Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сахуу, татрангийн вакцины улмаас нас барах магадлал 2,5 саяд нэг тохиолддог


Орчин үеийн анагаах ухаан вакцин, вакцинжуулалт гэгч зүйлийг бодож олсноор дэлхий даяар хэдэн зуун сая хүний амийг аварсан. Тиймээс ч вакцин нь орчин үеийн хүний бараг л амьдралынх нь турш дагаж байдаг салшгүй зүйл болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй биз. Зөвхөн Америкийн микробиологич Морис Ральфийн зохион бүтээсэн томууны эсрэг вакцин нь 1957 онд дэлхийн олон орны 20 сая хүний амийг аварсан байдаг гэхээр вакцин ямар ач холбогдолтой нь ойлгомжтой.

Манай улс 1929 оноос эхлэн хүн амаа вакцинжуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд вакцинжуулалтын ачаар олон мянган хүний амийг аварсан. Тухайлбал, 1940 онд цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан, 2000 онд “Полиомиелит өвчин бүрэн устгасныг баталгаажуулсан гэрчилгээ”  авсан, сүүлийн 10 жилд сахуу, татран, хөхүүл ханиадны өвчлөл 10 мянган хүн амд 0 тохиолдол,  улаанбурханы өвчлөл дархлаажуулалтын өмнөх үеэс мянга гаруй дахин буурсан, В гепатитын өвчлөл дөрөв дахин буурсан гээд ихээхэн ахиц гарсан. Бүр тодорхой яривал 1929 онд дөнгөж 800 мянган хүн амтай манай улс удахгүй гурван сая дахь иргэнээ тосон авах гэж байгаагийн гол гавьяатны нэг нь вакцин, бүх нийтийн вакцинжуулалт гэвэл хэтрүүлэг болохгүй.

Гэхдээ вакцин гэдэг үхүүлсэн эсвэл хүчийг нь сулруулсан бактер, вирус байдаг болохоор хэрэглэх тодорхой горимтой, хориглох ба зөвшөөрөх заалттай байдаг. Жишээлэхэд, сахуу-татран, хөхүүл ханиадны эсрэг вакцин буюу “DTP” вакциныг хийхэд харшил, үе мөчний үрэвслээс эхлээд, багтраа хүртэл олон янзын гаж нөлөө илэрч болзошгүй байдаг.

Сахуу-татрангийн эсрэг вакцин тарьсны дараа үүсдэг онцгой гаж нөлөө гэдэгт халуурал үүсгэлгүй шөрмөс татах үзэгдэл орно. Ийм гаж нөлөө нь 100 мянган тарилга тутамд 90 удаа илэрдэг. Мөн тодорхой хугацаагаар ухаан балартах, шөрмөс татах гэсэн таагүй гаж нөлөө нь 100 мянган вакцин тарихад ганц удаа илэрдэг аж. Ерөнхийдөө, сахуу-татрангийн эсрэг вакцины нөлөөгөөр амиа алдах тохиолдол 2,5 саяд нэг гардаг гэсэн статистик тоо байна. Энэ мэт гаж нөлөөг багасгах, цаашлаад хүүхдийн амь насанд аюул учрахаас сэргийлэх үүднээс зарим тохиолдолд “DTP” вакцин хийхийг хориглодог. Бүр тодруулбал, вакцины найрлагад орсон бүрдүүлэгч бодисуудад харшилтай байх, хурц хэлбэрийн өвчин эмэгтэй, дархлалын хүн хэлбэрийн дутагдалтай буюу архаг өвчин эмгэгтэй байх, мэдрэлийн системийн хурдацтай эмгэгтэй, диатезтай байх гэх мэт.

Иймд эмч вакцин хийхийн өмнө хүүхдийн биеийн байдал, архаг өвчин гэх мэт зүйлсийн талаар нарийвчлан тодруулах шаардлагатай, үүрэгтэй. Ингэлгүйгээр хор бүү хүргэ гэсэн эмчийн гол зарчмыг умартан, хайхрамжгүй хандан вакцин хийвэл гарах үр дагаврыг таахад бэрх. Гэхдээ энд  вакцины чанарын тухай асуудал сөхөгдөх байх. Учир нь, эм ба вакцин үйлдвэрлэгч компани, корпорациуд асар их зардал гаргаж хийсэн вакцинаа чанаргүй болсон эсвэл хугацаа нь дуусах гэх мэт таагүй зүйлтэй тулгармагц хараа хяналт сул, албан тушаалтнууд нь авлигад идэгдсэн дорой буурай оронд, алс бөглуу газар “шахах” гэдэг.  Он гарахын өмнө манай урд хөршийн нэгэн мужид  В гепатитын эсрэг чанаргүй вакцин тарьсны улмаас 12 нярай амиа алдсан нь үүний нэг жишээ гэж болох юм. 

Эмч эсвэл үйлдвэрлэгчийн хариуцлагагүйгээс үүдэлтэйгээр вакцин тариулсны дараа хүний амь хохирох, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан тохиолдол болгон дархлаажуулалт, вакцинжуулалтад итгэх олон нийтийн итгэлийг үгүй хийж байдаг маш таагүй нөлөөтэй. Зарим мэдээллийн хэрэгсэл ийм тохиолдлыг хэт дэврүүлсний улмаас эцэг эхчүүд сахуу-татран-хөхүүл ханиад зэрэг нярай, жаахан хүүхдэд онц аюултай өвчний эсрэг вакцин хийхээс татгалздаг. Үүний уршгаар халдварт өвчний дэгдсэн үед вакцин хийлгээгүй хүүхдүүд хамгийн хүнд, аминд хүрэх аюултай хэлбэрээр өвддөг.
Тиймээс вакцин хийж байгаа эмч сувилагч нарын хариуцлага, вакцины үйлдвэрлэгчийг сонгохдоо холбогдох байгууллагууд дээд зэргийг шударга, зарчимчаар хандах нь улс орны ирээдүйтэй шууд холбоотой.

1 Сэтгэгдэл
эцэг эхэд нь мэдэгдэж вакцин хийх хэрэгтэй.
Huuhdiig surguuli der n etseg ehed n medegdelguigeer vaktsin hiidgiig boliulah heregtei bn. Huuhdiin bied yaahaara dur meden taria hiideg yum er n
Хамгийн их уншсан