Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсөл нь томдсон төсөв нь жулдсан сэлбэ

Цагийн сайханд хот дундуур долгиолон урсах урсгалаараа улаанбаатар­чуудын алжаалыг тайлдаг байсан гэх үлгэр домог мэт яригддаг Сэлбэ гол өнөөдөр ямар байдалтай буйг хүн бүр мэднэ. Гурван жилийн өмнө л Ерөнхий сайд асан С.Батболдын санаачилгаар  “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг тохижуулах” төслийн хүрээнд өнгө төрхийг нь өөрчлөхийн сацуу голоо аврахаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан. Худалч хүнд бараг өдөр, шөнөгүй л машин хөлхөлдөж, хүн амьтан бужигнан бүтээн байгуулалт өрнүүлсэн төслийнхөн өнөөдөр 350 метр газрыг нь тохижуулсан нэртэй сураг нь алдарч.

Уг нь, Солонгосын Сөүл хотын дундуур урсдаг Чонгэчон гол шиг болгоно гэж мөрөөдсөн төслийнхөн хоёр үе шаттайгаар ажлаа хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэл 350 метр, “Голден Вилл”-ийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх буюу нийтдээ 1,3 километр газрыг тохижуулна гэж төлөвлөсөн хэрэг. Хүн ам шигүү суурьшсан Улаанбаатар хотын агаарын хуурайшилт хэт өндөр байгаа нь анагаахын мэргэжилтнүүдийн санааг зовоосон өнөө үед хайр гамгүй хандсан хүмүүст гомдохдоо урсгалаа татсан голыг дахин сэргээнэ гэсэн нь үнэхээр сайхан мөрөөдөл. Мөрөөдлөө ч амьдралд буулгахаар хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбийн урсацыг нэмэгдүүлнэ гэж тооцоолж. Нэг ёсондоо, Улаанбаатар хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэд нийлүүлэхээр зураг төсөлдөө тусгасан байна. Ингэж урсацыг сайжруулахаас гадна орчныг цогцоор нь тохижуулахдаа 1,5 га-д явган хүний зам талбай, 1,14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, далангаас гурван метрийн урттай орчин үеийн шийдэл бүхий чулуун баганууд болон үндэсний онцлог харуулсан хээ угалз бүхий төмөр хашлага хийнэ гэжээ. Түүгээр ч зогсохгүй усны толио үүсгэх зорилгоор  найман ширхэг халиагуур шинээр хийж, хоёр хэсэгт гэрэлтүүлэг бүхий усан оргилуур мөн өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай болох зориулалтын газруудыг байгуулах зэрэг олон ажил төлөвлөсөн юм даг. Тооцоо, судалгаагаар ч нийт өртөг нь найман тэрбум гэгдсэн эл төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийслэл болон дүүргийн төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Түүгээр ч зогсохгүй санаачилсан гэх сэтэрийг зүүсэн Ерөнхий сайд асан ч гишүүнийхээ нэг тэрбум төгрөгийг хандивласан гэдэг яриа ч бий.  Гэвч ОХУ-ын туршлагатай зургаан мэргэжилтний зөвлөгөөг тусгасан эл төсөл яагаад ч юм нам жим болж, хөрөнгө мөнгөгүйгээс 2012 онд лав ажил нь эхлэхгүй гэсэн яриа гарах болов...

Энэ талаар албаныхан “Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл 2011-2013 онд өнгө төрхөө бүрэн өөрчилнө гэж хэрэгжсэн. Гэвч Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар хэрэгжсэн гэдэг утгаараа засаг солигдоход эзэнгүйдсэн хэрэг. Төсөл хариуцсан нэгж нь ч татан буугдсан нь үүнтэй холбоотой байх” гэв. Харин нийслэлийн алдраа хэлэхийг хүсээгүй мэргэжилтний хэлснээр төслийг хэт хурдтай хийсэн, зураг төсөл алдаатай гарсантай холбоотойгоор ажил нь саатсан гэдэг нь үнэнд илүү ойр мэдээлэл байх” гэлээ.

Ямартай ч, албан бус мэдээгээр нийслэлийн төс­вөөс өнгөрсөн хугацаанд Сэлбэ голын урсацыг сайжруулахын сацуу иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нэг тэрбум 985 сая төгрөг зарцуулжээ. Хамгийн сүүлд 2013 онд 297 сая төгрөгийг бүтээн байгуулалтад нь зарцуулж, нийтдээ төсвөөс 2,2 их наядыг зарцуулсан гэх тооцоо гарч. Зураг төсөлгүй, төлөвлөлтгүй эхэлсэн юм шиг эл төсөл яагаад ингэж их мөнгө “уусан”-ыг тодруулахаар гүйцэтгэгч  “Норбу” компанийн гүйцэтгэх Г.Батмөнх захиралд хандсан юм.


Г.Батмөнх : Анхнаасаа хүмүүст буруу ойлголт төрүүлчихсэн

-Сэлбэ голын урсацыг сайжруулах төслийн хурд саарах шалтгааныг албаныхан зураг төсөлтэй нь холбон тайлбарлах болж. Гүйцэтгэгчийн хувьд та хариулт өгөхгүй юү?
-Төслийн хэрэгжилт саатсан шалтгаан яг л наадах чинь. Хот дотроо голтой Солонгос, Хятадыг харахад хэдхэн газарт л хүн тухалж суух орчин бүрдүүлсэн байдаг. Гэтэл манайх байна гэж төлөвлөсөн. Нөгөө­тэйгүүр, манайх хоёр тэрбум төгрөгийн төсөвтэй, 270 сая төгрөгийн цалингийн фондтойгоор энэ ажлыг гүйцэтгэж байна. Монголд анх удаа хийж байгаа гэдэг утгаараа Хятадын олон компанид хандахад тав нь саналаа өгч байсан юм. Тэд юу гэсэн гээч. Тэрбумаас тэрбум 200 сая төгрөгийн ажлын хөлстэй бол хийе гэсэн. Тэгэхэд би арай даварчихсан юм, муусайн хятадууд. Монголд ирж биднийг шулах гэлээ гэж бодож өөрсдөө хийхээр зориглосон. Харин одоо эргээд бодоход үнэхээр зөв төсвөө тооцоолсон байж гэж бодогдсон. 

-Анх хэрэгжихдээ л их бүтэл муутай эхэлсэн юм шиг санагддаг. Байсхийгээд л хөрөнгө дутлаа гээд л ?
-Захиалагч, зургийн зохиогч, гүйцэтгэгчийн хооронд үл ойлголцол байнга үүсдэг. Тиймээс аль ч талаас нь харсан цаашаа явахгүй юм байна гээд зургийг нь тодотгое гэсэн хэрэг.

-Сүхбаатар дүүргийнх­нээс энэ талаар тодруулах гэхэд толгой мэдэж ярих хүн олдсонгүй?
-Өмнөх Засгийн газрын үед хэрэгжсэн төсөл болохоор сонгуулийн дараа удирдлага нь солигдохоор шинэ хүмүүс нь мэдэхгүй байгаа нь аргагүй. Тэгсэн хэрнээ л сонин, зурагтаар биднийг чинь мөнгө идэж, уусан гээд л. Үнэндээ,  хаа сайгүй хариуцлага тооцдог болсон үед өнөө үед гэрээгээ гурав, дөрвөн удаа сунгана гэж байхгүй. Сэтгүүлчид их л асуух мөртлөө маргааш нь бүтэхгүй нь гээд л биччихнэ.

-Иргэд ойлгохдоо Сү.Батболдын төсөл юм чинь саадгүй хэрэгжинэ гэж байсан?
-Тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболдын УИХ-д дэвшсэн тойрог нь Сүхбаатар дүүрэг. Тэгээд л их сайхан ажил хийх юм байна гээд гишүүнийхээ тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгөө энэ төсөлд хандивласан. Гэтэл сүүлдээ Батболд санаачилсан болж хувираад би ажлыг нь гүйцэтгэсэн нөхөр юм шиг л яригдсан. Дотны найз нь, намынх нь журамт нөхөр ч гэж хардуулж, шүүмжлүүлсэн. Тэр битгий хэл, нийслэлийн удирдлагууд Батболдын төсөл гэж ойлгон улстөржүүлж байсан ч учрыг нь олонгуутаа бидэнд санхүүжүүлэх төсөл байхгүй, өөрсдөө аргал гэсэн. Үнэндээ, Солонгос, Хятадын голын гольдролыг өөрчилсөн туршлагыг харахад манай төсөв хэтэрхий бага байгаа байхгүй юу.

-Сү.Батболдынх биш юм бол хаанаас хэрэг­жүүлсэн төсөл вэ?
-Нийслэлээс санаачлан хэрэгжүүлсэн төсөл шүү дээ.

-Хийсэн ажилдаа эзэн болж энэ жил дутуугаа хийж хүлээлгэн өгнө гэсэн байх аа?
-10 хувийн гүйцэтгэл дутуу байгаа. Тохижилт бас бус юм бий.

-Эл төслийг гурван хавар уясан компаниудад 14 сая төгрөгийн алданги тооцсон гэсэн яриа гарсан байна лээ?
-Тийм биш.  Гэрээнд л ажлынхаа тэдэн хувийг хүлээлгэж өгөхгүй бол хариуцлага тооцно гэсэн заалт байдаг. Тэрийг л хүмүүс өлгөж аваад яриад байгаа байлгүй.

-”Норбу” компани үйл ажиллагаа явуулах хөрөн­гийн эх үүсвэргүй болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Гайгүй дээ. Болгох гээд үзэж л байна. Хүмүүс чинь надаас илүү мэдээлэлтэй. Би гайхаад байх юм. Эцсийн дүндээ хүмүүс ямар ч учиртай ийм яриа өгөөд байдгийг ойлгодоггүй. Хуучин төсөвлөсөн мөнгө нь бий шүү дээ.  Ажлын гүйцэтгэлийнх нь 90 хувийг өгчихсөн, ажил дууссаны дараа 10 хувийг нь өгөх ёстой гэсэн байдлаар түгжигдээд л явсан. Ажил хийж байгаа хүмүүс бол хуулиа баримтлах нь зөв. Нийслэлийнхэнд төсөвлөсөн мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй байна гэхээр бид яахав дээ, гэрээнд зааснаараа ажилла гэдэг. Мөнгө нэхвэл элдвээрээ хэлүүлэх юм байна гээд бушуухан хийж гүйцэтгээд хүлээлгэж өгье гэж бодож байгаа.

-Ирэх жил  төслийн хоёрдугаар шатыг эхлүүлнэ гэсэн. Туршлагатай болсон компанийн хувьд зүтгэхгүй гэж үү?
-Үгүй. Миний хувьд бол оо.  Төсөв мөнгө нь яаж ч батлагдсан бай одоо больё. Яахав, төсөв   нь барихаар төлөвлөсөн байгууламжиндаа хүрэхгүй юм байна гэдгийг хаана, хаана харчихсан. Хүрнэ гэж хэлэх хүн ч байхгүй. Бид өөрсдөө ч мөнгө гаргасан шүү дээ.

-Хэдэн төгрөг гаргасан юм?
-200 сая төгрөг өнөөдрийн байдлаар зарцуулчихаад байна.     
Харин төслийн нэгж байсан Сүхбаатар дүүргийг зоривол энэ талаар мэдээлэл өгөх албаны хүн байсангүй. Гэхдээ явсан нохой яс зууна гэгчээр Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах ажил юунаас болж саатсан шалтгааныг тодруулах эрлийн үед дүүргийнх нь өмнөх дарга нар үүнийг овжиноор ашигласан байх магадлалтай гэсэн бор шувуу ч нисэв. Учир нь, зураг төсөлд бетонон хашлага гэж тусгасан байхад дүүргийн удирдлагууд өндөр үнэтэй гантиг чулуугаар хашлага хийж төсөвт өртгийг 300 сая төгрөгөөр өсгөсөн гэх яриа гарав. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэгчлэн оргүй яриа  биш бололтой. Ямартай ч, үнэн, худлыг нь үл мэдэх ч Сэлбэ голын урсацыг сайжруулахад багагүй мөнгө зарцуулсан эл төслийг амжилттай дуусгахын тулд хотын удирдлагууд анхаарал тавьж эхэлжээ.


Б.Лхагважав: Зураг төсөл нь хэтэрхий нүсэр хийцтэй учраас шинэчлэхээр болсон

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга Б.Лхагважавтай уулзлаа.

-Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл зогсоно гээд байх юм. Энэ үнэн үү?
-Төслийн эхний үе шат болох 350 метр газрыг 2.8 тэрбум төгрөгөөр хийгээд дуусч байгаа. Технологийн шаардлагаар л зогссон. Гэхдээ эл төслийн хоёрдугаар шатыг үргэлжлүүлэхийн тулд зарим зүйлийг тодорхой болгох хэрэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл, зураг нь хэт нүсэр хүнд хийцтэй, учир дутагдалтай. Тиймээс зургийг нь шинэчлэн дахин хөрөнгө тавьж хийлгэхээр шийдвэрлэсэн.

-Тэгэхээр хоёрдугаар шатны ажил хэзээ эхэлнэ гэсэн үг вэ?
-2014 ондоо зургийнх нь асуудлыг шийднэ. Одоо ярьж, төлөвлөж байгаагаар  “Голден Вилл”-ийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх буюу нийтдээ 1,3 километр газрыг тохижуулахаас гадна Туул гол хүртэл ч үргэлжилж болох юм гэж үзсэн хэрэг. Зураг төсөл бэлэн болсны дараа л хөрөнгөө суулгаад явна гэж ойлгож болно.

-Сэлбэ голын зураг төслийг гаргахад багагүй мөнгө зарцуулсан. Өөрчил­нө гэхээр л бас хөрөнгө мөнгө шаардагдах биз дээ?
-2012 оноос нийслэл зураг төсөвт тусад нь мөнгө тавьж байгаа. Өөрийнх нь гаргасан төслөөр хийвэл болохгүй гэх юмгүй. Гол нь, мэргэжлийн инженерийн хувьд харахад хүнд хийцтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэтэрхий бетонон хийц ч юм уу. Тиймээс бид судалж байна. Эко шийдэлтэй болгохын тулд.

-Зураг төсөл гарлаа гэхэд барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-Барилгын ажилд энэ жил хөрөнгө тавиагүй. НИТХ-аар хотын төсөв батлахдаа зураг төсөл нь экспертизээр орж батлагдсан төсөлд хөрөнгө баталж өгдөг юм. Тэгэхээр бэлэн болсон зураг төсөл байхгүй учраас энэ жил Сэлбэ голын урсацыг сайжруулах ажилд төсөвт мөнгө тусгаагүй.
Нийслэлийн албаны хүний хэлснээр голын дундах бүтээн байгуулалтыг анх удаа хийж үзсэн монголчуудад төслийн эхний ээлжийн ажил туршлага болсон. Иймээс ч хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэгчлэн мөрөөдөлдөө хөтлөгдөн бага мөнгөөр нүсэр зураг төсөлтэй байгууламж барих гэж хүчлэхгүй. Харин  байдлыг бодитоор харж, ухаалгаар хөдөлнө хэмээсэн. Харин нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхны мэдээллээр Сэлбэ гол гэр хорооллын дундуур багагүй зам туулан маш их хог, лагтай урсан ирдэг зэргийг тооцон урсацыг нь сайжруулах усан халиагууртай боомтын зураг шинээр хийж эхэлсэн гэнэ. Гэхдээ дөнгөж зураг төслийг нь боловсруулж байгаа гэсэн.
Ямартай ч, хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур хэмээн адлагдаж буй гүйцэтгэгч “Норбу” компани эхэлсэн ажлаа дуусгана гэдгээ хэллээ. Гэхдээ энэ нь хөрөнгө санхүүгийн бярдаа бус ажилдаа эзэн болж чаддаг гэдгээ харуулахыг хүссэн монгол зан хэмээн захирал нь ярьж байлаа.
Тиймдээ ч ирэх дөрөвдүгээр сард газар гэсэхээр үлдсэн ажлаа чанартай гүйцэтгэж, наадмаас наана бүрэн ашиглалтад оруулна хэмээсэн. Олон хаврыг ардаа үдсэн “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг тохижуулах” төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалт энэ хавраар цэг тавьж, ашиглалтад орох нь. Харин хоёрдугаар шатны ажил хэр удаан настай үргэлжлэхийг таашгүй.
Дашрамд, Сэлбэ голын олон жилийн дундаж урсац нь 10-15 метр куб секунд байсан ч одоо багасч 0,2 метр куб секунд орчим болсон гэдэг. Арваад метр өргөнтэй, урсац нь өнөөдрийн Туулын дайтай, сэрүүн тунгалаг байсан гэгддэг Сэлбэ голын ирээдүйг гэрэлтүүлэх цучил байна уу.

0 Сэтгэгдэл
bohir usaar duursen goloor yadgiin. hiilee gej bodii. tegej bgad duuren hog blno biz.
Хамгийн их уншсан