Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШҮЛХИЙН ГОЛОМТЫН БҮСИЙНХЭН ВАКЦИНЫ ДУТАГДАЛД ОРЖ БОЛЗОШГҮЙ НЬ

Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтан ширээ, Дэлгэрэх суманд тархсан талаарх мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Өнөөгийн байдлаар Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчний голомтод байгаа 181 өрхийн 333 тэмээ, 14451 үхэр, 65585 хонь, 47142 ямаанд үзлэг хийхэд 60 өрхийн 290 үхэрт шүлхий өвчний ил шинж тэмдэг илэрсэн тул 286-г нь устгажээ. Аймгийн Онцгой комисс Сүхбаатар, Дорноговь аймаг болон Галшар сумтай хил залгаа Баянхутаг, Баянмөнх, Дархан, Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр сумыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хэмээж буй.

Н.Тунгалаг: Вакцины нөөцдөө тааруулж малаа вакцинжуулж байна

Байдал ямар байгааг тодруулахаар Сүхбаатар аймгийн Мал, эмнэлгийн газрын дарга н.Тунгалагтай холбогдсон юм.

-Сүхбаатар аймагт шүлхий өвчний есөн голомт бий. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай аймгийн таван суманд шүлхий өвчин гараад байна. Өнөөдөр /өчигдрийн/ мэдээгээр 550 үхэр өвчилсөн. Өөрөөр хэлбэл, голомтын бүсийнх. Иймд өвчний тархцыг хязгаарлахын тулд хил залгаа сумдад хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон. Бүх малаа байгаа вакциныхаа нөөцөд тааруулан вакцинжуулахаар төлөвлөсөн. Нэг ёсондоо, өвчин гарсан сумынхаа үхрийг хоёр удаа, бусад хил залгаа сумдын өвчлөх эрсдэлтэй малыг вакцинжуулж байна. Мөн эрүүл мэндийн үзлэг хийж, үхсэн малыг устгаж, ариутгал халдваргүйтлийг хатуу чанд хийж байна.
-Вакцины нөөц хэр хангалттай байгаа вэ. Хотоос татсан уу?
-Улсын хэмжээгээр тааруу байгаа шүү дээ. Улсын нөөцийн ихэнхийг нь манай аймаг татаж авсан. Нийтдээ 2,5 тн вакцин. Үүн дээрээ нэмээд өөрийн нөөцөд байгаагаа нийлүүлэн боломжтой хувилбараар хүргэхийг зорьж байна. Өнөөгийн байдлаар вакцинжуулалт 40 хувьтай байгаа.
-Вакцины чанар муу байна гэсэн яриа гарсан. Энэ хэр үндэслэлтэй юм бол оо
?
-Чанартай, чанаргүй гэж баталгаа гаргах юм байхгүй.  Шүлхийн вакцины хугацаа 2014 оны хоёрдугаар 28-нд дуусах юм. Тиймээс хугацаа нь дуусахаас өмнө амжиж бүх малаа вакцинжуулахаар ажиллаж байна. Монголд вакцины чанартай, чанаргүйг нь шинжлэх чадалтай лаборатор ч байхгүй. Олон улсын хэрэглэж болно гэсэн зөвшөөрлөөр л явж  байгаа.
-Шүлхий өвчнөөр зээр өвчилсөн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ?
-Зээр бол элбэгшсэн. Одоо зээрний хөдөлгөөн ид идэвхжсэн үе. Мал шиг хашаад туугаад байж болох биш. Малаа л сайн вакцинжуулах хэрэгтэй байна. Бидний айж байгаа ганц зүйл маань ч энэ л дээ.
-БОНХЯ-тай яриад хөдөлгөөнийг нь хянах арга байхгүй юу?
-Зээрийг үргээх тусам өвчилсөн нь өвчин тараах хамгийн их эрсдэлтэй. Уг нь, нүүдэллээд байхгүй бол гайгүй л дээ. Манай аймгийн урд сумаар цас байхгүй болохоор хойшоогоо зээрийн хөдөлгөөн их байна гэсэн мэдээлэл ирсэн. Бодвол цас дагаж яваа юм болов уу. Гэхдээ зээр олноороо шүлхий өвчнөөр үхсэн юм байхгүй. Манай аймагт 35 мянга орчим зээр нүүдэллэж байна гэсэн дүн гарсан байна лээ.
-Ер нь, байгаа вакцин маань бүх малд хүрэх болов  уу?
-Сүхбаатар аймгийн бүх малыг тарьж хүрэхгүй. Аймгийн 10 сумын бүх мал, гурван сумын үхэр, өвчин гарсан таван сумын үхрийг хоёр удаа тариад л дуусах юм.
-Бусдыг нь яах вэ?    
-Ямар ч гэсэн эрсдэлтэй, өвчлөмтгий гэх малаа тарина. Хонь, ямааг тарина гэхээр вакцингүй болчихоод байгаа юм.
-Вакцин хангалтгүй энэ үед өвчний тархалт нэмэгдвэл ямар арга хэмжээ авах бол юм. Энэ талаар мэдээлэл ирсэн үү?
-Хоёроос гурван аймагт малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд арга хэмжээ авна гэж заасан байдаг. Манай аймаг чадах чинээгээрээ л энэ өвчинтэй тэмцэж байна.

П.Ганхуяг: Вакцин хүрэхээргүй л байна

Харин шүлхий өвчин гурван ч сумынх нь малд халдварлаад буй Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай холбогдсон юм.

-Нөхцөл байдал ямар байна вэ. Байдал дээрдэх нь үү?
-Зүүн талын гурван сумд шүлхий өвчин гарсан. Өвчний тархалтыг хязгаарлахын тулд боломжтой бүхий л арга хэмжээ авч байна. Манай аймгаас 10 гаруй мал өвчлөөд байгаа. Өчигдрийн  /уржигдар/ байдлаар гурван мал өвчиллөө гэсэн мэдээ ирсэн.
-Вакцин хэр хангалттай байна. Чанаргүй байна гэх яриа гарсан?
-Вакцины нөөц хангалтгүй байгаа. Уг нь, аймгийн нөөцөд байсан ч шүлхий өвчин гарсан аймгууд руу татсан юм. Манай аймагт ч өвчний тохиолдол гарсан учраас буцааж жаахныг өгсөн. Гэхдээ хүрэхээргүй л байна. ХХААХҮЯ-нд энэ талаар хандсан. Арга хэмжээ авна байх аа.  Вакцины чанарын тухайд гайгүй л гэх юм.
-Анх Алтанширээт, Дэлгэрэх суманд гарсан байсан. Энэ өвчин өөр сумын малд халдварлаагүй биз дээ?
-Өчигдөр үхсэн гурван мал бол Алтанширээт сумын нутаг дэвсгэр дэх Сайншандтай ойролцоо газар юм.
-Шүлхий гарсан суманд зээр олноороо бэлчиж буй нь мал эмнэлгийнхний санааг их зовоож байгаа юм билээ. Танай аймагт ямар байна?
- Цастай газар Дэлгэрэх, Алтанширээтийн хойгуур бэлчиж байгаа бололтой. Угтаа, жилийн өмнө л зээрийн хөдөлгөөнийг хязгаарлая гэж ярьж байсан. Тэгээд ажил хэрэг болоогүй.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Чоно алахийг хориглохгуй бол цаашид ч суйрэх магадлал ондор!хохиролий чоно алсан хумуусээр л толуулмээр байгаа юм!
Хамгийн их уншсан