Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтын тэтгэврийн хуулиар нас эцэслэсэн гэр бүлийн хүнийхээ тэтгэврийг авахыг зохицуулна

УИХ-ын нэр бүхий найман гишүүн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилж өргөн барьсан. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нар сэтгүүлчдэд өгсөн юм.
Нийгэмд үүсч буй шинэ харилцаа, хүчин зүйл, нөхцөл байдалтай уялдуулж, хуулийн төслөө боловсруулсан байна. Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд ахмад настнууд, ахмад гэр бүлүүдэд тавих анхаарлыг дээшлүүлэх зорилгоор олон хуулийн төсөл санаачилж байгаа аж. Үүний эхнийх нь Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл. Ахмад гэр бүлийн аль нэг гишүүн нь түрүүлж хорвоог орхих нь сэтгэл санааны хүнд байдалд орох, орлого буурах зэрэг эрсдийг дагуулдаг.
Иймээс олон төрлийн тооцоо судалгаа хийж үзээд 10 ба түүнээс жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхөр нь нас барсан бол үлдсэнд  тэтгэвэрийг нь өгдөг болох юм байна. Өөрийнхөө тэтгэвэртэй хань ижлийнхээ авч байсан тэтгэврийг давхар авна гэсэн үг. Гэр бүлийнхээ хүний тэтгэврийн 50, 70, 100 хувийг авч болохоор хуулийн төслийг гурван хувилбараар боловсруулжээ. Эдийн засгийн нөлөөллийг судлаад уг хуулиас үүдэж ямар нэг зохиомол эрсдэл учрахгүй гэж үзэж. Хэрэв тухайн хүн амьд сэрүүн байсан бол авч байх ёстой тэтгэвэр учраас гэр бүлийн хүнд нь амьдрах хугацаанд нь давхар тэтгэвэр олгох аж. Хоёр ахмад хоёулаа нас барвал тэтгэвэр нь хамтдаа хаагдана. Насаараа тэтгэврийн даатгал төлж байгаад тэтгэвэрт гарсны дараа нас барсан тохиолдол цөөнгүй бий учраас иргэдээс маш их санал, гомдол ирдэг гэнэ. Ямар ч байсан эхний ээлжинд хамтын тэтгэвэрийн асуудлыг шийдэж, цаашлаад тэтгэврийн даатгалд нэлээд зохицуулалт хийх шаардлага байгаа учир үүгээр ажлаа эхлүүлж буйгаа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ дуулгалаа.
УИХ дахь эмэгтэй ги­шүү­дийн зөвлөл уг төс­лийг дэмжиж хамтран өр­гөн барьжээ. Тус зөвлө­лийн дарга УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Сонгино­хайрхан дүүрэгт гэхэд 20 мянга гаруй ахмад байдгаас 80 гаруй хувь нь 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэгэхээр хоёр ахмад маань нийтдээ 360 мянгын тэтгэвэр аваад өөрсдийгөө авч явахаас гадна зарим нь үр хүүхдээ ч тэжээдэг. Засгийн газраас цалин, тэтгэврийг хангалттай нэмж чадахгүй, тэр нь инфляцын төвшинд хүрч чадахгүй байгаа нөхцөлд үлдэж буй ахмадууддаа хувь нэмэр болохоор хуулийн төсөл” гэсэн юм.

Ингээд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Энэ хууль гарснаар тэтгэврийн даатгалын санд ямар нэг байдлаар ачаалал очих болов уу?
-Бид эрсдэлийг маш нарийн тооцож үзсэн. Дахиад ч судалгаа хийж байгаа. Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал их байх юм бол 50 хувиар, дунд зэрэг байвал 70 хувь, ачаалал үүсэхгүй гэж үзвэл 100 хувь байхаар оруулсан. Хүн амын насжилтын дундаж байдлыг авч үзвэл 2030 он хүртэл нэн таатай үе тохионо. Нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн амын тоо хамгийн өндөр төвшиндөө хүрэх магадлалтай. Тухайн иргэн амьд сэрүүн байсан бол тэтгэвэр авах л байсан шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хүн амьдрах хугацаандаа тэтгэврийг нь давхар авна.
-Хууль батлагдлаа гэхэд хэдэн хувиар тооцож олгох боломж одоогоор байгаа вэ?
-Хууль энэ онд батлагдлаа гэж бодоход 100 хувиар тооцож ч болно. Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр энэ онд авах тэтгэвэр тэтгэмжийн тооцоог одоо байгаа тоогоор хийж байна. Бууруулж, нэмэгдүүлж хий­сэн тооцоо судалгаа байхгүй. Монгол хүн амны билгээр гэдэг учир энэ онд тэдэн хүн нас барна гэдэг тооцоо хийдэггүй. Дараа онд шилжихдээ шинээр тэтгэвэр авч байгаа хүний тоо нь шилжээд явдаг.
-Хэлэлцүүлгийн явцад ч юм уу батлагдаагүй бай­хад ч хүн нас барж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бат­лагд­санаас хойш үйлчилж эхэлнэ гэсэн үг үү?
-Хууль хэрэгжүүлэх жур­мыг батлахдаа энэ тооцоог ярилцъя гэж байгаа. Тэдэн оноос хойш гэдэг ч юм уу зохицуулалт хийж өгч болно. Ердийн журмаар хууль батлагдаад явчихвал өнөөдөр ч хань ижил нь өнгөрчихсөн бол бас хамрагдаж чадахгүй байх талтай.
-10-аас дээш жил хамт амьдарсан гэдгийг тодруулбал?
-Хууль ёсоор батлуулсан гэр бүлийг энд хамруулна. Сүүлийн 10 жилд нэг хаяг дээр нэг гэрт хамт амьдарсан бол гэж хуульд тусгасан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан