Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТӨГРӨГ НУУР ЭНЕРЖИ”-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР ДЭД БҮТЭЦ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТГҮЙ ГАЦЖЭЭ

Төв аймгийн Баян сумын нутаг Цайдамнуур, Мааньт, Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордод 1983 онд эрэл хайгуул хийжээ. Тухайн үед хайгуулын нийт зардалд 2780.6 мянган төгрөг зарцуулж, хүрэн нүүрс илрүүлээд нөөц нь 10 орчим тэрбум тонн хэмээн багцаалсан байна.Энэ нөөцийн гурав орчим тэрбум тонн нь Төгрөг нуурын орчимд ногдоно.  Уг  ордын нүүрс нь нийтдээ 20-30 км газарт сунаж тогтжээ. Нэг хэсэг Монголын газар нутгийн тал хувь нь уул уурхайн компанийн мэдэлд очлоо. Ашигт малтмалын газар 5000 гаруй лиценз олгочихож хэмээн хэн хүнгүй л шүүмжилсэн.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын лиценз шинээр олгохгүй байхыг хориглосон билээ. Лиценз чихэр шиг  тарааж байсан тэр үед Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордыг ёотон шиг олон хэсэгт жижиглэн хуваачихсан байна. Ингэж олон хуваасны нэг хэрчим болох Тахилтын хэсгийн хоёр км гаруй талбай  нь эдүгээ “Төгрөгнуур энержи” компанид байгаа дөрвөн лиценз юм.
Ашигт малтмалын хуульд тухайн талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нөөц тогтоосон бол тэр зарцуулсан мөнгийг нь лиценз эзэмшигч төлөх заалт бий.  Иймд дээрх хууль болон Засгийн газрын 2007 оны гуравдугаар сарын 28-ны 81 тоот тогтоолоор батлагдсан жур­мын дагуу “Төгрөг нуур энержи” компани лицензийг нь эзэмшиж буй Тахилтын хэсгийн урьдчилсан хайгуулд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлсөн байна. “Төгрөг нуурын ор­чимд 1983 онд урьдчилсан хай­гуул хийхдээ  улсын төсвөөс 113 мянга 358 төгрөг 37 мөнгө зарцуулжээ. Уг зард­лыг  Засгийн газрын дээрх тогтоолын журамд заасан аргачлалын дагуу тооцоход 29 сая 476 мянга 419 төгрөг дөрвөн мөнгө буюу 21480 ам.доллар болсон аж.  Үүнээс хойш “Төгрөг нуур энержи” компани лицензийн талбайдаа 2005-2008 онд өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 68 сая тонн нүүрсний нөөц тогтоож Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна. Мөн Тахилтын хэсэгт уурхай нээн ажиллуулах Техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ 2008 онд Үйлдвэр худалдааны яам, Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. ТЭЗҮ-д дүгнэснээр тогтоосон нөөцийнхөө 61 сая тоннийг нь ашиглах боломжтой аж.  Уурхай ашиглалтын явцад нүүрсний хорогдол 9.42 хувь буюу 5.7 тонн байх нь. Мөн хөрс хуулалт  жилд дунджаар 198 шоо метр юм. Тэгээд бо­ловс­руулах үйлдвэрийн цог­­цол­бороо байгуулаад уур­хайгаа ажиллуулахад жилд хоёр сая хүртэлх тонн нүүрс олборлох хүчин чадлаар ажиллах төлөвлөгөө байна.     
Өнөөдөр төвийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудыг 3500 ккал-оос дээш илчлэгтэй нүүрстэй Шивээ-Овоо, Багануурын уурхай түүхий эдээр хангаж буй.  Шивээ-Овоогоос нэг тонн нүүрс олборлоход 15500 төгрөгийн зардал гаргадаг. Багануурын уурхайнх 20500 төгрөг байна. Төгрөг нуурын Тахилтын хэсгээс нэг тонн нүүрс олборлоход  доод тал нь 2300 төгрөг байх тооцоо гарсан. Учир нь, Төгрөг нуурын бүлэг ордын баруун жигүүрийн хормойд нүүрсний давхарга нимгэн хэсэгт байдаг тул ашигт малтмалаа бусад чулуулгаас ялган авах зардал өндөр гарах юм. Өндөр зардлаар нүүрсээ олборлолоо гэхэд түүнийгээ борлуулах зах зээл, худалдан авагч алга. Яагаад гэвэл, ашигт малтмалын  чанар нь эрчим хүчинд хэрэглэх нүүрсний  стандарт шаардлага хангахгүй ажээ. Цахилгаан станцууд 3500 ккал-оос илүү илчлэгтэй нүүрс ашигладаг. Гэтэл тус уурхайн нүүрсний илчлэг нь 2800-3000 ккал юм. Иймд олборлосон нүүрсээ боловсруулж чанарыг нь  дээшлүүлж ашиглах шаардлага тулгарчээ. Ингээд нүүрсээ хэрхэн боловсруулах талаар судалгаа шинжилгээ хийж буй. Одоогоор хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх тур­шилтын үйлдвэр байгуулаад байна. Үүнээс гадна нүүрс хий­­жүүлэх, баяжуулах, шин­гэ­рүүлэх судалгааны ажил хийж байгаа аж.  Гэвч уур­хайгаа нээн ажилуулахад саад бэрхшээл мундахгүй их. Нүүрсээ боловсруулах арга технологи сонгох, үйлдвэрийн хөрөнгө оруулалтаа олох гээд олон асуудал бий. Бэрхшээл үүгээр дуусахгүй. Үйлдвэрлэлд хэрэглэх эрчим хүч, бү­тээг­­дэхүүнээ тээвэрлэх зам ха­рилцаа алга. Төгрөг нуур, Цай­дамнуурын бүлэг ордод лиценз эзэмшигч компаниуд хөрөнгөө нийлүүлээд ажил­ласан ч төрийн бодлого, дэмж­лэг зайлшгүй шаардлагатай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан