Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЭЛЭН БАЯЛАГ МАЛ СҮРЭГ, БЭРХ БАЯЛАГ АЛТ ХОЁРЫН ТУХАЙ

Олон зууны туршид Монголчуудын амин зуулга болсон бэлчээрийн мал аж ахуй түүнийг эрхлэн хөтлөх арга ухааныг бий болгосон малчин түмнээ би гүнээ хүндэтгэдэг юм. Сүүлийн үед алт, зэс мэтийн газрын хэвлийн баялаг  нь улс орон хөгжин дэвших, хүн амын амьдрал дээшлэхийн гол тулгуур гэж дээр дооргүй ярьцгаах юм.
Монголын бэлчээрийн мал аж ахуй хоцрогдсон, болхи, ирээдүйгүй, мал аж ахуй дээр суурилсан нүүдлийн соёл иргэншил царцанги, улс гүрний хөгжлийг чөдөрлөдөг, малаа дагасан нүүдэлчид малаасаа ялгагдахгүй мал гэсэн үзэл баримтлалыг сурталчилдаг олшров. Байдлаас ажиглахад “Мартсанаас мал мэнд үү” гэдэг цаг ирсэн бололтой.
Алт, зэс, төмөр, нүүрс мэт газрын хэвлийн баялгийг олзворлон ашиглах нь олзворлогч компани, хүмүүсийн олз ашгийг ихээхэн нэмэгдүүлэхээс гадна тойруу замаар улсын эрдэнэсийн санг арвижуулах, эдийн засгийг чадваржуулах чухал ач олбогдолтой нь хэнд ч ойгомжтой билээ. Харин ашигт малтмалыг олзворлохдоо энэ чиглэлийн хууль, дүрэм, мэргэжлийн байгууллагуудын баталсан захирамж, журмын дагуу технологийн горимыг чанд мөрдөн явуулахгүй бол тухайн нутгийн байгаль орчныг сүйтгэх, тэндхийн амьтан, ургамал, мал сүрэг, хүн амын амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, Төв /Заамар/, Өвөрхангай /Онгийн голын сав нутаг, Уянга/, Өмнөговь, Баянхонгор зэрэг аймагт алт олзворлолтын байдлаас үзэхэд алтны хайгуулчид, алт олзворлогчид эх орныхоо онгон байгальд хүйтэн сэтгэлээр хандаж, гол горхи, булаг шандын эхийг сэндийлэн малтах, голын урсгалыг боох, голдирлыг нь өөрчлөх зэргээс болж тухайн газар нутгийн гол горхи, булаг шанд ширгэх, бэлчээр нутаг хуурайшсаны улмаас элсжилт, цөлжилт явагдаж, экологийн сүйрэл нүүрлэх боллоо.  Ийм тохиолдолд алт олзворлож байгаа нутгийн мал, малчид уулын техникийн нүсэр чимээ, ухсан нүх, хонхор /мал унаж үхдэг/, нутаг бэлчээрийн хуурайшил, өвс ургамал, усны хомсдол зэргээс дайжин, уугуул нутгаа орхин олон арав, зуун км-ийн алсанд аймаг, сум дамжин нүүдэллэн шилжиж мал, хүнгүй хүнд байдалд орж байна.
Энэ бэсрэг өгүүлэлдээ өнөөгийн нөхцөлд дээр дооргүй, баян хооснгүй шохоорхон хошуурч байгаа газрын хэвлийн алт хэмээх баялгийн улс орны амьдралд үзүүлэх үр өгөөжийг мал сүргийн ашиг өгөөжтэй харьцуулан гарахыг зорив. Алтнаас ч үнэ цэнэтэй байнга өсөн үрждэг барагдашгүй баялаг, мал дагавал ам тосдоно гэдэг санааг уншигч олонд хүргэх гэсэн юм.

Амьд алт гэхийн учир
Нутгийн монгол мал нь урт хугацааны байгалийн шалгарал, шигшилт, сонголтын үр дүнд бий болсон Төв Азийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэн дааж, дан байгалийн бэлчээрт дулдуйдан амьдарч, өсөн үржих, мах сүү мэтийн экологийн цэвэр бүтээгдэхүүн өгөх биологи, экологийн онцгой шинжийг өөртөө хадгалсан байдаг.
Амьд алт-мал сүрэг байнга өсөн үрждэг баялаг билээ. Энэ чанар нь ганц өрх айл, баг, сум, аймаг, улсын хэмжээнд ч илэрч байдаг. Манай улс 1999 онд 33 сая мал тоолуулж байсан бол 2001-2003 оны ган, зудад 10 гаруй сая мал хорогдуулж, 2003 онд 23 сая малтай болсон байв. Харин 2003-2005 онд хэдийгээр цаг агаарын байдал сайнгүй байсан ч манай малчдын ажил хөдөлмөрийн амжилтын дүнд 2005 онд 31 сая мал тоолуулсан. 2006 онд 35 сая гаруй мал тоолуулжээ.
Алтны тухайд яривал байгалиас тогтоогдсон хэр хэмжээнээс хэзээ ч өсөн нэмэгддэггүй ашиглах, олзворлох хэмжээгээр хорогддог. Бугантын шороон ард нөөцөө барж, Заамар нутгийн уулс, хөндий, тал бүрэн сэглэгдэж онгойсон хар нүх, овоолсон шороо болжээ.
Шинжлэх ухаан-технологийн өндөр хөгжилтэй өнөөг хүртэл хаана ч бий болгож чадахгүй байгаа малын үнэт бүтээгдэхүүн- сүү, мах нь хүний бие махбодын илч энерги, эс, эдийн нөхөн төлжилтийн гол материал бодог. Сүү, махгүйгээр хүн, ялангуа монгол хүн уургийн дутагдалд ордог. Харин алтны хувьд хүний бие махбодид маш өчүүхэн мг-ын мянганы хэдхэн хувиар хэмжигдэхээр байдаг. Хүний амьдралд биологи, физиологийн ач холбогдол байхгүй, иодын дутмагшил гэдэг шиг алтны дутмагшлын тухай яриа байдаггүй. Харин төмөр, цайр мэт металлууд хүн, мал амьтны амьдрал, физиологийн үйл ажиллгааанд шийдвэрлэх ач холбогдолтой. Төмөр нь цусанд байдаг гемоглобин гэдэг будагт уургийн найрлагад орж, өөртэйгөө хүчилтөрөгчийг холбодог. Тэгээд  биеийн эс, эдийг хүчилтөрөгчөөр хангаж, тэндээс нүүрс хүчлийн хорт хийг уушгинд авч ирэн уг хорт хийг бие махбодиос зайлуулдаг байна. Цайр нь мал амьтны нөхөн үржихүйн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Иймээс ч хүн, амьтныг төмөр, цайрын дутлаас сэргийлэхэд онц анхаардаг.
Малыг уналга, эдэлгээнд ашиглахаас гадна малын бие махбод, цус булчихай зэргээс биологийн өндөрлөгт идэвхит бэлдмэлүүдийг бэлтгэдэг. Гэтэл алт нь хайж олох, олзворлох цэвэршүүлэх гээд маш их хугацаа, үнэ өртөг, нарийн технологийг шаардсан олон дамжлагат ажиллагааны эцэст бэлэн бүтээгдэхүүн болно. Түүнийг цааш нь мөнгө, эд материал болгох бас олон дамжлагатай.
Мал сүргийн байнга бэлчээрлэн идээшилдэг нутаг нь малын ялгадсаар бордогдон хөрсний үржил шим, өвс ургамлын гарц нь нэмэгдэж байдаг. Тэгвэл алт олзворлосон нутагт нөхөн сэргээлт  явуулахгүй бол үржил шимгүй хөрс шороо үлддэг жамтай. Үүнээс гадна авт олзворлолт нь тухайн нутгийн мал, газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Алт олзворлолт эрс идэвхжихээс өмнө Төв аймгийн Заамар сум нь малын тоо, чанар, үр тарианы үйлдвэрлэлээр улсад тэргүүлдэг байсан бол одоо малын тоо хоёр дахин цөөрч, газар тариалангий н үйлдвэрлэл бараг зогсчээ.

Амьгүй алтны ач бач
Улс нийгмийн эрх ашгийн үүднээс авч үзвэл алт нь аль ч улс гүрний эдийн засаг, олон улсын валютын харилцаанд чухал үүрэгтэй. Аль ч улсын зах зээл, мөнгөний тогтолцоо нь алтан дээр суурилсан байдаг аж.
Алт /Аurum/ - Au нь Менделеевийн үелэх системийн 1-р бүлгийн элемент, атомын дугаар 79, атом массын дугаар 196, 9665, шар өнгийн хүнд металл, хэд хэдэн изотоптой, атом масс 197-той изотоп нь л тогтвортой шинжийг хадгална. Маш зөөлөн, уян налархай чанартай, дулаан цахилгааныг сайн дамжуулдаг, 1064 градуст хайлдаг металл юм. Орчин үеийн судалгаагаар газрын гадаргын нэг тонн хөрсөнд 4 мг алт агуулагддаг байна. Алт нь хими, физикийн гайхамшигт шинж чанарыг агуулдаг. Энэ металл нь төмөр шиг зэвэрдэггүй, зэс шиг ногоордоггүй, мөнгө шиг харладаггүй өөрийнхөө байгалийн өнгөө хэзээ ч алддаггүй аж. Алтыг электроник, сансрын технологи, орчин үеийн холбооны хэрэгсэл мөн биологи, анагаах ухаанд ашиглаж байна. Орчин үед алтыг гоёл чимэглэлийн зүйл болгож ашиглахын зэрэгцээ, хөрөнгийн баталгаа, баян чинээлэг байдал, эрх мэдлийн илэрхийлэл гэдэг утгаар илүү өргөн хэрэглэх болжээ.
Аль ч үед алт, үхэл хоёр зэрэгцэж ирсэн түүхтэй. Алт олзворлож байсан олон зууны түүхээс үзэхэд маш гунигт явдлууд тэмдэглэгдсэн байдаг. XIX зууны дунд үеэс барууны орнуудад алт ихээр олзворлон гэнэт баяжихыг хүсэгч олширчээ. Тийн алт эрэгсдийн цуваа үргэлжлэн Аляск, Сибирь, Канад, Калифорни, Австрали руу нүүдэллэж байв. Тэднийг алтны дон туссан, “шар алтны халуурлаар” өвчилсөн хүмүүс гэж нэрлэдэг байжээ.
Алтны чөлөөт эздүүд гарч ирсэн ба тэд дураараа авирлах болж, ийм газарт эд хөрөнгийн эрх мэдэл, худал хуурмаг явдал, заль мэх, гэмт хэрэг, хүчирхийлэл, аллага, өвчин эмгэг газар авч, нутгийн уугуул иргэд ихээхэн хэлмэгдэж байсан гэдэг. Мөн тухайн газар нутаг бүрэн сүйрч байгалийн онгон төрхөө алдсан байна. Нэгэн баримтыг дурдахад Калифорнид орд газарт очиж алт олзворлохоор Америк, Европоос явсан хүмүүсээс /1849-4850/ онд замдаа 5000 хүн амь үрэгджээ. Калифорнид 1849-1854 онуудад 4200 хүн амиа алдсан тухай баримт бас бий.
Монголын нүүдэлчид эрт дээр үеэс алтанд их болгоомжтой хандаж ирсэн. Тиймээс оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь хүршгүй там гэж үздэг байжээ. Нөгөө талаас  нь сүр хүчин, эрх мэдлийн билэг тэмдэг болгон хэрэглэдэг байв. XIII зуунд Монголын эзэнт гүрний үед төрийн элч нарт алт, мөнгөөр хийсэн пайз олгож, элчийн эрх мэдлийн хэмжээг заан илэрхийлдэг байжээ. Шүтээн судар номоо бүтээхдээ алт, эрдэнэс оролцуулдаг уламжлалтай. Энэ уламжлал өнөө ч өвлөгдсөөр байгаа. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Монголын нууц товчоо”-гоо эрдэнэсийн зүйл, үнэт чулуу, мод оролцуулан хэвлэж олон түмний сүсэглэн бишрэх нэгэн шүтээн болгон хадгалав.
Өнөөгийн нөхцөлд манай оронд алт олзворлох дотоод, гадаадын олон компани идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ хувиараа алт олзворлогч “нинжа” гэж нэрлэгддэг бүлэг бий болсон. Алтны орд газруудад хамгийн хоцрогдсон технологиор алт олзворлох үйл ажиллагаа явуулж, химийн хорт бодист хордох, ухсан нүхэнд дарагдах, дээрэм тонуулд өртөх зэргээр амь насаа алдах, эрэмдэг зэрэмдэг болсон тухай мэдээлэх нь их боллоо. 2005 онд дээрх шалтгааны улмаас зөвхөн Заамарт 36 хүн амь эрсдсэн бол 2006 оны эхээр 10 гаруй хүн амиа алдсан байдаг.
Ер нь алтыг хууль бусаар олзворлагчид нь ухсан нүхэндээ дарагдаж амь эрсдэхээс гадна химийн хорт бодистой удаан хугацаагаар ажилласны улмаас хордож амь нас, амьдрал нь ихээхэн богиносдог байна. Алтны тоос бүхий шороо, мөн тээрэмдсэн чулууны хэсгийг мөнгөн усаар угааж, алтыг мөнгөн усанд наалдуулан авч, дараа нь хүхрийн хүчлээр мөнгөн усаа ууршуулдаг энэ бүдүүлэг технологи нь хүмүүсийн амьсгал, мэдрэлийн эрхтэн, элгийг маш гүнзгий хордуулах нөлөөтэй.

Өвгөн миний бодлоор
Улс орны хөгжил цэцэглэлт, хүн ардын амьдралд мал сүрэг, эрдэс баялгийн аль аль нь чухал ач холбогдолтой нь мэдээж. Хамгийн гол нь амьд, амьгүй баялгийг маш ухаалгаар, үр өгөөж ихтэй ашиглах явдал юм. Энд нэгийг нь хэт магтаж, нөгөөг нь адалж үзэн туйлшрах нь сөрөг үр дагавартай. Манай уламжлалт таван хошуу мал, түүний бүрэлдүүлдэг бэлчээрийн мал аж ахуй нь Монгол улсын оршин тогтнохын баталгаа, гол дархлаа нь болж ирсэн. Улс орон 1990-ээд оноос зах зээлд буюу нийгмийн шинэ тогтолцоонд шилжих үед дампуурч сөгдөөгүй аж ахуй нь мал аж ахуй байсан.
Манайхны зарим нь шагшин магтаад байгаа суурин маллагааны буюу мал аж ахуйн үйлдвэржсэн хэлбэр шиг байнга гэрэл цахилгаан, ус тэжээлээр хангагдсан байранд бэлэн тэжээл идэж байдаггүй бэлчээрийн монгол мал нь маш хямд өртөгтэй цэвэр бүтээгдэхүүн өгдөг онцгой давуу талтай билээ.
Хил, хэл, мал гуравтайгаа байсан цагт Монгол улс баян бөгөөд туурга тусгаар байж чадна гэж Төрийн шагналт зохиолч З.Дорж онож хэлсэн байдаг. Хэрэв бид нутгийн монгол малаа адалж үзэн устгавал, улсын дархлааны нэг гол элемент устаж, тулгын гурван чулууны нэгийг сугалж авч хаясантай агаар нэгэн болно. Тулга хоёр чулуун дээр догонцон тогтож чаддаггүй биз дээ. Иймээс нутгийн монгол малаа шинжлэх ухаан, технологи, мэдээллийн үсрэнгүй хөгжлийн энэ эринд ч маллаж өсгөж байх  нь монголчууд бидэнд өлзийтэй болов уу.
Тэгэхдээ мал аж ахуйгаа одоогийнх шиг ганц нэг өрх айлаар, дов жалга сахисан байдлаар биш ферм, хоршоо, компани, цогцолборын хэлбэрээр эрхлэн хөтлөх, орчин үеийн үржихүйн биологи, генетик, мал аж ахуй, мал эмнэлгийн шинжлэх ухааны ололт дээр тулгуурлан шинжлэх ухаанчаар эрхлэн хөтлөх нь тулгамдсан асуудал болж байна. Ер нь Монголын мал аж ахуйн ирээдүйтэй холбоотой сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал байгаа боловч энэ бэсрэг өгүүлэлд бүгдийг дурдах боломжгүй.
Ер нь Монгол Улсын төр, засгаас хүний амь насанд эрсдэлтэй, байгаль сүйтгэж байгаа, нийгэмд сөрөг нөлөөтэй хувиараа алт олборлогчдын үйл ажиллагааг өөрчлөх. Тэдэнд найдвартай ажлын байр олгох замаар байдлыг нь өөрчлөх. Ажлын байрны хувьд: цөлжих аюулаас сэргийлэх ногоон хэрэм байгуулах, говь нутгийг усжуулах, тэнд гүний усны оргилуун ундрагатай худаг гаргаж түүний эргэн тойронд баян бүрд бий болгон жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тарих, ноолуурын ямаа, өндөр ашиг шимтэй тэмээ өсгөх ажлыг эрхлэх хүмүүс болгох асуудлыг сайтар судалж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич М.Төмөржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан