Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын нийт өрхийн эзэмшдэг баялаг өсчээ

Америкийн төв банк буюу Холбооны нөөцийн системээс энэ жил тус улсын нийт өрхийн эзэмшдэг эд баялгийн хэмжээ дээд амжилт тогтоон 77,3 их наяд ам.долларт хүрсэн тухай мэдээллээ. Зөвхөн энэ оны гуравдугаар улиралд гэхэд л энэ үзүүлэлт нь 2,6 хувиар өссөн байна. Орон сууц ба хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өссөнтэй холбоотойгоор америк өрхийн эд баялагийн хэмжээ нэмэгдсэн гэж Засгийн газрын мэргэжилтнүүд үзжээ. Өрхийн мэдлийн орон сууц, банкны хадгаламж, үнэт цаас, хувьцаа зэрэг хувийн өмчийн зах зээлийн үнээс үл хөдлөх ба бусад төрлийн зээлийн төлөлтийг суутгаад үлдсэнийг нь өрхийн эд баялаг гэж нэрлэдэг. Энэхүү үзүүлэлтийн өөрчлөлт эерэг гарсан нь Америкийн эдийн засаг бага багаар ч гэлээ эргэн сайжирч байгаагийн шинж гэж мэргэжилтнүүд үзсэн байна. Гэхдээ сүүлийн жилүүдийн инфляцын хэмжээг тооцож үзвэл дээд амжилт гэж тоогдоод байгаа 77,3 их наяд ам.доллар нь 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийнхээс нэг хувиар бага болж таарсан аж.

Өрхүүдийн эзэмшдэг эд баялгийн хэмжээ гэдэг нь эдийн засгийн нэг салбарыг харуулсан хийсвэр ойлголт төдий юм. Бодит байдал дээр Америкийн нийт хүн амын 10 хувь нь болох баячууд нийт америкчуудын мэдэлд байгаа хувьцааны 80 хувийг эзэмшсэн хэвээр. Гэхдээ л Америк саятнуудын тоогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр бөгөөд энэ жилийн хувьд сая ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй 11,5 сая хүн амьдарч байгаа тухай Швейцарийн “Credit Suisse”  банкнаас гаргасан судалгаа харуулсан.

Ер нь, Хойд Америкийн өрхүүд дэлхийн хэмжээнд хамгийн баян гэсэн тодотголтой болоод байгаа. Тэд анх удаа энэ жил баялгийн хэмжээгээр Европ, Ази Номхон далайн бүс нутгийн иргэдээс давж гарсан байна. Ингэж баяжихад нь хөрөнгийн бирж дээрх хувьцааны өсөлт, орон сууцны зах зээл эргэн сэргэсэн явдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж. Үр дүнд нь хойд Америкийн өрхүүдийн хөрөнгө 8,4 их наяд ам.доллараар нэмэгдсэн байна. Европын өрхүүдийн хөрөнгө 7,7 хувиар буюу 5,5 их наяд ам.доллараар өсч. Харин Японы йенийн ам.доллартай харьцах ханш 20 хувь унасан тул япон айл өрх таван жилийн дотор 20,5 хувийн хөрөнгөө алдаж 22,6 их наяд ам.долларын хөрөнгөтэй болжээ.

Дараагийн таван жилийн хугацаанд дэлхийн хүн амын нийт хөрөнгө 40 хувиар өсч 334 их наяд ам.доллар болно. Саятнуудын тоо 50 хувиар өсч 47,7 саяд хүрнэ. Ингэхдээ дэлхий даяар баян, ядуугийн ялгаа улам л өсөх хандлагатай болоод байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Дэлхийн хэмжээнд баян ядуугийн харьцаа хамгийн их орноор манайд хойд хөрш тодорсон аж. Дэлхийд дунджаар тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүмүүс нийт баялгийн 1-2 хувийг л эзэмшиж байдаг бол Оросын бүх баялгийн 35 хувийг 110 хүн хуваан эзэмшдэг аж. Баян, ядуугийн харьцаа үүнээс давж гарсан өөр улсууд байгаа ч тэдгээр нь байгалийн баялаг,  хүчирхэг газар тариалан ба аж үйлдвэрлэл, арми, шинжлэх ухаан, олон сая хүн ам гэхээр зүйлгүй сул эдийн засагтай Карибын тэнгисийн жижиг улсууд. Тэд татварын хөнгөлөлт үзүүлдэг офшор бүсүүд болохоор дэлхийн улс болгоны саятан, тэрбумтнууд очиж өмчөө бүртгүүлдэг, хадгалдаг болохоор баян ба ядуугийн харьцаа нь ийнхүү өндөр гардаг.

Эдийн засаг нь өндөр хурдацтай хөгжиж яваа, ирээдүйд дэлхийд ноёлох магадлалтай Хятад, Орос, Энэтхэг, Бразиль, Өмнөд Африк гэсэн таван улсаас тэрбумтнуудын тоо нь сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн тогтвортой хадгалагдаж үлдсэн улс нь мөн л манай хойд хөрш аж. 2000 оны байдлаар байсан найман тэрбумтаны зургаа нь хөрөнгөө алдалгүй явж ирсэн нь энэ таван улс дотроо л хамгийн дээгүүр орох үзүүлэлт болжээ.

Харьцуулахад, өнгөрсөн жилийн байдлаар манай урд хөршид тэрбум ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй 122 хүн байгаа нь АНУ-ын дараа хоёрдугаар орох үзүүлэлт юм. Тэрбум гаруй хүнтэй Хятадад хоногт 1,25 ам.доллараас бага мөнгөөр гол зогоодог, нэн ядуу гэсэн тодотголтой амьдардаг хүмүүс 13 хувийг эзэлж байгаа аж. Гэтэл тансаг ангиллын машины борлуулалтаар Хятад 2020 он гэхэд Америкийг ардаа орхин дэлхийд тэргүүлэх бөгөөд жилдээ 2,7 сая ийм машин зарагддаг болно.

“Credit Suisse” банкны мэргэжилтнүүд дэлхийн нийт баялгийн хэмжээг 241 их наяд ам.доллар гэж тодорхойлсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 4,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгэхээр 2008 оноос хойш дэлхийн эдийн засаг хямраад сүйд боллоо, баларлаа л гээд байсан ч бодит байдал дээр харин ч өссөн болж таарч байгаа хэрэг. Гэхдээ хямралын үеэр эд хөрөнгө алдах бус арвижуулж чадсан хүмүүс нь баячууд байжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд 100 сая ам.доллараас их хөрөнгөтэй хүмүүсийн тоо 10 хувиар, нэг сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн тоо 6,1 хувиар нэмэгдсэн нь үүний нотолгоо гэж болно. Дундажлан авч авч үзвэл дэлхийн нэг хүнд 51,6 мянган ам.доллар ногддог.

Дашрамд сонирхуулахад, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээгээр хамгийн баян улс нь Катар юм. Газрын тос, шатдаг хийн олборлолтоор сүүлийн 30 жилийн дотор огцом баяжсан энэ улсын нэг хүнд жилдээ дунджаар 102 мянган ам.доллар ногддог бөгөөд эдийн засгийн өсөлт нь одоо байгаа эрчээр явбал 2015 он гэхэд 113 мянган ам.доллар хүрэх аж.

Катарын дараагаар нэг хүнд 79 мянган ам.долларын ноогддог Люксембург хоёрдугаарт, 60 мянган ам.доллартай Сингапур гуравдугаарт, 55 мянган ам.доллартай Норвеги дөрөвдүгээрт, 54 мянган ам.доллартай Бруней тавдугаарт орж байна. Манай хойд хөрш 17 мянган ам.долларын үзүүлэлттэй гэдгээрээ 55 дугаар байранд, Хятад 9162 ам.доллараар 93 дугаар байранд орсон.
Энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн ядуу улсаар тодорсон Бүгд найрамдах Ардчилсан Конгод нэг хүнд 369 ам.доллар ногддог.

Тухайн улсыг баян чинээлэг байхад гадаадын хөрөнгө оруулалт, банк санхүүгийн салбарын бодлого, аж үйлдвэрлэл гээд олон зүйлс нөлөөлдгөөс хүн амын дундах бичиг үсэг тайлагдсан байдал бас багагүй нөлөөлдөг бололтой. Дэлхийн хамгийн баян улс Катарын насанд хүрсэн хүн амын 96,3 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Люксембургийн насанд хүрэгчид 100 хувь, Сингапурынх 92,5 хувь, Норвегийнх 100 хувь, Брунейн 92,7 хувь бичиг үсэг тайлагдсан. Гэтэл хамгийн ядуу Конго улсын насанд хүрэгчдийн 66,8 хувь нь бичиг үсэгтэй. Насанд хүрэгчдийн дундах бичиг үсэг тайлагдсан байдлаараа хамгийн муу орноор Өмнөд Судан тодорсон байна. Энэ улсын насанд хүрэгчдийн ердөө 27 хувь бичиг үсэгтэй, Афганистаны 28 хувь, Малигийн 27,7 хувь, Нигерийн 28,7 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Бичиг үсэг тайлагдсан байдлаараа доогуур орсон орнууд нэг хүнд ноогдох ДНБ-ий хувиараа дэлхийд ямаршуу түвшинд явдагийг тааж ядах юмгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан