Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын мэдэлд 260 гаруй мянган тонн буудай бий

Тариалалтын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ХХААХҮЯ-ны  Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай ярилцлаа.

-Хаврын тариалалтын үе тун удахгүй эхлэх нь. Тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна  вэ?
-Монголын газар тариалан их онцлогтой. Өөрөөр хэлбэл, эрс тэс уур амьсгалтай мөн хоёр жилд нэг удаа ургац хураадгаараа онцлог. Өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлэн энэ жилийн тариалалтын бэлтгэл ажлаа хангасан. 318 мянган га газарт нэлээд сайн чанарын уринш бэлтгэсэн.  Энэ жил 320 орчим мянган га газарт улаанбуудай, 10 гаруй  мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөөд байна. Үр тарианы үйлдвэрлэл 330 орчим мянган га-д эргэх байх гэсэн урьдчилсан төлөвлөлт хийсэн.
 -Тариалалт хэзээнээс эхлэх вэ?
-Тариалалтын хугацаа харилцан адилгүй. Газрын гадарга олон янз. Тэгэхээр тариалалт хийх уулын ар, өвөр гэхэд л өөр байх жишээтэй. Эрт сэрүү ордог нутгуудад  таван сарын эхний долоо хоногт тариалалт эхэлдэг. Ерөнхийдөө таван сарыг тариалалтын гэж хэлж болно. Харин хүнсний ногооны хувьд арай өөр онцлогтой. Цочир хүйтрэхээс өмнө үрсэлгээгээр тарьдаг ногоо бий. Үүнд байцаа, улаан лооль, өргөст хэмх гэх мэт орно. Эдгээр хүнсний ногоог шилжүүлж ил талбайд зургадугаар сарын эхний хоёр долоо хоногт багтаан гаргадаг.
-Тариаланчдын урамшуулал эзэндээ хүрэхгүй байна гэх шүүмжлэл гараад байгаа. Урамшууллаа бүгд авсан уу?
-Тариалангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Улсад тушаасан улаан буудайн хэмжээгээр урамшууллыг нь олгож байгаа.  Үүнийг жил болгон Засгийн газарт танилцуулж, тоо хэмжээг нь батлуулж, журмынхаа дагуу тариаланчдад урамшууллыг нь арванхоёрдугаар сар гэхэд 100 хувь олгодог. Ер нь, урамшуулал уу, худалдсан буудай юу гэдгийг л ялгах хэрэгтэй. Зарим аж ахуйн нэгж тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдахгүйгээр борлуулж өгөх хүсэлт гаргадаг юм. Өнөөх буудай нь 100 хувь борлогдоогүйгээс мөнгийг нь гэрээний дагуу олгоогүй тохиолдлууд байдаг. Урамшуулал бол албан ёсоор хуульчлагдсан төрийн дэмжлэг юм.
-Энэ жилийн хувьд ургац хэр авах бол?
-Цаг агаарын төлөв байдал гарсан байгаа. Өнгөрсөн жилүүдэд Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, Хурын шим төвтэй хамтарч үүлэнд зориудаар нөлөөлсөн. Жил болгон төлөвлөгөө гаргаж ажилладаг юм. Дан ганц хур бороо оруулахаас гадна гамшгаас хамгаалах, мөндрийн аюулыг багасгах чиглэлээр хамтарч ажиллахаар болсон.  Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил хэмжээний ургац авах болов уу гэсэн тооцоо бий. Гэхдээ ургац болон талбай хэмжээ харилцан адилгүй. Бидний зорилго дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний ургац хураан авах, үр нөөцлөх, илүү гарсныг нь тооцож үзээд шаардлагатай бол экспортолно гэсэн зорилго тавиад байгаа.
-Тариалалтад зориулж улсын төсвөөс хэдэн төгрөг төсөвлөөд байна вэ?
-Төр засгийн зүгээс ТЭДС-гаар дамжуулаад гурав, дөрвөн жил түлш зээлээр олгож байсан. Түлшээ олгоод эхэлсэн, компаниуд ч татаж байна. Хөнгөлөлттэй нөхцөл яаж бүрдээд байна вэ гэхээр 50 хувийн урьдчилгааг нь аваад, намар ургацаа хураасны дараа үлдсэн хувийг нь нөхөж төлөх боломжоор хангасан. Тариаланчид тариалалтын үрээ солих тохиолдол гардаг. Энэ тохиолдолд дээр дурдсан зарчмаар олгодог юм.
 -Газар тариалангийн салбар тоног төхөөрөмж техникийн тал дээр айлтгүй болсон гэж боддог. Одоо тулгарч буй хүндрэл бэрхшээл юу байна?
-Газар тариалан тодорхой хэмжээнд хөгжиж буй ч, хөл дээрээ бат зогсч чадаагүй л байна. Тиймээс цаашид хийх ажил маш их байгаа. Хөрсний үржил шимийн асуудал нэлээд тулгамдаж буй. Байгалийн хуулиар хөрснөөс хэдий чинээ үр шим хүртэнэ авна, төдий чинээгээр буцаан өгөх ёстой. Тэгж байж байгалийн хөрс 100 жил тогтвортой үйлдвэрлэл явуулах капитал болж өгдөг. Бид Дархан хотод “Таримлын сэлгээ” гэх асуудлыг хөрсний үржил шимтэй холбож онол практикийн хурал хийх гэж байна. Энэхүү хуралд эрдэмтэн, тариаланчид оролцох юм.
- Өнгөрсөн жилийн хураалтаар нөөцөнд үлдсэн хэчнээн тонн улаанбуудай байгаа вэ?
 -Гурилын үйлдвэрүүд үлдсэн буу¬дайг аван тээрэмдэж байгаа. Улсын тухайд 200 мянга орчим тонн улаанбуудайг ТЭДС авлагандаа авсан. Дээрээс нь 2010 оноос хойш хадгалсан 60 гаруй мянган тонн буудай бий. Тодруулбал, 260 орчим мянган тонн буудай улсын мэдэлд байна гэсэн үг. Үлдэж байгаа 200 орчим мянган тонныг гурилын болон тэжээлийн үйлдвэрүүд авсан. Гэхдээ хавар болж байгаа гээд улаанбуудайгаа хамаагүй зарж борлуулж болдоггүй. Учир нь  есөн сард ургацаа хураана, аравдугаар сард агуулахдаа хийж, арваннэгдүгээр сард үйлдвэрүүдэд хүргэнэ. Гурилын үйлдвэрүүд буудай боловсруулж гурил болгодог. Харин  бид энэ хугацаанд буудайтай байх ёстой.
-БНХАУ-д улаанбуудай экспортлох гэрээ байгууллаа гэж байсан. Хэчнээн тонн буудай экспортод гаргахаар болов?
-100 мянган тонн улаанбуудай экспортлох  гэрээ хийсэн. Экспортод гаргах нь амар зүйл биш. Бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Хятад улсад улаанбуудайн хэрэглээ маш өндөр байдаг. Энэ ч утгаараа цаашдаа манай хэрэгцээг хангаж чадах уу гэж Хятадын тал тавьсан. Манайд энэ талын үйлдвэрлэл хөгжиж байгаа учир цаашдаа хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа л даа.
-Хүнсний ногооны хувьд хэчнээн га газарт тариалахаар төлөвлөөд байна вэ?
-Энэ жил 8000 га газарт хүнсний ногоо тариална. Хүнсний ногооны хангамж өдгөө 63-70 хувьтай байгаа. Цаашдаа 100 хувь болгохын тулд ажиллах болно. 100 хувь болгохын тулд  техникийн шинэчлэл хийх, шаардлагатай боловсон хүчин бэлтгэх, хадгалах агуулах сав зэрэг бэлдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан