Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Даваажаргал: Хятадууд яаж ч хуулбарласан Монгол хийц ялгардаг


“Ган нүүдэлчин урлал” компанийн уран дархан, сийлбэрчин, Соёлын тэргүүний ажилтан Э.Даваажаргалтай ажлын байранд нь очиж ярилцлаа.
Залуу уран бүтээлчид нэгдэн Монгол дарханы урлалыг түүчээлж, бизнес хөөж бус бүтээл төрүүлэхээр ажиллаж байгаа нь бахдалтай санагдсан юм.


-Урлан гэх үү, үйлдвэр гэх үү ажлын байранд тань үйлдвэрлэл ид өрнөж байна. Хамт олноо танилцуулахгүй юу?
-Манайд урчууд олон бий. Яг дарханы чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэвэл би. Бусад нь сийлбэрчин, барималчин, тайзны зураач гэсэн мэргэжилтэй хүмүүс. Манайхаас гурван Соёлын тэргүүний ажилтан төрсөн, ийм л амжилттай хамт олон байна даа.
Бид аливаа хийж буй зүйлээ урлагийн бүтээл болгох тал дээр нь их анхаардаг. Зарим дархан Дарьганга хийц, Батноров хийц гээд л дуурайлгаж хийдэг. Тэгж хийснээр амархан борлогдож үнэд хүрч болох ч бид тийм зүйл хийдэггүй. Аль болох шинэлэг шийдэл гаргахыг хичээдэг.

-Гэхдээ компани л юм хойно ажилчдаа цалинжуулахаас эхлээд бизнесийн зам руу хүссэн хүсээгүй орно шүү дээ...?
-Компани гэх юм бол бидэнд олон өрсөлдөгч байна. Бид ч гэсэн тэдэн шиг үйлдвэр маягаар ажиллаж болно. Гэхдээ яагаад тийм замаас зайлсхийгээд байна гэхээр бид уран бүтээлч хүмүүс учраас. Уран бүтээлч хүн юу хийх ёстой гэдгийг л харуулах зорилготой ажилладаг.
Үүнийг маань ойлгож мэдэрсэн хүмүүс бидэнд хандаад захиалгаар хүссэн зүйлээ хийлгэдэг болсон. Мөн бүтээлээ худалдаалах зах зээлээ тэлж, урд хойд хөрш рүү гаргана. Одоо АНУ, Франц руу гаргаж байна. Жижиг сувинерээр хөөцөлдөөд явбал Монголд зах зээл байна. Гэтэл 100 сая төгрөгийн өртөгөөр бүтсэн шатрыг худалдаад авах хүн манайд цөөн.

-Хүмүүс монгол дархны урлалыг Дарьганга хийц, Батноров хийц гээд л эртнээс уламжилж ирснийг нь хамгийн сайн гэсэн ойлголттой байдаг. Шинэ хийцийг хүлээж авахдаа хэр бэ?
-Эртний хийцүүдтэй маргах юмгүй үнэхээр агуу. Мундаг дархчуудын танигдсан хийцийн хажууд бидний хийж байгаа зүйл танигдах болоогүй байна л даа.

-Одоо хүртэл Дарьганга хийцийн бүтээл төрөөд л байна. Гэхдээ яг ном журмынхаа дагуу хийгдэж буй эд байдаг юм болов уу?
-Дархны ухаан нэг л арга замаар хийгддэг. Гэхдээ тухайн дархан хийж байгаа зүйлдээ ур ухаанаа шингээнэ гэж нэг өөр зүйл байна. Түүх бол түүх. Түүх давтагддаггүй биз дээ.

-Эмээлийн тоноглол гэхээр л нэг тогтсон загвар байдаг шүү дээ. Уран бүтээл хийнэ гэж ярьж байгааг тань сонсоход тэр тогтсон загварыг эвдэнэ гэж ойлгогдож байна?
-Баавар гэхээр л яагаад энгийн хийцтэй байх ёстой гэж. Хэрэглэгдэх утгаа л алдахгүй бол ямар ч хийцтэй байж болно.

-Мөнгө, ган гээд металлаар бүтээл урлаж байгаа харагдсан. Яг ямар дарааллаар бүтээлүүдээ хийж байна?
-Манай хамт олон ямар нэг зүйл хийхээсээ өмнө тойрч суугаад загвараа ярилцаад гаргадаг. Дараа нь эх бэлтгэлээ хийгээд, түүнээсээ хэвээ гаргана. Бүх зүйл хамтын ажиллагаагаар л бүтдэг.

-Гангаар бүтээл хийх хамгийн хэцүү байх. Хатуу металл шүү дээ?
-Манайх гар урлалын бүтээлийг юугаар хийж болохоор байна, тэр бүгдээр л хийдэг. Ган дотроо олон төрөл. Гэхдээ хийх зарчим нь адилхан. Дархан гангаа ямар аргаар яаж боловсруулж байгаагаас л хамаарна. Дархны ажил бол цаг хугацаагаар хэмжигдэхгүй. Сайн бүтээл хийхэд их хугацаа орно.

-Дээр үед монголчууд өдөр тутамдаа мөнгөн аяга, халбага хэрэглээд л ахуйн хэрэглээ байсан бол одоо бэл бэнчин гэж харагдах болжээ. Мөнгөн эдлэлийг ямар хүмүүс голчлон захиалж байна?
-Бүх л давхаргын боломжтой хүмүүс захиалдаг.

-Ийм утгаар асуугаагүй юм л даа. Тухайлбал би гэхэд мөнгөн аягатай болъё гэж бодвол шууд л дэлгүүрээс худалдаад авчихна. Гэтэл ямар хүмүүс худалдаж авахын оронд захиалж хийлгээд байгааг л мэдэх гэсэн хэрэг?
-Насаараа хэрэглэх эдтэй болъё гэсэн хүмүүс захиалж хийлгэдэг. Гар урлалаар хийсэн зүйл дахин давтагдашгүй. Тухайн хүндээ л зориулагдан хийдгээрээ онцлогтой. Үйлдвэрүүдийн хийсэн, худалдаанд байдаг аяга бол хямд төсөр аргаар бүтээсэн, ашиг олох зориулалттай, эдэлгээ даах чадвар нь муу. Худалдааны аягыг сайн эдэллээ гэхэд л гурван жил барина. Дахиад аяга авна. Ингэж байхаар тэр олон аяга авах мөнгөөрөө ганцхан удаа чанартай сайн хийлгэчихвэл хэдэн үеэрээ хэрэглэнэ. Гар урлалын онцлог ердөө л энэ.

-Дарьганга хийц гэдэг шиг магадгүй олон жилийн дараа уран дархан Даваажаргалын хийц гэж алдаршихыг үгүйсгэхгүй. Дархан хүн бүрийн туйлын хүсэл энэ байх л даа. Тийм ч учраас бүтээлдээ өөрийн гэсэн онцлогийг шингээдэг. Таны хувьд өөрийн тань үнэртэй бүтээл хэр төрөн гарсан бэ?
-Мэдээж уран бүтээлч хүн бүрийн хүсэл. Миний гэсэн үнэр одоохондоо алга. Яагаад гэвэл би залуу уран бүтээлч. Суралцаж л байна. Олон жилийн дараа магадгүй ард түмэнд танигдаж, яригдахыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ минийх гэж өмчлөөд ирэхээр түүндээ баригдаад, хөгждөггүй болчихдог юм шиг.

-Асар их чулууны баялагтай мөртлөө хөөрөг хийх чулуугаа гадаадаас зөөдөг. Мөнгөө хаанаас зөөж байна?
-Солонгосоос ний­лүү­лэгчтэй.

-Мөнгөн эдлэлийн чанар муудаж байна гэж ярих юм?
-Стандарт сорьц тогтоочихсон байдаг. 999 сорьц бол цагаан мөнгө. Түүнийг эдэлгээнд оруулахын тулд бид өөрсдөө зэс, гуулиар баяжуулаад 969, 925 сорьцтой болгож хатууруулдаг. Гэтэл ашиг олох гэсэн нөхдүүд бүр илүү баяжуулчихдаг байж болох.

-Дархчууд хоорондоо их өрсөлдөөнтэй байдгаас нэгдэл муутай юм шиг харагддаг. Ингэхээр Мон­гол уран дархны хөгж­лийн хурд саараад байгаа юм шиг харагдах юм?
-Өрсөлдөөн их. Монголчууд чинь тамын тогооноосоо гарч чадахгүй байсаар өдийг хүрлээ. Нэг нь арай дээр юм хийхээр түүнийг муулдаг үзлээрээ цааш явбал Монголын уран дархан хөгжихгүй л дээ. Залуу гарч ирж байгаа уран бүтээлчдээ дэмжиж өгмөөр байна. 60 настай, үнэхээр хэн ч маргахын аргагүй мундаг дархан чадвараа аваад үхэхгүйгээс л хойш шавиа бэлдэх хэрэгтэй биз дээ. Одоо бол холбоо, нэгдэл гэсэн юм байхгүй.

-Бүтээл хийхээс гадна уламжлагдан ирсэн хуучны үнэт бүтээлийг сэргээдэг үү?
-Эхлээд үзнэ. Эртнээс өв уламжлаад ирсэн зүйлийг бид шууд аваад, хамаагүй гар хүрч болохгүй.

-ССАЖЯ гээд шинээр байгуулагдаад музейнүүддээ анхаарал тавиад ирсэн чинь сан хөмрөгтөө үзмэрийнхээ бараг 90 хувийг хадгалчихсан байдаг юм байна. Түүнийг нь сэргээх хүнгүй учраас тэр гэнэ л дээ. Энэ үйл явдлыг санаж дээрх асуултыг асуулаа?
-Үнэхээр мундаг чадвартай уран дархчууд олон бий. Музейн ажилчид үзмэрээ сэргээн засварлуулъя гэж хандаагүй байх. Манай монголчуудад эртний эдлэлээ сайхан хадгалж хамгаалах зан байхгүй. Сайхан хийцийн эртний эдлэлүүд одоо бол цөөн л үлдсэн байх. Хоёр жилийн өмнө Хятадад үзэсгэлэнд оролцоод явж байхдаа Бээжинд эртний эдлэлийн дэлгүүрээр орж үзсэн. Эзэнтэй нь уулзахад дэлхийд эхний тавд багтахаар цуглуулгатай гэж байна лээ. Тэр дэлгүүрийн лого дээр Занабазарын хийцийн Ногоон дарь эхийг дүрслээд дор нь Хятад ханзаараа “Тэнгэрийн доорх бүгдийг нэг дор” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Эзэн нь “Монголд Занабазарын хийцийн эртний эдлэл бараг байхгүй байх даа. Бүгд манайд бий” гэж байна лээ. Өөрөө удахгүй Сингапурт эртний эдлэлийн хамгийн том үзэсгэлэнг дэлгэнэ гэсэн. Би чинь уран дархны мэргэжил эзэмшсэн хүн шүү дээ. Гэтэл тэр дэлгүүрт миний мэддэггүй бүтээл хүртэл байсан. 13 дугаар зуунд бүтээсэн Чингис хаан, түүний есөн өрлөгийн хөрөгтэй, наадмын сэдэвтэй 1.5 тонн хүрэл цутгуурыг хараад гайхсан. Өнөөдөр магадгүй Занабазар хийцийн бурхан манай музейд хэд байна гээд хайвал жинхэнэ хийц нь байгаа болов уу даа л гэж бодож байна. Тэнд бүгд байна лээ.

-Байгаагаа мөн л гэдэг шүү дээ...?
-Тэр хүнтэй уулзаад ярихад байхгүй л гэж байна лээ.

-Хөөрөг гэхэд л саяхны бүтээл эртний эдлэл болчих нь энүүхэнд гэлцэх юм. Мэдэх мэдэхгүй хүний гар дамжсаар. Мөнгөн эдлэл тийм болох тохиолдол байдаг уу?
-Байна. Яг л адилхан. Хүмүүс юмыг хуучруулахдаа мундаг мэргэшиждээ. Яаж хуучруулдаг юм бүү мэд.

-Хуучрахаараа үнэд орчихдог...?
-Хүмүүс тийм ташаа ойлголттой байдаг. Хийцээс эхлээд харах зүйл байна. Урд хөрш маань л гэхэд агуу хуулбарладаг улс. Яахав хүн амыг нь харьцуулахад асар их зөрүүтэй учраас тэд биднийг дуурайж, хоолоо олж идэг л дээ. Тэднийг буруутгах аргагүй. Тэд яаж ч хуулбарласан Монгол хийц ялгардаг л байхгүй юү.
 
-Аливаа мэргэжлийг их сургуульд эзэмшихээс гадна амьдрал дээр суралцахад заавал нэг багш байдаг. Ялангуяа урчууд. Таны багш ямар хүн байна?
-Миний төрсөн ах, сийлбэрчин, Соёлын тэргүүний ажилтан Ган-Эрдэнэ гэж хүн байгаа. Түүнийг дагаад сурахын хажуугаар сийлбэр хийдэг байсан. Би сүүлийн долоон жил л өөрийн мэргэжлээр уран дархны ажлаа хийж байна. Ахын маань багш мөн Соёлын тэргүүний ажилтан Энхтайван гэж хүн бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан