Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ЫН БҮЛЭГ: ТАТВАРЫН АСУУДЛЫГ ЗӨВХӨН ЗАСГИЙН ГАЗРААС ОРУУЛЖ ИРДЭГ БАЙХ ЁСТОЙ

УИХ дахь АН-ын бүлэг шинэ оны анхны хурал­даа­наараа өнгөрсөн оны аж­лаа дүгнэж, намрын чуулганы үлдсэн хугацаанд ямар асуудлуудыг хэлэлцэж шийд­вэрлэхээ ярилцсан байна. Намрын чуулган хоёрдугаар сарын 5-нд завсарлах ёстой. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нар мэдээлэл хийж, бүлгийн хурал болон хууль, шүүхийн шинэчлэлийн явцын талаар мэдээлэл өглөө.
Намрын чуулганаар 30 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар долоон хууль нь батлагдаж, 11 төсөл хэлэлцэх шатандаа, 12 хуулийн төсөл өргөн баригдаад, хэлэл­цэгдэхээр хүлээгдэж буй гэнэ. Улс төрийн шинэчлэлийн хуулиу­даа яаралтай хэлэлцэж, энэ хаврын чуулганаар баталж дуусгах хэрэгтэйг гишүүд хэлсэн байна. Цөөнхийн бүлэгтэй улс орныхоо эдийн засгийг тэлэх чиглэлд, улс төрийнхөө тогтолцооны шинэчлэлийн чиглэлд хамтарч ажиллахад бэлэн. Хэрэв цөөнх бодлогын, улс орны хөгжлийн шинжтэй асуудлууд дээр, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, улс орондоо шударга ёс тогтоох асуудалд популист хэв маяггүйгээр идэвх санаачилгатай хамтарч ажиллана гэвэл бид УИХ-ын болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахад бэлэн гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв. Харин хуульд заасан зарчимгүй үйлдэл дээр зөвшилцөхгүй гэлээ.
Хотуудын тухай асуудлыг Засгийн газарт түргэн оруулж ирэх үүргийг АН-ын бүлгээс өгчээ. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд хотжилт хоцрогдож байгааг анхаарах хэрэгтэй, аймгийн төвийг сум биш хот болгох ёстой гэв. Жишээлбэл, Дархан, Эрдэнэт, аймгийн төвүүд гээд Замын-Үүдийг хүртэл хот болгохыг хөндөж. Шийдэх асуудал олон байгаа тул эхлээд үүнийг маш хурдан шийдэх үүрэг Засгийн газарт өгсөн байна.
Татвар болон төсөвтэй холбоотой асуудлыг Үнд­сэн хуулиар Засгийн га­зарт өргөн барьдаг. АН-ын бүлгийн гишүүдээс тат­варын асуудлаар гишүүд дан­гаараа хуулийн төсөл өргөн барихгүй байхаар санал нэгдсэн аж. Засгийн газраас ирэх долоо хоногоос татварынхаа бодлогыг яаж шийдэх, шинэчлэл хийх вэ хэмээн яаралтай оруулж ирэх даалгавар өгсөн байна. Татварын шинэчлэл гэдэг нэрийн дор татварыг өөрчлөхгүй. 2006 онд батлагдсан дөрвөн 10-ын татвар өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа нь зөв зарчим гэж үзжээ. Харин 1.5 тэрбум төгрөг хүртэл орло­готой аж ахуйн нэгжийн орлогын татварын 90 хувийг бу­цаан олгох тухай асуудлыг яаралтай шийдвэрлэх шаард­лагатайг хэллээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг өөрчлөх бол ойрын үед оруулж ирэн шийдэх хэрэгтэй гэж АН-ын бүлгийнхэн санал нэгджээ. Ингээд энэ хоёр асуудлыг нэгдүгээр сард баг­таан шийдэхээр бол дэмжнэ гэсэн юм.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нийгмийн уур амьсгал, монголчуудын хөгжлийн гарааны төлөв байдал цоо шинээр тавигдаж байгаа нь АН-ын болон УИХ дахь олонхийн бүлгийн ажлын үр дүн. Хэрэглээг хэт шүтсэн, импортын хараат байдалд байсан үеийг 2013 онтой хамт үдэж байна. Тиймээс бид 2013 оноосоо сургамж аваад, ололтоо бататгаад, 2014 онд эдийн засгийн өсөлтийг тэлэх, эдийн засгийн өсөлтөөс иргэдийн бодит орлогыг нэмэг­дүүлэх, импортыг ор­лох бүтээгдэхүүний үйлдвэр­лэлийг дэмжих, валютын тогтвортой байдлыг хангах, шинээр батлагдсан шүүх, хууль хяналтынхаа эрхзүйн орчны шийдлийн үр дүнг үзэхээр хүлээж байна. Шүүхийн шинэчлэлээс гадна төрийн тогтолцооны реформыг хий­хээр зорьж байна. Бид төрийн тогтолцооныхоо, Үнд­сэн хуулийнхаа асуудлаар улс төрийн намуудынхаа асуудлаар, Сонгуулийн нэгдсэн хуулийн асуудлаар ойрын хугацаанд бусад нам, улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшилцөнө. Энэ шийдэл маш үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Харин Хуульзүйн сайд Х.Тэмүүжин “2013 онд бат­лагдсан тодорхой хуулиуд энэ оны эхний өдрөөс үйл­чилж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор нэлээд олон төрлийн шинэ харилцаа, механизмууд гарч ирж байна.
Энэ бямба гарагт Засгийн газраар хэлэлцээд дараагийн долоо хоногт нь УИХ-д өргөн барих Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бэлэн болчихсон. Мөн Гэмт хэргийн хуулиа хамт өргөн барих гэж байгаа. Уг нь, Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьсан байсан боловч Ардын намын зүгээс Зөрчлийн тухай хуультай зэрэг өргөн барихгүй бол бид хэлэлцэхгүй гэсэн шаардлага тавьсан тул татаж авсан” гэсэн юм.
Хаврын чуулган эхлэхэд Монгол Улс ямар төртэй байх вэ, тэр хариуцлагатай байх уу, дүрэм журмаар ажилладаг хууль сахиулагчтай байх уу, хүний эрхийг хангаж чадахуйц тийм стандарт руу очих уу гэдэг зорилтыг хэрэгжүүлэх том хэлэлцүүлгүүд эхэлнэ гэж онцоллоо. Бүлгийн мэдээлэлд тодор­хой сэдвийн дагуу холбогдох сайд, гишүүд танилцуулга өгч байхаа болж. Дараагийн долоо хоногт улс төрийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар, Улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар Ажлын хэсгийнхэн мэдээлэл өгөх аж. Мөн Санхүүгийн шинэчлэлийн асууд­­лаар Татварын бод­логотой холбоотой асуудлаар холбогдох сайд нар болон ажлын хэсгийнхэн мэдээлэл өгнө гэлээ.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан