Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.АЛТАНГЭРЭЛ: ЦЭЦ МАРГААН ҮҮСГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТААР ЦАГДАН ХОРИХ ЁСГҮЙ

Шүүгдэгч Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүргэж өгсөн юм. Тэрээр энэ дүгнэлтийн талаар мэдээлэл хийв. Түүнээс дараахь асуултад хариу авлаа.

-Сүхбаатар дүүргийн шүү­хэд ямар учиртай албан тоот хүргэж өгөв?
-Одоогоос 10 хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хуулийн 294 буюу “Цэргийн гэмт хэрэг” гэсэн зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгөөч гэж хандсан. Мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж албан тоот өгөөч гэж хүссэн. Үүний дагуу Үнд­сэн хуулийн цэцээс ал­бан тоот хүргүүлсэн. Ин­гэс­нээр Монгол Улсын Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлд заас­наар Цэц маргаан үүс­гэн хянан шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэргийг түдгэлзүүлдэг журамтай. Өөрөөр хэлбэл, ямар ч шүүх хурал, цагдан хорих ажил­лагаа байхгүй, учраас энэ цаг мөчөөс эхлээд шууд түдгэлзэнэ гэсэн үг. Хүсэлтийг шийдвэрлэх журмыг ЭБШХ-ийн 104 дүгээр зүйлд “Боломжтой бол хүсэлтийг нэн даруй шийдвэрлэх боломжтой” гэж заасан байгаа. Миний хувьд үүнийг боломжтой гэж үзэж байна. 14:10 цагт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд авчирч өглөө. Энэ цагаас эхлээд цагдан хорих ажиллагааг өөрчилж өгөөч гэсэн хүсэлт гаргалаа. Шүүх хуулийг биелүүлэх байх гэж найдаж байна. Шүүх хуулийг биелүүл гэж шаарддаг. Үүнийг би зөв гэж хардаг. Тиймээс Монгол Улсын шүүх хэн нэгний хараан дор улстөрчийн халаасанд бус хуулийг хэрхэн биелүүлдгээ харуулах цаг боллоо.
-Тэгэхээр цагдан хорих нь энэ цаг мөчөөс эхлээд хүчингүй болж байгаа гэж ойлгож болох уу?
-Түдгэлзүүлэх ёстой. Яагаад гэвэл хуульд тэгж заасан байгаа. Тухайлбал, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх гэж байгаа хууль Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэгдсэн бол хэргийг түдгэлзүүлнэ гэсэн заалт бий.
-Таны хүсэлтийг ямар хуга­цаанд шийдвэрлэж өгөх бол?
-Бичиг хэргээр дамжуулаад өг гэсэн. Бичиг хэрэгт нь хүлээлгэж өглөө. Шийдвэр гартал эндээ хүлээх болно. Сайн муу ч гэсэн цагаан дээр хараар бичсэн Мон­гол Улсын хууль болохоор шүүх, улстөрчид нь ч биелүүлэх ёстой.
-Г.Ганбаатар даргын хэр­гийг тусгаарлаж шүүхээр бол­сон. Тэгэхээр энэ асуудал хамаарах уу?
-Яг адилхан 294 дүгээр зүй­лээр ял тулгаж байгаа учраас хамаарах учиртай.
-Маргааш /өнөөдөр/ шүүх хурал болохгүй гэсэн үг үү?
-Хурал болохгүй байх гэж бо­­дож байна. Яагаад гэхээр Цэ­цэд маргаан үүсгэснээс хой­­ших ажиллагаа хууль бу­сад тооцогдоно. Маргааныг шийд­вэрлэж байгаа нь үнэн гэсэн хариуг өнөөдөр өгсөн. Миний хувьд энэ асуудлаас болоод цаг­даа, шүүх, эмнэлгийн байгуул­лагын дунд үл ойлголцох маргаан үүсээд байгаа учир хариу өгөөч гэж Цэцэд хандсан.
-Ч.Амарболд генералын бие муу байгаа тухай мэдээлэл гарсан. Та уулзаж амжсан уу?
-Би өчигдөр /уржигдар/ хаал­ганы цаанаас л уулзсан. Эмч нар нь намайг оруулаагүй.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очирт үүрэг даал­гавар өгсөн байгаа. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ер нь, шүүхийн шийдвэр хэ­рэг­жих ёстой. Шүүгчийн амь нас, эрүүл мэндэд хэн ч заналхийлэх ёсгүй гэдэгтэй 100 хувь санал нийлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан