Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УТАА БАКТЕРИОЛОГИЙН ЗЭВСЭГ БОЛЖ УЛСЫН ХЭМЖЭЭНД НИСЛЭГ СААТАВ

Утаагүй Улаанбаатарын тухай ярьж эхэлсэн цаг, мөч мандтугай! Улсаараа мөрөөдөлд умбаж, утаагүй зууханд хууртсан иргэд өнөөдөр угаартаж байгаа учраас өнгөрснөө дурсаж, өнөөдрийг умартъя. Янданг паараар, жорлонг паалангаар солих алс холын мөрөөдлөө ч цэглэж, өнгөрсөн “утааг” үнэрлэх гээд үзье. 2008 он. Утаа, униарыг ул мөргүй алга болгож, улсаараа уушиг дүүрэн амьсгалах урт мөрөөдлийн эхлэл тавигдав. Төсвийн мөнгийг ч тамтаггүй тарааж, айл бүрийн яндаг авч хаях хэмжээнд асуудал сөхөгдлөө. Улмаар жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай Дулааны II цахилгаан станцыг түшиглэн утаагүй зуух барих үйлдвэрийн ажлыг эхлүүлэв. Хойд хөрштэйгөө хамтарч хийсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь урд хөршийнх байсан ч үлгэн салган явсны эцэст хоёр жилийн хоцрогдолтойгоор өндөр үүдээ нээсэн ч  технологи таараагүй тул ажиллаж чадаагүй.
Ингээд иргэдийн халааснаас эвлүүлж босгосон 17 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ үйлдвэр өнөөдөр ашиг өгөх бус оруулсан хөрөнгө нь салхинд хийсч одоо нураах дээрээ тулаад байна.  

Бонус

Гарааны жилдээ л бүдэрчихсэн утааг арилгах төсөл өнөөдөр ч үргэлжилж байна. Мөлжүүр ихтэй төслөөс тэрбум, тэрбумаар нь зувчуулсан эрхмүүд эхнээсээ “аавынд” морилох ойртож байхад “Утаагүй Улаанбаатарын төлөө” гэсэн лоозонг нь буухиалан авч явах эрхмүүд цөөрсөнгүй. Ялангуяа, утаагүй арай л яндангүй гэх нь холгүй төслийн зуухаа үргэлжлүүлж, хүлэмжийн хийг 2015 он гэхэд үлэмж бууруулна хэмээн хүүрнэн өгүүлж сууна. Харин энэ зуур хөгийн юм болж өнгөрөв. Олон Улсын болон орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг авиа компаниудын онгоцыг “Чингис хаан” нисэх буудал хоёр өдрийн турш хүлээж авсангүй. Шалтгаан нь улигт утаа. Уг нь хүйтэнд Туул голын хөндийгөөс хөөрсөн манан гэж тайлбарлаад байгаа юм билээ. Гэтэл Хан-Уул дүүргийн 4-10-р хорооны айл өрхөөс цухуйсан янданг харвал, юун манан гэж бодогдохоор. Социалист нийгмийн үеэс суурьшиж ирсэн Яармаг нь өдгөө хүрээгээ тэлж Нисэх, Био, Морингийн даваа гээд утаа үйлдвэрлэх аж ахуй шахуу болсон. Тиймээс Нисэхэд байрлалтай Олон Улсын онгоцны буудлыг утаагаар бүчих юу байх билээ. Улмаар Олон Улсын болоод орон нутгийн онгоцнууд агаарт эргэлдэж, утаа арилахыг хүлээсэн гэнэ. Аргаа барсан нэг нь сурсан дуугаа дуулаад, ирсэн газартаа буцсан сурагтай. Бүр тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 аяллын дугаартай “Туркиш Эйрлайнс” авиа компанийн онгоц утааны улмаас газардаж чадсангүй. Тиймээс Эрхүү хотын Олон Улсын нисэх онгоцны буудалд газардаж, утаа арилсны дараа Улаанбаатарт буусан нүүр улайм үйл явдал болжээ. Энэ нь “Утаа агаарт 2200 метрээс дээш гарсан үед онгоц буух боломжгүй” гэж үздэгтэй бат холбоотой ч байж болно. Юутай ч, Улаанбаатарыг зорьсон онгоцнууд хоёр өдрийн турш хуваарьт цагаараа газардсангүй. Хэдийгээр 2009 оноос эхлээд утаанаас үүдэн нислэгүүд мэр, сэр саатах явдал тохиолддог байсан ч бүх чиглэлийн нислэг хоёр өдөр дараалан цагтаа газардаагүй нь утааны уршиг эрс нэмэгдэж байгаагийн онцгой сануулга юм. Ямар сайндаа л, “Улаанбаатар явах бол бонуст нь бусад онгоцны буудлыг үзнэ” гэх явган шог гарах билээ.

Хөшигтийн хөндийд нь хөшиг татчихгүй л бол...

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын тухайд өвлийн улиралд утаанаас болж, нүүрээ улалзуулж байгаа “хохирогч”. Монголын агаарын тээвэр тэгтлээ доошоо ороод байдаггүйг цаг барьдгаараа “Эйр Чайна”-г ардаа орхисон үзүүлэлтээс ч харж болно. Тиймээс цагтаа буудаггүй, хөөрдөггүй үзүүлэлт нь агаарын чанартай холбогдоно гэсэн үг. Тодруулбал, 100 нислэгийн 14 нь ямар нэгэн байдлаар саатдаг гэсэн албан ёсны судалгаа байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар утаа нэгдүгээрт, удаах байрт нисэх буудал өөрөө цохиж явна. Энэ нь нисэх буудлын хүчин чадлаас шууд хамааралтай буюу баруунаас зүүн рүү бууж, зүүнээс баруун руу нисэх хатуу хучилттай нислэгийн нэг зурвастайд оршино. Өөрөөр хэлбэл, салхины хүчтэй урсгал үүсч, баруунаас зүүн гэсэн шугамаар буух боломжгүй болвол нислэг шууд саатах юм. Харин нислэг саатах явдал Хөшигтийн хөндийд шинээр баригдаж байгаа онгоцны буудлыг ашиглалтад орвол 99.6 хувь хүртэл буурна хэмээн тооцсон байна. Гэсэн ч нисэх буудлыг дагуулж, дэд бүтцээ хөгжүүлнэ гээд нүүдэлчин түмнийхээ цөсийг хөөргөчихвөл, Хөшигтийн хөндийд утаан хөшиг татаж мэдэх л юм.

Утаа “бактериологийн зэвсэг” болжээ

Утаа их байгаа нь үнэн. Гэхдээ хор нь бага гэж хөглөсөн явдал саяхан. Үүнд итгэх арга байхгүй. “Агаарын чанарын үзүүлэлт өнөөдөр 21.00 цагийн байдлаар” гэсэн мэдээг өдөр нь гаргачихаж байгаа өнөө үед бүр ч итгэхэд бэрх. Тиймээс үүнийг “Улаанбаатар хотод агаарын бохирдлын улмаас болж өдөрт есөн хүн нас барж байна” гэх айм­шигт судалгаагаар няцаая. Тодруулбал, Канад, Монголын судлаачдын гаргасан дүгнэлтээс үзэхэд хорт хавдраар нас барагсдын 40 хувь, зүрх судасны өвчлөлөөр нас барагсдын 29 хувь нь агаарын бохирдлын улмаас нас барж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2012 онд агаарын бохирдлоос болж Улаанбаатар хотод 3239 хүн буюу өдөрт есөн хүн нас барсан байна. Мөн судалгаагаар жилд ойрол­цоогоор 463 сая ам.долларын эрүүл мэндийн зардал агаарын бохирдлын улмаас гарч байна гэсэн тооцооллыг профессор, доктор Риан Аллан болон “Мандал даатгал”-ын ахлах эрсдэлийн менежер нар гаргажээ. Үүнээс үзэхэд, нийслэлийн утаа улиг болж, нийтийн уушиг нүүрс болсныг тольдож болох нь.

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Mongolchuud bid oorsdoo buruutai hohirono shuu dee? nuurs tulehgui olon arga baina shuu dee? MAH avligachid ta naryg horloj baina shuu dee?
Nogoo hariuzlaga huleeh hun maani odoo hariuzlagaa huleehgui um baih daa.
odriin nislegeer niseh sanaatai. odor bol arai gaigui baih baihdaa. ta nar yu gej bodoj bna
Хамгийн их уншсан