Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Тайвансайхан: ӨНДӨР ГЭГЭЭНИЙГ ЛУСТАЙ УУЛЗАЖ БАЙХЫГ ХАРСАН ХҮН ХАРААГҮЙ БОЛСОН ГЭДЭГ

Урин дулаан цагаар хүмүүс хөдөөг байгалийн сайханд зугаалах, тараг айргаар бор ходоодоо цайлгахаар зорьдог. Аян замын уртад амсхийх, хангай дэлхийдээ сэтгэлийн өглөг өргөхөөр овоо, толгой дээр дөрөө мулталж саатах нь бий. Овооны их нь тандаа
Олзны их нь наддаа гээд л сэржим өргөж, идээ тавьж байгаа харагддаг. Гэвч чухам юуны учир, юунд ийнхүү өргөж буй, яах ёстойгоо төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ талаар “Гарма гаржид үржин пэрэнлайлин” хийдийн тэргүүн, Буддын гүн ухааны гэвш, холливудын од Стивен Сигалын монгол лам Д.Тайвансайхантай хэдэн хором хөөрөллөө.  



-Чулууг яагаад овоонд өргөдөг юм бол оо?
-Бэлийн чулуу овоон дээр гарахыг ямагт хүсч байдаг ч байгалийн хувьсал, өөрчлөлтийн хуулиар мянган жилд нэг л удаа очдог. Гэтэл хүн түүнийг овоон дээр аваачиж тавьснаар тэр их хүсэл, мөрөөдлийг нь ганцхан агшинд биелүүлдэг гэж байгаа. Баярласан чулууны хариу их буян хишиг болж эргэж ирдэг.
-Овооны эзэн үдээс өмнө л байдаг, үдээс хойш явчихдаг гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Үгүй л дээ. Өөрөө эзгүй ч хэн ирж, юу өргөв гэдгийг цаг үргэлж мэдээллэж байдаг олон албаттай шүү дээ, лусын эзэн. Тэд нь хорхой шавьжнаас эхлээд араатан, жигүүртэн гээд олон амьтан байдаг юм. Харин лусын буулттай өдөр бол үргэлж байдаг. Гадаадад явж байгаа юм уу, ажиллаж, амьдарч байгаа хүмүүст би хэлдэг л дээ.
-Юу гэж хэлдэг вэ?
-Үдшийн харуй бүрийгээр нутаг орон руугаа идээ, цайныхаа дээжийг сайн өргөж бай гэж. Яагаад гэвэл лус орой үдэш гэртээ байдаг болохоор тэр.
-Лус гэртээ харьчихсан байдаг юм бол шөнө дөлээр овоонд чулуу нэмж болохгүй нь ээ?
-Болохгүй юм байхгүй. Хүмүүс шөнө гэдэг утгаар нь л тэгдэггүй, ингэдэггүй гэж ярьдаг болохоос биш албатууд нь мэдээлэл өгч л байдаг.
-Тэгвэл овоо бүр эзэнтэй байдаг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав.
-Хүмүүсийн өөрсдийн дур зоргоор босгосон овоонд ч гэсэн байх уу?
-Үгүй л дээ. Зарим хүн саваагүйтээд ч юм уу чулуу овоолчихдог. Хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс овоо байна гээд чулуу нэмээд байдаг. Энэ бол буруу.  Хүн болгон овоо босгодоггүй юм. Тэгж чулуу овоолоход лус уурлаж, хилэгнэж догширдог. Овоог лусаас гуйж, тусгай номын дагуу босгодог.
Хүн болгон өөрийн дур зоргоор яваад байвал лус хилэгнүүлнэ. Овоог буруу босгож, тахиж шүтэх нь хүн, малд хорлолтой. Зуд турхан, эсвэл ган болоод байдаг чинь лусын л хорлол юм шүү дээ.
-Зуд зурхан, ган гачиг болохоор овооны эзэн явчи¬хаж гэж хөгшчүүд ярьдаг?
-Байгальтай буруу харьцсанаас эзэн нь тэнд амьдрах арга¬гүй болохоороо явахаас өөр аргагүй болно биз дээ. Харин хан¬гай дэлхийгээ тахиж, баярлуулах юм бол эзэн нь эргэн ирдэг.
-Их эрдэс баялагтай газар нутгаа элдэв халдлагаас хамгаалах гэж нутгийнхан овоо босгож тахиж шүтдэг тал байдаг уу?
-Зарим газарт тийм ёс бий л дээ. Байгалиа хамгаалах нэг арга болгож, айхар догшин, хүчтэй лустай газар хүн малын хорлол, өвчин зовлон гаргахгүй дарж байхын тулд ч овоо босгодог. Тэгээд алтаар хийсэн морь мал лусдаа өргөж аргаддаг. Тухайлбал, Цэцээ гүн бол улсын тахилгатай овоо. Эрт үеэс тахиж байсан энэ овооны цалинг нь аваачиж өргөдөг байсан гэж байгаа.
-Цалин гэдэг нь юу юм бэ?
-Хүншүүлж гүн цол олгоод олон лан мөнгөөр өргөл барьж тахиж шүтдэг. Энэ нь лусыг аргадаж байгаа хэрэг л дээ. Лус л хамгийг хурааж байдаг учраас тэр. Лусын эзэн нь могой. Могойн чуулгантай таарвал баяждаг гэдэг нь ч үүнтэй холбоотой шүү дээ.  Могой бол өглөгийн талыг хариуцаж манаж байдаг. Тэр ч бүү хэл аварга могой байгалийн гайхамшигтай зүйлийг хамгаа¬лаад ходоодныхоо мухарт хадгалчихсан байдаг гэж ярих нь ч бий.
-Овооны сорогшинг ургаа модыг үндэстэй нь залж хийдэг гэж сонссон юм байна?
-Яг ч ургаа чигээр нь хийдэггүй л дээ. Амьд модийг лус савдагт нь өргөл өргөж, гуйж аргадаж байж тайрч авдаг юм. Харин манай Алтан овоон дээр ганжир босгосон. Түүнийг олны хүсэлтийг бодож шүншиглэж өгсөн юм. Уг нь ганжирыг сүм хийдийн орой дээр л босгодог шүү дээ. Ном сударт ч тэгж бичсэн байдаг. Мэргэд ч тэгж ярьдаг.
-Овоог ихэнхдээ уулын бэл, хөтөл дээр босгосон байдаг. Харин талд босгосон овоо ховор байх шүү. Яагаад талд босгодоггүй юм бол?
-Талд овоо босгох ёсон бий. Энэ нь бөөгийн ёс заншилтай холбоотой. Бөө нар бэлээс тахидаг. Шарын шашинд бол овоон дээр гарч тахидаг.
-Хүмүүс овоон дээр саатахдаа чулуу нэмэхээсээ буруу зөрүү үйлдэл гаргаж, архи уун, эсвэл бүр бие засч ч харагддаг?
-Овоонд чулуу нэмэх нь аян замдаа осол эндэлгүй, олз омогтой явахыг лусад даатгаж, гуйж буйн нэгэн хэлбэр. Гэтэл буунгуутаа л жорлон аятай бие засдаг. Таягаа хаядаг. Архи дарснаасаа жаахныг өргөөд бусдыг нь өөрсдөө уучихдаг. Энэ бол тун буруу. Тахиж шүтэх байтлаа хогоо хаяж, бие хөнгөрөхийн учир юу вэ. Энэ бол лусыг бузарлаж буй явдал юм.
-Овоонд чулуунаас өөр чухам юуг өргөдөг юм бэ?
-Чулуу, цагаан идээ, сүү саалийнхаа дээжийг өргөж болно. Догшин сахиустай овоонд бүтэн хонины шүүс тавих нь ч бий. Тэгэхдээ ахар сүүлийг нь овоондоо өргөөд, бусдыг нь хувааж хүмүүст хүртээдэг. Зарим хүн бэлгэдлийн чанартай авчирч тавьчихаад овоондоо ч өргөлгүй хүмүүст ч өгөлгүй буцаагаад аваад явчихдаг. Тэр амьтны амийг авсан юм чинь биеэр нь өгсөн үйлийг лус савдаг, олонтой хувааж буян хийх хэрэгтэй.
-Сүүлийн үед аль ч газрын овоо хадганд даруулах болжээ?
-Хадаг өргөдөггүй байсан. Тэр байтугай бурхан болоочийг ачсан морин тэрэг гүүрэн дээгүүр юм уу, зам хөндлөн гатлахад самбай хадгийг дугуйн дор нь ивж тавьж байж гаргадаг ёсон бий. Одоо хүн болгон барьж давхиад хадагны үнэ цэнийг нь барчихлаа. Энд тэндхийн мод, чулуу, гүүрнээс хүртэл уячихсан байх юм. Хадгийг уг нь энд тэнд уяж орхидоггүй ямар нэг ёсыг үйлдчихээд дараа нь хадгалах учиртай юм шүү дээ. Тиймдээ ч хадаг цугласан айлд буян тогтдог гэж ярьдаг.
-Овоог жилдээ, эсвэл жил өнжиж тахидаг. Ойр ойрхон тахиад байж болдоггүй юм уу?
-Бололгүй яахав. Олон тахих тусмаа л лус, савдаг, хүн малд ашиг тустай. Усны бохир арилж, ундарга нь нэмэгддэг. Овоо гэдэг уулын эзний өргөлийн орон. Өөрөөр хэлбэл, уулын эзэн хүмүүсийн өргөсөн идээ ундаан дээр ирдэг. Ийм учраас овоог нь тахиж, тэр лус орны эзэн савдгуудыг аргадаж буй юм л даа. Ер нь хүмүүс “Хамсүм ум аа хум” гэсэн тарнийг уншиж байх хэрэгтэй юм.
-Энэ ямар утга учиртай тарни вэ?
-Энэ хорвоо гурван ертөн¬цөөс бүрддэг. Дүрст тэнгэр, дүрсгүй тэнгэр, замбуутив гэсэн. Бидний оршин буй ертөнц бол замбуутив нь. “Ум аа хум” гэдэг чинь язгуурын гурван том бурхны зүрхэн тарни. Хамсүм гэдэг нь гурван ертөнцийг нэгтгэсэн гэсэн үг. “Ум аа хум” гэхээр дөрвөн түм, найман зуун мянган бузар арилдаг.
-Богд уулын Ум аа хум толгойг тахих болсон нь үүнтэй холбоотой юу?
-Богд уулын Цэцээ гүнийг жилд нэг л удаа тахидаг. Бусад үед лусын буулттай өдөр Ум аа хум толгойгоос тахидаг байж л дээ. Умаа хум толгойг тахих нь Богд уулыг тэр чигээр нь тахисантай адил. Тэр утгаар нь VIII Богд Ум аа хум гэдэг үгийг язгуурын гурван бурхны өнгөөр бичүүлсэн байдаг.
-Язгуурын гурван бурхан гэхээр…
-Живар ум гарву буюу тэргүүнд байрлах цагаан өнгөтэй Жанрайсиг бурхан, Динбар а марбу буюу хоолойд байрлах оюун билгийн улаан шаргал өнгөтэй Манзушир бурхан, Түггар хум онбу буюу зүрхэнд байрлах хүч чадлын ногоон өнгөтэй Очирваань бурхан. Гурван өнгөөр бие, хэл, сэтгэлийг төлөөлүүлдэг. Нүгэл, бузрыг арилган хүмүүнийг ариусгах үүднээс. Шашны дунд сургуульд багшилж байхдаа 2001 онд шавь нарынхаа хамт Ум аа хум толгойн бичгийг сэргээн зассан л даа. Энэ буянтай үйлийн ивээн тэтгэгч нь “Есөн од” компанийн захирал Болд тусалсан. Ум аа хум толгойг тахихынхаа өмнөх өдөр очиж сан тавихдаа түүнд “Лус баясах юм бол ямар нэгэн шинж илэрнэ” гэхэд гайхаад юу яриад байгаа юм гэсэн. Сан тавьчихаад овооноос бууж иртэл битүү шар цэцэг ургачихсан байлаа. Гарч ирэхэд байгаагүй атлаа цэцэг дэлгэрсэн байсан юм. Тэгээд “Лус баярласан сайхан явдал боллоо” гэж ихэд бэлгэшээсэн дээ. Маргааш нь буцаад очиход нэмээд яргуй ургачихсан байсан. Зургадугаар сард шүү дээ. Ум аа хум толгойг тахиж, уул усыг баясгасан хүний ажил үйлс нь ийм бүтэмжтэй байдаг юм.
-Таныг Ум аа хум толгойг нэлээн хэдэн жил тахиж байгаа гэсэн?
-Тийм ээ. Лус байдаг гэдэгт зарим хүн итгэдэггүй. Лус байдгийг үзүүлэх гэж хоёр жилийн өмнөх өвөл “Тото” компанийн хэдэн шавиа дагуулж Туулын тохойд очлоо л доо. Гол хөлдөхөөр жараахайнууд за¬хаар нь ярзайтал гараад ирдэг юм билээ. Мөстэй барьцалдаад хөлдчихсөн, зарим нь амьд. Тэгэхээр нь лусын ном уншиж, тэрүүхэн тэнд нь дүлцэн хий¬чихээд яваад өгсөн. Дүлцэн гэдэг нь лусыг эмчилдэг зүйл. Маргааш нь буцаад очтол нөгөө жараахайнууд байгаагүй. Мөс нь хагараагүй хэвээр хэрнээ жараахайнуудын ором нь үлдчихсэн байсан. Тэднийг лус татаад авчихгүй юу. Тийм гайхамшигтай. өндөр гэгээнтэн лусыг аргадаж, өөрөө гүнцэг барьж байсан тухай түүхийн сурвалж бичигт байдаг.
-Тэр сурвалж бичигт юу гэж байдаг юм бол оо?
-Гэгээнтэн “Лусуудтай уулзана. Хэнийг ч өргөөнд битгий оруулаарай. Та нар ч харж болохгүй” гэж албатууддаа захиж. Гэтэл нэг албат нь саваагүйтэн цавагны завсраар шагайтал буга, арслан гээд янз бүрийн толгойтой хүмүүс ирчихсэн гэгээнтэнтэй уулзан суугаа нь харагджээ. Харамсалтай нь тэр албатынх нь мэлмий тэр дороо хаагдсан гэдэг. Лусууд түүнийг цээрлүүлсэн хэрэг л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан