Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.ГАНХУЯГ: МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС Л МЭРГЭЖЛИЙН БАЙЖ ЧАДНА

Мэргэжлийн, мэргэжлийн гэсээр бидний яриа эхэлж мөн л энэ сэдвээр дууссан юм. УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг драм, театрын урлагт үнэнчээр хүчин зүтгэж, ур ухаан, уран бийрийн үзүүрээр дэлхийн сонгодгуудыг амь оруулж үзэгч түмний мэлмийг мялаадаг тайзны зураач. “Мэргэжлийн зураач, найруулагч, тайзны засал чимэглэлч байж гэмээнэ мэргэжлийн урлагийг мэдрүүлж чадна” гэх үзлээр хандаж түүнийгээ ч хийсэн бүтээснээрээ харуулж чаддаг нэгэн. Түүнтэй ярилцаж суухад “Алга ташилт, цэцгэн титэм, тайзны гэрэл аль хэдийнэ үзэгчид туслах дүрийг мартжээ” хэмээн нэгэн залуу яруу найрагчийн шүлэглэсэн мөрт санаанд буусан юм. Тиймээ, тэр бол хөшигний ард хоцорч хүндлэл магтаал, алга ташилтыг амтлалгүй арын албанд хүчин зүтгэдэг “туслах дүр”. Гэхдээ их театрын тайзнаа бүхэл бүтэн ертөнцийг бүтээн босгодгийн хувьд тэр бол театрын урлагт, тайзны ард хүчин зүтгэгч “гол дүр” юм.

-Тайзны зураачдаас мэр­гэжлээрээ ажилладаг нь ховор болж?
-Мэргэжлийн.., ажиллах театр нь цөөн байна л даа. Хоёр, гуравхан л театр байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс  чинь яаж ч мэргэжлээрээ ажиллах билээ. Өрсөлдөөн ч байхгүй. Гэхдээ яахав, тайз дэлгэцийн зураач нар өөр бусад салбарт амжилттай ажиллаж байгаа нь ч бий. Ганцхан театраар ойлгож болохгүй, бусад салбарт ажиллах боломж ихтэй хүмүүс л дээ.
-Хувьсах чадвар сай­тай?
-Тийм. Кино, клип, дуу хөгжим гэхчлэн тал тал тийшээ салбарлаж явах боломжтой. Гэтэл тайзны зураач гэхээр л зөвхөн тайзны зураг зурдаг мэтээр ойлгоод байдаг. Тийм биш, ерөнхийдөө, ямар ч зургийн чиглэлийн хүн өөр юм руу хөрвөх чадвар нь сайн байдаг. Харин үндэсний урлаг, урлал буюу монгол дархан, сийлбэр зэрэг нь өөр юм руу ороход хэцүү. Европ чиглэлийн бидний энэ урлаг хөрвөх чадвар харьцангуй сайтай.
-Хүний халаас руу өнгийх муухай л даа. Гэхдээ театрт ажиллах нь чөлөөт уран бүтээлчидтэй эн дүйцэхүйц ашиг орлоготой байж чаддаг уу?
-Театр бол төсвийн, улсын байгууллага шүү дээ. Төсвөөс бидэнд хэдий хэр хэмжээний мөнгө батална, тэр хэмжээнд нь уран бүтээлээ туурвиж тэр хэмжээгээр нь л цалинждаг. Яг цэвэр зураач, уран бүтээлчийн үнэлгээ гэвэл эх зохиогчийн хөлс гэж 2-3 сая төгрөг өгдөг юм. Гэх­дээ тэрийгээ ч өгөхөө бо­лих гээд байгаа. Мөн уран бүтээлч хүний хувиар бие дааж юм хийнэ л дээ. Түрүүн хэлсэнчлэн театрын зураач гэ­хээр зөвхөн театрын ажил хийнэ гэж байхгүй. Бу­сад салбар руу ч хувьсах чадвартай. Шоу, арга хэм­жээ, кино уран бүтээл тэр ч бүү хэл задгай талбайд ч юм хийнэ шүү дээ. Гэхдээ тэрийг хийлгэдэг боломж нь бага л даа.
-Нэг уран бүтээлд 2-3 сая төгрөг гэж үү?
-Тийм.
-Тантай уулзахаар ша­таар гарч ирж байхдаа харлаа л даа. Театрын арын арк хэсэгт тайз заслын гоёл чимэглэл, эд хэрэглэлүүдийг овоолоод хаячихсан байна. Таны ур ухаан зарж хийсэн уран бүтээл хэд хоног үзэгчдийн нү­дийг хужирлачихаад тэнд очдог гэхээр нэгэн бод­лын харамсалтай санагдаж байна?
-Одоогоор нэг тоглолтын тайз 20-40 сая төгрөгөөр бүтэж байна. Энэ мөнгө тэр чигээрээ л даавуу шаавуухан мод чулуу болоод л хоцорно. Түүнийгээ хадгалаад л байж байна. Өөр арга байхгүй. Энэ бол олон улсын жишиг. Олон улсын аль ч театр тоглолт дууслаа, тайзаа хураалаа хадгална. Аль ч театр ийм. Энэ нь нэг ёсны архив гэх юм уу даа.
-Би нарийн мэдэхгүй ч сонгодог урлаг, театрын урлаг өндөр хөгжсөн ба­рууны орнуудтай харь­цуулахад 20-30 гэдэг инээдтэй л төсөв санагдах юм. Тайз засал гэдэг маш том аппаратур шүү дээ. Гэрэлтүүлгээс аваад л?
-Ер нь, манай төсвийн боломж ийм л байна шүү дээ. Бидэнд үүнээс илүүгээр хийх боломж бололцоо хомс. Яагаад гэвэл, үзэгчид, нийгэм маань юм үзэх мөнгөгүй байна. Сонгодог урлагийг нийгмийн олонхийг бүрдүүлэгч залуус үзэх нь муу байна. Тэдэнд зориулсан юм хийх гэхээр театрынхаа үндсэн чиг шугамаас гажих гэдэг. Театр гэдэг угтаа олон үндэсний сонгодог бүтээлээр нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Гадаадын орнуудад маш олон төрөл, урсгал чигэлэлийн театрууд байхад харин манайд үндсэндээ хоёр л байна. Үндэсний дуурь бүжгийн, Драмын эрдмийн гэж. Хүүхэд залуучуудын театр гэж байсан нь үгүй болсон. Шинэ үеийнхэн дэлхийн сонго­догуудтай хараахан танилцаж амжаагүй, танин мэдээ ч үгүй байна. Тиймээс энэ үеийнхэнд театрууд үйлчилж байх ёстой юм.
Зарим нэг нь шүүмжилж л байсан. Гамлет тавьж яах гээд байгаа юм, Парисын дарь эхийн сүмээр яах юм, зохиолыг нь уншихад л хангалттай биш үү гэхчлэн нэлээдгүй нэртэй олны танил хүн ч хэлж л байсан. Гэтэл цаана нь соён гэгээрүүлэх давхар бодлогын түвшний юм явж байгаа хэрэг.
-Яахав, хүүхэд залуусын дунд үзвэр үйлчилгээ үзэх нь сэргэж байгаа ч кино театрт л харагдах юм. Би Кихот ноён зохиолыг уншчихаад танайхыг тоглох гэж байна гэхэд нь уншсан номондоо хөтлөгдөн ирж үзэх жишээтэй. Тэгэхээр уг үндэс нь ном уншихгүй байгаатай нь холбоотой юм шиг?
-Уран бүтээлчийн өөрийн гэсэн арга барил байна л даа. Жишээ нь, манай тайзнаа тоглосон Дон Кихот бол Баатарын найруулга, Ариунболд зураачийн ший­дэл юм. Гэтэл Оросын театрт орос найруулагч огт өөр маягаар тавина. Тэгэхээр энэ нь найруулгын тавилт буюу постановка гэж ярьдаг, тухайн уран бүтээлчийн ертөнцөөр дамжуулан гаргаж буй өнцөг. Уран бүтээлчийн ерөтөнцөөр дамжин илэр­хийлж байгаа нь орчин үеийн урлаг юм. Бидний ярьдаг модернизм юм. Үүний гол суурь тухайн найруулагч, зураач, жүжигчний ертөн­цөөр дамжин тэр уран бүтээ­лийг ойлгох нэг хувилбар гаргаж байгаа арга барил. Нөгөө талаас, тухайн зохиол, бүтээлийн үндсэн мотив, санааг хөдөлгөхгүйгээр хийж буй урсгал юм. Ерөнхийдөө, орчин үеийн урлаг хувь хүний байр суурь, өнцгөөр та­вигддаг байхгүй юу. Үүнээсээ их олон изм үүсэх жишээтэй.
Мэргэжлийн гэдэг зүйл Монголд алдагдчихсан байна. Эргээд яаж сайж­руулах вэ гэвэл мэргэжлийн л хүмүүс байх ёстой. Жи­шээлэхэд, дуурийн театр өнөөдөр найруулагчгүй байх жишээтэй. Заавал мэргэж­­лийн найруулагч л байх ёстой. Мэргэжил гэдэг нь юу юм бэ гэхээр аливаа уран бүтээл хийхдээ тэр нь дээд гоо сайхны өндөр хэмжүүрт нийцэж байх ёстой гэсэн үг. Тэрнээс мэргэжлийн бус хэлээр хийж байгаа юм бол урлаг биш.
-Тийм ч учраас урлаг, мөнгө хоёрыг хааяа ч гэсэн ялгаж салгадаг байх хэрэгтэй болов уу?
-Тийм, мөнгө олох хэрэгсэл болгочихлоо. Гэхдээ урлаг хоёр зарчмаар явж ирсэн л дээ. Онолын түвшинд хөгжүүлдэг нэг хэсэг байгаа юм. Бидний ярьдагаар элит, масс гэж ялгадаг шүү дээ. Нэг хэсэг өндөр боловсрол бүхий элитүүдэд зориулсан урлаг. Нөгөө нь масст зориулсан. Гэхдээ үүнийг ардчилал гарснаар манайхан нэг хэсэг буруу ойлгосон талтай. Масс гэхээр л Нарантуулд худалдаа хийдэг хүн, таксины жолооч, хөдөөний хүн ч юм уу их доод түвшний гэж ойлгодог байсан. Энэ нь буруу. Масс гэдэг үг нь яаж гарч ирсэн юм гэхээр 1950-иад оны сүүл үед буюу дайны дараахан дэлхий нийтээр их том сэргэлт болсон шүү дээ. Тэр үед эдгээр хүнийг яаж нийгмийн үйл хэрэгт хөтөлж оруулах вэ гэсэн асуулт урган гарсан. 1910 оны сүүлээр социализм ялж, дараа нь 1960-аад оны үед дахин сэргэсэн. Энэ үед бүхий л улс оронд үйлдвэрлэл өндөр хөгжиж эхэлсэн. Тэгэхээр яах уу, масс ихтэй болно. Хоёр, гурван мянган ажилтантай нүсэр том үйлдвэрүүдийн ажилчдыг соён гэгээрүүлэх шаардлага гарч ирнэ. Үүнийгээ масс гэж нэрлэсэн хэрэг. Дагаад хоёр, гурван мянган хүнээ багтаах театрын байгууламж барих шаардлага гарсан. Тийм учраас орчин үеийн томоохон архитектурын шийдлүүд ч бий болсон. Угтаа, сонгодог жүжиг тоглох театрт 400 хүний л суудал байдаг юм.
-Стандарт нь уу?
-Тэгэлгүй яахав, ном журмаараа 400 хүн л байх ёстой. Тэгж гэмээнэ акустик шууд үзэгч, сонсогчид ирдэг байхгүй юу. Гэтэл нөгөөх хоёр, гурван мянган хүний суудалтай том театр байгуулж эхэлсэнээрээ массын урлаг гэх болсон. Үүнийгээ дагаад тэдгээр хүнд нөгөө сонгодог, нарийн юмнуудаа ойлгуулахад төвөгтэй болж эхэлсэн. Яагаад гэхээр, тэд сонгодгуудыг унших шаардлагагүй. Урдах ажлаа хийгээд, миний хүүхдүүд гайгүй сургуульд боловсрол эзэмшээд явж л байвал болоо гэх байдлаар ханддаг. Олонх, заавал урлагийн нарийн төвөгтэй юм надад хэрэггүй гэж үзэх болсон. Харин уран бүтээлчид хариуд нь шинийг сэтгэсэн нь хэрэглээ ба хэрэгцээний урлаг юм. Монголын онцлог бол дандаа хэрэглээний урлаг байдаг байхгүй юу. Жишээ нь, нэг аяга байя л даа. Нүүдэллээд явах учраас шилэн, шаазан аяга байж болохгүй. Бушуухан баглаж боогоод нүүгээд явахад тохиромжтойгоор нь модны үйсэн аяга байдаг. Гэхдээ энэ нь ч хагарна. Тэгэхээр хагалахгүйн тулд мөнгөөр өнгөлдөг болсон хэрэг. Тэр нь яван явсаар урлаг болчихсон. Тэр ч бүү хэл билгэдэл, нутаг усны онцлог...
-Соёл..?
-Тийм, соёл болтлоо хөгжсөн. Тэгэхээр урлаг хэрэглээнээс урган гардаг. Тийм ч учраас дээр дурдсан үйлдвэрийн ажилчдад нөгөө XVII, XVIII зууны үеийн сонгодгуудыг тухайн цаг үеэр нь биш өнөө үеийн өнгө төрхөөр нь илэрхийлж ойлгуулдаг. Энэ нь хэрэгцээний урлаг. Үүнийг олж харж хийсэн уран бүтээлчид өөрсдөө гоо сайхны өндөр мэдрэмж, мэдрэхүйтэй хүмүүс юм. Ганцхан жишээ хэлэхэд, Парисын дарь эхийн сүмийг францууд мюзикл болгосон байдаг. Гэтэл тайз засалд нь нөгөө алдартай сүм дуганын нэг ч дүрс байхгүй байх жишээтэй. Тайзны голд зүгээр л нэг баримал чөтгөр байдаг. Хана нь нааш цааш хөдлөхөөс өөр юу ч байхгүй. Тэгээд л жүжгийн үйл явдал өрнөөд л байдаг. Тэр нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг орчин үеийн урлагт минимализм гэдэг. Энгийн, ойлгомжтой, төсөр хэр нь үзүүштэй. Хялбархан, байж л байдаг бидний хүрээлэн буй орчин, хувцасны элемент, гэрлийн шийдэл, эффект театрын том орон зайгаар дамжуулан тэр жүжгийн ерөнхий агуулгыг гаргадаг. Гол юм бол хайр сэтгэл. Муухай, сайхан гадаад төрхөндөө биш хүний дотоод мөн чанар, амьдралын гэрэл гэгээг мюзикл болгон дууны хэлээр үзүүлж байгаа юм. Тухайн үед энэ мюзиклийг хийсэн продюссер их айж байсан гэж байгаа юм. Дуу хуур нь бэлэн болсон ч гурван жил тайзнаа гаргалгүй дарсан гэж байгаа. Үзэгчдэд хүрэхгүй байх, хүлээж авахгүй байх гэж. Дууг нь бичүүлж дуулуулаад радио телевизээр явуулсан чинь масс бүр тэр дууг нь дуулдаг, захиалдаг болж л дээ. Гурван жил болоход тэр жижиг, мюзиклийн дууг бүгд мэддэг болов оо. Тэгэхээр нь продюссер жүжгийн багаа дуудаад энэ жүжгээ мюзикл болгон тавья гэсэн санал гаргаж л дээ. Долоо хоногийн дараа өнөөх л Парисын дарь эхийн сүм дэлхий хэмжээний мюзикл жүжиг болон гарч ирж. Тэр жүжгийг л дууны хэлээр үзүүлж байгаа байхгүй юу. Энэ нь өөрөө модернисаци буюу нөгөө хэрэгцээний урлаг.
-УДЭТ нэг үе унтаа байсан гэж болно. Одоо үндэсний ч, сонгодог ч тэр сор болсон уран бүтээлүүдээр үзэгчдийг уйдаахгүй байна?
-Манай театрыг хүмүүс янз бүрээр л ойлгодог. Үндэсний урлагийн театр юм уу эсвэл Европ арга барилтай театр юм уу гэхчлэн. 1931 онд тогтоол гарч дэлхийн сонгодог театрын урлагийг монгол хөрсөнд дэлгэрүүлэх мэргэжлийн урлагийн байгууллага гэсэн үүрэг, статустай байгуулагдсан юм. Бид үндсэн санаа чиглэлээрээ л явж байна. Тэрнээс Монголын үндэсний театр гэж ийм юм байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Бид Монголын уламжлалт сэтгэлгээ Европын энэ тогтчихсон том соёл хоёрыг л хослуулсан онцлог бүхий театр. 1949 онд Бөмбөгөр ногоон театр шатсанаас хойш 1953 оноос Монголын сонгодог урлагийн нэн шинэ үе эхэлсэн гэж үздэг. Мэргэжлийн урлагийн хөгжлийн эхлэл тавигдсан. Мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж эхэлсэн. Монголын хамгийн анхны мэргэжлийн найруулагч бол Гэндэн, Ванган. Анхны мэргэжлийн зураач Доржпалам, Гаваа, Намхайцэрэн гэхчлэн дандаа мэргэжлийн хүмүүс. Энэ мэт мэргэжлийн хүмүүс гарч ирсэн учир Монголын театрын урлаг үсрэнгүй хөгжсөн хэрэг. Харин одоо мэргэжлийн хүмүүс байхгүй учраас унаад байгаа хэрэг. Гэтэл үүнийг бид ойлгохгүй байна. Зүгээр л болж байна, бүтэж байна гээд л. Гэтэл тийм биш. Мэргэжлийн зураач, жү­жигчин, тайзны ажилчин байж байж л мэргэжлийн байж чадна. Би мэргэжлийн бус байдлын эсрэг бай­даг. Яахав, авьяастай, сонир­холтой байгаа бол юм хийж болно л доо. Гэхдээ, энэ нь мэр­гэжлийн түвшинд байж чадахгүй.
-Нэг шалгуур байх хэрэгтэй?
-Тийм. Авьяастай найруу­­­лагч гэсэн онолын хэл­лэг байхгүй. Олон улсын стан­­дартын түвшинд бол оно­лын­хоо хэлээр л ярина шүү дээ.
-Үүнийг юунаас их ажиглаж болох вэ гэвэл өнөө­гийн Монголын кино урлаг. Мөнгөтэй л бол ки­но хийгээд л байна. Сайн, муу мэргэжлийн бус нь ха­маагүй, уран бүтээлч хандлага харагдахгүй бай­на. Телевизийн нэвт­рүүл­гийн зураг авч байсан нөхөр гүйж очоод л кино зураг авч байх жишээтэй?
-Энэ бол цаг үеийн л юм. Үзэгчид соён гэгээрч, уран бүтээл, уран бүтээлчдийн сайн мууг таниад ирэхээр аяндаа муу нь, мэргэжлийн бус нь шахагдана. Хүн бүр онол, практикаар олж авсан мэд­лэг боловсролынхоо хү­рээнд л ажиллах хэрэгтэй. Гэхдээ заавал албатай гэсэн үг биш. Мэргэжлийн байр суу­ринаас хандана гэдэг нэг өөр зүйл шүү, тэр тусмаа урлагт.

Ж.Гэрэлчулуун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан