Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЮУ ТОЛГОЙ ИРЭХ ОНД 21.7- 23.2 ТОНН АЛТ ОЛБОРЛОНО

Оюу Толгойн  хөрөнгө оруулагч “Туркойз Хилл” тус төслийн ирэх оны  санхүүжилт, төсөв, үйлдвэрлэлийн   талаар мэдээллээ. “Оюу Толгой”  ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл  тус компанийн ирэх жилийн төсвийг санал нэгтэй баталжээ.  
Үүнд дурдсанаар ирэх онд  “Оюу Толгой”  ХХК 150- 175 мянган  тонн цэвэр зэс агуулсан баяжмал, 700-750 мянган  унци алтны агууламжтай баяжмал үйлд­вэрлэхээр төлөвлөж байна. Эндээс үзвэл 21.7- 23.2 тонн алт олборлох нь. Уг компанийн үйл ажиллагааны нийт зардал нь нэг тэрбум орчим ам.доллар байх аж. Мөн  хөрөнгө оруулалт нь 160 сая ам.доллар байхаас 80 орчим сая ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх төлөвтэй байна. “Оюу Толгой”-д   өмнө нь үйлдвэрлээд борлуулахад бэлэн болсон баяжмал чамгүй бий. Иймд шинэ он  гараад худалдаж эхлэх аж. Үүнээс  гадна үйлдвэрлэлээ дөрвөөс зургаан долоо хоногт багтааж хэвийн хэмжээнд хүргэн жигдрүүлэхийг зорьж байгаа юм.
 Оюу толгойн хөрөнгө оруулагчийн нэг “Рио Тинто” энэ оны  дөрөвдүгээр сард арилжааны 15 банктай тус  төслийн санхүүжилтийн хэмжээ, нөхцөлийг хэлэлцэж тохирсон зээлийн баталгаанд гарын үсэг зурсан гэж “Туркойз Хилл” мэдээлж байсан. Энэхүү зээлийн баталгааны хүчинтэй хугацааг ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгасан гэж “Рио Тинто”-д дээрх банкууд мэдэгдсэн байна. Одоо “Оюу Толгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг Монголын Засгийн газрын дэмжлэгтэйгээр босгохын төлөө “Туркойз Хилл”, “Рио Тинто” хамтран  ажиллаж байгаа юм.
Иймд талууд хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгах, төслийн санхүүжилт, гэрчилгээ, зөвшөөрөл авах зэрэг хувь нийлүүлэгчидтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, далд уурхайг дахин эхлүүлэхэд шаардагдах арга хэмжээг авах зэрэг асуудлаар хэлэлцээр хийж буй юм.  Ингээд ТЭЗҮ-г ирэх оны зургадугаар сар гэхэд  багтаан боловсруулж дуусгахаар төлөвлөжээ. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан