Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.ОТГОНЦЭЦЭГ: СУРАГЧИЙН ӨРГӨДЛИЙГ 23-НЫГ ХҮРТЭЛ АВНА

Энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсч, их дээд сур­гуульд элсэн орох хүүхдүүд хоёр сарын өмнөөс элсэлтийн ерөн­хий шалгалтдаа бүртгүүлж эхэл­сэн. Хэдийгээр бүртгэл эхэлс­эн ч шалгуулагчид хойрго хандаж байсан юм. Харин сүүлийн хэд хоног Боловсролын үнэлгээ­ний төвийнхөн ажлын цагаа сунган 20:00 цаг хүр­тэл ажилласны үр дүнд шалгуу­лагчид хугацаандаа амжиж бүрт­гүүлж чадлаа. Өчиг­дөр 16:20 минутын үед Боловс­ролын үнэлгээний төвийн хэв­лэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгон­цэцэгтэй холбогдоход “Одоогоор 42700 шалгуулагч бүрт­­гүүл­сэн байна” гэдэг мэдээ­л­эл өгөв. Хэлсэн ёсоороо БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлээ өчигдөр 18:00 цагт орон даяар автоматаар зогсоосон. Элсэгч­дийн хувьд цагт нь тулгаж бүрт­гүүлдэг  зан энэ удаад мөн л давтагдаж мэр сэр хоцорсон хүүхэд ч байв. Тэгэхээр энэ жил бүртгүүлж амжаагүй хүүхдүүд ирэх жилийг хүлээх нь. Ингээд зарим зүйлийг БҮТ-ийн хэвлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Отгон­цэцэгээс тодрууллаа.



-Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 45 мянган хүүхэд бүрт­гүүлнэ гэсэн тооцоо гарсан. Бүрт­гэл дуусахад цагийн зай байна. Таны хэлснээр бол 2000 хүүхэд лав дутуу байна?
-Хэдхэн хоногийн өмнө 30 га­руй мянган хүүхэд бүртгүүлсэн бай­сан. Сүүлийн хэд хоног үнэхээр ачаалалтай ажил­лалаа. Өдөрт хоёр, гурван мян­гаараа бүртгүүлж байсан. Одоогийн байдлаар 43 мянган хүүхэд бүртгүүл­жээ. Цагийн дотор хэд болж нэмэгдэ­хийг хэлж мэдэхгүй. Бид нэмэлт бүртгэл хийхгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн.
-Хувийн мэдээллээ буруу оруул­­­сан хүүхдүүдийн материа­лыг өр­гөдлийнх нь  дагуу засдаг. Хэч­нээн хүүхэд өргөдөл гаргасан бол?
-Одоогоор тоог нь хэлэх боломж алга. Сурагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23-ныг хүртэл хүлээн авч шийдвэрлэнэ.
-Элсэгчид шалгалтад орохын өмнө суудлын хуваарилалт бүхий шар хуудас авах ёстой. Хэзээнээс тарааж эхлэх вэ?
-Энэ онд ЕБС төгсч буй хүүхдүүд шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг ба­талгаажуулсан шар өнгийн хуудсаа шалгалт эхлэхээс өмнө харьяа Боловс­рол, соёлын газраар дам­жуу­лан сургуулиараа хүлээн авч шалгалтад орох юм. Улаанбаатар хотын харьяалалтай ЕБС-аа өмнөх онд төгссөн шалгуулагчид сууд­лын хуваариа БҮТ-ийн заагдсан газраас зургадугаар сарын 2-6-ны хооронд авна. Харин хөдөө орон нутгийнх бол суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар  болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авах юм.
-Шалгуулагчид шалгалтад орох­­доо ямар материал бүрдүү­лэх ёстой талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бүртгэлийн хуудас /баталгаа­жуулсан байх/, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг авч ирэх ёстой. Мөн иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2012 оны зургадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар батал­гаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад орохдоо авч ирнэ.
-Гадаадад сургууль төгссөн сурагчид яах билээ?
-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагч БСШУЯ-аар батал­гаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтад орно. Энэ дашрамд ЭЕШ орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зургадугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд  явагдах байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан