ГАЙ ТАРЬЖ МЭДЭХ ГАХАЙН МАХНЫ ИМПОРТ
2014 оны 1 сарын 7
Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд” дэлхийн зах зээлээс босгож чадсан. Энэ бондыг 2013 оны хамгийн бага хүүтэй, цаг үе мэдэрч чадсан үнэт цаас хэмээн олон улсын банк санхүүгийн байгууллагынхан үнэлсэн билээ. Гэхдээ уг бондын мөнгөөр нэмүү өртөг шингэсэн, үр ашгаа хурдан өгөх, эргэж төлөгдөх хугацаа нь түргэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх учиртай. Үүнээс гадна Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар төсвийн алдагдлыг нөхөхөд энэ  мөнгийг зарцуулахгүй гэдгээ бонд гаргасны дараа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч зарцуулалт нь буруу, үр ашгаа удаан өгөх, богино хугацаанд төлөгдөхгүй  хэтэрхий олон төсөл хөтөлбөрт дусал дуслаар өгсөн гэсэн шүүмжлэл  эдийн засагчдаас тасраагүй. Тухайлбал Улаанбаатар хотын утааг бууруулна гэж сүүлийн бараг арваад жил ярьж байгаа. Жил бүр 30 тэрбум төгрөг зарцуулж ирсэн ч олигтой үр дүн гараагүй л байна. Харин ч жилээс жилд утаан хөшиг улам нэмэгдэж,  өнгө нь бүр гүн болж ирэв. Гэтэл  нийслэлчүүдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгана хэмээн 200 сая ам.доллар зарцуулахаар болсноо хотын удирдлагууд  мэдэгдэн ажлаа эхлээд буй. Гэвч өнөөдөр  Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол арилах байтугай буураа ч үгүй
“Гудамж” төслөөр хэд хэдэн уулзвар шинэчилсэн ч замын түгжрэл хэвээр, авто машиныг дугаарын хязгаарлалттайгаар  хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Байдал ийм байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улаанбаатарын утаа их байгаа ч хор нь багассан” хэмээн ярьж суугаа нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй.
 Одоо “Чингис бонд”-оос 234 сая ам.доллар буюу 360 орчим тэрбум төгрөг үлдээд буй. Энэ мөнгөөр экспорт нэмэгдүүлэх, импорт орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээн Ерөнхий сайдаас өгсүүлээд бусад сайд,  дарга нар нь ярьж буй. Засгийн газар ийм дэмжлэг авах үйлдвэрийн төслийг ирэх сарын 17 өдөр хүртэл Төрийн ордонд хүлээн авна гэсэн.   
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь өөрсдөө хийж бүтээж, гадаадаас авах хэмжээгээ аль болох бууруулахын нэр баймаар.  Товчхондоо, өөрсдийн үйлдвэрлэж чадах зүйлээ хийж гадаадаас авахгүй болно гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайдын хэлж байгаагаар дотоодын  үйлдвэрлэгчид өөрсдөө хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй  учраас, импортыг  дэмжихээс өөр аргагүй гэсэн үг унагаж байна.  Эндээс үзвэл Дондог, Доржийн өрхийн аж ахуйг  хөгжүүлэх гэхээсээ  Эрээний Ли, Мин овогтын үйлдвэрлэлийг дэмжих сонирхол бас байна гэж хэлж болох юм.  
Жишээлбэл,  монголчуудын махны хэрэгцээ жил ирэх бүр нэмэгдэж буй. Инфляцад нөлөөлдөг нэг хүчин зүйл нь мах болсон.  Тэр дундаа хонь, үхрээс гадна тахиа, гахайны махны хэрэглээ улам бүр өсч байна. Иймд хүнсний үйлдвэрлэл тэр дундаа фермерийн аж ахуй хөгжүүлэх, түүнд хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарч буй юм. Сүүлийн жилүүдэд фермерийн болон эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлнэ гэж ярьдаг ч нэг л олигтой үр дүн гараагүй. Учир нь фермер байгуулах гэж ядаж яваа саалийн хэдэн үнээ, арав хорин гахай, тахиатай Дорж, Дондогын аж ахуйг  төрөөс зайлшгүй  дэмжихгүй  л бол хөгжилд нь чөдөр тушаа болсон олон бэрхшээл бий. Тухайлбал,  бүтээгдэхүүнээ борлуулах сүлжээ, дулаан байр барих, гахай, тахиа, үнээ нэмж авах хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Арав хорин гахай тахиа, үнээнээс олсон ашгаараа энэ бүхнийг хийнэ гэвэл үлгэр. Үйлдвэрлэгчдийн гол хүсч буй зүйл нь  үр дүнг нь тодорхой хугацааны дараа тооцох, эргэж төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл юм. Та нар хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй гээд  импортоо дэмжээд байвал хэзээ ч хөгжихгүй гэж олон эдийн засагч хэлдэг билээ.
Өнөөдөр өндөг, тахиа, гахайн мах тансаг хэрэглээ биш. Аль ч цайны газар, өрхийн хоолны цэсэнд байдаг л хүнс. Судалгаанаас үзвэл, дэлхийн  хүн амын 70 орчим хувь нь  хүнсэндээ гахайн мах хэрэглэдэг  гэдэг.  Харин Монголчуудын 30-35  хувь нь гахайн махны хэрэглэгч болсон  гэж байгаа.  
Шинэчлэлийн Засгийн газраас жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор, хөнгөлөлттэй  зээл  олгож  эхэлсэн. Тиймээс  гахайн фермер хөгжүүлэх сонирхол иргэдэд ч их байгаа. Учир нь, ашиг шимээ  хурдан өгдөг аж ахуй.
Нэгэн танил маань өнгөрсөн намар таван тоорой, 30 тахиа авч Өвөрхангай аймгийг зорьсон.  Түүнээс хэр ашигтай байгааг асуувал “Цөөхөн болохоор зардлаа нөхөж чадахгүй, өөрийн хэрэгцээг хангахаас хэтрэхгүй юм. Хөнгөлөлтэй зээл авч, тоо толгойг нь нэмэгдүүлж байж ашигтай ажиллах нь юм билээ. Өндөглөгч тахиа олон л байвал гайгүй ашигтай юм. Одоо 30 гаруй гахайтай болсон. Сайн бордож байгаад хавраас зарах санаатай. Хамгийн гол нь борлуулах сүлжээ л хэрэгтэй байна. Сумын төвийн зах зээл жижиг шүү дээ” гэв. Тэгэхээр төрөөс харж үзэх зээл тусламж  хөрөнгө санхүүгээс гадна бүтээгдэхүүнээ борлуулах сүлжээ байгуулж өгөх нь  фермерүүдэд чухал аж.
Энэ нь  манай фермерүүд, үндэсний үйлдвэрлэгчид дотоод дахь гахайн махны хэрэгцээг бүрэн хангах эхлэл  болох юм.   Өнөөдөр Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгчид  энэ төрлийн бизнесийг илүү нарийн технологоор хийдэг болж. Худалдааны төв, дэлгүүрийн лангуугаар худалдаалж байгаа гахайн махны савласан бүтээгдэхүүнүүдээс дотоодын шошготойг нь иргэд сонгодог.  Энэ нь эрүүл аюулгүй хүнс хэрэглэх цаагуураа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буйн  илэрхийлэл.  
Харин гаднаас гахайн өөх авч байснаас өөрсдийн нөөц боломжоороо дотоодоосоо хангах ёстой гэсэн санал, санаачилга үндэсний үйлдвэрлэгчдээс гардаг билээ. Гахайн аж ахуй хөгжүүлэхэд хамгийн гол нь эрүүл ахуй, хоол тэжээлд нь анхаарах нь чухал. Гэтэл импортоор орж ирж буй гахайн мах, өөхнөөс халдварт өвчин бохир агаар, хөрсөөр дамжин тархах аюул бий.  Энэ нь дөнгөж хөгжиж буй фермерийн аж ахуйд гамшиг тарихаас гадна хүнсний аюулгүй байдалд заналхийлнэ. Гэтэл  хууль баталдаг эрхэм түшээд  удахгүй үндэсний үйлдвэрлэгчдээ  гахайн махны бизнесээс шахах бодлого явуулах нь гэсэн яриа гарч эхэллээ. Үүнд,   махны холбоо, бусад мэргэжлийн хүмүүс, гахайн махны импортын хуулийн төсөл дээр амаа нийлүүлсэн сурагтай.  
Гахайн томуу, мялзан өвчинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарлаа хандуулж, сэрэмжлүүлж буй. Хамгийн эрсдэл өндөртэй орны тоонд Хятад, Солонгос болон Зүүн өмнөд Азийн орнууд орж байгааг анхааруулсан юм. Эрсдэл өндөртэй орнуудад  гахайн мах бэлтгэх, нядалгаа нь ямар ч хяналтгүй, бохир заваан аргаар хийгддэг нь  гахайн томуу,  мялзан өвчин  үүсгэгч гол эхлэлийг тавьдаг  хэмээж байна. Ийм үед   хамгийн эрсдэлтэй  орнуудаас гахайн махны импорт хийх санаачилга гаргаж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх үйлдэл гэж болно.  Энэ нь, нөгөө л хэн нэг эрх дархтан өөрийн бизнесээ хөгжүүлэхийн тулд   гахайн махны импортыг  өсгөх  гэж байна гэхэд хилсдэхгүй болов уу.   Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл бизнес эрхлэгчдийг хэт их шантаажилж, татвар нэрээр нухчин дарж, дараа нь бодлогоор бизнест нь халддаг үйлдлийг таслан зогсоохыг шаардсан. Гэтэл наанаа дэмжиж буй мэт царайлчихаад цаагуураа эсрэг хуулийн төсөл санаачлаад  явж байгаа энэ хуйвалдааныг үндэсний үйлдвэрлэгчид эсэргүүцэж байна.
Учир нь,  гахайн  болоод үхрийн махны үнэ ханш  ойролцоо үнэлэгдэж байгаа энэ үед  гахайн махны бизнесийг дотооддоо илүү хөгжүүлэх ёстой.  Нэг ёсондоо,  өөрсдөө үйлдвэрлэж чадах хүнсээ халдварт өвчин тархах эрсдэл өндөртэй газраас авахгүй байх нь чухал билээ. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ болоод импортыг халах төрийн бодлоготой нийцэж буй нэг жишээ тул дэмжүүштэй санаа юм. Аль ч улс орон ийм л бодлого баримталж хүнсний аюулгүй байдлаа хангаж,  улмаар эдийн засгаа дэмждэг  зарчимтай.

Т.Жанцан
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.