Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мягмарсүрэн: Миний ажил жүжигчний амь настай холбоотой

УДЭТ-ын тайзны ард байх хоёр зэрэгцээ хаалганы нэгнээс хааяа чанасан мах, бууз үнэртэж хавь ойрд түгнэ. Тэр өрөөнд театрын ихэнх жүжигчид орох дуртай. Учир нь тэнд насаараа театрын жижиг хэрэглэлийг хариуцсан Д.Мягмарсүрэн эгч “амьдардаг” юм. Амьдардаг гэхийн учир нь Мийгаа эгч цэл залуухнаасаа эхлээд 40 гаруй жил амьдралынхаа урсан өнгөрөх хоног өдрүүдийг үл анзааран театрын нэг өрөөнд байрлах жижигхэн вант улсыг удирдсан юм. Энэ вант улсад тусгаар байхад хэрэгтэй бүх зүйл бий.

-Та УДЭТ-т хамгийн олон жил ажилласан хүмүүсийн тоонд багтдаг. Хэрхэн яаж яваад театртай амьдралаа холбосон талаар яриагаа эхлэе?
-Би 1963 онд Аж үйлдвэрийн комбинат гэж байхад эвлэлийн илгээлт авч гутлын үйлдвэрийн 133 дугаар цехэд нормчин, ажлын гутлын оёдолчин байсан.
Тэгсэн хань маань Орос явахаар болоод 1970 онд би театрт ажилд орсон юм. Театрт орох үндэс суурийг манай хадам ээж гавьяат жүжигчин Ренцэнноров гэж сайхан эмэгтэй тавьж өгсөн. Хадам ээж маань ЗХУ-ын  ардын жүжигчин Лев Свердлинтэй хамт 1942 онд Сүхбаатар киноны Янжмаад тоглож байсан дэлгэцийн анхны Янжмаа байгаа юм. Тэр хүн л намайг хөтөлж театрт зохион байгуулагчаар ажилд оруулж өгсөн. Хоёр жил энэ ажлаа хийж байтал яамнаас миний албан тушаалд хүн томилогдоод ирлээ. Ингээд хоёр жил үйлчлэгчийн ажил хийв. 1973 оны хоёрдугаар сард жижиг хэрэглэлийн та­сагт хуваарилагдан яг энэ өрөөн­дөө ирснээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Таны өрөөг би театр до­торх нэгэн тусгаар улс гэж нэр­лэмээр санагдлаа. Учир нь энд жүжигт хэрэгтэй бүх л зүйл байдаг юм байна. Та­ны вант улс хэдэн жүж­гийг амилуулж чадах вэ?
-Театрт ажилласан 45 жилийн хугацаанд жилд 4-6 шинэ жүжиг тавигдсан гээд бодоод үз. Жүжгээс гадна бусад уран бүтээл нийлээд тоо­цохоор бараг 400 гаруй бүтээл дээр ажилласан байна даа. Тэр бүгдийн жижиг хэрэглэл миний өрөөнд хадгалагдаж байгаа. Хүний нүднээс бусад нь байгаа даа. Намайг анх ирэхэд шүдэнзний хайрцаг хүртэл байсан. Энүүгээр яах вэ, хаанаас ч гэсэн олчихно гэдэг байсан чинь япон шүдэнз олдохоо больчихсон. Тийм болохоор энэ өрөөнөөс хаях зүйл байдаггүй юм. Театртай амьдралаа холбосны буянд театрын 70 жилийн ойгоор “Алтан гадас” одон, 80 жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авлаа. Гутлын үйлдвэрт ажиллаж байхдаа Эвлэлийн төв хорооны алтан медаль, Хөдөлмөрийн хүндэт медалийг авсан. Театрын ажилчид дундаас Засгийн гурван хүндэт одонг авсан ганцхан хүн нь би.

-Цонхгүй мөртлөө хоёр хаалгатай, өвөлдөө ч зундаа ч хүйтэн өрөөнд суух амаргүй юм шиг?
-Энэ зун засвар хийнэ гэсэн. Өнгөрсөн жил салхивч тавьж өгсөн. Тайзан дээр гарахаар харанхуй, өрөөндөө орж ирэхээр битүү. Ажиллахад хүнд нөхцөл шүү.

-400 гаруй жүжгийн жижиг хэрэглэл байгаа гэхэд таны өрөө маш эмх цэгцтэй юм. Таны өрөөнд орж ирсэн цагаас л өөрийн тань гэр ямар бол гэж бодож суулаа?
-Аав маань насаараа намын дарга хийсэн хүн. Тийм ч учраас гэрийн  хүмүүжил их сайтай. Одоо бол гэртээ эгч нь хоёр ачтайгаа амьдардаг юм. Байсан юм байрандаа л байна гэсэн зарчмаар амьдардаг. Зүү нэг газар хатгасан бол тэндээ л байна. Аяга гал тогооны өрөөндөө л байна гээд л.

-Та театрт ирээд бараг гу­рав дахь үеийнхэнтэй хамт ажиллаж байгаа юм байна?
-Тэгэлгүй яахав. Энэ хугацаанд Цэвээнжав, Пүрэвээ, Лоовой, Мэжиддорж гуай, өөрийн үеийн Шагдаржав, Ням­сүрэн, Цэцэгбалжид, Цээням­буу, Дорлигжав, Цэ­вээн­равдан гээд тухайн үеийн алдар цолтой бүх л хүнтэй хамтран ажилласан. Харин ганцхан Цагааны Цэгмэд гуайтай л ажиллаж үзээгүй. Намайг ирэхэд бурхан болчихсон байсан. Би чинь 69 нас хүрчихсэн хэрнээ л залуучуудтайгаа мөр зэрэг­цээд ажиллаж байна. Гэхдээ тэтгэвэртээ суумаар л байна.

-45 жилийн турш ажилласан гэхээр үнэхээр том орон зай, цаг хугацааг театрт зориулжээ. Одоо эргээд харахад театр таны амьдралд ер нь хэр их орон зайг эзэлсэн байна вэ?
-Театрт орж ирэхдээ би ар талаа мартчихдаг юм. Гэр орон, ач зээгээ хүртэл шүү. Харин театраас гараад гэртээ харих замдаа өнөө хоёр ачийгаа санаад л авах юм юу билээ гэж боддог. Театр бол миний хоёр дахь гэр. Ерөөсөө л театрт ажилласан энэ хугацаанд жаргал зовлон бүгдийг л үзлээ. Хоёр сайхан дүүгээ ойр ойрхон алдсан. Аав, ээж, хань маань ч гэсэн бурхан боллоо. Тэр бүгдэд л театрын хамт олон миний ойр дотны хүмүүсийг орлодог. Эд нар маань их сэтгэлийн дэм өгч байсан учраас одоо хүртэл ингээд ажлаа хийгээд явж байгаа юм уу даа гэж боддог юм. Тэр их сайхан сэтгэл надад шингэсэн учраас би театрынхаа хүүхдүүдэд бүгдэд нь хайртай. Хайраа ажлаараа харуулах гэж хичээдэг. Тайзан дээр жүжигчний нэг цаасыг дутаах эрх надад байхгүй.

-Шүдэнзний хайрцаг­наас эхлээд буу шийдэм хүртэл таны өрөөнд байх юм. Цуглуулгаа хаанаас баяжуулдаг вэ?
-Зураач, барималчдынхаа хийсэн зүйлийг л голдуу хариуцна. Гэхдээ амьдрал дээр бодитоор байдаг зүйлүүдийг бол өөрөө л олно. Заримдаа орцонд аятайхан хэрэглэчихмээр юм тавьчихсан байдаг даа. Тэрийг харж байгаад л аваад ирнэ. Ёстой хогийн цэг дээрээс л авахгүй дээ. Түүнээс хаанаас л бол хаанаас боломжийн ашиглаж болох юмыг түүгээд ирнэ. Театраас 2004 онд намайг Солонгост амруулсан. Тэнд үнэхээр жигтэйхэн сайхан, хэрэглэчихмээр юмнуудыг гаргаад тавьчихсан байдаг юм билээ. Тэр толь, цаг, аяга, тавгийг хараад болдог бол аваад явах юмсан гэхээр л жүжигчин Отгонбат “Юу яриад байгаа юм бэ, энэ сайхан газар амарч байгаад явъя” гээд л загнана. Театрынхан намайг “Нэг харахаар гуйлгачин шиг хүнээс юм гуйгаад л яваад байна. Нэг харахаар өрөө­гөөрөө дүүрэн үнэтэй архи дарсны шил өрчихсөн нэг их баян хүн шиг” гэдэг юм. Нээрээ л гоё архины шил, жимсний сав харахаараа л “Дуусахаар нь надад өгөөрэй” гээд л захьдаг юм. Манайхан ч миний энэ занг мэддэг болохоор хэрэггүй зүйлээ аваад ирдэг.

-Өнгөрсөн жил “Гамлет”-ыг тоглосон. Олон жилийн дараа дахин тоглохоор өмнө хэрэглэж байсан хэрэг­лэлүүдээ ашиглах уу, шинээр хийх үү. Таны анзаарснаар олон жилийн дараа жүжгийг дахин тавихад жижиг хэрэглэлийн хувьд хэр ялгаа харагдсан бэ?
-Хуучин хэрэглэж байсан хутга, сэлэм гэх юмнууд орно. Тавьж байгаа он нь л өөр. Гэхдээ “Гамлет”-ийн тайз нь шал өөр болсон. “Гамлет”-д хэрэглэдэг жинхэнэ гавлын ясыг өмнө нь Жамсранжав маань өөрөө явж олж ирж байсан. Харин энэ удаа бол би явж авчирсан. Шүүх эмнэлэг дээр очоод гуйж авчирсан. Өнгөрсөн хүний юм шүү гэж бодохоор жаахан хэцүү, эхний үедээ үнэр гараад ч байх шиг санагддаг байсан бол одоо дасчихсан.

-Энэ олон жижиг хэрэглэл дундаас хайрладаг, дээшээ тавьдаг, магадгүй дараагийн хүнд ажлаа хү­лээлгэж өгөхдөө хамгийн түрүүнд захиж үлдээх зүйл юу байна?
-Би өөрийн ажилласан бүх л жүжигтээ хайртай. Тэр дундаа “Хунгийн дуу” жүжигт дуртай. Хамгийн хайртай нь Мөнх­доржийн найруулсан “Хаан түүх” жүжиг. Түүхэн жүж­­гийн хэрэглэлүүдээ их хайрладаг.

-Хүн л юм хойно алдаа гаргана. Энэ олон жилийн турш мэдээж алдсан зүйл бий байх...?
-Залуу байхад алдана аа. Баатар найруулагчийн тавьсан “Гургалдайн дууч шөнө” гээд дэлхийн хоёрдугаар дайны тухай их гоё жүжиг бий. Тэрний генералын дүрд Мягмарнаран тоглосон. Уг нь би жүжгээс гурван цагийн өмнө ирээд бүх зүйлээ байр байранд нь тавьчихаад л нэг газраас хараад суудаг байсан. Тэгсэн тэр жүжигт л яах аргагүй нэг юм дутаад байна шүү. Санах гээд олдоггүй. Жүжиг эхэлсэн хойно генералын ширээн дээр байх ёстой утсыг тавиагүйгээ анзаардаг юм байна. Өрөө рүүгээ гүйж ороод утсаа аваад л гүйгээд очтол гавьяат Жаргалсайхан, Урнаа нартай хамт төгсч ирсэн Сүхээ гээд нэг хүү зогсч байна. Тэгэхээр нь очоод хэлтэл “Генералд болох уу, аппарат заслаа” гээд оруулж тавьж, намайг аварсан. Дээр үед театрын бүх ажилчдад жил бүр нэг дөрвөлжин цаас өгдөг байсан. Тэрийг нь таван удаа цоолуулвал ажилдаа ямар ч идэвх гаргаад тухайн жилдээ ямар ч шагнал урамшуулалгүй. Тэрийгээ л цоолуулахгүйн төлөө ажилладаг байлаа.

-Зарим жүжгийн жижиг хэрэглэлд яах аргагүй хоол хүнс ордог. Түүнийг нь ч гэсэн та бэлтгэх үү?
-Тэгэлгүй яахав. “Ану хатан”, “Оролмаа эх” жүжигт зайлшгүй бууз, мах чанадаг. Мах чанасан шөлөндөө бантан хийчихээд л хүүхдүүдийг ид гээд л дуудна. Жүжигчдийн хэрэглэх юманд хамаагүй хандаж болохгүй. Идэж, уух зүйл орсон жүжигт бол тайзнаас хараагаа салгадаггүй. Хэн нэгэн жүжигчний уух виски руу элдэв зүйл хий­чихвэл яах юм. Аягатай сүүнд тамхины үнс уналаа л гэхэд тэрийг чинь уух хэцүү биз дээ. Ингээд бодохоор миний ажил бас жүжигчний амь настай холбогдож байгаа биз.

-Жүжгийн жижиг хэрэглэл дутаад, тулгамдсан үед түүнийгээ орлуулсан ч юм уу, өөрөө аргалсан удаа бий юү?
-“Бардам туулай” жүжигт лууван, ногоо цагаа их орно. Тэгсэн бардам туулайныхаа улаан лууванг гээчихэж. Оёхоос өөр аргагүй болж байгаа юм даа. Урд нь манайх бүхэл бүтэн баримлын цехтэй байсан. Тэнд урлагийн гавьяат зүтгэлтэн Гүрдорж гэж нэг сайхан өвгөн байсан. Тэр хүний хийсэн зүйлүүд агуу. Тухайн үед алим олддоггүй байсан үе. Одоо бол өөр болжээ. Тэр өвгөний хийсэн лууван миний энэ гараар оёсны хажууд бол ярих зүйлгүй л дээ.
/Мийгаа эгчийн өрөөнд 400 гаруй уран бүтээлийн жижиг хэрэглэл хадгалагдаж байгаа гэхэд тэрээр  өрөөндөө төөрч будилах нь үгүй. Хоёр жилийн өмнө орон нутагт тоглосон “Бардам туулай” жүжгийн улаан лууванг шууд л гаргаад ирэх. Үнэхээр Мийгаа эгчийн 45 жилийн турш “амьдарсан” энэ өрөө түүний хувьд салшгүй эд эс болсон гэмээр/.

-Та хаана юу байгааг андахгүй юм аа...?
-Хүн нүдээрээ л их олон зүйлийг тогтоож авдаг юм байна. Нэг жүжиг тавилаа гэхэд хаана юу байх вэ гэдгийг нүдээрээ л тогтоох ёстой.

-Театраас төрөн гар­сан, ээж аавыгаа даган ирж театрт бага насаа өнгө­рүүлсэн хүмүүс жижиг хэрэглэлийн өрөө, таныг их дурсдаг юм билээ?
-Манай жүжигчдийн хүүхдүүд энд л өсдөг. Тайзан дээгүүр гүйх боломжгүй. Ээж маань өнгөрчихөөд том хүүгээ дагуулж ирээд өрөөндөө орхичихоод ажлаа хийдэг байлаа. Тэгсэн нэг өдөр ороод ирсэн хүү маань “Би аавлаг идсэн, авсаа идсэн” л гээд байна. Тэгсэн чинь хиймэл алимыг долоочихсон, хиймэл хиам барьчихсан явж байдаг байгаа. Тэгж өссөн хүү маань одоо 42 хүрчихсэн манайд дуу чимээн дээр ажиллаж байгаа.

-Ингэхэд таныг киноноос харж байсан юм байна?
-Театрын маань буян. Хүүхдүүдийн дэмжлэгээр л юм даа 2001 оноос хойш 2013 он хүртэл 11 кинонд өөрийн дүрээ үлдээсэн байдаг юм. Хэдэн хүүхэд, ач зээ нар маань надаас хойш манай эмээ шүү дээ гээд харах зүйлтэй л үлдэж байгаа юм.

-Тэтгэвэртээ гарахгүй байгаа тань мэргэжлийн жижиг хэрэглэл хариуцах хүн олдохгүйгээс тэр үү, та ажилдаа дуртайгаас уу. Дээр та тэтгэвэртээ суумаар байна аа гэж байсан?
-Уг нь би энд ажиллаад гурван шавь төрүүлсэн. Эхнийх нь найруулагч, кино драмын анги төгссөн Ананд гэж хүү байлаа. Аав нь “Улаан наран” романыг бичсэн хүн байсан. Тэр шавь маань их сайхан хүү байсан ч амьдралын нугачаанд архичин болчихсон. Гудамжинд явж байхад таарахаараа “Ээжээ, багшаа өлсөөд байна” гээд л орилно. Дараагийн шавь маань 2011 онд ирж ажиллаж байгаад амаржих гээд явсан. Түүнийг л хүлээж байна даа, одоо. Хаашдаа л нас яваад ирэхээр хүн ядардаг юм байна. Эд хариуцна гэдэг хэцүү. Хэдийгээр бүх зүйл толгойд бай­гаа ч гэсэн “Чадахгүй байна аа” гэж хэлүүлэхээсээ өм­нө чадаж байгаа дээрээ аж­лаа өгсөн нь дээр л гэж боддог юм. Хамгийн сүүлд манайд жижүүр хийж байсан Отгонжаргал гэж хүүхнийг сургаж үлдээх даалгавар аваад, туслуулж байна. Би хааш­даа л энэ бүгдийг аваад явахгүй учраас хаана юу байгааг зааж тэмдэглэл бичиж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан