Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэт их утаа нь оюун ухаан хөгжих боломжгүй болгодог


Энэ удаад дэлхийн хэмжээний доктор, профессорууд дэлхийн хэмжээний утаатай “тулж” харьцсан судалгааны үр дүнгээ танилцууллаа. Тэд утаатай Улаанбаатар дэлхийд хамгийн их бохирдолтой хотын хоёрдугаарт жагсч байгааг онцлов. Нийслэлийн утааны хорт агууламж дээд цэгтээ хүрч, хүн амын эмгэг өвчлөлийн эх үүсвэр болж байгааг ч буруушааж байна. Тухайлбал, утаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт гарч байгаа дэвшлүүд хэрэгжихгүй буюу төрөл бүрийн өвчнүүд нэмж илрэх, уушгины үрэвсэл, сүрьеэ, эмэгтэйчүүдийн нүдний болор цайх эмгэг, зүрхний өвчин, төрөлхийн эмгэгтэй төрөх хүүхдийн тоо даруй олширсон гэдгийг цохон тэмдэглэв. Харин Засгийн газрын зүгээс утаатай тэмцэж байгаа ажлууд энэ чигээрээ үргэлжилбэл хэзээ ч “Утаагүй Улаанбаатар” болохгүй гэнэ.

Энэ тухай асуудлыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт, дэлхийн орчны эрүүл мэндийн эрдэмтэн Кирк Р.Смит Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (ЭМШУИС) дээр анагаах ухааны оюутан, судлаач, эрдэмтдэд зориулан лекц унших үеэрээ хэлсэн юм. Тэрбээр бусад эрдэмтний хамтаар “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооны гурав болон дөрөвдүгээр үнэлгээ”-нд оролцож, судалгаа, шинжилгээ хийсний үндсэнд 2007 онд Нобелийн Энхийн үйлстэн шагнал хүртсэн юм. Түүнчлэн 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалж, 230 орчим нийтлэл, долоон ном бичжээ. Харин найман жилийн өмнө агаарын бохирдол хүний урагт хэрхэн нөлөөлж болохыг судлахаар туршилт явуулсан байна. Тодруулбал, Гватемалын тосгонд амьдардаг жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлын микро схемтэй чип төхөөрөмжийг суулгажээ. Харин хүүхэд төрсний найман жилийн дараа хүүхдийг бүрэн шинжилгээнд хамруулахад хүүхдийн ой тогтоох чадвар нь муу, аливааг удаан хугацаанд ойлгодог болсон нь ажиглагджээ. Нүүрс түлдэггүй нөхцөлд амьдардаг хүүхэдтэй харьцуулахад муу үр дүн авчирсан учраас дээрх судалгааг цаашид ч үргэлжлүүлэх юм байна. Мөн Хятадын Бээжин, Энэтхэгийн Дели зэрэг хотын агаарын бохирдолд бусад хотын агаарын бохирдол нийлдэг нь шийдэхэд хүндрэлтэй асуудал болдог байна. Харин манай улсын хувьд нийт агаарын бохирдлын 70 орчим хувийг гэр хорооллын яндангийн утаа эзэлдэг учраас гол эх үүсвэр рүү чиглэсэн арга хэмжээ авбал шийдэхэд тийм ч хүнд асуудал биш гэнэ.

Дээрх асуудлын хүрээнд Анагаах ухааны доктор, профессор ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатартай ярилцлаа.

Хэвийн хэмжээнээс 20 дахин бохирдолтой орчинд амьдарч байна    

-Энэ удаагийн хамтарсан судалгааны талаар тодруулахгүй юу?
-2012 онд БОНХЯ-ны захиалгаар “Цэвэр агаар” сангийн санхүүжилтээр судалгааны тендер зарлагдсан. Энэ тендерт ЭМШУИС болон АНУ-ын Калифорнийн их сургууль оролцож, хамтран судалгаа хийхээр болсон. Энэ удаад судалгааны эхний үр дүнг танилцуулж байна. Нобелийн шагналт эрдэмтэнтэй хамтран ажиллаж үр дүнгээ хуваалцаж байгаад бид бүхэн баяртай байгаа. Өөрөөр хэлбэл, бусад улс орон манай судлаачдыг болон сургуулийн судалгааны арга зүй, судалгааны түвшин тодорхой хэмжээнд хүрснийг илтгэж байгаа нэг том үзүүлэлт гэж харж болно. Хоёрдугаарт, Нобелийн шагналтан манай сургуульд хүрэлцэн ирж, судалгааны үр дүнг танилцуулан багш нарт лекц уншиж байгаа нь бид тэднээс суралцах маш том боломж. Харин агаарын бохирдлын тухайд маш олон зүйлийг ярих учиртай болдог. Үндсэн хуульд “Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж тунхагласан байдаг. Энэ том тунхаглал үнэндээ өнөөдөр гамшгийн байдалд байна. Гэтэл агаарын бохирдлын тухай үг, өгүүлбэр “Гамшгаас хамгаалах тухай” хуульд тусгагдаагүй. Тоо баримт дурдвал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гаргасан стандартаар 1м3 агаарт 10мк/гр (микро грамм ) тоосжилт байвал үүнийг хэвийн гэж үздэг. АНУ-д 12, ОХУ-д 15, Хятадад 35 байдаг бол Монголд энэ тоо 200 мк/гр даваад байна. Тэгэхээр ДЭМБ-ын гаргасан эрүүл гэж үздэг тэр орчноос бид 20 дахин бохирдолтой орчинд амьдарч байна. Эд хөрөнгөө алдвал багийг алдсанд, нэр төрөө алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэж үг бий. Тэгэхээр бид бүгдийг алдахад тун ойрхон байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэдгийг хүн бүр ойлгох ёстой.

-Судалгааны баг ямар үр дүнд хүрсэн бэ. Цаашдаа утааг арилгах ажилд өөрчлөлт орохгүй бол иргэдийн дунд ямар өвчлөлт давамгайлах бол?
-Манай судалгааны баг үндсэн таван өвчлөлд тулгуурлан судалгаа хийсэн. Хэрвээ утаа хэвээрээ байвал 2025 он гэхэд бид ямар зүйлд хүрч болох вэ гэдэг урьдчилсан судалгаа гаргасан. Дээрээс нь, агаарын бохирдлыг бууруулах, түүнийг хянах гурван хувилбарыг дэвшүүлж гаргасан. Уулзалтад БОНХЯ, “Цэвэр агаар” сан, Улаанбаатар хотын захирагчийн алба, БШУЯ,ЭМЯ зэрэг газраас шийдвэр гаргах түвшнийхэн буюу бодлого тодорхойлогчид ирсэн учраас энэ үеэр дээрх гурван хувилбарыг танилцуулна. Судалгааны үр дүн агаарын бохирдлыг бууруулахад шийдвэртэй нөлөө үзүүлэх байх гэж бодож байна. Харин бидний дэвшүүлсэн хувилбаруудаас хамгийн боломжит нь гэр хорооллын айлуудын мод, нүүрс түлдэг байдлыг өөрчилж, халаалтын асуудлыг хийгээр солих явдал юм. Өнөөдрийн байдлаар нийт агааржилтын 60-70 хувийг нүүрсний утаа эзэлдэг бол автомашины утаа 25 хувийг эзэлж байна. Тиймээс автомашинд тавигдах хяналтыг ч өндөрсгөх хэрэгтэй. Жил бүр техникийн үзлэг гэж явдаг ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Хэрвээ бидний дэвшүүлсэн хувилбарыг хэрэгжүүлж чадвал 2025 он гэхэд хүүхдэд нөлөөлөх нөлөөллийг 90 хувь, насанд хүрэгчдэд нөлөөлөх явдлыг 95 хувиар бууруулж чадна гэсэн тоог гаргасан байна.

-Өвчлөлийн талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юү. Тухайлбал, ямар өвчин зонхилж байна?
-Уушгины бөглөрөх хам шинжээр илэрдэг өвчлөл нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн уушгины хатгалгаа, хорт хавдар, зүрх судасны өвчин давамгайлах шинжтэй. Дараагаар нь зүрхний архаг эмгэгүүд гэсэн таван өвчлөл дээр судалгааг хийсэн. Дээрх өвчлөлүүд хүн амын дунд 2-3 дахин нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг. Гэтэл энэ мөнгөө, хөгжлийнхөө төлөө зарцуулж байх ёстой. Одоо бид эрүүл мэнддээ зарцуулах мөнгөө агаарын бохирдолд зарцуулах ёстой болчихоод байна. Монгол Улсыг эрүүл монгол хүн л хөгжүүлнэ.

-Тэгвэл эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа мөнгийг утаа арилгахад зориулах ёстой гэсэн үг үү?
-20,30 тэрбум төгрөгийг сүүлийн хэдэн жилд утааг арилгах ажилд зарцуулсан. Гэтэл энэ хэмжээний мөнгө чинь Улаанбаатар хотыг газын шугамаар холбох хэмжээний хөрөнгө гэж би хувьдаа боддог. Гэр хорооллын барилгажилт, дахин төлөвлөлт гээд утаанаас салах олон аргыг бид эрэлхийлж байна л даа. Гэхдээ маш удаан явцтай арга гэдэг нь ойлгомжтой. Зарим айл газраа чөлөөлөхгүй зэргээс эхлээд олон асуудал байна. Ангийн Лондон хотын утаа нэг хэсэгтээ “Лондон манан” гэж нэрлэгдэх хэмжээнд очиж байсан. Энэ үед төр төмөр нүүрээ харуулж, нүүрс түлэхийг хориглосон. “Та газаа худалдаж ав” гэсэн бодлогоор 10 гаруй жилийн дотор утаанаас салж чадсан. Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө учраас манай төр ч гэсэн шийдвэртэй алхам хийх ёстой. Зуун айл, энэ олон захыг хотоос гаргачих л хэрэгтэй. Судалгааг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй.

-Хоёр дахь шатны судалгаа ямар түвшинд хийгдэх ёстой вэ?
-Аль дүүрэгт ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг дээр тогтож судлах юм. Жишээлбэл, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт өөр, өөр арга хэмжээ авах учиртай. Үүнийг ЭМШУИС-ийн профессорууд, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд бол хийж чадна.

-Хүн амын нягтаршил, бүсийн чанараар нь ялгаж өгч байна гэж ойлгох уу?
-Тийм. Жишээлбэл, Хан-Уул дүүрэгт тоосжилт, агаарын бохирдол их хэмжээтэй. Үүний ихэнх нь тоос байдаг. Гэтэл Баянгол, Чингэлтэй дүүрэгт нүүрсний утаа дийлэнх хувийг нь эзэлдэг. Тэгэхээр газар болгонд таарсан арга хэмжээ авбал илүү үр дүнд хүрнэ гэж ойлгож болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан