Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.БАЙДЫ: ОЛОНХ ТЭНЭГ, 90 ХУВЬ НЬ

Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды гуайтай уулзаж ярилцахаар утас цохилоо. Ярилцлага өгөх боломжтой эсэхийг нь асуувал “Улаанхуаранд явж байна, удахгүй хотын төв орно доо” хэмээв. Гэрт тань очиж уулзах уу гэвэл “Ах нь, ажил дээр чинь яваад очъё доо. Би ч их энэрэнгүй хүн шүү дээ” хэмээн инээд алдан утсаа салгав. Ярилцлага авах хүн нь “Яваад очъё” гэхээр нэгэн бодлын эвгүй ч юм шиг санагдана. Ажил дээрээ ахмад зураачийг хүлээнгээ утас сахин суусаар үд өнгөрсөн байв. 15:00 цагийн орчим ажлын өрөөний үүдэнд “Ардчилал сонин мөн үү” хэмээсээр хүлээсэн хүн маань ч ороод ирэв. Ойр зуурын сонин хачин сонирхвол “Онц хийсэн юмгүй ээ, зургаа зураад л байна даа. Ямар өөрийг хийж чадах биш” хэмээсээр бидний яриа редакцын өрөөнд өрнөсөн юм.
-Улаанхуаранд ямар ажилтай явж байв?
-70 гараад явчихтай зэрэг юм, юмны амьд гэрч болдог юм байна шүү дээ. Соён гэгээрүүлэх телевизэд ярилцлага өгчихөөд ирж байна.
-Та нас сүүдэр хэд хүрч байна даа?
-Энэ жил 72 хүрч байна хө.
-72-той гэхэд ануухан харагдаж байна шүү?
-Ануухан ч биш дээ, явж байна шүү. /инээв/
-Шог зураг урлагийн нэг төрөл болохын хувьд Монголын хошин шог зургийн өнөөгийн байдлын тухай ярилцъя гэж тантай уулзсан хэрэг?
-Шог зураг нэлээн залуу урлаг. Яагаад гэвэл, Наполеоны үед түүнийг европчууд “тарваган мангас” хэмээн шоглон зурсан тэр үеэс л энэ төрлийг үүссэн гэж үздэг юм. Харин манайд харьцангуй эрт үүссэн. “Молон тойн намтар” гэж их сайхан хошин, шог зурагтай намтар зохиол айл болгонд байдаг байлаа. Энэ номонд дандаа шог зургууд багтсан. Хошин шог зураг нэг талаараа их сургамжтай зүйл. “Молом тойн намтар” гэх тэр номонд “Харааж болохгүй.
Хэрэв хараагаад байвал талийгаач болсон хойно чинь тамд аваачиж, эрлэг номун хааны элч нар хэлийг нь учиргүй урт сунгаад, түүн дээр нь тариа тарьж ургасан хойно үр тариаг нь шувуу тоншиж зовоодог” гэхчлэн хойд нас нь үргэлжийн тамд байдаг юм гэсэн санааг модон бараар маш гоё сийлж, шог зурагт үзүүлсэн байдаг юм. Энэ мэт маш олон зураг бий. Энэ ном нэгэн үе бараг айл болгонд байдаг байсан даа.
 -Он цагийг нь хөөвөл хэдий үеийн бүтээл юм бол?
-Европоос хамаагүй өмнөх үеийн юм байхгүй юу. Шарын шашин Монголд дэлгэрснээс хойш л “Молом тойн намтар” айл болгонд л байдаг болсон. Хүмүүс хүүхдүүддээ уншиж өгч сургамжилдаг байсан юм. Мод огтолбол гарыг нь огтолж буйгаар төлөөлүүлж үзүүлсэн байх жишээтэй. Дархан цаазтай газраас мод огтолбол гар хөлөө огтолсноос ялгаагүй гэх зэргээр маш олон сургамжит дүрс, зурагтай. Ээж, аав ахмад хүнээ доромжилбол ял эдэлнэ гээд нөгөө хүнээ тамын тогоонд аваачиж чанаад сэрээгээр сэрээдэж буй зураг ч байх жишээтэй. Угтаа, энэ нь шог зураг байхгүй юу. Монголд энэ урлагийн үүсэл хөгжил аль эрт үеэс эхлэлтэй. Мөн урт удаан хугацаанд хөгжихдөө дээд хэмжээндээ хүрсэн байгаа юм.
-Манайд хошин шог гэхээсээ салбарлаад сурган хүмүүжүүлэх тал руугаа илүүтэй хөгжсөн гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Ер нь, хошин шог зураг гэдэг маань хүнийг ухааруулах, хошигнох, егөөдөх зэргээр дамжуулж сурган хүмүүжүүлж байгаа хэрэг юм л даа. Шог зураг хэд хэдэн янз бий. Нэгдүгээрт, сургалт. Хүнийг хүмүүжүүлэх тал руугаа бол хоёрдугаарт, улс төрийг эрс шүүмжилж, илт няцааж чаддаг. Нөгөө хэлбэр нь гэвэл аж байдлын шог зураг юм. Энэ төрөл нь хүний амьдрал тэр дундаа Монголын амьдралд гарч буй хошин шог явдлыг илэрхийлсэн өгүүлэмжтэйгээс гадна аливаа юманд шүүмжлэлтэй хандаж буй шог зургийг аж байдлын шог зураг гэнэ. Харин шог зургийн хамгийн нарийн, шилдэг хэлбэр нь ухаарлын буюу “humor” гэдэг наргиа шог зургийг хэлдэг. Энэ төрөл Европт сайн хөгжсөн ч манайд төдийлэн газар авч чадаагүй. Манайд ид социализм байгуулна гэж зүтгэж байсан цаг үед дэлгэрсэн болохоор тийм ч сайн хөгжиж чадаагүй хэрэг. Доржготов, Цогтбаяр манай Өлзийбат болон миний бие энэ төрөл хэлбэрийг хөгжүүлэх гэж их л оролдсон ч ихэнх бүтээл маань хэвлэгдэн гарч чадалгүй дарагддаг байсан юм.
-Наргиа шог гэдгийн онцлог нь юундаа байдаг юм бол?
-Аж байдлын шог, улс төрийн шогууд нэг юмыг барьж оновчтой шүүмжилсэн байдаг. Жишээлбэл, империализмийг шүүмжиллээ гэхэд атомын бөмбөг болгон зурж хөөцөлдөж байгаа мэтээр харуулдаг байх жишээтэй. Түүнд нь социализм их дуртай. Тиймдээ ч иймэрхүү юм их зуруулах гэнэ. Бид барагтай бол зурахгүй л дээ. Яагаад гэхээр, тэр империализм гэдэг юмыг чинь бид мэдэхгүй байсан байхгүй юу. Сайн, муу ч юм уу бүү мэд. Гэтэл нам засгаас энэ империализм бол маш муу, нохойн баас гэж ухуулна. Түүнийгээ хүний тархинд заавал хийх гэдэг. Бид тодорхой хэмжээнд ном үзэж аливаа юмыг наанатай цаанатай мэддэг болсон учир тэр тухай танин мэдэхийг зорьдог байлаа. Түүнд нь бас сайн юм байж л таараа, яагаад гэвэл империалист улс оронд адилхан л ард түмэн амьдарч байгаа юм чинь. Тэнд тийм л яадгаа алдсан юм бол хүн яаж амьдрах билээ. Тэгтэл явж явж бараг социализмаас тэр нь дээр байсан байгаа юм. Тийм ч учраас биднээр зуруулж..,
-Бамбай  хийх гэж байж?
-Тийм, социализм, коммунизмын улаан муна болгох гэж байсан хэрэг. Тэр үед хүссэнийг нь зураад өгвөл илүү мөнгө өгдөг байлаа. Империализмыг хошиноор чонон толгойтой, их буун амтай гэх мэтчилэн шоглож зурвал их мөнгө төлнө. 100 төгрөг өгдөг байсан юм. Гэтэл аж байдлын шог, дамаан наргиа шогт бол хэдхэн юм л өгдөг байлаа. 10 төгрөг өгөх үү, үгүй юү л байлаа шүү дээ.
-Та түрүүн ажлын өрөөнд орж ирэхдээ хэлж байсан даа. Юу хийгээд байна гэхэд “Юу хийхэв дээ, зургаа л зурахаас өөр юм хийж чадах биш” гэж. Манай шог зураачид яаж өл залгуулдаг юм бэ. Барималч хүн бол хийж урласан баримлаа зараад мөнгө олчихно?
-Ер нь, аль ч уран бүтээл, жишээлбэл роман бичдэг, шүлэг бичдэг ч хүн байлаа, уран зураг зурдаг, шог зураг зурдаг ч бай урлаг бол хоол олох хэрэгсэл биш. Зүгээр л урлаг байхгүй юу. Би чамд дуу дуулж өгье, чи надад мөнгө өгөхгүй шүү дээ. Роман бичлээ гэж бодоё. Дор хаяж хоёр, гурван жил бичнэ. Ганц роман бичээд амьдралд нь хүрэлцэхгүй шүү дээ. Амьдрал юм хойно өдөр болгон талхны мөнгө олж байх хэрэгтэй. Хэдхэн цаас, таван төгрөг ч хамаагүй. Гэтэл урлагт тийм юм огт байдаггүй. Урлаг ерөөс мөнгө олох хэрэглүүр биш. Би жишээ нь хошин, шог зураг зураад овойж оцойсон их мөнгөтэй болсонгүй. Яаж амьдарсан бэ гэхээр, “Үнэн” сонин, “Тоншуул” сэтгүүлийн ерөнхий зураач хийж байлаа. Мөн сэтгүүл, сонины өөр ажил ч хийж байсан. Макет, эх бэлтгэл гээд л. Тэгж л амьдарна шүү дээ. Тэрнээс биш шог зургаа зараад гол зогооно гэвэл ямар ч утгагүй. Хэдхэн цаас л болно.
-Таныхаар бол урлагийг мөнгөөр үнэлэх нь буруу байх нь?
-Маш буруу. Энэ нь бүхий л цаг үед хамгийн буруу зүйл. Би 30 гаруй галерей бичиж, оны шилдэг болж байсан юм. Галерей гэдэг нэрийн дор дэлхийн сонгодог зураач нарын тухай сонинд цуврал хөрөг өгүүлэл бичдэг байлаа. Би тэдгээр зураачийн зөвхөн намтар, амьдралыг бичсэн юм л даа. Гадаад, дотоод явах бүртээ жижиг сажиг түүх намтар цуглуулж явдаг байсан юм. Тэдгээр алдарт зураач нар хүртэл огт өөр ажил хийж байсан байгаа юм. Урлагаас огт ондоо. Гэхдээ түүнийхээ хажуугаар зохиол бүтээлээ туурвина, зургаа зурна. Виктор Гюго, Александр Дюма гэж байсан даа. Гюго бол Засгийн газрын гишүүн байсан хүн. Тэр ажил хийж амьдарна уу гэхээс бичсэн зохиолоороо яаж амьдрах билээ. Жил болж байж нэг бүтээл гараас гарна, тэр нь хэдээр ч үнэлэгдэх юм билээ. Номоо зарагдахыг хүлээж байтал мань хүн өлбөрөөд үхнэ биз дээ. Тиймээс өөр ажил хийж өл залгуулах ёстой.
-Тэгвэл манай дуучдыг юу гэж ойлгох вэ. Их муухайгаар хэлбэл дуучид маань “биеэ үнэлж” байна даа?
-/инээв/ Үгүй яахав дээ, одоо дуучид өөр болчихсон. Дээр үед дуучид юу ч авдаггүй л байсан. Тийм ч учраас театртаа ажиллаад цалингаа авна. Ингээд л гүйцээ.
-Яахав, шог зургаасаа хазайгаад явчихсан ч сонирхолтой сэдэв байна. Урлаг мөнгө хөөгөөд ирэхээрээ үнэ цэнээ алддаг гэж болно, тийм үү?
-Би нэгэн үе багш байсан хүн л дээ. Уран зургийн дээд сургуульд багшилдаг байлаа. Тухайн үед гайгүй зураг зурчихмаар хүүхдүүдэд “За, чи овоо авьяастай юм байна. Мөнгө л хөөж болохгүй шүү. Зөвхөн уран бүтээл хөө. Өлсөж үхэхгүйн тулд өөр ажил хий, мал малла, талх барь, хогоо шүүрдэнэ үү, манаач хийнэ үү..,
 -Шалаа арчина уу?
-Тийм, шалаа ч арчина уу, хамаа ч байхгүй”. Надмид гэж зохиолч байсан даа, тэр хүн насаараа Зохиолчдын хорооны жижүүр хйисэн. Гэтэл зохиолууд нь асар мундаг байсан юм шүү. Базарын Цэдэндамбаа ч адил Зохиолчдын хороонд юу ч байсан юм, бас л нэг хар бор ажил хийгээд л байсан. Батын Нямаа гэж байна. Тэр хүн мөн л нэгдлийн дарга байсан. Ерөөсөө, зохиолч гээд түүгээрээ амьдарсан хүн нэг ч байхгүй. Би л гэхэд уран зураач ч гэлээ нам засгийн даалгавраар “Үнэн” сонин “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байсан. Шог зургаар хоол олохоосоо илүүтэй ажил мэргэжлээрээ амь зогоож явлаа. Миний бүтээл дэлхий дахины уралдааны тэргүүн байрт ч шалгарч байсан. “Хүн байгаль” дэлхийн уралдааны тэргүүн шагналтай хүн. Олон мянган зураачаас шилэгдэж тэргүүн байрт шалгарч байлаа. 1977 онд Москвад болсон 3000 гаруй зураач оролцсон үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж ч явлаа. Тийм ч учраас багагүй урамшиж Монголд шог зургийн анхны үзэсгэлэнгээ 1981 онд гаргасан даа. Түүнээс хойш шог зургийн олон ч үзэсгэлэн гаргасан даа. Сүүлдээ уран зураг, шог зураг хоёрыг хольж ч байлаа. Нэг хэсэг шог зураг явж байгаад уран зураг, дахиад уран зураг нь явж байтал шог гэх жишээтэй. Нийт 13 удаа бүрэн хэмжээний бие даасан үзэсгэлэн гаргасан. Биеэ тоож байгаа юм биш, манай Урчуудын эвлэлийн хороонд тийм зураач байхгүй. Одоо 70 гарчихаад юу гэж биеэ тоогоод байхав, үнэндээ бол тийм зураач байхгүй шүү. Надад “Май үзэсгэлэнгээ гарга” гээд ямар ч мөнгө төгрөгийн нэмэр байдаггүй ч, үзэсгэлэн гаргах хоббитой хүн дээ би. Гэхдээ, яагаад ч юм сайхан байдаг. Олон түмэнд өөрийнхөө зургийг үзүүлж байх яагаад ч юм нэг л сайхан.
-Наадахны чинь нууцыг би мэдэх юм шиг байна?
-Яаж байна?
-Би бага сага шүлэг оролддог юм л даа. Өөртөө үнэхээр таалагдсан шүлэг бичвэл өөр хүнд уншуулах гээд яардаг. Тэр л болж таарлаа?
-Аан, яг л тэр чинь.
-Нөгөө, олон жил уралдсан морь наадам ойртохоор өөрийгөө сойдогтой адил дэгэлздэг юм шиг байгаа юм?
-Тэгэлгүй яахав, хүмүүс үзэсгэлэн гаргахаар “Чи байнга л гаргах юм, гадаадад чиг л үзэсгэлэнгээ сонирхуулах юм. Энэ чинь чамд ямар ашигтай юм” гэж. Би ашиг хөөдөггүй. Гадаадад, дотооддоо ч байна уу үзэсгэлэнгийн танхимаар дүүрэн зураг хөргөө дэлгээд суухад үзэгчид намайг яаж хүлээж авах нь гэдгийг харж суух шиг сайхан юм байдаггүй. Уран бүтээлчийг хамгийн үнэн зөвөөр үнэлдэг шүүгчид бол үзэгчид. Гэтэл одоо хүмүүс модернизм гээд л хошуурч байна. Харин би модернизмыг Орост сурч байхдаа хоёр ч курс судалсан. Зохиомж гэдэг юм л даа, композиц гээд. Тийм хичээл ордог юм. Уг нь, тэр композиц их хэрэгтэй л дээ. Яагаад гэвэл, оюун сэтгэлгээг хөгжүүлэх, задлах үр ашигтай. Сургуульд байхад нэг хуудас цаас өгөөд бөглө гэнэ. Юу хамаагүй бөглөж орхино. Тэр хооронд мэргэжлийн том багш нар өнгөний зохиомж гээд бүх талын юмыг харна. Өөрөөр хэлбэл, сэтгэлгээг хөгжүүлж байгаа хэрэг. Сэтгэлгээ хөгжүүлнэ гэдэг нь юмыг бодож сурч байгаа хэрэг. Түүнээс биш миний хувьд модернизмыг уран бүтээл биш гэж санадаг юм, бурхан минь. Гэтэл энэ улсууд чинь уран бүтээл гэж үзээд өөрийгөө дөвийлгөөд байх юм. Би тэрэнд нь их дургүй.
-Урлагийн бие даасан төрөл биш зохиомж гэж ойлгодог байх нь таны хувьд?
-Тийм ээ, би тэгж л ойлгодог.  Уран бүтээл биш шүү дээ. Бидний хоёр жил судалсан зохиомж л юм. Одоо жишээ нь шүлэгт бас модерн гэж бий. Тэр чамд сайхан байна уу.
-Муухай ч юу байхав. Цаг үеэ, хүний хөгжлөө дагаад урлаг ч гэсэн асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Тэрний илрэл юм уу гэж ойлгодог?
-Гэхдээ мөхөх зүг рүүгээ явбал дэмий юм болно шүү дээ. Жишээ нь, хүн яаж ойлгож, хүлээж авах уу. Ерөөсөө, модернизмын учрыг ойлгохгүй юм чинь хүн яаж хүлээж авах уу. Гэхдээ баян улсууд бэл бэнчингээ гайхуулах гэж энэ ч сайхан юм гэнэ билээ гээд л худалдаж авдаг. Яахав, надаас залуухан улс нь хэл аманд өртөнө гэж айгаад байгаа юм. Харин 70 гарчихсан миний хувьд үнэнээр нь л хэлнэ. Кандинский байна, тийм ч сүрхий зураач биш. Шагал бол “нойль”. Тэгээд Пикассо байна, Пикассо арай гайгүй. Эдний бүтээлийг асар өндөр үнээр, хэдэн тэрбум доллараар худалдаж аваад л. Энэ бол зүгээр л гайхуулж байгаа хэрэг шүү дээ.
-Яг үүнтэй адилаар надад нэг бодол байдаг юм. Олонх тэнэг гэж?
-Тийм ээ, олонх тэнэг, 90 хувь нь.
-Тэгвэл хоёулаа үүн дээрээ суурилаад төсөөлье. Би хананд цаас өлгөөд дээрээс нь ямар ч утга учиргүй баахан будаг шунх цацъя. Түүнийгээ гоё жаазлаад галерейд тавьчихъя. Тэр зургийг ойлгож байгаа мэт хүмүүс олонх уу?
-Учрыг нь олохгүй юм чинь тэгээд л явчихна. Гэхдээ тэр зургийг аль нэг баян нь авна. Гайхуулж, мэдэмхийрч байгаа нь тэр.
-Гэхдээ тэр зурагт задлан шинжлэл хийж, өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж ойлгож, юм олж харах нэгэн байдаг шүү дээ?
-Тэр бол худлаа ойлгож байгаа хэрэг. Модерн гэдэг чинь ерөөсөө л орчин үе гэсэн үг. Тэгээд л модернизм гэхээр нэг их сүрхий юм санаанд нь буудаг. Тийм биш. Ер нь, хүн гэдэг их тэнэг амьтан даа. Бидний багад “мээтинг, мээтинг” хийнэ гээд их ярьдаг байлаа. Тэр нь нэг их том хурал, цуглааныг хэлж байгаа юм. Гэтэл “мээтинг” гэдэг нь англиар ердөө л уулзах гэсэн үг байж таарлаа. Ийм хариугүй юмыг уулзалт гэнэ биз, заавал хаа байсан харь хэлний үгийг хэрэглэх гэж зэрэмдэглэж байх хэрэг юу байна.
-Хүмүүс их хэлбэр хөөдөг нь модерн урлагийг ойлгож байгаа мэт жүжиглэлт, мөн энэ “мээтинг” хоёроор батлагдаж болох юм?
-Тийм. Данийн аугаа их зураач Хэрлуф Битструп гэж хүн байлаа. За, шог зурагтаа бол хаан нь. Энэ хүн модернист гэх урлагийг шүүмжилж, маш олон зураг зурсан. Өөрөө их алиа, хошин шогийн торгон мэдрэмжтэй л дээ. Нэг цуврал зурагт нь өнөөх модернист зураачийг ийн дүрсэлж. Их л байж ядсан зураач нөхөр өдөржин суугаад, суугаад л байна. Жигтэйхэн их өөрийгөө зовоож, үс толгойгоо бараг л зулгааж, өдөржин бодож, бодож гэнэт л бийрээ барьж босч очоод л томоос том цагаан цаасны яг голд нь ганц цэг төдий будаг нялчихна. Тэгээд л буцаад суучихна. Уран бүтээл нь болчихож байгаа нь тэр. Мөнөөх модерн урлаг нь. Тэгж их бодсон юм нь сүүлдээ ингэж төгсч. Өөрөөр хэлбэл, нөгөөх модернизмыг ийнхүү шог зургаар шүүмжилсэн хэрэг. Цуврал шог зургаар тэр өөрийгөө зовоон байж ганц цэг хатгаж байгаа модернистыг харуулж байна. Дараагийн цувралд нь нөгөөх цаасны голд хатгасан хар цэг нь хачин сонин хэлбэртэй юм байж. Үзэсгэлэнд тавьж үзүүлчихээд бариад явж байтал нэг нохой замд нь баачихаж гэнэ. Гэтэл нөгөө нохойны баас яг нөгөө хатгасан хар цэгтэй нь ижилхэн хэлбэр дүрстэй байх жишээтэй. Ийм л цуврал зургаар модернизмийг шүүмжилсэн. Энэ бол бодит урлаг, шог зураг бол хамгийн бодит, үнэн урлаг.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
picasso chn zugeer gaihuulj bga hereg ogt bish shude tenger gazar shig ylgaatai yumda..baidi guai. manai mergjiin humuus dund uranzurgaa meddegui humuus zunduu barag bugd bha.zugeer neg zurag heden say dollar hurdegyumda..
Танд эрүүл энх,аз жаргал, уран бүтээлийн арвин их амжилт хүсэн ерөөе.
Чи тэгвэл олонхий нэг байж байгаад одоо цөөнх рүү шилжлээ :D
bi eruusuu modernist zurgiig oilgodoggui bsiin.uuruuguu yum oilgodogui teneg baih gej bodoj yavsiin.tegvel nadtai adilhan bodoltoi hun baidag l yum bna
Чи тэгвэл олонхий нэг байж байгаад одоо цөөнх рүү шилжлээ :D
Хамгийн их уншсан