Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.БАЯРСАЙХАН: НЯМГАВАА НАЙРУУЛАГЧИД ХАРААЛГАЖ ЗАГНУУЛААД Ч БОЛОВ СУРАХЫГ ХИЧЭЭСЭН

Кино, уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хол байсан И.Нямгаваа найруулагч шавь нартайгаа хамтран кино хийж байна гэсэн сураг ойрноос сонсогдох болсон нь аль хэдийнэ дэлгэцийн сайн уран бүтээл төрөх нь гэсэн хүлээлт үүсгэж эхэллээ.
 “Хязгааргүй” хэмээх энэ киног өнгөрсөн жил ССАЖЯ-наас зохион байгуулсан Орчин үеийн жүжгийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан “Дээд хэмжээ” зохиолоор хийж байгаа аж.
Кино уран бүтээлчдээс нэлээд өндөр үнэлэлт авсан энэ зохиолоор И.Нямгаваа найруулагчаас гадна хэдэн ч хүн кино хийх тухай өмнө нь яригдаж байсан ч одоо бэлэн болоод байгаа нь “Хязгааргүй” л бололтой. Тиймээс энэ зохиолыг бичсэн “Сэлэнгийн долгио” чуулгын ерөнхий найруулагч С.Баярсайхантай ярилцлаа.


-“Дээд хэмжээ” зохио­лоороо кино хийх гэж байгаа тухай өмнө нь ярьж байсныг тань санаж байна. Гэтэл таны хамтрах гэж байсан  уран бүтээлчид солигдож, “Хязгааргүй” нэрээр удахгүй нээлтээ хийх гэж байгаа тухай сонслоо?

-“Дээд хэмжээ” зохио­лоороо кино хийхээр яг таг тохироод, кино групп байгуулаад ажлаа эхлэх гэтэл продюсер маань “Мөнгө босоогүй дутуу байна.
Түр хүлээ” гэсэн. Яг тэр үед өөр нэг продюсер надад санал тавьсан.
Түүний саналаас миний хамгийн их сонирхлыг татсан зүйл нь Нямгаваа найруулагчийг Америкаас дуудаж, миний зохиолоор кино хийлгэх гэдэг л байсан. Түүнээс биш мөнгө төгрөг нь чухал байгаагүй. Өөрт нэг ч төгрөгийн ашиггүй саналыг зөвшөөрсөн нь Нямгаваа найруулагчтай хамтарч ажиллах боломж олдож байгаад баярласан хэрэг. Нямгаваа бусдаас тасарчихсан, тэнгэрийн амьтандаа биш. Түүнтэй ажиллаж үзэхсэн гэсэн сэрэл хөдөлсөн хэрэг л дээ. Манайхны нэг ойлголт одоо хүртэл амь бөхтэй яваад байх юм. Энэ найруулагч түүнээс дээр, мундаг гэсэн тэнэглэл. Баатараас илүү юм Нямгаваад түй ч байхгүй. Ганхуягаас илүү юм Баатар, Нямгаваа хоёрт ч байхгүй л байхгүй юү. Эд нар чинь адилхан л найруулагч, бүгд солист номер байхгүй юү. Өөрсдийн гэсэн өвөрмөц ааш аягтай, өөрийн гэсэн сонирхолтой арга барилтай, өөрийн гэсэн гарын үсэгтэй хүмүүс. Өөр өөр сэтгэцийн өвчтэй, гаж хүмүүс. Монголын драмын урлагт ноён оргилоо босгосон найруулагчид. Тэгээд ч би үнэхээр маш их азтай залуу. Найруулагч Чимэддоржийн Ганхуягийн гарын шавь, найруулагч Баатарын хуурай дүү шахуу. Энэ хоёр эрхэмтэй хамтарч ажиллах боломж олон гарсан. Харин Нямгаваа найруулагчтай огт боломж олдохгүй байсан юм. Гэтэл ийм санал сонссон хүн юун нөгөө арван сая төгрөгийн санал вэ. Мөнгө цаашаа боломж наашаа л гэж сонгосон л доо. Яагаад энэ хүмүүсийн тухай яриад байна вэ гэхээр миний мэдэхээр найруулагч гэж тэднийг л хэлнэ. Жинхэнэ авьяастай, цаанаасаа төрсөн хүмүүс. Яг үнэндээ бол бусдыг нь хараахан найруулагч гэж хэлж чадахгүй нь. Уучлаарай, бусад нь.
-И.Нямгаваа найруулаг­чийн хувьд авьяас чад­вараа аль хэдийнэ үзэгчдэд баталчихсан хүн. Таны зохиолыг уншаад тэр хүнд кино төсөөлөгдсөн болохоор л хамтран ажил­лах саналыг хүлээн авсан байх. Ер нь зохиолын та­лаар санал бодлоо со­лил­цов уу, юу гэж байх юм?
-Нэг юмнаас үнэхээр айж байсан нь миний зохиол Гаваа найруулагчид таалагдах болов уу гэдэг л байлаа. Яг үнэндээ бол хэр баргийн зохиол тэр хүний кино хийх сэрлийг хөдөлгөхгүй. Америкаас “Зохиол таалагдсангүй” гэсэн хариу ирвэл яана даа гэж бодогдох үе байсан. Харин Гаваа найруулагч зохиолын талаар хэлэхдээ “Уншиж эхлэхэд сулбагар байсан ч цаашлах тусмаа харин сонин болох төлөвтэй, тэгээд сүүл рүүгээ гоё болсон л доо. Манай эхнэр уншаад “Гаваа энэ зохиол яг чиний хийх ажил мөн байна” гэсэн. Ерөнхийдөө бол таалагдсан учраас би Монголд ирсэн” гэсэн. Өнгөрсөн есдүгээр сард Найрамдал зуслан дээр хэд хоног байрлаж, жүжгийн зохиолоо задалж кино зохиол болгохоор ажиллаж байхдаа түүнтэй уулзсан. Одоо бол “Дээд хэмжээ” зохиол маань “Хязгааргүй” нэртэй кино болж, нээлтээ хийх л үлдээд байна даа.    
-Саяхан И.Нямгаваа найруулагчийн оролцсон нэвтрүүлгийг үзэж суухад тэр таны зохиолыг маш их эвдэж, эвхэж кино хийсэн гэж ярьж байсан?
-Сайн, муу ямар ч зохиолыг найруулагч авч уншаад өөрийнхөө вкуст тааруулж өөрчилдөг юм. Зохиолыг яг тэр чигээр нь огтхон ч өөрчлөхгүйгээр шууд хуулаад кино хийвэл ямар юмных нь найруулагч байх вэ дээ. Ямар ч зохиолыг ямар ч найруулагч яаж ч эвдсэн бай зохиолын гол санаа гэж лунзгар юм хөдлөхгүй. Бүр яагаад ч хөдөлдөггүй байхгүй юу. Мотив гэж нэг юм байна. Гаваа найруулагч надтай хамт байж, зохиолыг өөрчилчихөөд нэвтрүүлгээр миний тухай огтхон ч дурдахгүйгээр барахгүй “Зохиолоос тав хуваасны нэг хэсэг л үлдсэн. Зохиолч надад гомдвол гомдоно л биз” ч гэх шиг ёстой эрүү мултартал ярьдаг байгаа. Нямгаваа найруулагчтай анх уулзахад “Надтай зохиолч нар хамтарч ажиллах их дургүй байдаг юм. Зохиолыг нь их эвддэг болохоор” гэж хэлсэн. Хариуд нь “Би бол харин эсрэгээрээ байна. Миний зохиол яаж эвдрэх нь л надад хамгийн чухал. Гэхдээ би зохиолоо тантай хамтарч эвдмээр байна” гэж хэлсэн.
-Тэр хүн таны зохиолыг эвдэхийг харах биш, хамтран эвдэх гэдэг чинь харин ч бүр харамсалтай юм биш үү. Өөрийн гараар бүтээсэн зүйлээ өөрөө эвдэх гэдэг...?
-Тэр үед би юу гэж бодож байсан гээч. Нямгаваа найруулагчийг манай салбарынхан маш их муу хэлдэг. Хүн муутай, өөдгүй л гэнэ. Театр зараад Америк руу зугтсан л гэнэ. Ер нь бол далдуур олигтой хэлдэг хүн байхгүй. Гэтэл би дотроо энэ хүнийг маш их хүндэлж, ил далд өмөөрч, хүмүүстэй ам мурийж ч үзсэн. Нямгаваа найруулагч хувь хүнийхээ хувьд бурхан байна уу, буг байна уу надад огтхон ч хамаагүй. Зөвхөн энэ нөхрийн толгой дотор юу байна. Жирийн нэг юмыг яаж жирийн биш болгож хараад байгаа тэр нүдний учир юунд байна гэсэн бодол байсан. Энэ хүнийг амьд мэнд дээр нь хараалгуулж, загнуулаад ч хамаагүй боол шиг зарагдаж, хамтарч ажиллаж байгаад толгой дотроос нь өөрт хэрэгтэй зүйлийг бага ч атугай салгаж авах л чухал байсан юм. Тэгсэн чинь Гаваа найруулагч надтай огт уулзаагүй юм шиг голгүй юм яриад явах юм. Ямар ч байсан хүндэлдэг гурван найруулагчтай сайн ч, муу ч байсан хамтарч ажиллалаа. Харин одоо эдэнтэй хамтарч ажилласан байдалдаа анализ хийж байна.
-Кино, жүжгийн зохиол эрэлттэй болсон энэ үед сайн зохиол булаацалдах үзэгдэл далд өрнөдөг байснаа ил боллоо. “Дээд хэмжээ”-гээр хэдэн кино, хэдэн жүжиг хийгээд байна аа?
-Хамгийн анх 2012 оны дөрөвдүгээр сард “Дээд хэмжээ” зохиол “Үнэний босго” нэртэй Сүхбаатар айм­гийн “Жаахан шарга” театрт драмын жүжиг хэлбэрээр тавигдаж үзэгчдэд хүрсэн. Ерөнхий найруулагчаар нь миний найз Далай ажиллаж, жүжгийн нээлтэд найруулагч Баатар ах бид хоёр уригдаж байсан юм. Дараа нь 2012 оны арваннэгдүгээр сард ССАЖЯ, УДЭТ, МЗЭ-ээс хамтарч зарласан “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдаанд өгсөн чинь гуравдугаар байрт шалгарсан. Удалгүй Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга Доржсүрэн ах урьсны дагуу тэнд очиж өөрөө найруулахдаа сэтгэлдээ хүртэл хийж чадсан. Харин өнгөрсөн онд Сэлэнгийн долгио чуулгад “Үнэний босго” нэрээрээ дахин тавигдсан. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Хязгааргүй” нэртэй кино бэлэн болж дуустал нэг үлгэрийн баатар гэв гэнэт үсэрч гарч ирээд “Энэ миний зохиол. Би Баярсайханд өнгөрсөн оны хавар санаагаа хэлж байсан чинь хулгайлаад бичсэн байна” гэж давхиад бөөн л юм боллоо. Тэгээд бас болоогүй ээ, тэр нөхөр одоо энэ зохиолоор маань кино хийгээд зургаа авч байгаа гэсэн. Тэгэхээр гурван газар жүжиг болсон байна. Хоёр өөр найруулагч кино хийж байна.
-Тэгээд та тэр хүмүүстэй уулзав уу?
-Одоо энэ зохиолыг би мэдэхээ байсан. Маш олон эзэнтэй болсон. 2012 онд нэг жүжигчин утсаар яриад, “Таны ярьж байсан зохиолоор “Мөрөөдлийн театр” жүжиг хийгээд байна” гэсэн. Очиж уулзтал, нөгөө хэд нь бидний зохиол, бараг та биднээс хулгайлчихлаа гэх ухааны юм ярьсан. Сүүлдээ “Мөрөөдлийн театр”-ынхан хүртэл зохиолч нь болсон.
Би уг нь 2007 онд Хөвсгөл аймагт ажлаар явахдаа энэ зохиолынхоо анхны санааг дэвтэрт буулгасан байдаг юм. Ингэж олон зохиолч гарч ирээд байхаар олон зүйл л бодох юм. Хулгайч гэж хэлүүлэхээс огт айхгүй эмзэглэхгүй байна. Ямар ганцхан зохиол барьчихаад хүн хүнтэй булаацалдаад яваа биш. Надад үүнээс хэд дахин илүү сайн олон зохиол байгаа. Миний уур хүрээд, өөрөөсөө айгаад байгаа зүйл бол “Би иймэрхүү хүмүүстэй адилхан сэтгэж, адилхан бичиж байгаа гэж үү” хэмээн өөрөөсөө асуудаг болсон. Тэгээд “Эдэнтэй адил сэтгэхгүй шүү, цаг ямагт түрүүлж сэтгэж байх ёстой. Бас хэнд ч зохиолынхоо санааг бүү дэлгэж бай” гэж өөртөө хатуу ам өгөөд байгаа.
-”Сэлэнгийн долгио” чуулгад ажиллаж байгаа. Өмнө нь Төв, Архангай аймаг гээд л орон нутагт голдуу ажиллаж байна. УДЭТ-т найруулагчийн эрэлт байгаа гэсэн. Наашаа ирэх бодол алга уу?
-Наад асуултыг чинь сонсоод ёстой ухаан алдах гэж байна./инээв/ УДЭТ чинь тэнгэрийн хүмүүс ажиллаж, амьдардаг газар. Би бол газрын амьтан. Энэ сэдвийг цааш ярихаа больё.
 -Таныг Сэлэнгэд хил давж хүүтэйгээ урссан ээжийн тухай жүжиг тавих гэж байгаа гэж сонссон...
-Би сүүлийн үед жүжгийн зохиол олон бичиж байгаа. “Сэлэнгийн долгио” чуулгын ерөнхий найруулагчаар томилогдоод очихдоо тэнд гарсан энэ харамсалтай хэргээр нэг хүний моно жүжиг бичье гэж бодсон. Уг нь энэ жүжгээрээ хэн нэг албан тушаалтан ч юм уу, аль нэг байгууллагын нэр хүндээр оролдъё гэж бодоогүй юм. Зөвхөн Монгол эхийн хатан зориг, асар их сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийг харуулж цаад утгаараа бол Монгол ухаан, Монгол цус ямар байх ёстойг л үзэгчдэд хүргэе гэж санасан. Гэтэл намайг нас барсан эх, хүү хоёроор шоу хийх нь. Үхсэн хүнээр алдар нэр, мөнгө олох гэлээ гээд л зүсэн зүйлээр хэлж байгаа. Сүүлдээ Мэргэжлийн хяналтын газраас яриад л, Онцгой байдлаас ч залгаад зохиолыг чинь уншъя гэх боллоо. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг дээ. Онцгой байдлын нэг нөхөр надад утсаар юу гэсэн гээч. Тэр үгийг сонсоод ёстой цус минь царцсан. “Тэнд чинь дайн болоогүй. Олон л хүн живдэг юм. Ямар гавъяа байгуулсан биш. Долоон цаг урссан гэдэг шал худлаа...” гээд их олон юм ярьсан. Надад түүнийг сонсох ямар ч сонирхол байгаагүй болохоор шууд утсаа тасалсан. Би нялх үртэй хүн. Хүүгээ, эхнэрээ тэгж өвлийн хүйтэнд ширээний тавцан шиг мөсөн дээр хэвтээд урсаж байгаагаар төсөөлж ч үзсэн. Цааш нь бодож чадахгүй юм билээ. Зохиолоо бичиж байхдаа хүйтнийг мэдрэх гэж цэв хүйтэн усанд орж үзсэн. Ганц минут ч болж чадахгүй юм билээ. Түүнээс болж бие өвдөөд, эмнэлэгт хэвтээд гарсан.
-Энэ жүжгийг тавихад хориг саад их гарч байгааг дуулсан л даа. Гэхдээ жүжгийн орлогоор сайн үйл бүтээнэ гэж ярьсан..?
-Нэг хүний жүжгээ заавал хийнэ. Надад энэ жүжгээ тавь гээд мөнгө өгөх хүн, жүжгээ тавих бэлэн мөнгө ч алга. Гэхдээ л хийнэ. Олсон орлогоосоо яг тэр мөс цөмөрсөн газраар дүүжин гүүр барих санхүүжилтийн эхийг тавина. Тэгвэл хойшдоо олон хүн урсах аюулаас аврагдана. Монгол ухаан гэж юу байдгийг монголчуудаас асуумаар байна. Саяхан тавхан настай жаахан хүүхэд гурван настай дүүдээ бүх хувцсаа өмсүүлж орхиод өөрөө хөлдсөн байна. Яагаад бид үүнийг тоохгүй байгаа юм бэ. Хэдэн жилийн өмнө бас л хоёр настай охин гэрээ шатахад найман сартай дүүгээ өлгийнөөс нь чирч гаргаад амийг нь аварсан. Энэ бол Монгол ухаан. Бид ямар аймшигтай цэвдэг хүйтэн болж байгаагаа яагаад мэдэхгүй байна аа.
-Урлаг хүнд гоо зүй, мэдлэг өгч байх үүрэгтэй. Тийм ч учраас алтан үеийнхэн өнөөгийн бидэнд ямар нэг хэмжээгээр өөрсдийн гэсэн зүйлийг үлдээгээд буцсан. Таныг буцахад танаас юу үлдээсэй гэж хүсч байна?
-“Кихот ноён” жүжиг нээлтээ хийсний дараа найруулагч Баатар ахад баяр хүргэхээр залгасан.  Тэгсэн Баатар ах “Баяраа, ахынхаа үүрч ирсэн ачааг одоо чи үүрээд хойшоо зүтгэнэ дээ. Ах нь ачаагаа чамд өгч үүрүүлнэ дээ” гэсэн. Энэ үг маш их итгэл, хайр, хариуцлага. Яаж даах вэ л гэдэг байна. Ямар ч байсан өөрийхөө чадах чинээгээр үүрээд л үр хойчруугаа зүтгээд байна даа гэж бодож байгаа. Хэдэн сайхан кино, жүжгийн зохиол л аваачиж өгнө дөө.
-Ер нь, зохиол дээр голч­лон анхаарч байгаа гэлээ. Хоёр гурван жүж­гийн зохиолыг тань ун­шиж байсан. Зохиолдоо ба­римталдаг чиг ч гэх юм уу нэг тийм зарчим байх уу?
-Миний зохиолууд дотор их хүн муутай, бүр яахаа алдсан өөдгүй хөгийн хүний дүр огт байдаггүй юм. Тийм муухай бузар явдлын тухай, жигшил зэвүүцэл, айдас, хүйт даасан дүр босгох гэхээр яагаад ч юм чаддаггүй цаг зав, үзэг цаасаа муу муухайд зориулмааргүй байдаг гэх үү дээ. Ингэж хэлэхээр нялцагнасан, уйлсан, хайлсан яах гээд байгаа нь мэдэгдэхгүй сулбагар зохиол бичдэг гэж ойлгож бас болохгүй. Үзэгчид, уншигчаар зохиолоо таалгах дургүй. Огт санаанд нь ороогүй хачин сонин, сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байлгах гэж мэрийдэг. Амьтны хараал идсэн, адгийн шаар гэв гэнэт хайр татсан баатар болдог ч юм уу огт төсөөлөөгүй байдлаар төгсгөх дуртай. Хамгийн ойрын жишээ гэвэл “Хязгааргүй” байна. Дандаа хүний аминд хүрч ялын дээд хэмжээ авсан ялтангууд гардаг. Гэтэл тэр хүмүүс дотор муу хүн бараг байхгүй. Дандаа зөвтгөгдсөн, уучилж, хайрлаж, итгэж болох, цаазлахад хайран сайхан эр хүмүүс гардаг. Би энэ зохиолоо зөвхөн хайрын тухай бодож бичсэн. Эхнэр нөхрийн, найз нөхдийн, хянагч хоригдлоо хайрлаж эцэстээ ялтан ялтнаа хайрлаж байгаа тухай эхнээсээ дуустал хайр л гардаг юм. Хувь хүн өөрөө хэн бэ гэдгээс хамаарч зохиол хүртэл цаагуураа зөөлөн бичигддэг байх гэж бодож байна.
Харин одоо эргээд бодож байхад зохиол маань хэтэрхий эвдрээд минийх биш ч юм шиг, нэг тийм хар бараан кино болчихсон ч юм шиг санагдаад байгаа. Гаваа найруулагчийг ер нь хүн үзэхэд дарамттай, их хүнд драматурги сонгож хийдэг найруулагч байна даа гэж бодсон. Гэхдээ зохиол дуусахдаа цэв цэлмэг, дотор уужирмаар дэндүү сайхан төгсдөг л дөө. Мотив нь тийм юм чинь гайгүй байх л гэж найдаж байна.
-Уран бүтээлч хүнээс дараагийн уран бүтээлийг нь асуулгүй өнгөрч болохгүй байх?
-Дараагийн уран бүтээ­лүүд бол ёстой вагон ваго­ноороо байна. Чухам хаанаас нь эхлэх вэ л гэдгээ бодож байна. Хурд дутах юм. Болдог бол өөрийгөө хэд хэд хувилчих юмсан.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
uran buteelch hunii dotood setgel iim l bdag bolovu gemeer shan yariltslaga bolson bn, uuriiguu aldalgui uurtuu itgel tugs bj uhralgui uragshilj yavaarai. tand amjilt husie
Баярлалаа
estoi saihan yariltsjee ene hun unshihad uramtai blaa
Баярлалаа
unheer gaihaltai... jinhen uran buteelch bi olon yum bichmeergui bna gaihamshigtai l gedeg ug helie... ulam ih amjilt husie... bitgii ene oodgui niigemd uusaj mohooroi... uzeg,uhaan 2 chini hurst baig...
Энэ хүний оюуны бядыг олон хүн биширдэг. Түүний нэг нь би.
ahiin helsen vgnees ih olon vgs oroid orloo tiimee eldew hew mayggvi uuriinhuuruu vzel bodloo ilerhiilj bid surmaar yum nairuulagch tegeed zohiolch hvn gedeg ymar sorgog medremjtei bas ymar zuulun ymar hatuu yasan ninjin bdag we gedeg yriltslagas ni medregdej bna tiimee bid ungund het huurtagdah bolj bainga hewlel medeelleer ambits huuj kassowii jvjig hiideg hvmvvsiig l mass nairuulagch gej harah bolj getel nairuulah uhaandaa shataj butsalj ywdag nas ni jaahan ahisan ter l tsul altnuudiig martaad bna shvv dee deerees ni helhed bayraa ahiin helsenchlen bid ymar aimshijgtai tsewdeg hviten boloo we uruuliig bus uursdiiguu yasan ih hairlaj buutsiildug bolchihoo we hvn hvvhed hvmvvs vhlee gehed ajirahaa baitsgaachihaj harin ter nam ter darga ter uls turch tegj gene geheer l pvv paa geed l uulga aldatsgaana ene chini yu geech ni we arai dendvv gehed dendvv yum bishvv ter jvjigiig hii massad heleh gesen sanaagaa hel harin ter horig tawiad bgaa hvmvvs ta nar ich mestnees chini ilvv hvnii ami hvn chanar ilvv vnetei shvv bitgii amia hoohoil gej helii za bayraa ahdaa bayarsaihan nairuulagchdaa uran bvteeliin hyzgaargvi amjilt hvsii
Хамгийн их уншсан