Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Таван толгой”-г бус тархиа ухаж амьдаръя

“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” хэмээн зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж гуай нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Барж үрэгддэг хөрөнгө баялаг болж чадах уу. Үгүй ээ, үзэхийн төдий үгүйрэн хоосрох үнэт эрдэнэ, алт мөнгө, ашигт малтмал бол цаг зуурын баялаг. Тэгвэл, үүнээс үнэтэй өв соёл болсон Монгол хэл, бичиг минь мөхлийн ирмэгт тулж мөдхөн үгүйрэх дөхөөд байна. Сүүлийн жилүүдэд амтай болгон л энэ тухай ярьж байгаа ч ажил хэрэг болсон нь цөөн. Захын цайны газрын хаяг ч замбараагүй олон хэл, үг үсгээр бичигддэг болсон цагт үндэсний хэл соёлын үнэ цэнэ, үнэлэмж гэгчийг хаанаас хайж олох вэ. Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл чимээгүй мөхсөөр байгааг анзаарах цаг нь ирж. Олон “толгой” ухаж олз ашиг хөөцөлдсөөр биет бус баялагаа мөхөж үгүйрэхийг харах гэж үү. Алт, нүүрс бус түүнээс ч үнэтэй эрдэнэ болсон эх хэлээ судалъя, сурталчилъя танин мэдье. “Таван толгой”-г бус тархиа ухаж амьдрахсан.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарын бодлогын өөрчлөлттэй холбоотойгоор хийгдэж буй томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн нэг бол Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах тухай Засгийн газрын 37 дугаар тогтоол. Энэ жилээс хэрэгжиж эхэлж буй эл тогтоол өнгөрөгч оны хоёрдугаар сард батлагдан гарсан юм. Тогтоолын дагуу боловсролын салбарын бодлого, хэрэгжилт, элсэлтийн ерөнхий шалгалтын журамд ихээхэн өөрчлөлт орсны нэг нь ерөнхий боловсролын бүрэн дунд сурууль төгсч, их, дээд сургуульд элсэн орж буйнйтйж  шалгуулагч бүрээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байхаар болсон явдал. Товчоор, дунд сургууль дүүргэж их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэгч бүр заавал монгол хэлбичгийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Энэ асуудлын эргэн тойронд ихээхэн яриа хөөрөө дэгдэж болох тул энэ тухай болоод бусад асуудлаар эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдын байр суурийг сонирхон сурвалжлага бэлтгэсэнээ хүргэе.
Энэ жил улсын хэмжээнд 43 мянга гаруй төгсөгч бүрэн дунд боловсрол эзэмшиж ерөнхий боловсролын сургууль төгсөнө. Нийт төгсөгчдийн дийлэнх буюу 70 орчим хувь нь нийгэм, англи хэл, математик, физикийн хичээлээр шалгалт өгөхөөр сонгодог ч энэ жил дээрх бүх төгсөгч монгол хэлбичгийн шалгалт өгнө.  
Сурвалжлага бэлтгэхээр нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харьяа таван ч сургуулиар орж сургалтын менежер, багш, сурагчидтай уулзсан юм. Санал, сэтгэгдлийг нь сонссон хүмүүсийн дийлэнх нь шинэ журам, өөрчлөлтийг зөв хэмээн дүгнэж байсан бөгөөд нийт төгсөгчдөөс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авах нь нүдээ олсон шийдвэр хэмээж байв.

Б.Нямдаваа: Тэр цэцэг хатна...

Бидний очсон эхний сургууль бол нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяа Дөрөвдүгээр сургууль байлаа. Сургалтын менежер Б.Нямдаваатай уулзаж тогтоолын хэрэгжилтийг хэрхэн биелүүлж мөн сурагчдын зүгээс хэрхэн хүлээн авч байгаа тухай сонирхсон юм.

-Төгсөгч бүрээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байхаар болсон. Энэ шийдвэр тогтоолыг танай сургуулийн багш ажилчид, сурагчид хэрхэн хүлээн авав?
-Хүлээн авах ч юу байхав дээ. Боловсролын салбарт ажиллаж байгаа бидний хувьд Засгийн газрын тогтоол, сайдын өгсөн үүрэг даалгавар бол нэг ёсны тушаал юм. Багш ажилчдын хувьд өөр өөрийн гэсэн санал бодолтой байгаа ч тогтоолын шаардлагад нийцүүлэн сургалтын программ, хичээлийн цагаа шинэчилж байна. Энэ жил манайх хоёр 11 дүгээр анги төгсгөх болохоор ачаалал харьцангуй гайгүй байгаа. Төгсөх ангийнхан долоо хоногт 35 цагийн хичээл үздэг бол шинэчилсэн журмаас хамаарч өнгөрөгч есдүгээр сараас монгол хэлбичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлж наймдугаар цагт нэмэлт давтлага явуулж эхэлсэн. Сурагчдын хувьд байр суурь, санал бодол харьцангуй өөр байх нь мэдээж шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Жишээ татахад төгсөгч Батаа ч юм уу англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшихээр англи, орос хэлээр шалгалт өгөхөөр сонгож болно. Гэхдээ хувь хүний сонголтыг журам, тогтоолоор өөрчилж байгаа нь хэт хүчилсэн мэт санагдах юм?
-Нэг талаар тийм, гэхдээ бас үгүй. Учир нь үндэсний хэл соёлын хэрэглээ, хэрэгцээ шаардлага, үнэлэмж муудсан энэ үед энэ бол хамгийн зөв бодлого. Засгийн газар, төрөөс хэрэгжүүлж буй маш зөв ажил. Залуус ярианы ч тэр бичгийн ч тэр хэлээ хэрхэн эвдэж, гадаад хэл соёлд ямар хурдан уусч байгааг хэн хүнгүй л мэднэ. Бид төдийлэн анзаарахгүй ч монгол хэл үндсэн хэв шинжээ алдсаар, аажим аажмаар алгуурхан мөхсөөр байна. Хэл, соёлыг цэцэгтэй зүйрлэвэл ерөөсөө услахгүй байгаагаас ялгаагүй болж. Сургалтын программ, хичээлийн цагийг нэмэгдүүллээ ч төрөөс тулхтайхан бодлого шинэчлэлт хийхгүй бол тэр цэцэг хатна. Хэл соёл нь мөхсөнөөс болж устаж үгүйрсэн улс гүрний жишээг бид бишгүйтэй л сонсч байсан. Тиймээс энэ өөрчлөлт, шинэчлэлтийг эцэг эх, сурагч нар нааштай хүлээн авч үндэсний хэл соёлоо хамгаалах ажилд идэвхтэй оролцоосой гэж хүсэх байна даа.

Б.Нямдаваа багшийн хэлсэн үг эрхгүй нэгийг бодогдуулав. Цэцэг хатна... Сэтгүүлч хүний хувиар эл асуудалд төвийг сахьсан байр сууринаас хандах нь зөв ч түүний энэ үг энэ дайны өөрчлөлт хийх цаг нь болсныг гэрчилсэн юм. Дөрөвдүгээр сургуулийг орхиод Ататуркын нэрэмжит нийслэлийн тэргүүний V бүрэн дунд сургуулийг зорилоо. Сургалтын менежер Т.Цэрэнхандтай уулзаж ярилцаж суухад мөн л энэ асуудлын тухай эерэг байр суурьтайгаа илэрхийлэв. V сургууль ч мөн адил гуравдугаар улирлаа  эхэлж монгол хэл бичгийн хичээлийн цагаа нэмэгдүүлж төгсөх болоод аравдугаар ангийн сурагчдыг давтлага, дугуйланд идэвхтэй хамруулж байгаа гэнэ. “40 гаруй мянган хүүхэд шалгалт өгөөд бүгд тэнцэнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ бид оролдоод л үзэх хэрэгтэй. Намайг дунд сургууль төгсч байхад бүгд л хүссэн хүсээгүй монгол хэл, математикаар шалгуулж төгсдөг байсан. Тэр дүн нь сурлагын дэвтэрт бичигддэг байлаа. Энэ байдлыг л эргэн авчирч байгаа гэж ойлгож байна. Эх хэлээрээ шалгалт өгч үнэлүүлж дүгнүүлнэ гэдэг нэг ёсны үүрэг шүү дээ” хэмээн онцлов. Бидний яриа өндөрлөх үеэр долдугаар цаг завсарлан хонх дуугарч сургуулийн хонгил сурагчдын хөлд дарагдаж эхлэв. Энэ үеэр тус сургуулийн 11а ангийн сурагч Б.Ариунзулаас цөөн асуултад хариу авсан юм.


Б.Ариунзул: Мэссэж товчилж бичдэг нь дүрмийн алдаа гаргахад нөлөөлдөг байх

-Элсэлтийн ерөнхий шалгалтад өөрчлөлт орж энэ жилээс бүх төгсөгч монгол хэлбичгийн хичээлээр шалгалт өгч байхаар боллоо. Үүнийг зөв гэж бодож байна уу?
-Би л хувьдаа зөв гэж бодож байна. Хэдий монгол хэлний хичээл бусад хичээлээс арай ахиу цагаар ордог ч сурагчдын дунд дүрмийн алдаатай бичдэг нь их болсон. Мөн хэл ярианы баялаг ч их муудсан гэж багш нар биднийг зэмлэдэг юм.
-Хэл ярианы баялаг муудаж, дүрмийн алдаатай бичдэг болсон нь юутай холбоотой юм бол?
-Сайн мэдэхгүй юм аа. Гэхдээ найзуудтайгаа мэссэж бичиж байхад товчилж их бичдэгтэй ч холбоотой байж магадгүй. Дээр нь, сурагчдын анхаарлыг татах их олон зүйл бий болсон нь хичээл давтах цагаас нь хумслаад байж болох юм. /инээв/ Интернет их ашиглаж, гар утсаараа байнга тоглож явдаг хүүхэд их байдаг шүү дээ.
-Энэ жил төгсөх болохоор мэргэжлээ сонгочихсон байх?
-Тиймээ, би жүжигчин болно гээд эргэлт буцалтгүй шийдчихсэн. СУИС-д элсч энэ мэргэжлээрээ сурахад монгол хэлний шалгалт өгөх ёстой юм билээ. Тийм болохоор сайн давтаж байгаа.
-Сонсоход таатай байна. Сургуулиа сайн төгсөөд Гавьяат жүжигчин болоорой?
-/инээв/ Баярлалаа, надаас гадна энэ жил төгсч их, дээд сургууль элсэх гэж байгаа бүх хүүхдүүддээ шалгалтанд нь амжилт хүсье. Монгол хэлний шалгалтаа сайн өгөөрэй.

Ирээдүйн жүжигчин маань ихэд хэвлүүхнээр ийн хэлчихээд давтлагандаа орохоор анги руугаа оров. Нэг ч гэсэн сурагч ийм бодолтой байгаад эрхгүй баярлаж байлаа. Дахин хэлэхэд 43 мянган төгсөгч гэдэг бага тоо биш болохоор олон сурагчаас санал бодлыг нь сонсох чухал байв. Тиймийн учир таарсан ахлах ангийн сурагч бүрээс багахан судалгаа авч явсаар нийт 43 сурагчийн үгийг сонссон юм. Судалгаанд оролцсон сурагчдын 74 хувь буюу 32 нь монгол хэлбичгийн хичээлээр шалгалт өгөх нь зөв гэсэн юм.
Бидний зорьсон дараагийн сургууль Чингэлтэй дүүргийн харьяа XVI сургууль байлаа. Сургуулийн сургалт хариуцсан мэргэжилтэн гадуур ажилтай байсан учир үүдний танхимд таарсан хоёр сурагчаас санал бодлыг нь сонссон юм. 11в ангийн сурагч Б.Түвшин, Б.Идэр нар нэг анги бөгөөд хоёул автын инженер болохыг хүсдэг гэнэ. Б.Идэр инженер мэргэжилд монгол хэлээр шалгалт өгөх шаардлага байхгүй ч өдөр тутмын хэрэглээ болохоор монгол хэл, бичгээ сайн сурах нь чухал гэсэн юм. Харин, дуу цөөтэй, даруухан байрын Б.Түвшин монгол хэлбичгийн хичээлээр шалгалт өгөхийг нэг их таашаахгүй байгаа тухайгаа илэн далангүй хэлсэн учир түүнээс энэ тухай нь тодруулсан юм.

Б.Түвшин: Сургалтыг заавал сургуулиас олж авна гэдэг робот мэт санагддаг

-Мэдээж инженер мэргэжил эзэмшвэл монгол хэлний шалгалт өгөх нь нэг талын ачаалал болох талтай. Гэвч, инженер ч бай барилгачин ч бай бүгд л монголоор ярьж, бичдэг шүү дээ?
-Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ дахин хоёр, гурван ч шалгалт өгөхийн хажуугаар монгол хэлбичгээр шалгалт өгнө гэдэг  дарамт, ачаалал болно шүү дээ. Миний бодлоор тухайн сурагчийн ухамсраас л хамаарах асуудал гэж бодож байна. Монгол хэлээр шалгалт өгөхгүй байсан ч төрөлх хэлээ гэж ухамсарлаж түүнийгээ мэддэг, судалдаг ядаж л алдаагүй бичдэг байх ёстой гэж боддог. Тэгэхийн тулд сургуульд сурч байхдаа л сайн суралцах хэрэгтэй. Заавал хэрэгцээгүй шалгалт өгөөд байх албагүй болов уу. Хүний ухамсарын л асуудал шүү дээ. Би инженер ч гэсэн монгол бичгээрээ алдаагүй зөв хэдэн өгүүлбэр биччихдэг, уншчихдаг байх хэрэгтэй. Сургалтыг заавал сургуулиас олж авна гэдэг робот мэт санагддаг.
Дөнгөж арван наймтай хүүгийн хэлсэн энэ үг ч бас л бодууштай санагдав. Сургалтыг зөвхөн танхимаар олж авна гэдэг нэг бодлын робот мэт. Сурагч өөрөө ухамсарлах аваас мэргэжлийн бус хичээлээ ч ганцаарчлан давтаж болох. Гэхдээ нийгэм цаг үеэ дагаж хэт их даяаршсан залуу үе маань бүгд ийм бодолтой гэвэл өрөөсгөл ойлголт. Тиймдээ ч төр засгаас ийм арга хэмжээ авахад хүрсэн биз. Юутай ч эхний жил ямар дүн, босго оноогүйгээр нэг ёсны туршилт болгон авах шалгалтын дараа энэ асуултын хариу олдох биз
XVI сургуулиар орсных хичээлийн байрыг нь хуваан ажиллаж буй улсын ууган сургуулиудын нэг III сургуулиар оров. Хуучин байр нь ашиглалтын хугацаа дуусч нурах аюул тулгарсан учир өнгөрсөн онд буулгаж шинээр барихаар болсон. XVI сургуулийн арын жигүүрт хоргодож алга дарам газар 1200 сурагчийг багтааж буй тус сургууль тун ч эмгэнэлтэй дүр зургаар угтав. Сурагчид нь дөрвөн ээлжээр, суудал сандал нь хүрэлцээ муутэй учир нэг ширээнд гурав, дөрвөөрөө сууж сурч боловсрох эрхээ “эдэлж” байгаа нь харагдав. Нийслэлийн боловсролын газар, салбар яамнаас нь нэг ч удаа ирж нөхцөл байдалтай танилцаагүй хэмээн монгол хэл, уран зохиолын багш С.Батцэцэг угтав. Түүнтэй уулзахын учир нь сургалт хариуцсан мэргэжилтэн, сурагчдын үгийг сонсохоос гадна мэргэжлийн багшийн байр суурийг ч хүргэхийг хичээсэн юм. Бид монгол хэлбичгийн хичээлийн сургалтын аргазүй, онцлогийн тухай товч яриа өрнүүлсэн юм.

С.Батцэцэг: Олон нийтийн харилцааны хэрэгсэл бол хэлний алуурчин

-Танай сургуулиас өмнө дөрвөн ч сургуулиар орж шинэчилсэн журмын хэрэгжилтийн тухай тодрууллаа?
-Манай сургууль монгол хэлний, уран зохиолын хичээлийг стандартын цагаараа орж байна. Ямар нэг нэмэлтээр хичээллээгүй. Гэхдээ гурван сар гаргаад ЭЕШ-ийн нэмэт давтлагууд ороод эхэлдэг.
-Шинэ журмаар монгол хэлбичгийн хичээлээр заавал шалгалт өгөхөөр болсонтой холбогдуулж багш нарын заах аргазүй, ур чадварын тухай яриа үүдэх нь мэдээж. Эцэг эхчүүдийн зүгээс багш нар нь ажлаа хийж чадахгүй болсон учир ийнхүү бүх нийтээр нь шалгалт авч байхаар болж байгаа гэхчлэнгээр ярих ч дуулдаж байна?
-Монгол хэлний хичээлийн гол агуулга, зорилго нь сурагчийг монгол хэлээрээ цэгцтэй, зөв найруулгатай ярьж бичдэг чадвартай болж төгсгөх ёстой. Гэхдээ одоогийн төгсөгчид хэлэх гэсэн санаагаа зөв илэрхийлж чаддаггүй, үгийн баялаг муу, ямарваа үгний утгыг мэддэггүй мөн цэгцтэй найруулан бичиж чаддаггүй. Тэгэхээр зөв ярьж, бичиж үгийн баялагаа монгол хэлний ном, зохиолуудаас аривжуулж, баяжуулдаг түүнийгээ хэрэглэж чаддаг ийм л бүрэн чадвартай болж төгсөх хэрэгтэй. Түүнээс, заавал монгол хэлний зүй тогтлын мэдлэг чадвар, өгүүлбэрийн гишүүдээр зурахдаа биш шүү дээ. Тэгэхээр, зөв ярьдаг,  алдаагүй, зөв найруулан бичдэг тийм л чадвар чадамжтай, үгийнхээ утгыг мэддэг л байх ёстой. Монгол хэлээ сайн мэднэ гэдэг тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай нягт хамааралтай. Хэрэглээний боловсрол олгох нь л чухал юм.
-Ийм байдалд хүргэсэн гол шалтгаан нь юу юм бол. Эцэг эхчүүд багш нар руу давшлах нь их байдаг?
-Эхний ээлжинд энэ шалгалтыг авахад алдаа дутагдал гарах байх л даа. Гэхдээ энэ бол зөв. Монгол хэлний зайлшгүй эзэмших хэрэглээ хомс болсон учир ийм байдалд хүрсэн гэж болно. Наанадаж төрийн албан хаагчдыг ажилд ороход нь зүгээр нэг өргөдөл бичүүлээд өнгөрөх биш эссе ч бичүүлж болно шүү дээ. Хэл яриа, бичиг үсгийн соёлтой хүн ажилд авах хэрэгтэй байхгүй юу.
-Төрийн албан хаагчид цэргийн алба хаасан байх ёстой шиг?
-Тийм, ийм байдаар зайлшгүй эзэмших хэрэглээтэй байж гэмээнэ үүнд ач холбогдол өгдөг болно.
-Олон нийтийн харилцааны хэрэгсэл монгол хэлний “алуурчин” мөн үү?
-Мэдээж, олон нийтийн харилцааны хэрэгсэл бол хэлний “алуурчин” мөнөөсөө мөн. Бид анх гар утас орж ирж байх үед “Сонин юу байна” гэж бичдэг байсан бол одоо “Со са юу байна” л гэдэг болсон. Бүр сүүлдээ “Hi” гэхээс өөргүй болсон шүү дээ.
-Монгол хэл, уран зохиолын багш хүний хувьд асуухад уран зохиолын хичээлээ яаж аварч үлдэх вэ?
-Их зөв асуулт байна. Хуучин бага ангид унших бичиг гэж хичээл ордог байсныг үгүй болгосон одоо уран зохиолыг монгол хэлтэй нийлүүлэх гэж байна. Угтаа, тус тусдаа өөр өөр ач холбогдолтой хичээл юм. Уран зохиол судалсанаар эхэд задлал хийх, тухайн зохиолын дүр, найруулга хэл шинжлэл талаас нь танин мэддэг. Өөрөө найруулан бичих чадвартай болдог. Яриад байвал ач холбогдол нь маш их. Яалт ч үгүй тусдаа статус бүхий хичээл. Гайгүй чадалтайхан шинэ залуу зохиолч төрөхгүй байгаа нь бага ангиас нь унших бичиг, уран зохиол орохгүй одоо бүрэх хасаж танаад байгаатай холбоотой юм.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Ilerhiilj chaddaggui shuu dee. Iim humuusiig Mongol hun gehed hetsuu. Bie mahbod ni Mongol setgehui ni angli iim ***** humuus olon bolson. Uursdiigoo angli heltei ondor bolobsroltoi gej tunhaglana. J.ni UIH gishuun Hulan gej huuhen bsan daa C.Bayariin abgai bsan . Toriin tushee baij mongoloor gadaad hun shig yaridag bsan. Ene bol emgenel biz dee.
Torloh helee medehgui hun gadaad heliig yaj shaardlaga hangah tubshind surah be dee. Mongol helee sain meddeggui ugiin bayalaggui, oiroltsoo utgatai ugiig onobchtoi songoj yarij chaddaggui humuus angli heliig sain suraad mergjildee ashiglaj chadah uu? Angliar sain yarij oilgodog neg ni angli setgehuitei angliar medej baigaach tuuniigee mongoloor yu gej bgaag yab tsab orchuulj
Ажнайн Бат-Эрдэнэ гэж нэг хүн ухаад л байх юм ухаад л байх юм. Цаасан дээр хууль өөрсдөө гаргаад л өөрсдөө ухаад л мөнгийг нь уутлаад байх юмдаа. Үйлийн үр гэж юм байдаг гэдэгийг мэддэггүй юм байх даа өөр хэлэх үг алга
Хамгийн их уншсан