Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гансүх: 2014, 2015 онд 3200 км хатуу хучилттай авто зам барих том зорилт бидний өмнө байна

Замын салбар маань их бүтээн байгуулалтын том зорилго дор ирэх жилүүдээ угтаж авна. 2013 оныг тус салбарынхан 1824 км хатуу хучилттай авто замыг шинээр барьж монголчууддаа хүлээлгэж өгсөн их амжилтаар үдсэн. Манай сэтгүүлийн хойморт энэ удаад замынхан маань заларч байна. Уншигч танаа Зам тээврийн сайд А.Гансүхтэй хийсэн яриагаа дэлгэе.

-2013 он тус салбарын хувьд үсрэнгүй бүтээн байгуулалтын жил байлаа.  Хөгжил гэхээсээ илүү бүтээн байгуулалтын жил гэж онцолмоор байна. Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Авто замын салбар үүсч хөгжөөд 84 жил болсон. Энэ хугацаанд нийт улсын чанартай 12722 км авто зам байгаагаас 3000 орчим км хатуу хучилттай авто зам барьсан байдаг. 2013 оны хувьд авто замын салбарт их бүтээн байгуулалтын жил болж 1824 км хатуу хучилттай авто зам нэмлээ. Энэ салбар хөгжлийн эрчимтэй үедээ ирээд байгаа гэж үзэж байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 2016 он гэхэд бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд нийт 5400 гаруй км авто замын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Ингэснээр улсын чанартай авто замын 70 гаруй хувь нь хатуу хучилттай болох юм. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон олон улсын тээврийн гол корридори болох Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн 990 км хурдны авто зам барих ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

-Нэг жилийн дотор 1824 км автозамын ажлыг амжуулна гэдэг их амжилт. Гэхдээ хөрөнгө оруулалтгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтыг маш эрчимтэй бас гацаалгүй шийдэж өгсөн байдаг. Гэтэл ирэх жил төсөв хүндэрлээ гэдэг шалтгаанаар замын ажлууд үндсэндээ зогсонги байдалд орох нь. Уг нь төлөвлөгөө ёсоор зургаан аймгаа ирэх жил гэхэд автозамаар холбох ёстой. Тэгэхээр асуудлыг шийдэх гарцыг хэрхэн харж байгаа вэ?
-2013 онд авто замын салбарт Улсын төсөв, гадаадын зээл тусламж, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар нийт 947,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 2014, 2015 онд хэрэгжүүлэх авто замын ажлыг 2014 онд эхлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд нийт 1800 гаруй км зам барилгын ажлыг эхлүүлэхэд 752,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Тиймээс ирэх 2014 онд авто замын салбарт бас л том бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр байгаа. Үүнд он дамжин баригдах 1400 гаруй км авто зам, шинээр эхлүүлэх 1800 гаруй авто замын барилгын ажил байгаа ба үүнээс 2000 гаруй км авто замын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Тэгэхээр бид шинээр эхлэх ажлуудыг эрт эхлүүлэх, 2015 онд орох ажлуудыг мөн 2014 онд эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Бондын мөнгийг замын салбарт оруулахад улс төрийн болоод эдийн засгийн хүрээнд багагүй хэл ам дагуулсан. Зам бол ашгаа хурдан өгч чадахгүй салбар. Гэтэл хүүтэй мөнгийг энэ салбарт орууллаа гэсэн шүүмжлэл өнөөдөр ч байна. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Авто замын бүтээн байгуулалтын ажил бол маш их хөрөнгө оруулалт шаардаж хэрэгждэг, тухайн улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг салбар юм. Авто замд оруулж буй хөрөнгө оруулалт тухайн замыг барьж дуусган ашиглалтад оруулсан өдрөөс эхлээд зам хэрэглэгчид болон орон нутагт нь ашгаа өгдөг. Авто зам нь нийтийн хэрэглээний байдаг учир шууд тэдэн төгрөгийн тийм хувийн ашиг өглөө гэхгүй ч тухайн замаар зорчиж байгаа иргэдийн хувьд тав тухтай зорчих, цаг хугацааг хэмнэх, шатахуун болон авто машины эвдрэл гэмтлийг багасгах, төрөөс үзүүлж буй нийгмийн үйлчилгээг хурдан шуурхай болгох, тээвэр, аялал жуулчлал хөгжих зэргээр улсын болон тухайн орон нутгийн эдийн засаг, бизнес эрхлэгчид, иргэдэд үр өгөөжөө өгч иргэдийн амьжиргааны түвшин дээшилж ядуурлыг бууруулахад томоохон түлхэц өгөх болно. Энэ ч утгаараа Улсын их хурлын гишүүд болон ард иргэдийн зүгээс биднийг ихээхэн дэмжиж байдагт талархдаг юм шүү.

-Замын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой, донор болон зээл тусламж олгох гадаадын хөрөнгө оруулагч цөөнгүй. УИХ-аар шинээр батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулинд энэ салбарт хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх ямар нөхцөл боломжийг хангаж өгсөн бэ?
-Авто замын салбарт одоогийн хууль эрх зүйн хүрээнд Улсын төсөв, гадаадын зээл тусламж, бонд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зам барилгын ажил гүйцэтгэж байна. Хөрөнгө оруулалтын хувьд тус салбарт нээлттэй болсон гэж боддог.

-1990-ээд оноос хойш зам барилгын ажилд хувийн компаниуд хөндлөнгийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэх болсон.  Энэ үеэс хойш замын салбарт байнга яригддаг байсан чанаргүй зам, авлига гэсэн ойлголт үндсэндээ цэгцэрсэн гэж үздэг. Гэтэл өнөөдрийг хүртэл авлига гэдэг ойлголт энэ салбараас ангижирч чадахгүй л байна гэдэгтэй та санал нийлэх үү. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Өмнө нь олон улсын зээл тусламжийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа төслүүд дээр Зөвлөх компаниудыг ажиллуулж байсан. Зам тээврийн яам байгуулагдсанаар Хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа авто замын өдөр тутмын технологийн хяналт болон зөвлөх үүргийг захиалагчийн өмнөөс хэрэгжүүлэхээр бие даасан дотоодын компаниудыг ажиллуулж байна. Ингэснээр авто замын чанар сайжирч тухайн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ гэж үзэж байгаа. Зам тээврийн яам нь авлига хээл хахуулаас хол байхаа зарласан. Өмнө нь тендертэй холбоотой тийм яриа гардаг байсан байх. Харин энэ оноос Худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдаж яаман дээр тендертэй холбоотой үйл ажиллагаа явагдахаа больсон. Тэгэхээр яамны хувьд энэ тал дээр ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлгож болно.

-Салбарын боловсон хүчний бодлогын талаар. Автозамчдын нийгмийн асуудлыг зөвхөн компанид даатгаад орхиж болох уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Авто замын салбарын инженер техникийн ажилчдыг өнөөдөр манай улсад гурван их дээд сургууль бэлтгэж байгаа ба боловсон хүчний хувьд дутмаг байна. Авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимжихийн хэрээр тус салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилчид болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, тэдгээрийг чадавхижуулах, давтан сургах асуудал чухал юм. Зам тээврийн яам байгуулагдсанаар Төмөр замын дээд сургуулийг Тээврийн дээд сургууль болгон зохион байгуулж, авто замын ангийг шинээр бий болгосон. Мөн салбарын төрийн бус байгууллагад инженер техникийн ажилчдыг давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг шилжүүлж хамтран ажиллаж байгаа ба БНХАУ-д тэтгэлгээр авто зам, гүүрийн мэргэжлээр 10 оюутныг энэ онд явуулаад байна. Мөн салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилчдыг өндөр хөгжилтэй орнуудын авто зам, гүүрийн барилгын ажилтай танилцуулах, туршлага судлуулах, олон улсын үзэсгэлэн, семинарт оролцуулах зэрэгт яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Компаниудын хувьд ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг тул нийгмийн асуудлыг нь дотоод журмынхаа дагуу шийдвэрлэж байдаг. Харин салбарын ажилчдын цалин хөлс, ажиллах нөхцөл зэрэгт Авто замчдын холбоо, Авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой гурван талт хэлэлцээрийг байгуулан ажиллаж байгаа.

-Автозамын засвар арчлалтыг сайжруулах талаар төрөөс баримталж буй бодлогын талаар та товчхон мэдээлэл өгөөч?
-Авто замыг барьж ашиглалтанд оруулсны маргаашаас эхлээд арчлалтын ажил хийгдэж байх ёстой. Авто замын ажил нь өөрөө өндөр өртөгтэй, хөрөнгө оруулалт ихээр шаарддаг ажил тул түүнийг байнга арчилж, хамгаалж байж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, эдэлгээг нэмэгдүүлдэг. Авто замын сүлжээнд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ эрс нэмэгдэж байгаа боловч засвар арчлалтанд төлөвлөгдөж байгаа хөрөнгө оруулалт тийм ч хангалттай биш. Одоогийн байдлаар нийт 23 зам засвар, арчлалтын компани аймгуудад ажиллаж байдгийн 19 төрийн өмчит байна.
Авто замын тухай хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг манай яамнаас бэлтгэж байна. Энэ хуульд авто замын засвар арчилгаатай холбоотой томоохон өөрчлөлтүүд тусгагдсан. Мөн нормативт хугацааны засварын ажлыг тухай бүрт нь хийх, засвар арчлалтын байгууллагуудыг бэхжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг түлхүү оролцуулах зэрэг шийдвэрлэх олон асуудал бий.

-Авто замын салбарт ажиллаж байгаа компаниуд болон ажиллагсдад хандаж юу гэж хэлэх вэ?
-2013 он бид бүгдийн хувьд их бүтээн байгуулалтын жил болон өнгөрч сүүлийн таван жилийн хугацаанд барьж дуусгасан хатуу хучилттай авто замтай тэнцэхүйц хэмжээний урт авто замыг хүлээн авлаа. 2014, 2015 онд нийт 3200 орчим км хатуу хучилттай авто замыг барьж дуусгах томоохон зорилт бидний өмнө байна. Нийт авто замын салбарт ажиллаж байгаа ажиллагсад та бүхэнд та бүхний гэр бүлд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж 2014 ондоо илүү их амжилт гаргахыг хүсье.

0 Сэтгэгдэл
Гансүх сайд "Гэр даатгал" Даатгалын компаны 57,6%-г эзэмшдэг. Энэ даатгалын компаныг бид бараг мэдэхгүй. Их ашигтай ажилласан харагддаг. Та нар судлаачээ.
зөв л дөө манайд 2 удаа том тэрэг явуулмааргүй үе байдаг
Зам ашиглалтанд орсон өдрөөс эхлэн арчлалтын бодлогынь заавал хамт авч явж байх шаардлагатай, манайхан улсын зам үнэгүй зам гээд хүний юм хайрлах биш дээ, Иймд хураамжтай болгоод эзэнтэй харж ханддаг хүнтэй багтай болгох нь чухал, дагаад ажлын байр нэмэгдэнэ ш дэ, тэрнээс давааны наана архи ууж цас орохыг хүлээсэн асдаггүй хуучин техниктэй АЗЗА-нууд ч дэ,
2 r hunii helsen sanaltai sanal 1 bna amjilt husie
bas l xudalaa shaaj baix shiv dee. urid ni 1jild tegne gej zaldag baisan bol odoo 2 jileer yaridag boljee.
ХАВАР ГАЗАР ГЭСХЭЭР УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ХҮНД ДААЦЫН ТЕХНИКҮҮДЭЭ ТРАЙЛЕР ДЭЭР АЧААД НӨГӨӨ САЙХАН ЗАМУУДЫГ НЬ БУТЛААД ХАЯЧИХ ЮМ ДАА, МӨН ТЭДГЭЭР ХҮНД ДААЦЫН МАШИНУУД ДУГУЙ НЬ ХАГАРАХААР ЗАМ ДЭЭР ДАНХРААДААД ЗАМ ЦӨМЛӨЖ ХАЯЧИХААД ЯВААД ӨГДӨГ ЭНЭ ТАЛ ДЭЭР НЭЛЭЭН АНХААРАХГҮЙ БОЛ АВТО ЗАМЧДЫН АЖИЛ ТАЛААР БОЛООД БАЙГАА ШҮҮ. ТУХАЙЛБАЛ ТЭДГЭЭР ХҮНД ОВОРЫН ТЕХНИКҮҮДИЙГ ОЛОН ГОЛТОЙ ЗОРИУЛАЛТЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗӨӨЖ БАЙГАА ЭСЭХЭД ПОСТУУДААР ШАЛГАЛТ ГАРГАЖ ХЯНАЛТ ТАВИХ ГЭХ МЭТ.
Хамгийн их уншсан