Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их жанжин Д.Сүхбаатарын амьдрал, замналыг дэлгэв

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд энэ  сарын 07-ноос эхлэн үзэгчдийн хүртээл боллоо.

Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Д.Сүхбаатарын отго жинст малгай, хөлт магнаг дээл болон зэр зэвсэг, урлагийн бүтээлүүд, уран зураг, баримал, шаазан ваар, одон  зэрэг 47 үзмэрээс гадна хувийн цуглуулагч О.Баатарын цуглуулгаас гэрэл зураг, өргөмжлөл, альбом, марк, ил захидал, медалион, зоос мөнгөн тэмдэгт зэрэг 160 зүйлсийг дэлгэжээ.

Энэхүү үзэсгэлэнд “Сүх хүү” хэмээн ном, зохиолд тэмдэглэж, “Гоймонбаатар” хэмээн нэрлэгдсээр хожим жанжин Д.Сүхбаатар гэж алдаршсан түүхийг үзэх боломжтой. Тэрээр Олноо Өргөгдсөн  Богд Хаант Монгол улсын үе 1912 онд Хужирбулангийн офицерын сургуулийн анхны төгсөгч болж 1913 онд пулемёт сумангийн дарга болжээ. Тус оныхоо долдугаар сард Богд хаанаас тавдугаар зэргийн жинс, тогосын отго, удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 онд дөрөвдүгээр жинс, тогосын отгоор, Зүүн өмнө хязгаарт хятад цэрэгтэй эрэлхэгээр тулалдсан учир 1917 онд гуравдугаар зэргийн жинс, отгот малгай, ёслолын хөлт магнаг дээл, баранзад хадаг тэргүүтнээр шагнуулж байжээ.
Ардын засгийн үед Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, Засгийн газрын төлөөлөгч байгаад хамгийн сүүлд нас нөгчихдөө Бүх цэргийн жанжны алба хашиж байв. 1922 онд хийсэн хүн амын тооллогын Сэцэнхан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяаны бүртгэлд өгүүлснээр “Сайд, жанжин Сүхбаатар-Ургийн овог: Хайс, нас: 28, Өрх гурав. Лам Дэндэв, хар Эрэнчин, хөвгүүн Төмөр, эх Ханджав, ноёхон Янжин, Мандал, хүүхэн Долгор, Оюун” гэж ам бүлийг дурдсан байна. Эдгээр есөн амадуу 11, үхэр 10, хонь 10 хөрөнгөтэй болохыг тус бүртгэлд тэмдэглэжээ. Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 22-нд цэл залуу 30 настайдаа зуурдаар  таалал төгсчээ.

    Д.Сүхбаатарын талаарх судалгааны олон ном бүтээл нийтийн хүртээл болсноос эрдэмтэн О.Пүрэв хамгийн олон жил тусгайлсан судалгаа хийжээ. Түүний амьдрал үйл хэргийг судлан, залуу үеийнхэнд таниулан сурталчлах ажилд цуглуулагч О.Баатар зүтгэн эдүгээ 49 жил дараалан үзэсгэлэн зохион байгуулж буй ажээ. Үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан