Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурвын эсрэг нэг буюу Сочийн олимп амжилттай болж чадах уу


Манай хойд хөршийн Сочи хотноо болох өвлийн Олимпын тоглолт эхлэх өдөр ойртох тусам зохион байгуулагчдад ирэх элдэв дарамт шахалт улам бүр нэмэгдсээр. Энэ дарамтыг үзэл бодол, шашин шүтлэг, нийгмийн байр суурь, улс төрийн баримтлал гээд маш олон зүйлээр хоорондоо хэзээ ч таарахгүй гурван бүлэг хийж байгаа нь хамгийн хачирхалтай.

Эхнийх нь шашны хэнээтнүүд. Тэд христ, буддизм, бөө гээд бүгдийг үгүйсгэдэг, дагагчдыг нь үзэн яддаг, гэсгээн цээрлүүлдэг бөгөөд зөвхөн лалын шашны хамгийн явцуу хувилбарыг хүлээн зөвшөөрнө.  Бүгд дагахыг шаардана, дагаагүйг нь хэрцгийлэн устгана. Эмэгтэй хүн ямагт эр хүний өмгөөлөл хамгаалалт дор явах ёстой, өөр тавилангүй гэж хэлнэ. Айлын эхнэр ёс бус зан гаргасан гэж үзвэл нөхөр нь зодох эрхтэй гэдэгт огт эргэлздэггүй. Шашны магтаал биш л бол дуу хөгжим тоглох, интернэтэд холбогдох, зурагт, кино үзэх, ном уншихыг хориглоно. Ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харилцааны талаар бол яриад ч хэрэггүй. Харилцаанд орох нь бүү хэл эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүн амиа алддаг.

Дэлхий тэр аяараа, түүний дотор Кавказ лалын шашны ёсоор амьдардаг лалын хаант улс буюу халифат болох ёстой гэж номлосон шашны хэнээтнүүд, тэдэнд тархиа угаалгасан салан тусгаарлагчид.  Эдгээр нь Кавказ гэлтгүй Сири улсаас эхлээд Ливи, Ирак, Афганистан хүртэл “буруу номтнуудын” эсрэг тэмцэж байгаа лалын бүх явцуу үзэлтнүүд багтана.
Шашны хэнээтнүүдийн хувьд Сочийн Олимпын үеэр алан хядах ажиллагаа явуулна гэж дарамтлах, бо­дитоор явуулах нь нэгд өөрс­дийн сүр хүчийг ха­руулж байгаа хэрэг. Цөмийн зэвсгийн хүчээр дэлхийг хэдхэн минутад сөнөөх чадвартай ОХУ-ын бүх арми, тусгай албад яаж ч чадахгүй байна гэдгийг харуулж байгаа хэрэг болно. Нөгөө та­лаас алан хядах ажиллагаа явуулж чадвал Оросын нэр хүнд дэлхийн тавцанд навс унах бөгөөд 2018 оны Хөлбөмбөгийн дэл­хийн аварга шалгаруулах тэм­цээнийг Орост явуулах хэрэг байна уу гэсэн дараагийн асуудлыг гаргаж ирнэ.

Харин оросууд Олимпын тоглолтоо амжилттай явуулж чад­вал нэр хүндээ алдана, мөнгө, зэвсгээр тэтгэ­дэг спонсорууд нь нүүр буу­руулна. Цаашид алан хядах ажиллагаа явуулах сан­хүүгийн эх үүсвэргүй болно.
Удаах нь нийгмийн үзэл бодлын хэт явцуу урсгалын төлөөлөгчид. Эдний хувьд юуны ч хамаагүй эрхийг хамгаалах дуртай хүмүүс. Эд хэн дуртай нь юу дуртайгаа хийж болдог чөлөөт ертөнцөд амьдарч байна, үүнийг зөвшөөрөөгүй бол адгийн шаар болохоор бүх чадлаараа тэднийг эсэргүүцэн муулж, доромжилж, элдэв өнгөөр хэлэх ёстой гэдэг хэт либерал үзэлтнүүд. Эдний үзлийн хамгийн тод илрэл нь ижил хүйстнүүд хоорондын бэлгийн харилцаанд хандаж байгаа байдал. Дийлэнх нь нэгэн цагт одоогийн лалын хэт явцуу үзэлтнүүдээс дутахааргүй харгис хатуу авирладаг байсан Европ дахь христийн шашны хэнээтнүүдийн удам. Нэгэн цагт өвөг дээдэс нь Европт гомо, лесби, трансуудыг хайр найргүй тамлан зовоож, шатааж байсныхаа нүглийг наминчлахаар шийдэгсэд гэлтэй. Өнөөдөр өвөг дээдсийнхээ баримтлаж байснаас 180 градус эсрэг байр суурьтайгаар бараг л эрэгтэй хүн гомо биш л бол гомо харилцааг үзэн яддаг учраас тийм хүнийг элдвээр шахан гадуурхаж, хараан зүхэж, хорлож байх ёстой гэж номлодог. Санамсаргүй л үг алдсан хүн тэгээд л сүйрээ. “Фэйсбүүк”, “Твиттер” дэх хуудсанд нь элдэв хараал зүхэл үлдээж боомилохоос бүх зүйл эхэлнэ.

Цаашлаад, япон, солон­госчуудыг наймаалж амь­даар нь идлээ гэж уурлана, фермер, малчдыг идэш, ноос, ноолуурын төлөө хонь, үхэр, ямаа үржүүлэн зааз­лаж, ноос, ноолуурыг нь ашиглан эрхийг нь бүдүүлгээр зөрчлөө гэж уурлан эсэргүүцлийн хөдөл­гөөн өрнүүлнэ. Эрдэмтэд өвчин эмгэгээс сэргийлэх эм бүтээхийн тулд мэлхий, харх, ялаа, сармагчин дээр туршилт хийхийг эрс эсэргүүцэн үе үе дайралт хийж лабораторын амьт­дыг суллан тавьдаг. Тиймээс тун удахгүй монголчуудын хонь муулах арга туйлын хэрцгий боль гэсэн төсөл хэрэг­жүүлээд эхэлбэл гайхах зүйлгүй.

Тиймээс оросууд ижил хүйстнүүд хоорондын бэлгийг харилцааг насанд хүрэгчдэд сурталчлах хууль батална гэдэг санаанд нь багтамгүй зүйл. Ингэснээр хүүхдүүдийг хар багаасаа бэлгийн чиг хандлагаа бие даан сонгох эрхийг нь хасч байгаа хэрэг гэнэ. Тиймээс зарим хэт явцуу үзэлтнүүд нь Сочийн Олимпыг энэ хуулиас болж цуцлах ёстой гэсэн. Цуцлаж чадахгүй бол дан гомо, лесби нараас бүрдсэн олон зуун хүнтэй баг болж очоод тоглолтын үеэр элдэв янзын эсэргүүцлийн арга хэмжээ зохиож, тоглолт, уралдааныг тасалдуулан Орос дахь ижил хүйстнүүдийн асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг татах ёстой юм байх. Гэтэл Олимпын тоглолтын дүрмийн дагуу энэ тоглолт нь эв нэгдлийн бэлгэдэл болохоор улс төр, үзэл бодлоо ямар нэг байдлаар сурталчлахыг хо­риглодог нь тэдэнд ха­маагүй. Тэгэхээр Сочийн Олимп амжилттай болбол тэд дэлхий нийтэд гомдоно. Гурав дахь нь Оросыг дэлхийн хэмжээний хүчирхэг, нөлөөтэй гүрэн болохоос бол­­­гоомжлон эмээсэн өр­нөдийн улстөрчдийн бүлэг­­лэл. Эд нарын хувьд Оросыг чадаж болох бүх л зүйлийг дэмжинэ. Тэр чадаж болох зүйл нь лалын хэт явцуу үзэлтнийг дэмжигч байна уу эсвэл гомо, лесби нарыг дэм­жигч байна уу огт хамаагүй. Чадах боломж гараад чадаж л байвал болоо. Ялангуяа улс орноо илүү ардчилсан, чөлөөтэй болгохын төлөө тэмцдэг залуучууд, эрх баригчдын дунд газар авсан авлигыг шүүмжлэгчид гээд до­тоодын хүчин байвал бүр сайн.
Дээр нэр гарсан хоёр том хүчийг тэд чадварлагаар ашигладаг. Ер нь, зөвхөн Оросын эсрэг гэлтгүй өөрс­дийнх нь эрх ашигт нийцээгүй бүхний төлөө чадварлагаар ашигладаг гэж болно. Бүх зүйл нь ардчилал, хүний эрх, хувийн нууцын халдашгүй дархан байдал, хүйсийн ижил тэгш эрх гээд сонсоход гоё сайхан зүйлсийн багаар маш сайн халхлагдсан.

Тиймээс Сочийн тоглол­тын цогцолборуудыг барих үед их хэмжээниий мөнгө шамшигдуулж байна гэж шударгаар шүүмжилсэн хүмүүсийг сэм өлгөн авч, өөрсдөд нь мэдэгдэлгүй ашиглан дуулиан тарих нь энгийн хэрэг. Саяхан гэхэд л Ерөнхий сайд Медведев Сочийн ойролцоо нууцаар маш том харш бариулсан тухай ээлжит дуулианыг тараагаад амжсан. Энэ бол хамгийн энгийн дуулиан. Энэ мэт зүйлсийг сонссон эгэл жирийн оросууд “Энэ олимп гээч нь маньд ер нь ямар хэрэг байна аа?” гэсэн эргэлзээнд автаж, улмаар нэг өдөр Украйнд болж байгаатай адил бослого хөдөлгөөн дэгдээх ёстой гэсэн алсын төлөвлөгөөтэй.
Тиймээс боломж л гарвал нэр хүндийг нь унагах гэдэг. Өрнөдийн маш олон улстөрч Сочийн Олимпын тоглолтод очихгүй, эсэргүүцэж байна гэдгийн цаад шалтгаан нь энэ. Учир нь Оросууд Сочийн Олимпыг амжилттай явуулбал гаргасан асар их зардлаа нөхөх төдийгүй дэлхийн тавцанд алан хядлага, ижил хүйстнүүдийн харилцааг өмөөрөгч гэх мэт гадны шахалт дарамтанд сөхөрдөггүй зоригтой хүмүүс гэсэн үнэлгээ авна. Харин энэ бол байж боломгүй хэрэг.
Тэгэхээр гурвын эсрэг нэг буюу энд нэр гарсан гурван хүч ба спортыг дэмжигчид хоорондын тэмцэл юугаар төгсөхийг тааж хэлэхэд бэрх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан