Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАЯАРЧЛАЛ БА МОНГОЛЧУУД

Өнөөдөр дэлхий тэр чигээрээ “даяарчлал”-ын нөлөөний тухай ярих боллоо. Даяарчлал олон оронд сайн зүйл дагуулж байгаа ч саарыг бас дагуулсаар. “Анти-глобализм” гэх нэр томьёо хүртэл гарлаа. Харин даяарчлал таны амьдралд чухам хэрхэн нөлөөлж байгаа талаар эргэцүүлэн бодож байв уу. Бидний ихэнхи нь даяарчлалыг биднээс хол гэж үзэх нь бий. Тэгвэл даяарчлал бидний өдөр тутмын ажлын цаг, уншдаг ном, иддэг хоол, биеийн өндөр, жинд хүртэл хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Монгол улс 90-ээд оноос хойш дэлхийд нээлттэй болсноор өглөө бүр нэг тэрбум хүн “Gillette”-ээр сахлаа хусаж, өдөр бүр 38 сая хүн “MacDonalds”-д хооллодог агуу том зах зээлийн нэг хэсэг болсон билээ. Дэлхийн шилдгүүд болох “Pepsi”,  “Coca Cola”, “Marlboro”, “Kent”, “Levi’s” ба “Adidas”-ын бүтээгдэхүүнүүд манай улсад өдөр тутам борлогдоод зогсохгүй зарим нь үйлдвэрлэгдэх болсон. Дэлхийн энэхүү шилдгүүд Монголд орж ирснээр брэнд гэдэг ойлголт гарч, компанийн биет хөрөнгөөс илүү үнэ цэнэтэй үндэсний барааны тэмдэгт бий болгох асуудал чухлаар тавигдах болсон билээ. Үнэндээ кока-кола гэж юу вэ. Сахар, газ, төмөр сав бөгөөд өртөг нь ойролцогоор 25 цент. Гэтэл түүний нууцлаг жорын үнэлгээ нэмэгдээд л өөрийн өртгөөс дөрөв дахин өндөр үнээр буюу нэг доллараар зарагддаг. “Levi’s” фирмийн өмд ч ялгаагүй. Өөрийн өртөг нь долоон доллар гаруй. Гэтэл зоригт ковбойчуудын домог л энэ өмдний үнийг 50 долларт хүргэдэг. Энэ зүй тогтлыг анх “Monel”, “Өгөөж” компаниуд олж харснаар сүүлийн жилүүдэд өөрийн нэрийн олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээх болсон билээ. Хэрэв та анзаарсан бол компаниуд гадаад нэр ашиглахаа больж  монголчуудын зан тйлйвт тохирсон үндэсний хэв маяг, нэрийг илтгэсэн барааны нэр, брэнд гаргах чиг хандлагатай болсон нь “Есүхэй”, “Хараа” “Өүлэн” зэргээс харагдана. Үүнээс гадна жижиг зах зээлтэй, орон нутгийн үйлдвэрлэгч нар ч ундаа, талх нарийн боов, архи зэргийг  орон нутгийнхаа онцлогийг илтгэсэн брэнд болгож, дэлхийн хэмжээний брэндүүдтэй өрсөлдөх болжээ. Өмнө нь зөвхөн киноноос л хардаг байсан пицца, йогурт, гамбургер өнөөдөр бидний өдөр тутмын хоол хүнсний нэг болжээ.
Үүнээс үзэхэд манай орны хөгжил ерөнхийдөө зөв голдирлоороо явж байна гэж дүгнэж болохоор байгаа аж. Орлого нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ өсөн нэр төрөл нь олширч, хэрэглэгчдийн мэдээ¬лэл олж авах боломж нэмэгддэг. Манайд ч энэ зүй тогтол явагдаж, улмаар бүтээгдэхүүний чанарт тавих шаардлага өсөж байгаа нь чихэр, архи, шар айраг, гоо сайхны бүтээгдэхүүнүүд дээр илүүтэй ажиглагдаж байна. Судалгаанаас харахад сүүлийн гурван жилд илүү чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнд илүү үнэ төлж худалдан авахад бэлэн хүмүүсийн тоо нэмэгджээ. Хүн амын 61 хувь нь баталгаатай, экологийн цэвэр бүтээгдэхүүнд илүү мөнгө төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тухайлбал, усны зах зээл дээр л гэхэд хоёр төрлийн шинэ зах зээл үүсчээ. Нэг талаас ус цэвэршүүлэх бүхэл бүтэн систем, тоног төхөөрөмжүүд, нөгөө талаас гүнийн цэвэршүүлэн савласан усны зах зээл. Өнөөдөр манай оронд нэг хүн жилд дунджаар цэвэршүүлж савласан гурван литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Орос улсад энэ тоо 15 , Украинд 18, Польшид 50, Чехэд 85 литр тус тус ногддог байна. Хот, суурин газруудын амьдралын хэмнэл дөрөвхөн жилийн дотор маш их өөрчлөгдсөнийг танд дараах тоо баримт харуулна. Монголчууд гадуур хооллоход зарцуулах зардал дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн тооцоо гарчээ. Энэ нь ажилдаа зарцуулах цагтай шууд хамааралтай байна. Зөвхөн энэ өөрчлөлтийг дагаад хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээл, нийтийн хоолны үйлчилгээний зах зээл шинэ шатанд гарчээ. Зөвхөн зоогийн газруудын нийт үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн дөрвөн жилд 40 гаруй хувиар нэмэгдэж 38.8 тэрбум төгрөгт хүрчээ.
Хэдхэн жилийн өмнө шарсан төмс буюу “чипс” гэдэг зүйлийг огт мэддэггүй байсан бол 2004 онд энэ төрлийн борлуулалт 2694.9 тн хүрчээ. Үүний нэгэн адил жишээг коктейл, хүйтэн ундаа, мөстэй цай, йогурт зэрэг бүтээгдэхүүн дээр харж болно. Дэлхий нийтээрээ л хөгжлийн энэ их хурд дунд эргэлдэж байна гэлтэй. Бүтээгдэхүүний загварыг шинэчлэх үйл явц улам хурдсаж байна. 1990-ээд онд шинэ машины загвар гаргахад зургаан жил зарцуулдаг байсан бол өнөөдөр хоёр жил байхад л хангалттай болж. “Hewlett Packard” компанийн мэдээлснээр, өнөөдөр олж буй нийт ашгийн дийлэнх хувийг өнгөрсөн онд ч байгаагүй тийм, шинэ бараанаас олдог байна. Үүнийг дагаад рекламны зах зээлийн хэмжээ, эргэлт ч эрс нэмэгдсээр байна. Европын улс орнуудад энэ төрлийн зах зээлийн өсөлт хоёр хувиас хэтэрдэггүй бол манай хөрш ОХУ-д 30-40 хувь байна. Энэ бол бидэнтэй л адил хаалттай байсан ОХУ хэрхэн даяарчлалын нөлөөнд орсны тод илрэл юм.
Энэ нь Монголын хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл дээр даяарчлал бодитойгоор оршин тогтнож чадаж байна гэж хэлж болно. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа тараг, йогуртны хэрэглээ нэмэгдэж 4,8 хувиар өссөн боловч импортоор орж ирж буй хэмжээ буурчээ. Энэ нь нэг талаас зах зээлийн багтаамж буурсан мэт харагдаж байгаа ч, нөгөө талаас дотоодын үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдсэн, хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Багагүй хугацаанд зөвхөн Үндсэн хэрэгцээгээ хангаж амьдарч ирсэн хүмүүс өнөөдөр сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээгээ хангах сонирхолтой болсныг та “зугаа, цэнгээний” салбарын хөгжлөөс харж болно. Тоглоомын төв,  бар, гольф, боулингийн төвүүд зэрэг амьдралын хэмнэл, хэв маяг, хооллолт өөрчлөгдсөнөөр сүүлийн жилүүдэд монгол хүний дундаж өндөр, наслалт нэмэгдсэн байна. Дэлхийн эмч нарын ажигласнаар гар утас, электрон тоглоомууд өргөн тархасны дүнд өнөөгийн залуучуудын гарын алганы хэмжээ томорсон бөгөөд төрөл бүрийн товчлууруудыг дардаг болсонтой холбоотойгоор гарын эрхий хуруунууд илүү хөдөлгөөнтэй болсон гэсэн дүгнэлт бий. Хэдийгээр энэ нь сайн талтай боловч сайны хажуугаар саар гэдгийн нэгэн адил сөрөг үр дагавар болох таргалалт ба түүнээс үүдэлтэй төрөл бүрийн өвчнүүд бас нэмэгдсээр байна. Үүнээс үүдээд хүмүүсийн ном уншихад зарцуулдаг цаг бараг үгүй болсон гэхэд болно. “NOP World” компанийн гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их ном уншдаг орноор Энэтхэгийн иргэд шалгарчээ. Тэд уншлагад долоо хоногт 10,7 цагийг зарцуулдаг аж. Энэ жагсаалтыг Хятад, Тайланд, Филиппин, Египет зэрэг орнууд үргэлжлүүлж байгаа бол АНУ уг жагсаалтын 23-рт бичигджээ. Энэ нь тус орны иргэд ном уншихад долоо хоногт 5.7 цаг зарцуулдаг гэсэн үг юм. Манайд 1989 оны байдлаар 418 номын сан байсан бол,  2007 оны байдлаар 278 болж 33,5 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Номын сангийн уншигчдын тоо 1989 онд зургаан мянга дөрвөн зуун гучин нэг байсан бол, энэ оны байдлаар хоёр мянга хоёр зуун гучин гурав болж 65,3 хувиар буурчээ. Манай орны иргэд долоо хоногт дунджаар 3.9 цаг зарцуулдаг байна. Үүнийг мэдээллийн олон шинэ сувгууд гарч ирсэн, чөлөөт цагаа өнгөрүүлэх бусад боломж нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа ажээ.
Америкийн улс тйр судлаач Томас Фридман даяарчлалыг ХХ зууны сүүлийн арван жилд болсон үзэгдэл гэсэн. Тэрээр 1991 оноос өмнө дэлхий нийтээрээ элдэв халдлагаас хамгаалсан цэрэг улс төрийн эвсэл болчихсон байснаас шинэ технологи дэлхийг хамрах боломжгүй байсан. Энэхүү хуваагдал нурснаар бүх зүйл өөрчлөгдөж технологийн хөгжил даяарчлагдсан нийгмийн өөрчлөлтийг хурдасгасан гэжээ.
Эцэст нь энэ бүх өөрчлөлтүүд биднийг, бидний дотоод ертөнцийг өөрчилсөн үү. Олон хүмүүс одоогийн залуусыг хүмүүжилгүй, хувиа хичээсэн, эх оронч бус гэж зэмлэх болж. Энэ даяарчлалын нөлөө юу. Харамсалтай нь хариултыг бид өөрсдөө өгч чадахгүй л болов уу. Ямартай ч даяарчлал бидэнд бүх дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, амьдарч, хөгжих бололцоог нээснийг яагаад ч үгүйсгэж чадахгүй билээ.
Г.АМАРСАНАА

0 Сэтгэгдэл
alddag n
medremjee
ddag n daearchlaliin muu t*****
Хамгийн их уншсан