Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.НЯМАА: МАНАЙ КОМПАНИ НҮҮРСЭЭ БОРЛУУЛАХ ЗАХ ЗЭЭЛГҮЙ СУУЖ БАЙНА

“Төгрөг нуур энержи” компанийн ерөнхий геологич В.Нямаатай Төгрөг  нуурын хүрэн нүүрсний бүлэг ордын талаар ярилцлаа.

-Монгол орны зүүн хэсэгт нүүрсний асар их нөөц бий гэдэг. Геологич хүний хувьд та юу гэж үзэж байна вэ?  
-Доод цэрдийн настай хүрэн нүүрс Багануураас Шивээ-Овоо хүртэлх нутагт бий. Энэ бүс нутгийг Чойр-Нялгын сав газар гэдэг. Өнөөгийн байдлаар энэ сав газрыг иж бүрэн судлаагүй юм. Төгрөг, Цайдам нуурын нүүрсний бүлэг ордууд ч үүнд багтдаг. Манай компани лицензийн талбайдаа  2005-2008 онд өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Хүрэн нүүрсний тогтоц нь чулуун нүүрснийхтэй адил нэгэн жигд тархдаггүй. Төв хэсгээсээ зах руугаа нимгэрсээр нимгэрсээр сүүл маягтай болоод шувтарч тогтдог. Энэ хэсгийг нь ашиглахад хэцүү. Маш олон чулууны үеэс нүүрсийг нь ялган авна гэдэг хүндрэлтэй байдаг. Яг ийм газарт нь манай лицензийн талбай бий.
-Уучлаарай. Төгрөг нуур стратегийн ордод багтах нөөцтэй гэдэг. Гэтэл уг орд дангаараа танай компанийн мэдэлд байдаг гэх юм. Үнэн үү?
-Манай компани “Төгрөг нуур энержи” гэдэг нэртэй болохоор хүмүүс Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордыг бүхэлд нь эзэмшиж байна гэж андуурдаг юм. Гэтэл энэ орд 20-30 км талбайг хамардаг, гурван тэрбум тонн нөөцтэй. Уг нөөцийг 1980-аад оны хайгуулаар таамаглан тооцсон. Энэ нөөцөөрөө  стратегийн ордын хоёр дахь жагсаалтад байдаг.  Гэвч өнөөдөр Төгрөг нуурын бүлэг ордыг олон компани хуваан эзэмшдэг юм. Тухайлбал,  манайхаас гадна “Төгрөг тал”, “ТНЭ”, “Монроспром уголь”, Тэгш сайхан”, “Цайдам нуур”, “Цэцэнс майнинг”, “Адамс майнинг”, “TCL” гээд бараг 14 компани лиценз эзэмшиж байна. Тэдний лицензийн талбай, нүүрсний нөөц нь янз бүр л дээ. Одоо хоёр л компани бага хэмжээний олборлолт хийж буй. Бусад нь эрэл хайгуулын шатандаа яваа. Мөн ямар нэг ажил хийгээгүй нь ч бий. Тэгэхээр Төгрөг нуурын бүлэг  ордын батлагдсан нийт нөөц тэд өд гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл, олон компани жижиг жижгээр нь хуваагаад авчихсан тул тогтоосон бүх нөөцийг нь нэгтгэн бодож л гаргана. Гэтэл зарим нь хайгуул хийгээд нөгөө хэсэг нь огт хийгээгүй болохоор нийт нөөцийг нь тооцох аргагүй. Манай компанийн лицензийн талбайг Тахилт гэдэг. Нийт 1000 га. Өөрөөр хэлбэл, 2-3 км талбай л манай эзэмшилд бий. Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордыг олон жижиг талбайд хуваасны л нэг хэсэг нь. Энэ талбайгаас нийт  68 сая тонн нүүрсний нөөц тогтоож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байна. Ийм нөөцтэй ордыг стратегийн жагсаалтад оруулдаг бол Монголын нүүрсний бүх орд түүнд багтана шүү дээ. Ер нь Төгрөг, Цайдам нуурын хүрэн нүүрсний бүлэг ордод нийт 10 орчим тэрбум тонн нүүрстэй гэсэн таамаг байдаг.  
-Нүүрсээ хааш нь борлуулж байна вэ. Чанар, илчлэг нь ямар байдаг юм бол. Нэг тонн нүүрснээс хэдий хэмжээний үнс гарах бол?
-Манай компани нүүрсээ тонн тонноор нь олборлоод зарж борлуулсан зүйл одоогоор алга. Гадаадад экспортлох боломж байхгүй. Учир нь, олон улсын зах зээлд манай нүүрстэй адил чанарын нэг тонн хүрэн нүүрсний үнэ 15 ам.доллар байгаа. Иймээс тээврийн зардлаа дийлэхгүй, ёстой нөгөө шатна гээч нь болно. Одоо нүүрс боловсруулах, баяжуулах, угаах, шингэрүүлэх үйлдвэрийн судалгаа шинжилгээ л хийж байна. Уурхайн гүн одоогоор 17 орчим метр байгаа. Цаашид 40 гаруй метр хүртэл ашиглах тооцоо гарсан. Нүүрсээ борлуулах зах зээлгүй тул их хэмжээгээр олборлоогүй. Тахилтын ордын нүүрсний илчлэг 2900-3200 ккал байдаг. Үнсжилт нь 19-24 хувь. Үнс их гардаг гэж хэлж болно.  Тухайлбал, түлэх нүүрсээ зуун хувь гэж бодоход 24 хувь нь үнс болно гэсэн үг. Бас хүхэр ихтэй. Манай улсын одоо мөрдөж буй стандартаар эрчим хүчний нүүрсэнд хүхрийн хэмжээ бага, илчлэг нь 3500 ккал-оос дээш байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин  манай ордын нүүрс 2800-3000 ккал учир дулааны цахилгаан станцууд шаардлага хангахгүй гээд авдаггүй юм.  
-Тэгвэл энэ нүүрсийг яаж ашиглах гарц байна вэ. Эсвэл шинэ техник технологи нэвтэртэл хав дараад сууна гэсэн үг үү?
-Баяжуулах, угаах үйлдвэр барьж байж нүүрсний чанараа дээшлүүлэх хэрэгтэй. Уурхайгаас гарах нүүрс  чийг ихтэй. Тэгэхээр нүүрсээ  заавал хуурайшуулж баяжуулах ёстой. Иймээс дагалдах хатаах, баяжуулах, боловсруулах үйлдвэр цогцоор нь барих учиртай юм. Нүүрс баяжуулна гэдэг өндөр зардал шаардсан ажил. Тиймээс бүтээгдэхүүн нь өндөр үнтэй гардаг. Хайгуулын ажил 2008 онд дууссанаас хойш үйлдвэрийн цогцолбороо барьж чадахгүй л байна. Яагаад гэвэл, чамгүй их хөрөнгө оруулалт шаардлагатай. Шивээ-Овоогийн уурхайн нүүрс бас л манайх шиг чийг ихтэй. Тэгээд нэлээд хөрөнгө зарж байж нүүрс хатаах конивер байгуулсан. Ер нь хатаах, баяжуулах үйлдвэрийн дамжлагаар ороод гарсан нүүрсний өртөг өндөр л гарна. Чойр-Нялгын сав газраас хүрэн нүүрс олборлоход бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх бас нэг хүчин зүйл бол ус шүүрүүлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, уурхайгаас ундарч буй усыг багасгаж  хиймэл нуур байгуулах ёстой. Энэ бүх ажлыг мөнгөөр л хийнэ шүү дээ. Тэгэхээр үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний зардал өсөлгүй яахав.     
-Таны яриад байгаа нүүрс боловсруулах цогц үйлдвэр байгууллаа гэхэд дэд бүтцийн хувьд ямар байх вэ?
-Дэд бүтэц байхгүй. Иймээс бүтээгдэхүүний өртөг өндөр гарах нэг шалтгаан болж буй. Эрчим хүч тээврийн асуудлаа шийдчихвэл Цайдам, Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордод лиценз эзэмшигч компаниуд бүтээгдэхүүнээ хямд үнээр зах зээлд нийлүүлэх бололцоотой болно. Төгрөг нуурын ордоос төв зам 45 км, төмөр замын хамгийн ойрын өртөө Мааньт. Энэ нь 65 км зайтай.  Нийслэлээс 180 км хол юм. Лиценз эзэмшигчид нийлээд дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн цогцолбороо байгуулах бололцоо хөрөнгө мөнгө үнэндээ алга. Дэд бүтэц байгуулахад төр бодлогоор дэмжиж хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна.
-Танай компани шахмал түлшний үйлдвэр байгуулсан. Хүчин чадал, зах зээлийн багтаамж,  худалдан авах чадамж нь ямар байна вэ?
-Нийслэлийн Засаг дарга Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй, борлуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэр  үеэс манай компани шахмал түлш үйлдвэрлэх болсон. Туршилтын журмаар байгуулсан үйлдвэрт маань нүүрс хийжүүлэгч гурав байдаг. Цаашид 30 хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөө бий. Хүчин чадлын хувьд нэг хийжүүлэгчид долоон тонн нүүрс ордог. Үүнээс 2.8 тонн хагас кокс гарна. Түүгээр шахмал түлш хийхэд гурван тонн болдог. Манай компанийн “Ноён бики” нэртэй шахмал түлш 10 кг-аар савлагдсан. Хүмүүс мод, нүүрснийхээ нийлэг шуудайг түлдэг, хог болоод хаягддаг болохоор нь цаасан уутанд савласан юм. Хэрэглэж үзсэн хүмүүс сайхан л юм даанч арай өндөр үнэтэй байна гэдэг. Үйлдвэрлэлийн бүхий л өртөг зардал шингэхээр өндөр үнэтэй байхаас аргагүй л дээ.  Өнөөдөр манай компани ийм л байдалтай сууж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан