Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мафитэй тэмцэгчид хот эзлэн авчээ

Мексикийн Мичокан мужид хар тамхины мафийн эсрэг тэмцэх орон нутгийн сайн дурынхан Нуэва-Итали нэртэй жижиг хотыг эзлэн авсан байна. Орон нутгийн иргэд цагдаа, армийг мафийн эсрэг тэмцэх чадваргүй байна гэж буруутгаад өөрсдийн хүчээр гэмт бүлэглэлээс хот, тосгодоо цэвэрлэнэ гэж мэдэгдээд ийм арга хэмжээ явуулж эхэлсэн байна.
Үүнээс өмнө иргэдийн сайн дурын бүлэглэл нь Мехико хотоос баруун тийш байдаг хэд хэдэн жижиг тосгоныг бүрэн хяналтдаа авч, хар тамхины мафийн бүлэглэлүүдийг тэндээс хөөн гаргажээ.
Өчигдөрхөн эзлэн авсан Нуэва-Итали хотод сайн дурынхан одоо “Сүмийнхний бүлэглэл” нэртэй хар тамхины мафиас хотыг бүрэн чөлөөлөхийн тулд багахан хэмжээний байлдааны ажиллагаа эрчимтэй явуулж байгаа аж.
Гэхдээ зарим эх сурвалж иргэдийн сайн дурынхан гэдэг нь үнэн хэрэг дээрээ “Сүмийнхний бүлэглэл”-ийн өрсөлдөгч “Шинэ үе” нэртэй мафийн хүмүүс гэж мэдэгдэж байна. Харин сайн дурынхан энэ мэдэгдлийг эрс няцаасан билээ.
Мексик нь Өмнөд Америкиас АНУ-ыг чиглэсэн асар их хар тамхины урсгалын замд, гол дамжлага төв болдог. Иймд тус улсад хар тамхины мафийн бүлэглэлүүд хоорондоо хүчтэй өрсөлддөг.
Мексикийн зарим мафи нь хуучин цагдаа, цэргийнхнээс бүрдсэн 2000 гаруй хүнтэй өөрийн гэсэн мэргэжлийн армитай, хууль сахиулах байгууллагуудад байнга авлига өгч олон хотыг төрөөс гадуур дангаар захирдаг байх нь цөөнгүй. Ийм хүчтэй бүлэглэлтэй цагдаа нар дангаараа тэмцэж чадахгүйд хүрсэн тулд 2002 оноос эхлэн хар тамхины мафитай тэмцэхэд армийн анги нэгтгэлүүдийг татан оролцуулдаг болсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан