Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Дөлгөөн: Сайншанд цогцолбор өгөөжөөрөө гурван эрдэнэттэй тэнцэнэ


Манай улсад хүнд аж үйлдвэрийг цогцоор хөгжүүлэх аварга төсөл эхлээд байна. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор/САҮЦ/ барих тухай мэдээлэл 2008 оноос гарч эхэлсэн ч дөнгөж өнгөрсөн оноос л ажил хэрэг болж буй. Дорноговь аймаг, говийн бүс төдийгүй улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авчрах төслийн хэрэгжүүлэгч “САҮЦ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Дөлгөөнтэй ажил байдлын талаар ярилцлаа.

-Шинэ он гараад удаагүй байна. Өнгөрсөн жил САҮЦ ажлын гараа эхэлсэн. 2013 онд та бүхэн ямар ямар ажил амжуулснаа товч танилцуулаач?
-Ерөнхийдөө өнгөрсөн онд бол САҮЦ-ын хувьд нэлээд онцлох, томоохон түлхэц болохуйц ажил өрнөсөн. Тухайлбал, Засгийн газраас 76 дугаар тогтоолоо батлахдаа “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани байгуулах шийдвэр гаргаж үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байна. Цогцолборт 2013 онд улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр нийт 26 тэрбум төгрөг олгосон. Үүний хүрээнд төслийн ерөнхий зөвлөхөөр “Флоур” корпорац орж ирсэн байгаа. Энэ бол Оюу толгойн төсөл дээр амжилттай ажилласан томоохон компани. Хоёрдугаарт, хуулийн зөвлөхийн  үйлчилгээ үзүүлэхээр Английн “Тэйлор Весс” нийгэмлэг манай улсын “Легал Полиси” компанитай түншлэлээр орж ирсэн. Төсөл маань олон улсын төвшинд хэрэгжих учраас  зөвлөхүүддээ багагүй ач холбогдол өгсөн юм. Ерөнхийдөө,  нарийвчилсан судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ-тэй холбоотой нийт зургаан тендер зарлахад амжилттай сайн хэрэгжсэн. Үүний дотор усны нарийвчилсан хайгуулын хоёр ч ажил байгаа. Өмнө 1980-1990 оны үед газар доогуурх усны эрэл хайгуулыг эцсийн байдлаар тодорхойлно гэж ойлгож болно. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг Сайн ус, Бор хөөврийн хотгор гэдэг газарт судалгаа, шинжилгээ хийлээ. Энд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаанд хүрэлцээтэй усны нөөц бий гэсэн анхдагч дүгнэлт гарсан.

-Бэлтгэлийн чанартай ажлуудаа өнгөрсөн онд амжуулжээ. Тэгвэл энэ жилээс томоохон бүтээн байгуулалт руугаа орох нь гэж ойлгож болох уу?
-Дээр хэлсэн судалгаа шинжилгээ болон томоохон зөвлөхүүдтэйгээ хамтрах ажил маань маш эрчтэй үргэлжилнэ. Юутай ч, галт тэрэг гараанаас хөдөлчихлөө.

-САҮЦ-ын газар дээр яг одоо ямар ажил өрнөж байгаа бол?
-Эхний байдлаар суурьшлын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө хийгээд явж байгаа.Төслийн ерөнхий зөвлөх “Флоур” корпорац мастер төлөвлөгөө гаргахаар ажиллаж байна.
Ер нь, аж үйлдвэрийн цогцолбор бол бидний зайлшгүй хийх ёстой ажил. Үр өгөөжийг аймаг, бүс нутаг биш улсын хэмжээнд ярихаас аргагүй. Эхний ээлжинд 7000 ажлын байр шинээр бий болно. Түүний араас дагуул үйлдвэр, станц, байгууллага бий болохоор түүнээс ч олон хүнийг ажилтай болгох юм. Ердөө энэ үзүүлэлтээр авч үзвэл,  монголчуудад маш үнэтэй бүтээн байгуулалт.

-Томоохон төсөл хэрэгжихэд сум, орон нутгийн иргэдээс янз бүрийн хандлага гардаг. Ялангуяа, уул уурхайн үйл ажиллагааг экологид хөнөөлтэй гэж эсэргүүцэх нь элбэг. САҮЦ-т оршин суугчид ямар хандлагатай байгаа бол?
-Эсэргүүцэл гэхээсээ илүү биднийг дэмжиж байгаа. Дэмжих шалтгаан нь төсөл маань манай улс дахь анхны цогцолбор үйлдвэр юм. Томоохон бүтээн байгуулалт, анхдагч цогцолбор учраас орон нутгийн удирдлага болон иргэд оршин суугчид маш их сайнаар хүлээж авдаг. Цогцолбор ашиглалтад орсноор ганцхан сум, орон нутгийн төдийгүй улсын хэмжээнд эдийн засгийн үр өгөөжтэй, хөгжилд түлхэц үзүүлэх учраас дэмжиж буй хэрэг. Товчхондоо, бидэнд сэтгэлийн дэм өгч байгаа.

-Монголчуудын нийтлэг мэддэг эдийн засагт хамгийн өгөөжтэй бүтээн байгуулалт бол дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэр шүү дээ. Шинэ цогцолбор маань эдийн засагт үзүүлэх түлхэцийг хэрхэн тооцоолсон бэ?
-Таны жишээ авч байгаа Эрдэнэт үйлдвэрээр жишээд ярья. Монголчууд ЗХУ-ын тусламж, нөлөөн дор уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан шүү дээ. Тэгвэл САҮЦ маань зөвхөн монголчууд хүч бололцоо, хөрөнгийн чадвартаа тулгуурлан барьж байгаагаараа онцлог. Ингэхдээ хэмжээгээрээ ч, үр өгөөжөөрөө ч тэр Эрдэнэтийг гурав дахин нийлүүлсэнтэй тэнцэхүйц байх юм. Үүнээс үзэхэд, дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад худалдаа, тээвэр логистик гэхчлэн салбар тус бүрээр асар их ашигтай дүн гарна.

-Шинэ цогцолбор дуусахаас гадна шинэ төмөр замын төсөлтэй уялдаж байж бодит ашгаа өгнө. Шинэ төмөр зам төсөлтэй хэр хамааралтай ажиллаж байгаа бол?
-Мэдээж, хүнд аж үйлдвэрийг төмөр замгүйгээр төсөөлөхгүй. Төрөөс баримтлах төмөр замын бодлогод хүртэл Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төмөр замтай харилцан уялдаатай ажиллахыг тусгаж өгсөн. Ингэхээр шинэ төмөр замын төсөлтэй манай хамт олон маш нягт харилцаатай ажиллахыг бодлогоор баталсан гэсэн үг. Үүнийгээ ч ажил хэрэг болгоод явж байна.

-2012 оны сүүлээр Засгийн газрын тогтоолоор дэмжчихсэн хэрнээ хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдэхгүй гацчихлаа гэж яригдаж байсан. Харин одоо парламент, Засгийн газраас хүлээж буй ямар нэг шийдвэр, эрхзүйн шийдэл бий юү?
-Томоохон бүтээн байгуулалтын хувьд эхний ээлжинд судалгаа, нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулна гэдэг бол төсөл бүхэлдээ амжилттай хэрэгжихийн гол суурь байдаг. Тэр ч утгаараа энэ асуудалд олон улсын хэмжээнд харж бүтээн байгуулалт хийсэн туршлагатай, Монголд ажил хийж танигдсан зөвлөхүүдээ сонгосон. Ажил үе шат, дарааллынхаа дагуу цаг хугацаандаа явна гэсэн үг. Энд хүлээгдэж буй төрийн болон Засгийн газрын шийдвэрүүд байхгүй, цаг үедээ батлах шаардлагатай бол гаргана. Тэр бүгдийг нарийвчлан төлөвлөчихсөн.

-Юу ч хийгээгүй хүний гар цэвэр үлдэж, юм хийж байгаа нь буруутан болох шахдаг үзэгдэл бий. Ийм том ажил хийж байхад танай хамт олон руу том, жижиг янз бүрийн “чулуу”  нүүлгэдэг байх. Тэр болгонд ямар байр сууринаас ханддаг вэ?
-Улс төр гэхээсээ илүү нэг л зүйлийг онцолъё. Бид дотоодын эрдэс баялаг, түүхий эдээ нэмүү өртөг шингээж, ажиллах хүчин бий болгож, эх орондоо өгөөжийг нь үлдээе гэсэн зорилготой ажилладаг. Аль нэг нам, улс төрийн хүчин гэхээсээ илүү Монгол Улсын хэмжээнд ач тусаа өгөх том ажил. Үүний дотор гангийн үйлдвэрийг онцгойлон ярихаас аргагүй. Ямар ч улс оронд ган төмөрлөггүйгээр хөгжил дэвшил өрнөхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, ямар ч бизнесийн салбарт ган төмөр зайлшгүй шаардагддаг. Тэгэхээр САҮЦ-ын гол ноён нуруу нь гангийн үйлдвэр. Дотоодын улс төрийн байдал гэхээсээ улсын эдийн засгийн хэмжээнд тулгамдсан асуудал. Нөгөөтэйгүүр, хүнд аж үйлдвэрлэлгүйгээр аливаа орон хэзээ ч үсрэнгүй хөгжинө гэж байхгүй. Дашрамд хэлэхэд, хүнд аж үйлдвэрээ дагаад хөнгөн үйлдвэрүүд бий болно, шинжлэх ухааны институт дагаад хөгжинө, нарийн технологио өөрсдөө боловсруулж ажиллах үндсэн нөхцөл бүрэлдэх юм.

-Цогцолбор маань дотроо зургаан үйлдвэртэй. Инженер мэргэжилтнээр төгсч байгаа залуус шууд ажиллах боломжтой нэг нь байхад зайлшгүй мэргэжилтэн бэлтгэхээс аргагүй үйлдвэр ч бий байх. Тэгвэл хүний нөөцийн асуудалд хэр анхаарч байгаа вэ?
-Ажиллах хүний нөөц гэдэг бидний өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг мөн. Асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтраад ажиллаж байна. Тун удахгүй бүх мэдээлэл олон нийтэд ил болж, танилцуулахаар төлөвлөсөн.

-Монголын зүүн өмнөд хэсгийн уул уурхайн түүхий эдийг татаж боловсруулна. Энэ нь уул уурхайн компаниудад ямар өгөөжтэй байх бол?
-Дээр хэлсэнчлэн цогцолборын гол үйлдвэр нь ган боловсруулна. Үүнээс гадна коксжих нүүрс, цементийн, зэс хайлуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Мэдээж,  үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эд шаардлагатай. Төмрийн хүдэр, коксжих нүүрс гэсэн үндсэн хоёр төрлийн түүхий эд яригдаж байгаа. Энэ чиглэлээр олборлолт эрхэлдэг хувийн болон улсын бүх компани түүхий эдээ нийлүүлэх бололцоотой. Нөгөө талаас, төмөр замын бодлогод тодорхой тусгачихсан учраас томоохон ордууд бодлогын төвшинд хамрагдана гэсэн үг.

-Тэр түүхий эдийг татах, худалдаж авах үнэ нь гадаадад шууд экспортлохоос бага байх боломжтой юу?
-Санхүүгийн зөвлөхөөр ажиллах үүрэг хүлээсэн Хөгжлийн банк энэ тооцооллыг боловсруулах Засгийн газрын тогтоолтой. Тэд энэ сардаа багтаагаад нарийн тооцоо, дүн мэдээллийг танилцуулахаар болсон.

-Монголчууд коксжих нүүрсний үйлдвэр байгуулахаар ажиллаж байхад дэлхий дахинд нүүрснээс татгалзаж эхэллээ гэж шүүмжилдэг. Үүнд, ямар хариу өгөх вэ?
-Яг одоогийн байдлаар тодорхой шийдэл гарч ирээгүй байна. Яваандаа бий болохыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ цагийн юмыг цагт нь хийж гүйцэтгэе гэдэг байр суурьтай ажилладаг. Аж үйлдвэрийн алтан үе нь таарчихсан байхад бид ашигласнаар хойч үеийнхээ шинжлэх ухаан, үйлдвэр технологийг хөгжүүлэх суурь болно шүү дээ. Урьдчилсан тооцоогоор хамгийн анхны үр өгөөжөө 2016 оноос өгч эхэлнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг САҮЦ-оос бүрдүүлжээ гэж мэдээлнэ гэсэн үг.

-Хөрөнгө оруулалт босгох ажил хэд хэдэн шаттай шүү дээ. Төсөв, Хөгжлийн банкны хөрөнгөөс гадна гадаадын зах зээлээс мөнгө босгоно. Энэ ажилд ямар нэг хүндрэл, бэрхшээл тулгарч байгаа болов уу?
-Бэрхшээл тулгарна гэхээсээ илүү бид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлахыг хичээж байгаа. Зөвлөх компаниудтайгаа ханцуй шамлаад энэ ажилдаа орж байна. Тэгэхээр ямар нэг асуудал одоохондоо бий болоогүй гэж болно.

-Аж үйлдвэрийн цогцолбороос гарах бүтээгдэхүүнийг экспортлох тухай түлхүү ярьж байгаа ч дотооддоо ашиглах талаар хэр тооцоолсон байдаг бол?
-Хүнд аж үйлдвэрийн гол онцлог нь хөнгөн аж үйлдвэрийн түүхий эд, үндсэн бэлдэцийг бий болгож өгдөг. Тэр бэлдэц нь түүхий эд эцсийн байдлаар бий боллоо гэсэн үг. Дотоодод хэрэгцээтэй бүх бараа материалыг өөрсдөө үйлдвэрлэх үндсэн боломжоор хангана. Жишээлбэл, гангийн үйлдвэр баригдсанаар түүнийг дагаад төмөр лист, шиндлер, галт тэрэгний зам төмөр дэр, техникийн эд анги үйлдвэрлэх бүрэн боломж нээгдэнэ.

-Боломжийг бүрдүүллээ, түүний дэргэд дараа дараагийн компани байгуулагдаад үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэсэг үг байх нь?
-Яг зөв. Цогцолбор бол зөвхөн хүнд аж үйлдвэр биш. Хөнгөн аж үйлдвэр бий болно, цаашилбал нано технологи хөгжүүлэх суурьтай болж буй хэрэг. Мөн САҮЦ-оор дан үйлдвэр биш шинжлэх ухааны институт, мэргэжил олгох сургууль, шинжилгээний байгууллага бий болно гээд бодохоор цогцоороо асар том зүйл бий болох онцлогтой юм.

0 Сэтгэгдэл
Залуу хүн гэхэд алсын хараатай байна. Амжилт хүсье
tom tom l gene tendrvvdee zow shudraga zarlaj chadhgvi ajlaa gatsaagaad yum nuud yahuudeee tsag aldaa l yarihaas tsaashgvi luiwarchid
Хамгийн их уншсан