Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголд үйлдвэрлэсэн пүүз хэрэглэгчдэд 70 мянгаар хүрдэг

Гутлын үйлдвэрлэл. Энэ бол Монгол Улсад шинэ зүйл огтоос биш. Бид 1990 оноос өмнө дотоодын түүхий эдээ бүрэн боловсруулж, жилд 4.2 сая хос гутал үйлдвэрлэн хэрэгцээгээ 100 хувь хангаж, илүүг нь экспортолж байсан түүхтэй. Харин гутлын үйлдвэрлэлийн оргил үед буюу 1980 онд 13 мянган хүн гутлын 18 үйлдвэрт ажиллаж, жилдээ 500 сая орчим төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв.  Гэтэл “Монголчууд гутал, пүүз үйлдвэрлэж байна” гэдэг үг сүүлийн жилүүдэд ер бусын шинэ зүйл шиг сонсогдох хүртлээ салбарын хөгжил шалдаа бууж. Үүнийг нийт гутлын хэрэгцээний 0.3 хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангадаг гэх статистик үзүүлэлтээс харж болох юм. Харин асар бага сонсогдох дээрх хувийг бүрдүүлж байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Гэсэн ч тэд  тав эсвэл 10 жилийн турш эрвийх, дэрвийхээрээ үйлдвэрлэл явуулсан ч жижиг, дунд гэх статусаас ангижирч чадахгүй л байна. Үүнд олон шалтгаан бий. Тэдгээрийн тэргүүн эгнээнд бичигдэх үндсэн шалтгаан нь иргэдийн үндэсний үйлдвэрлэл муу гэх итгэл үнэмшил. Монгол монголдоо итгэдэггүй, Монголын хий­сэн нь чанаргүй гэх явцуу ойлголтын үр шим өнөөдөр үндэс­ний үйлдвэрлэлийг сонгохгүй байх, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс шахах хүртэлх томоохон цохилт болж байна. Угтаа, хийж бүтээхээр яваа нэгнийгээ мэрж, мөлждөг чанар биднийх биш. Харин хямд үнэтэй, чанар муутай бараа бүтээгдэхүүнийг, брэнд гэх хийрхлийг дагаж “импортоор” орж ирсэн суурьшмал чанар юм. Товчхондоо, “Монголд үйлдвэрлэв” гэх шошгыг бид өөрсдөө голдог болж.

Төр нь бодлогын хэмжээнд иргэд нь чанарын хувьд голсоор... Эдийн засгийг хөдөлгөх, улс гэрээрээ хөгжиж зам нь аль ч улсын хувьд дотоодын үйлдвэрлэл байдаг гэдгийг нийтээрээ ч мартах шахаж. Үүний уршгаар үүд, хаалгаа нээгээд 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсан үйлдвэрүүд өргөжин тэлэх боломжгүй болоод байна. Тиймээс бид үйлдвэржихгүй бол хөгжихгүй гэх энэ удаагийн буландаа 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсан “Баян Цагааннуур” хэмээх гутлын үйлдвэр өнөөгийн нийгэмд хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулснаа хүргэж байна.  

Ганзагын наймаачин байсан Д.Магсаржав гэх эрхэм 10 жилийн өмнө хоёр хүний хамтаар гутал үйлдвэрлэж эхэлжээ. Механикч мэргэжилтэй түүний эхлүүлсэн үйлдвэр өдгөө 40 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, 130 гаруй нэр төрлийн ажлын болон гоёлын гутал үйлдвэрлэж байна. Олон улсад нэр хүндтэй чанар, чансаагаараа гайхагддаг брэнд  гуталтай түүний бүтээгдэхүүнүүд харьцуулагдахгүй ч тэр үндэсний үйлдвэрлэлийн сэргэн мандалтын шинэ үеийг тодорхойлж яваа ажилчин ангийн эд, эс. Монголд анх удаа Орос бакалыг дуурайлган хийсэн, хоёр жилийн өмнөөс л пүүз үйлдвэрлэж эхэлсэн гэдгээрээ тэр үйлдвэрлэлийн шинэ үеийг тодорхойлж ч болох юм. Анх түүнийг бизнес эрхлэх үеэр мэргэжлийн ажилтан олдохгүй, тоног төхөөрөмжийн гачигдалтай, стандартын шаардлага хангасан материал хомс зэрэг асуудал ар, араасаа цуварч байсан нь манай улс боловсон хүчнээ ардчиллын шуурганд алдсан байсныг гэрчилдэг аж.

Тиймээс боловсон хүчин гэдэг ямар чухал болохыг ойлгож, өөрийнх нь үйлдвэрт ажиллаж байгаа 40 гаруй ажилтныхаа нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг байна. Тухайлбал, цалинг цагт нь тавих, тав тухтай орчинг бий болгох, ажилчдыг нэг хамт олон болгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлыг үйлдвэрийнхээ хэмжээнд зохицуулжээ.

Харин жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж манай улсад ямар байгаа талаар болон үйлдвэрийн хөгжлийн талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Одоо үед гутлыг загвар талаас нь илүү сонирхох болсон. Тиймээс бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулахын тулд загварт нь хэр анхаардаг вэ. Монгол гэхээрээ бүдүүн, баараг байдаг үйлдвэрлэл үеэ өнгөрөөж байх шиг байна?
-Анх гутлын үйлдвэрлэлд хөл тавьж байхдаа хүүхдийн болон том хүний бакал хийдэг байсан. Одоо бол загвар, чиг хандлага гэх зүйлс гутлын үйлдвэрлэлд томоохон нөлөө үзүүлж байна. Тиймээс нийгмийн захиалгад тохируулж гутал үйлдвэрлэх нь чухал болсон. Олон улсын жишиг ямар байна гээд дээр ч анхаардаг. Эс бөгөөс өөрийнхөө дураар нэг загварын гутал үйлдвэрлээд байвал жижиг, дунд үйлдвэрлэл маш хурдан дампуурна.

-Монголд ганцхан танай үйлдвэр л пүүз хийж байна. Пүүз хийхэд ямар хүндрэлтэй зүйл байдаг вэ?
-Пүүз анх удаа үйлдвэрлэхэд хэвлүүр, ул гэсэн хоёр зүйл чухал нөлөө үзүүлдэг. Гэтэл манай улсад ул үйлдвэрлэдэг үйлдвэр байдаггүй. Эцэстээ, гадаад улсаас л захиална шүү дээ. Нэг удаа захиалахад доод тал нь 1000 ширхгийг захиалах ёстой байдаг. Нөгөөтэйгүүр, Монголд пүүз хийх хэмжээний арьс боловсруулах үйлдвэр ч байхгүй. Бас л гадаад зах зээлээс энэ орон зайг нөхдөг. Тиймээс өнгө үзэмж, улирлын цаг агаарын байдал зэрэгт тохирсон арьсыг хүртэл гадаад улсаас сонгож авдаг. Цавууны хувьд ч гэсэн ялгаагүй импортынх. 

-Бүтээгдэхүүний орц импортынх бол үнэ өснө. Гэтэл та нэг удаадаа доод тал нь 1000 ширхэг ул авдаг юм байна. Тэдгээрийг гутал болгоод зах зээлд байршуулахад борлогдож чадах уу. Үнийн хувьд ямар байгаа вэ?
-Манайх 1800 орчим ул захиалж авдаг. Цэвэр арьсан пүүз учраас 70 мянган төгрөгөөр худалддаг. Энэ үнийг тогтоохын тулд олон судалгаа хийсэн. Зүгээр л амандаа орсон үнээ хэлчихдэг хэрэг биш л дээ. Солонгос, Герман, Хятад, Орос улсаар явж байхдаа гутлын үнийг судалсан. Сая хол давсан арьсан гутал байх нь энгийн үзэгдэл. Хэдийгээр бидний хийж байгаа пүүз тэр хэмжээний чанартай биш ч, зарим нэг импортын бүтээгдэхүүнээс бол хавь илүү. Харин улны тухайд бид ажлын гутлын улыг өөрсдөө хийдэг. Пүүзны улыг бол чадахгүй байгаа юм. Учир нь, ул үйлдвэрлэдэг материал, хэв хоёр маш үнэтэй. Зөвхөн нэг хэвний үнэ гэхэд хоёр сая 500 мянга. Энэ мөнгийг төлж байх ганцхан размерийн гутал үйлдвэрлэж чадна. Гэтэл нэг төрлийн гутал чинь олон размертай. Хүн амын тоо бага байгаа нь хүртэл гутал үйлдвэрлэлд маш чухал. Зуугаад төрлийн хэв хийлээ гэж бодоход 250 сая төгрөг л зөвхөн хэвд зарцуулагдана. Тиймээс  одоогийн байдлаар пүүзны худалдаа туршилтын журмаар явж байгаа учраас төдийлөн бүрэн хэмжээний техник, технологийн талаар ярих болоогүй байна. Нийт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ч гутлын зах зээлээ эзлэх цаг, хугацаа ирээгүй. Гэхдээ бид ажилчин ангийг ажил, амьдралтай болгохын тулд Монголдоо юм хийх хэрэгтэй. Байнга бара, бүтээгдэхүүний хувьд хараат байж болохгүй шүү дээ. Импортоор орж ирдэг зарим нэг гутал дээр хориг тавих хүртэл арга хэмжээ авах юм бол дотоодын үйлдвэрлэгчдэд бага ч гэсэн орой зай гарч ирнэ.

-Ихэнх гутлын үйлдвэрүүд подвальд үйл ажиллагаа явуулдаг. Харин танайх дөрвөн давхар хувийн сууц юм?
-Анх хоёр давхар жижиг байртай байсан. Урагшаа, хойшоо өргөсгөсөөр байгаад дөрвөн давхар болгочихсон. Манай ажилчид өөрсдөө барьсан. Ямар нэг үйл ажиллагаа явуулахын тулд дээд давхраа тохижуулж ресторан болгосон. Ер нь, ажилтан урам зоригтой байх нь чухал. Тиймээс бид дээд давхраа янзалж, чөлөөт цагаараа хоолоо идэх, дуулах, бүжиглэх гээд бүх зүйлээ хийх боломжтой болгож тохижуулсан байгаа.

-Ажилчид хэдэн төгрөгийн цалинтай вэ?
-Дундаж цалин 600-700 мянган төгрөг. Нормоо сайн биелүүлсэн нь нэг сая төгрөг дөхүүлж авдаг. Ер нь, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бол үүнээс доош цалин өгөх ёсгүй. Сайн юм хийх гэж байгаа бол чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах ажилтантай болох ёстой. 

Холбогдох утас: 95152856, 99190879, 99238179, 99190164, 99198628

0 Сэтгэгдэл
ugaasaa buh tuuhii edni urdaasal orj irj bga tiim bolhoor yalgaa baihgvi chiig tatna aan harin neg iluu talni bol mongolchuud oej hiij bga bolhoor oedol ene tereereel dasarhgvi unen dehdee tuuhii edee medeej sainiin avch oruulj irj chaduul mongochuud oorsdoo garaa gargaj setegleeree hiij bga bolhoor medeej mash sain puuz bolhni damjigvi tiim bolhoor golni materaalaal sain songooroi amjilt
awayldaa menejmente sain hiilde haaguur yaj borlludag yum be
eniigee tgd haana zardiim be
Үнэн хэлсэн бна тогтвор суурьшилтай ажилтантай байж л үйлдвэр хөгжинө гэж ухаантай хүн бна
baidgiin mu mongol puuz ug ni hujaagiin chiig tatdag puuz abch bhaar abch omsvol zygeerl bna daanch haan bdagiig ni medehgvi vum da
хаагуур зарагддаг юм бэ
Энэ хаагуур зарагддаг юм бэ?
Хамгийн их уншсан