Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Болдгарав: Монголын нууц товчоог хоёр жилийн хугацаанд бүтээсэн


Будаг бийр нийлэн урлагийн гайхамшгийг бүтээдэг шиг бэх, муутуу цаас хэдэн зууны тэртээх монголчуудын амьдрал руу хөтөлнө... Он цагийн хэлхээст тэмдэглэгдэн үлдсэн түүхэн үе рүү аваачих энэ аялал яг л түүхэн киноны кадр шиг. Ийм нэгэн аялалд дуудсан сонирхолтой, содон үзэсгэлэнгээ Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Д.Болдгарав “Аюул, Анхаар, Абстрак-2014” нэртэйгээр гаргажээ. Харин нэрнээсээ анхаарлыг нь татсан  түүний бүтээлүүдийг үзэгчид томруулдаг шилтэй, содон үзэсгэлэн гэцгээж байлаа.

Учир нь, орон зай гэдэг зүгээр л хэмжигдэхүүн гэдгийг харуулахыг зорьсон түүний бүтээлүүд багахан зайг ашиглан бүтээснээрээ онцлог. Хүй нэгдэл, Хүннү гүрнээс авахуулаад аргамжит хурдан хүлэг, бөхчүүдийг хүртэл бичгийн цаасны чинээ хэмжээнд багтаан зурсан нь гайхалтай. Тухайлбал, түүний жил гаруйн хугацаанд 12*24 хэмжээст бүтээсэн “Хүй нэгдэл”, 22*65 хэмжээст “Хүннү гүрэн” зурагт завгүй монгол хүний нэг өдрийн үйл хөдлөл бүгд багтжээ. Яг л Б.Шаравын “Монголын нэг өдөр” шиг. Гэхдээ багахан орон зайг ашиглан бүтээсэн учраас та томруулдаг шилээр харах боломжтой. Түүний энэ өвөрмөц шийдлийг үзэгчид “Орон зайг заавал томоор хэмжих албагүй. Жижиг зайг ч ашиглан урлагийн бүтээл туурвих нь томоосоо илүү хүнд бодрол, таашаал өгдөг юм байна” гэсэн юм.

Энэ үеэр зураач Д.Болдгаравтай ярилцлаа.

-Таны үзэсгэлэнгээс на­дад хэд хэдэн содон зүйл ажиг­лагдлаа. Нэгд, бүтээл туур­вихад хэмжээ, орон зай чухал биш юм байна. Үү­ний жишээ нь, “Хүннү гү­рэн”, “Хүй нэгдэл”, “Тэ­мээн нүүдэл”, “Сүмо” гэх бү­тээлийг дурдаж болох байх?
-Яг зөв. Уран бүтээл том, жижиг, ямар материал ашигласандаа бус зураачийн сэтгэл зүтгэл шингэсэндээ байдаг юм. 12*24 хэмжээст бүтсэн “Хүй нэгдэл” зургаа би жил гаруйн хугацаанд зурсан. Маш бага зай талбайг ашиглан зурж байгаа учраас өдөр бүр нэг монгол хүний хөдөлгөөн, үйлдлийг зурдаг байсан. Тэгэхдээ түүхийн ном зохиол судалж байж зурсан гэдгээ тодотгомоор байна. Энэ зураг маань нэг ёсондоо түүх өгүүлж байгаа шүү дээ.

-Б.Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ”, “Монголын нууц товчоо”, Үндсэн хууль, 1350 бөхийн нэрийг 15*67 хэмжээсээс 22*55 хэмжээст багтаах хэцүү байсан байх даа. Нэг бүрчлэн уншихын тулд яалт ч үгүй томруулдаг шил хэрэгтэй юм аа?
-Бага орон зайд ч их мэдээлэл өгч болно шүү дээ. Энэ санаагаа л хэлэхийн тулд 15*67 хэмжээст 1350 бөх нэртэй бүтээлээ зурсан. Гэхдээ Монголын бөхийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн бүх бөхийг багтаахад үнэхээр ур ухаан, чадвар шаардсан. Нөгөөтэйгүүр, цаг хугацаа их зарцуулдаг. Жишээ нь, Монголын нууц товчооны хувьд 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойд зориулж 40х80 см-ийн хэмжээтэй цаасан дээр 216 хуудас 12 бүлэг номыг хамгийн жижгээр, уйгаржин монгол бичгээр бичиж бүтээсэн юм.

-Бас дүрслэх урлаг нь зөвхөн материалд хязгаар­лаг­даггүй юм байна. Шувууны өдөн дээр зурсан “Тэмээн нүүдэл” нэртэй зураг үүний илэрхийлэл мэт?
-Урлагийн бүтээл ямар ч материал дээр төрж болно шүү дээ. Заавал цаас, бийр, будгаар амилна гэж байхгүй.  Үнэтэй цаас, торгон дээр зурсан бүтээл болгон хүнд урлагийн таашаал өгдөггүй. Харин юуг ашиглаж ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ гэдгээрээ л зураг бусдаасаа ялгардаг байх даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан