Монголд ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо төлөвших явцад бий болсон цоо шинэ зүйл бол реклам сурталчилгаа.
Улсын хэдхэн дэлгүүрт байдаг бараа нь тоотой хэдэн тогтмол зүйл байдаг, шинэ сонин бараа ирсэн тухай яриа худалдааны хүмүүсийн хооронд хов жив байдлаар тархаж рекламтай рекламгүй тэр дороо алга болдог байсан нь өөрчлөгдөж зах зээл бараагаар дүүрээд ирэхийн цагт ижил үйл ажиллагаатай компаниудад сурталчилгаа гарцаагүй хэрэгтэй болж ирсэн юм.
Реклам сурталчилгаа нь өнөөдөр тухайн байгууллагын өөрийн сүлжээгээр /ихэвчлэн өөрийн сайт, маркетингийн ажилтнуудын хүчээр, танилцуулга мэдээлэл тараах/, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэсэн хоёр хэлбэртэй байна.
Энэ хоёр хэлбэрээс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамгийн оновчтой, давуутай болох нь өнгөрсөн 20 жилийн туршлагаас харагдаж, худалдаа үйлчилгээний, ер бүхий л байгууллага үүнд анхаарлаа хандуулж байгаа.
Харин хэвлэл мэдээллийн аль төрөл нь илүү оновчтой, олон хүнд хүрдэг вэ гэдэг нь сонирхолтой.
Телевизийн зар сурталчилгааг үздэг хүн ховордсоор байна
Өнөөдөр монголын хэвлэлийн зах зээлд гарч байгаа реклам сурталчилгааны дийлэнх хувийг телевиз эзэлж үзэгчиддээ түгээж байгаа нь нууц биш. Аж ахуйн нэгж байгууллага, пүүс компанийн захирал, маркетинг хариуцсан хүмүүсийн толгойд ч “Телевиз л хамгийн хүртээмжтэй” гэсэн ойлголт гүн бат шингэчихсэн байгаа. Иймдээ ч зар сурталчилгаанд төлөвлөсөн мөнгөнийхөө дийлэнх хувийг үндэсний хэмжээний хэдэн телевиз рүү шиддэг.
Гэтэл энэ нь хэр оновчтой, илүү үр өгөөжтэй байгаа юм бол. Тал талаас нь нягталж үзье. Телевизийн зар сурталчилгааны үр нөлөө буурсаар байгааг нотлох хэд хэдэн баримт байна.
1. Телевизийн тоо хэт олширсон нь үзэгчдээ хуваасаар байна. Хуучны ганцхан Үндэсний телевиз /өнөөгийн МҮОНТ/ үздэг социализмын үе, MN-25, UBS гэсэн гуравхан ТВ үздэг байсан 1990-ээд он улиран оджээ. Өнөөдөр улсын хэмжээнд 166 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Зүгээр л математик аргаар улсынхаа өлгийтэй балчраас өтөл буурай бүх 2,8 сая хүнийг энэ телевизүүдэд хуваагаад үзвэл нэг телевизэд ердөө л 17 мянган үзэгч оногдож байна. За яахав өлгийтэй хүүхэд, өтөл буурайг хасаад реклам үзэх шаардлагатай ажил хэрэгч хэсэг гэвэл бүр бага тоо гарна.
Гэхдээ телевиз бүрийн үзэгч харилцан адилгүй л дээ. Үүнийг ч маркетингийнхан мэдэж байгаа. Гэхдээ л хамгийн олон үзэгчтэй, үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг гээд байгаа эхний 10 орчим телевизийн үзэгчийн тоо дунджаар 30-45 мянгад л эргэж байна шүү дээ. Гэтэл телевизийн тоо сар улирал тутам нэмэгдсээр л байгаа шүү дээ. Тэр хэрээр нэг телевизийн үзэгчийн тоо буурсаар л байна гэсэн үг.
2. Телевизийн реклам чинь зорилтот биш тохиолдлын реклам
“Телевизээр ямар реклам гарах нь вэ”, “Надад нэг ийм бараа бүтээгдхүүн хэрэгтэй байгаа юмсан, ТВ-9-ийн сурталчилгаагаар гарах нь уу” гээд хайдаг, хүлээдэг хүн чухамдаа нэгээхэн ч байхгүй. Гэтэл телевизийн реклам хэзээ гарах нь тодорхойгүй. Энэ нь нэгдүгээрт телевизүүдэд реклам сурталчилгааны тогтсон цаг байхгүй, ийм цагтай ч тэр нь цагтаа гардаггүй /ер нь зарласан хөтөлбөр, нэвтрүүлгээ цагт нь гаргадаг телевиз байхгүй/ Гайгүй цагаа барьдаг байсан мэдээллийн хөтөлбөрүүд нь ч цагаасаа хоцорч эхэлдэг болсон.
Компанийн захиралд, менежерүүдийн “мэдээллийн хөтөлбөрийг л хамгийн олон хүн үздэг” гээд илүү мөнгө төлөн өгсөн реклам нь яг хэдий багцаанд гарахыг хэн ч мэдэхгүй. ТВ-5, ТВ-9 зэрэг телевизийн 60-90 минутын хөтөлбөрийг дуустал үздэг үзэгч энэ орчлонд байхгүй. Өнөөдөр хүн улам л зав чөлөөгүй болж, интернет, сонин, ар гэрийн ажил, утсаар ярих гээд урьдын Үндэсний телевиз үзэх гээд гэр бүлээрээ телевизийн өмнө суугаад “Оройн хөтөлбөр эхэллээ” гэдгээс нь “Манай нэвтрүүлэг төгслөө, сайхан амраарай” гээд төрийн дуулал эгшиглэтэл нь үздэг цаг хэдийнэ ард хоцорсон. Чухамдаа нэг нэвтрүүлгийг ч дуустал үздэг үзэгч ч ховор.
3. “Олон ангит кино, сонирхолтой нэвтрүүлгийг дуустал нь үздэг” гэж олон бизнесмэн төсөөлж энэ дундуур рекламаа цацуулахыг эрхэмлэдэг, тэгээд ч үүндээ хууртаж ахиу мөнгө төлдөг. Гэтэл үнэн хэрэг дээрээ энэ дундуур реклам гарахад үзэгчид тогтож үздэг үү. Хэвлэлийн хүрээлэнгийн нэг судалгаагаар үзэгчдийн бараг тал болох 49,62 хувь нь реклам гарангууд сувгаа сольдог гэсэн бол 17,76 хувь нь л зар сурталчилгааг сонирхон үздэг гэжээ.
Телевизийн сурталчилгаа өнөөдөр ийм л байна. Телевизийн реклам сурталчилгаа нь үзэгчдийн анхаарлыг татсан үр ашигтай байхын тулд агуулга, хэлбэрээрээ сонирхолтой байх шаардлагатай нь мэдээж. Сайн хийсэн реклам нь тухайн бараа бүтээгдхүүн, үйлчилгээг хүнд танилцуулахаас гадна борлуулалтыг нэмэгдүүлж, хэрэглэе гэсэн хүсэл сэтгэгдэл төрүүлдэг. Тааруухан хийсэн реклам нь харин ч хүний дургүйг хүргэнэ. Гэтэл манай телевизүүдийн бэлтгэж байгаа сурталчилгаа нь өнөөдөр реклам гэхээсээ дүрстэй зарын шинжтэй, үг хэл найруулга муу, хөтлөгч нэвтрүүлэгчдийн нь яриа болхи байгаа нь үзэгчдийг залхааж байгаа нь огтхон ч нууц биш. “Та хүссэн бараагаа сонгоод ав. Бид үнэгүй хүргээд өгнө” гэхийн оронд “Сонголт арвинтай, хүргэлт үнэгүй” гэж байгаа сурталчилгааг хүн ойлгох уу.
Нөгөө талаар радио телевизийн реклам сурталчилгаа нь уншаад л өнгөрдөг, “Алив юу гэнэ ээ” гээд асууж, эргэн харж болдоггүй онцлогтой. Хаяг, утасыг нь тэмдэглэж авахын завдалгүй дуусна. Дээр нь манай телевизүүд “Телевиз бол дүрсний урлаг” гэдгийг хэдийнээ мартаад тухайн байгууллагын хаяг, байрлалыг харуулдаггүй болхи сурталчилгаа хийдэг нь нөлөөлж байгаа.
Яахав реклам зар сурталчилгаагаа хүнд хүргэхийн тулд олон телевизэд, эсвэл нэг телевизэд ойр ойрхон олон давтаж өгвөл хүнд хүрч байгаа л даа, энэ бол нууц биш. Судалгаагаар тухайн реклам олон давтамжтай, телевиз бүрээр гардаг учраас нөлөөлсөн гэж үзэгчдийн 34.3 хувь нь хариулсан байдаг нь үүнийг нотолж байна.
Сонин уншигчдын тоо цөөрсөөр байна
Өдөр тутмын сонин юм уу олон захиалагчтай сонинд тавьсан зар сурталчилгаа олон хүнд хүрдэг гэсэн ойлголт өнөө ч байсаар. Бизнес эрхлэгчид, маркетингийн менежерүүд хэвлэл захиалгын дүн харж байгаад хамгийн олон захиалагчтай сонинд ханддаг л даа. “Өнөөдөр”, “Өдрийн сонин” зэрэг ажил хэрэгч хүмүүсийн уншдаг сонинуудад ихэвчлэн ажлын байр, тендер гээд ажил хэрэгч зарууд байдаг. Шар гээд байдаг сонинууд арай олон захиалагчтай болохоор бизнесийн зарууд голлодог байлаа. Гэхдээ мэдээлэл технологийн энэ эринд мөн л шар гэх сонигууд зах зээлээ алдсаар өнөөдөр ихэнх нь үүдээ барьсан. Захиалгын тоо нь ч багассан.
Сонин бол уншаад ойлгохгүй бол дахиад эхнээс нь уншиж болдог, дамжуулаад өөр бусдад уншуулж болдог сайн талтай ч өнөөдөр манай хамгийн олон захиалагчтай өдөр тутмын сонин 6-7 мянгад л эргэж байгаа шүү дээ. Шар гээд байдаг сонинуудын хувьд сайндаа л 10-13 мянга.
Дэлхий дахинд онлайн сурталчилгаа хүч түрж эхэллээ
Интернетийн хэрэглээ өнөөдөр дэлхий дахинд, бас монголд хүч түрэн орж ирээд өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Манай улсын интернет хэрэглэгч 709,6 мянгад хүрсэн нь зөвхөн өмнөх 2012 оныхоос 40 хувь өссөн дүн гэж Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын “Цагаан ном”-д бичсэн байна.
Тэгэхэд гурван жилийн өмнө 2010 онд л манай интернет хэрэглэгч 199,8 мянга байсан юм шүү дээ.
Энэ хэрээрээ интернет дэх реклам зар сурталчилгааны хувь өссөөр байгаа юм. Дэлхий даяар интернет, онлайн зар сурталчилгааны эзлэх хувь 2013 онд 14,6 хувь өссөн дүн гарч байна. Гэтэл зар сурталчилгааны зах зээлд 2015 он гэхэд интернет сурталчилгааны эзлэх хувь дахиад 23,4 хувь өсч хэвлэмэл реклам зар сурталчилгааг ардаа орхино гэж мэдээлэл технологийн судалгааны ZenithOptimedia мэдээлж байна.
Яагаад дэлхий дахинаараа ингэж интернет сурталчилгааг илүү үзээд байдаг болчихов оо.
Мэдээж хамгийн эхлээд интернет хэрэглэгчийн тоо сонин уншигч, телевиз үзэгч, радио сонсогчдоос даваад гарчихаж байгаа нь гол үзүүлэлт. Интернет хэрэглэгчийн тоо сар жилээр өссөөр байна. Өнөөдөр телевизийн өмнө хүүхэд хөгшчүүл сууж, ажил хэрэгч хүмүүс, залуучууд интернетэд ордог болсон нь нууц биш. Телевизийн үзэгчид нийт хэрэглэгчийн 91 хувь байснаа 66,5, сонины уншигч 47 байсан бол 30,8, радио сонсогч 34 хувь байснаа 9,3 хувь болж буурсан тоо бас л нэг юм хэлээд байна. Гэтэл интернет хэрэглэгчийн тоо жилээс жилд өссөөр л байгаа.
Хоёрдугаарт интернетэд байрлуулсан зар сурталчилгаа сониных шиг нэг айлд, албан өрөөнд дарагдаад үлдэх юм уу, гал ноцоочихгүй хэдий хугацаатай тавьсан юм, төдий хэрээрээ байж л байна. Учрыг нь ойлгохын тулд хэрэглэгч дахин дахин үзэх ч боломжтой.
Нөгөө нэг давуу тал нь интернетийн зар сурталчилгааг дамжаад тухайн бараа бүтээгдхүүний юм уу, компанийн сайт руу орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүлээн авч болно. Түүнээс гадна онлайнд хадгалагдсан мэдээллийг дэлхийн хаанаас ч олж харж болно.
Гэхдээ нэг чухал зүйл байдгийг манай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тэр бүр ашигладаггүй. Тэр бол ТҮЛХҮҮР ҮГ. Жишээ нь, Google-ийн хайлтаарЦ.Элбэгдорж гэсэн үгийг оруулахад 6 110 000 илэрц бүртгэгдэж байна. Яг үүнтэй адилхан компаниуд зар сурталчилгаа, мэдээ мэдээллээ сайтуудад байршуулахдаа өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний тухай түлхүүр үгийг давхар бичнэ гэсэн үг. Жишээлбэл хувийн эмнэлэг түлхүүр үгээ өөрийн эмнэлгийн нэрийг ашиглахаас илүүтэй “цусны шинжилгээ, өнгөт эхо оношлогоо” ч гэдэг юм уу хүмүүсийн хамгийн их хайх магадлалтай үгээр түлхүүр үг хийж олон сайтад байршуулбал ТВ, радио, сонин, сэтгүүлд гаргасан зараас хэд дахин үр дүнтэй болно. Та өнөөдөр манай сайтад нэг мэдээ байршуулсан ч хэдэн жилийн дараа ч таны байршуулсан түлхүүр үгээр танай компанийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа Google-ийн хайлтаар гараад л ирнэ. ТВ, радио, сонин, сэтгүүлээс хэн хэзээ ч энтернэт шиг хайлт хийж хүссэнээ сонгож чадахгүй. Тиймдээ ч сурталчилгааны зах зээлийг онлайн зах зээл өдрөөс өдөрт эзэлсээр байна. Харин та хэдий эрт олон сайтад түлхүүр үгээ оновтой байрлуулсан бэ.
Интернетийн зар сурталчилгааны хамгийн давуу тал нь линкийг нь фейсбүүк, твиттерээр түгээгээд зөвхөн тухайн сайтын байнгын хэрэглэгчдээс гадна өчнөөн зуун мянган хүнд шуурхай хүргэж болно. Тэгэхээр интернетэд зар сурталчилгаагаа байрлуулахын тулд манай бизнес эрхлэгчид, маркетингийн менежерүүд “Энэ сайт хэчнээн Like-тай юм” гэдгийг харах ч бас л учир дутагдалтай болж байна. Ингэхээр аль ч сайт таны реклам, зар сурталчилгааг өөрийнхөө байнгын уншигчаас ч олон хүнд хүргэж болох нь ээ гэсэн үг.
Ийм л болоод энэ бүхнийг олоод харчихсан дэлхий нийт телевиз, сонин, радиогоо хойш тавиад интернет сурталчилгаа руу хошуураад эхэлчихэж.
Манайд өнөөдөр мэдээллийн ерийн нэг сайтад гэхэд л өдөрт дунджаар 50-230 мянган хэрэглэгч нэвтэрч байна шүү дээ.
Тухайн компанийн өөрийн нь мэдээлэл
Энэ бол тухайн компанийн өөрийн нь гаргадаг хэвлэл, эрхэлдэг сайт. Энэ төрлийн сурталчилгаа манайд үнэндээ хоцрогдсон гэж болно. Компани, аж ахуйн нэгж үр өөрийн вэб сайттай байдаг ч түүнээ шинэчилдэггүй, хэрэглэгч нэгэн телевизээр хальт сонссоноо дэлгэрүүлээд үзье гэхээр сайтад нь тэр сурталчилгаа нь байхгүй аль хэдэн жилийн өмнөх мэдээлэл байх жишээтэй. Томоохон сүлжээ дэлгүүр, компаниуд сурталчилгааны сонин сэтгүүл гаргадаг ч түүнийгээ түгээл болгох аргаа олдоггүй гээд энэ талаар тун маруухан байгаа л даа.
Төгсгөл
Байдал ийм л байна. Нийгэм, хэрэглэгчдийн сэтгэлгээ, хэвлэл мэдээллийн зах зээл ийн өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байна. 1940-50-иад онд айл хотлоороо, сум орноороо клуб улаан буланд цуглан “Эх орон-52” радиог сонсоцгоодог, 1967 оноос хойш телевизтэй айл бүрийг хөлөөр даран зурагт радио үзэцгээдэг байсан цаг аль хэдийнээ ард хоцорчээ. МАХН-ын Төв хорооны зөвшөөрөлтэй хэдхэн сониноос нам төрийн магтаал уншдаг ч өнгөрөөд байтал өнөөдөр шар гэгддэг чөлөөт хэвлэлийн хов живээс ч залхлаа.
Нэг үеэ бодвол хүмүүс улс төр, элдэв хов живээс илүүтэй өөр өөрийн амьдралд хэрэгтэй мэдээлэл хүлээн авахыг эрмэлзэж байна. Үүний нэг нь реклам зар сурталчилгаа яахын аргагүй мөн.
Харин түүнийг хүмүүст ямар хэрэгслээр, яаж, илүү хүртээмжтэйгээр хүнд хүргэх вэ гэдэг л чухал болж байна. Дэлхий дахинд бол энэ талаар бизнесменүүд, эзэд, маркетингийн салбарынхан биднээс хэдэн алхам түрүүлээд хамгийн ашигтай хэлбэр интернет рүү хошуураад эхэлчихэж.
Зар сурталчилгаа, реклам нь тухайн бараа бүтээгдхүүний борлуулалтыг 20 орчим хувиар нэмэгдүүлдэг гэсэн нэг баримжаа байдаг. Гэхдээ энэ бол дундаж тоо. Зар сурталчилгаа, реклам гэдэг чинь телевизээр л гарч байгааг хэлдэг юм биш байна.
Манай бизнесмэн, маркетингийнхны хувьд өчнөөн төгрөгөө төлчихөөд сонсч ч амжихын аргагүй ганц удаа уншаад, цухас харуулаад өнгөрдөг телевиз, радиод зар сурталчилгаагаа өгөх нь чухал уу, уншаад ураад хаячихдаг сонин уу....харин хэзээ ч хэн ч ороод, дахин дахин үзээд байж болох интернетэд өгөх үү гэдгийг сонгох л үлдэж байна.
Мэдээж реклам сурталчилгааны хийц, чанар, үг хэл найруулгад ч чанарын өөрчлөлт үгүйлэгдэж л байгаа. Энэ бол огт өөр асуудал.