаалж, өөрийнхөө ачтай зөрчилдсөн хатан бол Самар. Тэрээр 28 жил Их хуралдайг тэргүүлж, энэ хугацаандаа хаан төрийн залгамж халааг алтан ургийн хүн л үргэлжлүүлэх ёстой гэж боддог байжээ. Тиймдээ ч ач хүү нь хааны үр удмыг хөнөөхөөр завдаж байгааг мэдээд түүнийг хамгаалдаг. Бусад хатантай харьцуулбал, Самар нэлээд ахимаг настай, амьдралын баяр, гунигийг амссан нэгэн аж.
Самар хатны дүрийг чадварлаг бүжих ҮДБЭЧ-ын бүжгийн дасгалжуулагч багш, Гавьяат жүжигчин Ш.Одонтуяаг хараад үзэгчид дуу алдах нь дамжиггүй. Түүний эрэлхэг хөдөлгөөн, эвлэг зөөлөн байдал өөрийн эрхгүй өндөлзүүлж чадсан юм.

Мандухай хатанд бүжигчин Мандухай

Түүх нь хамгийн их дэлгэрсэн гэж хэлж болох хатан бол Мандухай сэцэн хатан. Альтан хальснаа бууж, дэлгэцнээ мөнхөрсөн хатны домгийг мэдэхгүй хүн цөөн. Тэгвэл энэ удаагийн бүжгэн жүжгийн хамгийн нүсэр бүрэлдэхүүнтэй үзэгдэл бол хамгийн сүүлийн буюу Мандухай хатны хэсэг. Хөх цэргүүдээ дагуулан, тайзнаа сүр, бярыг үзүүлэн бүжих эрэлхэг Мандухайн түүх хязгааргүй. Хяналтын шалгалтын үеэр үзэгчдийн суудлаас нэг хүн энэ үзэгдлийг шимтэн үзсэн нь Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд байлаа. Монголчууд энэ хүний бүтээсэн дүрээр Мандухай хатныг төсөөлдөг. Тэгвэл энэ удаа эрэлхэг байдлыг түүнээс дутахааргүй харуулж чадсан бүжигчин Ж.Мандухайгаар их хатыг хүлээн авах нь.

Бардам хэлэх шинэ өнгө аяс

Бүжгэн жүжгийн найруулгын жорыг ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар тааруулсан байна. Бүжгэн жүжгийг үзэж суухдаа Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид болон түүний хүү Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар нарын хашиж байсан хүндхэн албыг залгасан залуухан найруулагч газардуулахгүй нь дээ хэмээн бахархаж сууснаа нуух юун. Орчин үеийн өнгө аясыг ардын урлагт шингээж дэглэсэн хатдын бүжиг үнэхээр үгийг хөдөлгөөнөөр илэрхийлэх аж. Шалгалтаа өгөн өндөлзөн суугаа Д.Баярбаатараас энэ талаар асуухад “Бүжгийн урлагт уламжлал, шинэчлэл маш чухал. Би 2000 оноос Францын бүжиг дэглээч Килина Кремонатай хамтран ажиллаж, орчин үеийн бүжгийн тухай нэлээд судалж “Баавгай луугийн хооронд”, “Цаг хугацаа салхи мэт хурдална” зэрэг цөөнгүй бүтээл туурвисан. Тиймээс би ардын бүжгийн уламжлалтай орчин үеийн бүжгийг хослуулдаг” гэсэн юм. Үнэхээр л уламжлал, шинэчлэлийн тунг тааруулахаар шинэхэн, содон уран бүтээл төрдөг аж. Тийм ч учраас монгол бүжгийн төрөлд шинэхэн өнгө аяс орж иржээ гэдгийг бардам хэлэх цаг болжээ.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Сайн байна уу эхлээд юуны өмнө сайхан сэтгэгдэл бичсэнийг хараад үнэхээр л тийм шүү гэмээр байлаа. Бөртэ хатанд тоглосон хүн Ишиг хөөрхөн нэр гэдэг хүүхдийн бүжгэн жүжигт тоглосон Бас Алаг гоо хатны хүүхдүүдэд бол эхийн хүйн холбоог бүсээр илэрхийлсэн мэт санагдсан юм
Хамгийн их уншсан