Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарны энерги утаа арилгаж чадах уу


Улаанбаатар хотын агаар дахь азотын давхар исэл ба хүхэрлэг хийн агууламж хурдацтай нэмэгдэж буй. Хэдийгээр утааг багасгах янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч олигтой үр дүн гарсангүй. Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 189 мянган өрх бий гэсэн судалгаа гарсан. Ингээд Мянганы сорилтын сан, “Цэвэр агаар” сангаас 150 мянган зуухны үнийг 92 хувиар бууруулан тараажээ.  Гэтэл уг зуухыг авсан зарим иргэн дамлан зарсан аж. Саяхан хийсэн судалгаагаар уг зуухны 20 хувийг нь хэрэглээгүй гэжээ. Тиймээс  зуух ашиглаагүй болон бусдад худалдсан иргэдэд арга хэмжээ авах аж. Тэгэхдээ утаагүй хэмээн нэрлэгдэж буй зуухыг үндсэн үнээр нь буюу 400 гаруй мянган төгрөгөөр худалдаж авах юм.  Үүнээс гадна 7.5 мянган өрхөд шахмал түлшний үнийн дүнгийн 40 хувийн хөнгөлөлт үзүүлсэн тооцоо бий. Мөн гэрийн дулаалга, үүдний гонх зэргийг 26 орчим мянган өрхөд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр  өгсөн. Уг нь, хоёр жилийн өмнө 2015 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдол 2.6 дахин буурна гэж Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Гэвч өнөөдөр энэ нь биелэх боломжгүй болжээ.

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс “Утаа хэзээ арилах вэ” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ.  Үүнд, ЭХЯ, Цэвэр агаар сан, Нийслэлийн агаарын чанарын алба, АМГ, ЭМШУИС, хувийн хэвшлийнхэн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр өнөөдөр нийслэлийн утааг арилгахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэйг онцолж байлаа. Гэр хорооллыг цахилгаанаар халаана гэвэл 850 мегаВаттын эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай цахилгаан, сэргээгдэх эрчим хүч ашиглан халааж болох санааг дэвшүүлж байв. Гэвч эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад цаг хугацаа нэлээд орно. Тэр хооронд утаа нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Хэлэлцүүлгийн үеэр  ЭХЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Т.Батдондог “Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан ашиглаж, агаарын бохирдлыг бууруулах талаар бид Сонгино хайрхан дүүрэгт судалгаа хийж байгаа. Судалгааны дүнг өнөөдөр Засгийн газарт танилцуулна. Өрх бүр нарны эрчим хүч ашиглана гэвэл олон аккумлятор хэрэглэж таарна. Энэ нь,  газрын хөрс, ойр орчиноо бохирдуулах аюул дагуулдаг. Иймд гэр хорооллын халаалтыг  шийдэхийн тулд 10-20 айлын дунд сэргээгдэх эрчим хүчний нэг эх үүсвэр суурилуулж болох юм гээд туршиж байна. Энэ ажил амжилттай болбол ирэх өвлөөс шууд ашиглана эхэлнэ.  Нөгөө талаас,айл өрхүүд өөрийн хэрэглээнийхээ  эрчим хүчны  үйлдвэрлэгч болох юм. Тоног төхөөрөмжийг нь үнэгүй өгөх биш хөнгөлөлтэй зээлээр шийдэх  гарц бий. Өнөөдөр нэг өрх цахилгаанаар гэрээ халаавал сард 300-350 мянган төгрөг төлнө. Өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд халаавал 60-70 мянган төгрөгийн зардал гаргах юм.  Мөн шөнийн цагаар гадагшаа урсгаж байгаа эрчим хүчээ тэр өрхүүдийн нэгдсэн тэжээлийг цэнэглэхэд зарцуулна. Өдөр нь нарны энергээр цэнэглэх ухаалаг сүлжээтэй болох боломжтой.  Гэр хорооллын нэг өрх жилд хоёр, гурван портер нүүрс түлж гэрээ халаадаг. Ингээд  600 гаруй мянган төгрөгийн зардал гаргадаг. Гэтэл эрчим хүчээр халаавал бас л ийм хэмжээний мөнгө зарцуулах тооцоо гарсан”  гэв. Энэ туршилт амжилттай боллоо гэж бодъё. Тэгээд нийслэлийн утаа арилах эсвэл илт багасч чадах болов уу гэсэн асуулт хариулт нэхэн үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан