Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 ОН-ХЯТАДАД ӨӨРЧЛӨЛТГҮЙ, ОРОСТ ТААГҮЙ, МОНГОЛД?

Оны гарахын өмнө дэл­хий даяараа л  улиран одож буй жилийн шилдэг улстөрч, эдийн засагч, хам­гийн хүчирхэг гүрэн, аз жар­галтай улс гэх мэтийг тод­руулан дүгнэлт хийсэн. Харин он дөнгөж гар­магц бүгд шинэ гарсан жилийн улс төр, эдийн засаг, нийгмийн хэтийн төлөв ямар байх вэ гээд олон тооны шин­жээчдийн хэл амыг нь сугалах шахам байцаадаг нь тогтсон уламжлал. Гэхдээ шинжээчид гэдэг хүмүүс байдаг болохоор хэтийн төлөвийн талаар таамаглал “прогноз” мэдээ гаргахдаа хоорондоо зөрчилдөх нь цөөнгүй. Зарим нь ирэх жил ерөнхийдөө гайгүй сайн гэж байхад нөгөө хэсэг нь энэ жил сайнгүй, муу тал руугаа гэх мэтээр зөрнө. Ялангуяа дэлхийн улс төрийн хэтийг жилийн хугацаанд урьдчилан таамаглахдаа хамгийн ихээр зөрчилддөг. Улс төр гэдэг өөрөө тэр гэхийн тэмдэггүй, үргэлжийн манан будантай, үер ба ган, тайван ба ширүүн гэх мэт зүйлс ямагт зэрэгцэн өрнөж байдаг болохоор тэр биз. Өнгөрсөн жилд гэхэд л Сирид босогчид ялж Башар Асад унах байх гэж дийлэнх шинжээч дүгнэсэн ч Путин мэргэн арга сэдэж, түүнийг нь Обама уухайн тас зөвшөөрнө гэж зүүдлээ ч үгүй биз. Энэ мэтээр улс төрийн хэтийн төлөвийн талаарх таамагт зөрчил их.
Эдийн засаг
“Goldman Sachs” банкнаас 2014 онд дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн талаар илтгэл тараажээ. Энэ илтгэлээс үзвэл Европын холбоо, АНУ-ын эдийн засаг энэ жил эргэн сэргэнэ гэж. АНУ-д иргэдийн хэрэглээний төвшин нэмэгдэн, бизнесийн хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдэх тул 2014 онд эдийн засгийн өсөлт нь гурван хувийг давж гарах аж. Европын холбооны хувьд улс улсаасаа хамаараад эдийн засгийн байдал янз бүр байх ч бүхэлдээ татварыг багасгах, санхүүг дэмжих шинэ нөхцөл бүрдүүлсний хүчинд нийтдээ ДНБ-ий өсөлт нь нэг хувиас давж гарах юм байна.
Гэхдээ Европын холбооны нийт эдийн засгийг тогтворгүй болгох улс төрийн томоохон үйл явдал болох нь Европын холбооны парламентын сонгууль. Дараа жилийн тавдугаар сард болох сонгуулийн дараа Европт төвлөрлийг нэмэгдүүлэхийг дэмжигч ба сааруулахын төлөөх фракцууд тус бүртээ нэгдэн нийлсээр хамгийн том хоёр бүлэг болох магадлал маш өндөр байгаа юм байна. Ингэвэл Европын холбооны комиссын тэргүүнийг томилж чадахгүйд хүрснээр бүс нутагт улс төрийн болон эдийн засгийн эмх замбараагүй байдал үүснэ гэж “Saxo Bank”-ны шинжээчид үзжээ.
Америк ба Европын орнуудын эдийн засаг сэргэсэн хэвээр байх бол хөгжиж яваа орнуудын эдийн засаг янз бүр байх нь. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа зарим орны эдийн засаг өсөлттэй байхад заримынх нь уналтад орох гэнэ. Ингэж ялгаатай байхад нөлөөлж байгаа нэг зүйл нь АНУ-ын эдийн засгийн өсөлт.
Бүр тодруулбал АНУ-ын Засгийн газар “Quantitative easing” буюу “Тоон хөнгөлөлт”-ийн хөтөлбөрөө хумиж эхэлсэн тухай мэдэгдсэн явдал юм. Энэ хөтөлбөр нь банк, агентлагуудаас Засгийн газраас гаргасан богино хугацааны бонд, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бичгийг их хэмжээгээр худалдан авах замаар банкуудын бэлэн мөнгөний хэмжээг нэмэхтэй зэрэгцэн, үнэт цаасны үнийг өсгөн, хүүг нь бууруулахад чиглэсэн арга хэмжээ юм. Ийм замаар банкуудын бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдвэл компаниудад зээл өгөхдөө дуртай байна. Зээл авах хялбар байвал компаниуд идэвхтэй зээл авна. Идэвхтэй зээл авсан компани үйл ажиллагаагаа тэлэх бөгөөд үүний тулд олон хүн ажилд авах шаардлагатай болно. Үр дүнд нь ажилгүйдэл багасч, иргэдийн гар дээрх мөнгөний хэмжээ өсөн худалдан авах чадвар нь нэмэгддэг.
2008 оны эдийн засгийн хямралын үр дүнг зөөллөхийн тулд энэ хөтөлбөрийг өдийг хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлж иржээ. Сүүлийн хоёр дахь шатны үеэр Америкийн Засгийн газар 600 тэрбум ам.доллараар банкуудаас бонд худалдан авсан юм. Банкууд нь бэлэн мөнгөний илүүдлийг дотоодын зах зээл дээр зээл гаргах гэхээс илүүтэйгээр богино хугацаанд ашиг олох боломжтой түүхий эд, байгалийн баялаг олборлолт дээр тулгуурласан гадаадын зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг.
Гэтэл энэ оноос эхлэн “Quantitative easing” хөтөлбөрийг хумиж 10 тэрбум ам.доллар болгох бөгөөд цаашдаа Америкийн эдийн засаг өссөн хэвээр байвал бүр ч багасгах ажээ. Ингэж хумих сургаар хөрөнгө оруулагчид манайх мэтийн хөгжиж яваа орноос мөнгөө татаад эхэлчихсэн байна. Зөвхөн манайх гэлтгүй Орос, Хятадын эдийн засагт ч нэлээд таагүй үр нөлөө үзүүлж магадгүй гэж шинжээчид үзжээ.
Манай хоёр хөршийн эдийн засаг нь хоёр өөр тийш чиглэсэн вектортой байна гэж шинжээчид үзсэн байна. Манай урд хөрш нь дэлхийн эдийн засгийн үндсэн хөдөлгүүр хэвээр байна. 2014 онд Хятадын ДНБ-ий өсөлтийг 7,5 хувь байна гэж багцаалсан. Инфляцын баримжааг 2013 оны төвшинд буюу 3,5 хувь хэвээр байна гэж үзжээ. Хятадын Төрийн зөвлөлийн тэргүүлэгч Ли Кечан нь өнгөрсөнд хэрэгжүүлж эхэлснээ үргэлжлүүлэн мөнгөний ухаалаг бодлого явуулан санхүүгийн системдээ бодит шаардлагатай нийцсэн хэмжээний бэлэн мөнгийг хадгалан үлдээнэ гэжээ. Үүний дээр Америк, Европ гэх мэт Хятадын худалдааны гол түншүүдийн эдийн засаг тогтвортой өсөлттэй байх болохоор 2014 онд урд хөрш онц санаа зовоод байх зүйлтэй тулгарахгүй бололтой.
Гэтэл манай хойд хөршийн хувьд байдал огт өөрөөр эргэх эрсдэл өндөр байна гэдэгт олон шинжээчид санал нийлжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тогтвортой буурч байгаа. Шатдаг хийн зах зээл дээр америкчууд занараас хий гаргах технологийг дэлхий даяар тууштай нэвтрүүлснээр зах зээлээ алдаж эхэлсэн гээд шатдаг хий ба газрын тосноос гол хамааралтай Оросын хувьд таагүй зүйлс олон гарах бололтой.
Оросын ДНБ-ий өсөлт 2014 онд 1,4 хувь, үйлдвэрлэлийн өсөлт тэг, хөрөнгө оруулалт 0,9 хувийн өсөлттэй байна гэжээ. Инфляцын төвшин харин 5,5 хувь хүртэл буурах ч оросуудын дэлхийн зах зээл дээр гаргадаг “Urals” маркийн газрын тосны үнэ баррель нь 105 ам.доллар хүртэл унана гэжээ.
Иймд цаашдаа оросуудыг түүхий эдийн хамаарлаасаа салахгүй бол жил ирэх тусам эдийн засаг нь унасаар байх болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Улс төр

Дэлхийн улс төрийн тавцан дээр онц өөрчлөлт гарахгүй гэдэгтэй ихэнх шинжээч санал нийлжээ. Учир нь, дэлхийн улс төрд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг АНУ, Хятад, Орос, Герман, Япон, Их Британи, Австрали, Канад, Бразиль, Өмнөд Африк гэх мэт оронд сонгууль болоод өнгөрчихсөн эсвэл дараа жил буюу 2015 онд болно. Тиймээс Обама, Ши Жинпинь, Путин, Абэ, Меркель гэх мэт нэг нэгнээ мэдэхийн сайнаар мэддэг болсон улстөрчид дэлхийг хуваан захирч, шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хэвээр байх болно. Ер нь 2013 онд дээр нэр гарсан их гүрнүүд төдийгүй том жижиг олон оронд парламентын, Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын сонгууль болж өнгөрсөн онцлогтой. Тиймээс 2014 оны ерөнхийд нь эрх баригч нам ба эвслүүд, Ерөнхий сайд ба Ерөнхийлөгч нар  сонгууль энэ тэр гэж айлтгүйгээр амалснаа хэрэгжүүлж эхлэх, харин сөрөг хүчин нь тэднийг хүчтэй шүүмжлэн алхам бүрийг нь өөлөх жил гэж болно.
Сирийг лалын хэт явцуурагчдын үүр болгохоос сэргийлэх хамтарсан арга хэмжээг их гүрнүүд авч эхлэх магадлал өндөр байна. Ингээд эхэлвэл дэлхийн олон улсаас Сирид ирж байлдаж байгаа хэт явцуу үзэлтнүүд амьд үлдэхийн эрхэнд бүгд нутаг буцаж эхэлнэ. Харин Сирид лалын шашнаар бамбай барьж гэмгүй хүмүүсийн амийг хороогоод сурчихсан хүмүүст нутагтаа ирээд зүгээр суух нь юу л бол. Лалын шашинтнууд олноор амьдардаг Их Британи, Франц, Бельги, Дани гэх мэт улсын хувьд энэ нь тун ч таагүй асуудал болж хувирах нь гарцаагүй.
Мөн сүүлийн үед Хятадад, бүр тодруулбал Шинжан Уйгарын хэт явцуу үзэлтнүүд хүчээ авч эхэлсэн. Он гарсны дараахан ээлжит алан хядах ажиллагаа явуулсан нь үүний нэг жишээ. Оросууд ч Сочийн Олимптой холбоотойгоор лалын хэт явцуу үзэлтнүүдийн аюулаас сэргийлэх талаар онцгой арга хэмжээ авч нь байгаа нь ойлгомжтой.
2014 онд дэлхийн нийтийн анхаарлыг улам их татах асуудал нь Хятадын газар нутгийн маргаан байх нь гарцаагүй. Эдийн засгийн өсөлтийг даган цэрэг арми нь улам бүр хүчирхэгжиж байгаа манай урд хөрш өөрийн гэж үзсэн газар нутгаа хүч хэрэглэн “буцааж авах” -д хүрч болзошгүй юм. Энэ зориг шийдэмгий байдал нь Японтой булаацалдаад байгаа Сэнкокү олтригийн арлуудын орчим хамгийн тод харагдах болно.
 
Эгэл хүмүүсийн бодол

Дээр гарсан нь шинжээчид, судлаачдын таамаг. Харин тань шиг, над шиг эгэл хүмүүс шинэ гарсан 2014 оныг ямар болох талаар юу гэж бодож байдаг нь бас л сонирхолтой.
Судалгааны “WIN/Gallup International” бүлэг 1977 оноос эхлэн дэлхий даяар эгэл хүмүүс шинэ онд амьдрал нь ямар байх талаар юу гэж боддогийг тодруулах санал асуулга явуулдаг уламжлалтай.  Эгэл хүмүүст “... он таны хувьд ..... оноос сайн болох уу эсвэл муу байх уу?”, “..... онд танай улсын эдийн засаг хөгжих үү эсвэл бэрхшээлтэй тулгарах уу? Эсвэл ямар ч өөрчлөлтгүй байх уу?” гэх мэт олон асуулт тавьдаг юм байна.
Энэ жил дэлхийн 65 орны 65 мянга хүнийг хамруулсан санал асуулга явуулжээ. Эдгээрээс зарим түгээмэл асуултад дэлхийн хэмжээнд эгэл хүмүүс юу гэж хариулсан талаар сонирхуулъя.
“2014 он таны хувьд 2013 оноос сайн болох уу эсвэл муу байх уу?” гэсэн асуултад нийт оролцогчдын 50 хувиас илүү нь 2014 оныг ямар ч байсан 2013 оноос илүү сайн, сайхан жил болно гэж хариулсан байна. Гэтэл өнгөрсөн жил буюу 2013 онд энэ асуултад хариулсан хүмүүсийн дийлэнх нь ямар ч өөрчлөлтгүй байна гэсэн байх юм. Тэгэхээр ямар ч л байсан дэлхийн нийтээрээ 2014 онд ихээхэн итгэл найдвар хүлээлгэн, ирээдүйгээ өөдрөгөөр харж байна гэж болно.
“Дэлхийн ямар улс хамгийн аюултай нь вэ?” гэсэн асуултад дийлэнх нь АНУ гэж хариулжээ. Дараагийн аюултай улсаар Пакистан, Хятад, Афганистан, Иран, Израйль, Хойд Солонгос, Энэтхэг, Ирак, Япон, Сири тэгээд Оросыг гэж энгийн хүмүүс тодруулжээ.
Харин “Хил хязгаар гэж үгүй байсан бол та ямар улсад амьдрахыг хүсч байна?” гэсэн асуулт тавихад асуулгад оролцсон хүмүүс гол төлөв АНУ гэж хариулсан байх юм. Виз, хил энэ тэргүй бол амьдрахад хамгийн таатай бусад улсаар Австрали, Канад, Швейцарь, Франц, Герман, Британи, Итали,  Саудын Арави шалгарчээ.
За ингээд шинжээчид ба эгэл иргэдийн хувьд шинэхэн гарсан 2014 он нэг иймэрхүү төрхтэй байх бололтой.
Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан