Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголдоо бүтээцгээе” нэгдсэн уриан дор 2014 онд хийх ажлаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа

Шинэчлэлийн Засгийн газар энэ зорилтын хүрээнд бүтээн байгуулах, үйлдвэржилтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлж, айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх талаар хэрхэн ажиллах, ямар хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулахдаа “Монголчууд бид 2014 онд 3 сая дахь иргэнээ хүлээж байна. Олуулаа болох сайхан жил гарлаа” гэж хэллээ.

2013 он монголчуудыг, монголын төрийг, Засгийн газрыг сорьж шалгасан жил болсон. Дэлхийн эдийн засаг уналтад орсон, Хятадын эдийн засгийн өсөлт буурч, хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт саарсан. Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан жил байлаа.

Гэсэн ч ард түмнийхээ дэмжлэг, оролцоо, санаачилгатайгаар зарим зүйлүүдийг бүтээж чадсан гэж Ерөнхий сайд хэлээд дараах ажлуудыг нэрлэлээ.

Чингис бонд босгож, бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай эхлүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монгол банктай хамтарч явуулсан. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ гэлээ.

8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт 17 мянга гаруй иргэн хамрагджээ.  Эдний нэг Сансарбаярынх хөтөлбөрт хамрагдсанаар сард 443 мянган төгрөг төлж байна. Энэ өрх 339 мянга 800 төгрөг сард хэмнэж, 15 жилийн зээлийн хугацаанд 40-50 сая төгрөг хэмнэх боломж бүрдэж, ийм мөнгө энэ өрхөд үлдэж байгаа юм гэсэн жишээг Ерөнхий сайд дурдлаа.

51 мянган ажлын байр шинээр бий болсон. 20 мянган иргэн орон сууцтай болсон, барилгын салбар 2 дахин өссөн, эдийн засгийн өсөлт 12 хувьд хүрсэн, мал сүргийн тоо 45 саяд хүрсэн, 4 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож, 1800 км зам шинээр барилаа.

Эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна.  45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг. Тиймээс Монголдоо бүтээх, үйлдвэрлэх цаг, шаардлага бий болжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжинэ. Тиймээс 2014 он Монголдоо бүтээцгээе гэсэн уриатай жил байх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө санхүү хэрэгтэй. Нэг их наяд төгрөгөөр үйлдвэрлэлээ дэмжинэ. 270 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан. 360 тэрбум төгрөг Чингис бондоос хуваарилагдаагүй үлдсэн байгаа. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулна. Мөн Японд борлуулсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн.

2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд 15 уулзварыг шинэчилж, хурдны замын ажлыг эхлүүлнэ. Шинэ төмөр зам, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын ажлыг урагшлуулна.

Эрчим хүчний салбарт олон ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн, Амгалангийн дулааны станц, 3 ба 4 цахилгаан станцын өргөтгөлийг энэ онд ашиглалтад оруулна.

Аймгийн төвийг хот болгох зорилтод Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд 150 тэрбум төгрөгийг аймгуудын хөгжилд зарцуулна. Аймаг бүхэнд 1000 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ, 12 аймагт оношилгооны төв байгуулж байгаа, энэ хавар ашиглалтад өгнө. Мөн аймаг бүр жишиг сумтай болно гэлээ.

Орон сууцжуулах хөтөлбөр үргэлжилж, 30 мянган айлыг орон сууцтай болгож, өнгөрсөн жилийн амжилтаа нэмэгдүүлнэ гэлээ.

Ажил орлогыг нэмэгдүүлж айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилтын хүрээнд хийх ажлуудаа Ерөнхий сайд дараа нь танилцуулсан.

40-өөс дээш насныхан ажил эрхлэхэд зориулж 3,2, залуу малчдыг дэмжихэд 3,5 тэрбум төгрөг зарцуулж, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 50 мянган ажлын байр шинээр бий болгоно, 24-өөс дээш насны 7 мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ, оюутны цагийн ажил, зуны ажил хөтөлбөр хэрэгжүүлж 10 мянган оюутныг ажилд зуучилна, жижиг аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын дарамтыг багасгана гэж хэллээ.

Төрийн хүнд суртал, хээл хахууль авлигатай тэмцэх зорилтын хүрээнд нээлттэй, ухаалаг төрийн төлөө ажиллана, зарим ажлыг эхлүүлсэн байгаа.  11 11 төвийг ажиллуулсан нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа, энэ төвөө өргөтгөнө. ТҮЦ машины үйлчилгээг нэмэгдүүлнэ, төрийн 30-аад үйлчилгээг гар утас, компьютерээс авах боломжийг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн жорыг цахим болгоно. Шилэн данс, шилэн тендерийг бий болгоно. Мөнгө, төсөв хөрөнгөө иргэдэд нээлттэй болгоно. Засгийн газраас зарласан үйлдвэржилтийн төслийн шалгаруулалтыг ил тод явуулна гэлээ.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх нь чухал, өнгөрсөн жилээс зарим амжилтууд гарч эхэлсэн. Энэ үзүүлэлтээр манай улс 2012 онд дэлхийд 88 дугаар байрт орж байсан бол өнгөрсөн жил 76 дугаар байрт орсон. Энэ амжилтаа улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж, тоон гарын үсэгт шилжих, төрийн өмчийг эзэнжүүлэх, тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, мэргэжлийн хяналтын шинэлчлэл, хөрөнгө оруулалтын шинэ орчин бүрдүүлэхийн төлөө эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ гэлээ.

Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд Монголдоо бүтээцгээе гэсэн уриа дэвшүүлсэн. Энэ зорилтоо хэрхэн хэрэгжүүлэх талаар товч танилцууллаа. Үүний үр дүнд Монголын эдийн засгийн өсөлтийг 2 оронтой. инфляцыг нэг оронтой тоонд хадгална гэлээ. Мөн энэ онд 85  цэцэрлэг, 80 сургууль, 26 эмнэлэг барина. Энэ онд монголчууд бид үйлдвэрлэгч улс болно. Бүтээн байгуулна, 3 саяулаа болно. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Бүгдээрээ хүн шиг амьдарч улс шиг хөгжье” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан