Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтан овоо, Шилийн Богдыг зорихгүй байхыг анхааруулав


Сүхбаатар аймгийн Онгон сумын зарим малчны хотонд шүлхий өвчин гарсан талаарх мэдээ энэ сарын 27-нд гарч, аймгийн мал эмнэлгийн газрынхан газар дээр нь очиж үзлэг шинжилгээ хийн, шүлхийгээр өвчилсөн 82 үхрийг устгалд оруулжээ. Хамгийн гол нь сар шинийн хөл хөдөлгөөн ихтэй өдрүүдэд малын гоц халдварт өвчин гарсан учраас холбогдох алба, хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй гэнэ.  Одоогоор амралтаараа гэртээ ирсэн оюутан сурагчдыг ариутгасан машинд суулган буцааж байгаа ч, суурин иргэдээс бусад хүнийг Онгон, Наран, Дарьганга сумын нутагт оруулахгүй хөл хорио тогтоогоод байгаа аж.

Шүлхий бол малын гоц халдварт өвчин бөгөөд салаа туурайтан буюу үхэр, хонь, гахайнд вирус нь түргэн тархдаг. Гадаад орчинд тэсвэртэй түргэн тархдаг учраас голомтын вирустэй гэсэн бүх малыг заазлахад хүрдэг. Маш олон айл өрхийг амьжиргааны  эх үүсвэрээс нь салгаж улсад ихээхэн хэмжээний хохирол учруулдаг төдийгүй хүнд халдварласан ч тохиолдол байдаг юм байна.
Малын аманд цэврүү гарч, туурай нь хуурч унадаг гээд энэхүү халдварт өвчний талаар улиглан бичихийн учир нь гол дамжуулагч нь хүн бид байдаг гэдгийг анхааруулах гэснийх. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар шүлхий өвчний вирусын дамжуулж халдварласан тохиолдлын 40 гаруй хувьд нь хүний үйл ажиллагаанаас шалтгаасан байдаг аж. Шүлхийн вирус нь хүний хувцас хэрэглэлд гурван долоо хоногийн турш амьдрах чадвартай учраас энэ хугацаанд олон амьтанд тараан халдварлуулж болзошгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй нь.

Учир нь энэ удаад шүлхий өвчин дотоодын аялал жуулчлалын гол бүс болсон Сүхбаатар аймагт гарсан гэдгийг санах хэрэгтэй. Монголчууд бид газар усаа тахин шүтэж Шинийн наймандаа багтан Алтан овоо, Шилийн Богд ууландаа гарч хийморь лундаагаа сэргээн, тухайн жилийнхээ өнгө юуг даатгадаг хэмээх нэгэн уламжлал бий. Энэхүү уламжлалд түшиглэн дотоодын аялал жуулчлалын компаниуд ч эдгээр өдрүүдэд аялал санал болгодог билээ.

Тэгвэл энэ жилийн хувьд асар их хэмжээний хохирол учруулж болзошгүй аюултай халдварт өвчин гарсан гэдгийг бодолцон Алтан овоо, Шилийн Богд хайрханыг зорихгүй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байгааг анхаарах хэрэгтэй болов уу. Тус газраас ирүүлсэн сэрэмжлүүлэгт халдварын голомтод шүлхий өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх ажлыг заавар, журмын дагуу ажиллаж байгаа ч халдварын тархалт тэлэх хандлагатай байгаа тул гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Иймд Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт энэ сарын 3-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоосон.

Өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, хязгаарлах зорилгоор  Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэж дээрх чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн,
-Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоонд/ арга хэмжээг цуцлах,
-Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах,
-Аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах,
-Халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоох ажлыг энэ сарын эхний 10 хоногт дуусгах,
-Өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтыг эрчим­жүүлэх,
-Халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох,
-Шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан