Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батхүү: Нүүрсний тээвэрлэлтээ түгжихгүйн тулд хилийн боомт, замын асуудлаа шийднэ

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй нүүрсний экспорт, боловсруулах үйлдвэрийн ажлын явц, удахгүй болох “COAL Mongolia-2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын талаар ярилцлаа.

-Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт удахгүй болох гэж байна. Энэ хурлаас ямар үр гарна гэж хүлээж байгаа вэ?
-Энэ онд “Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого” батлагдсан. Тэгээд нүүрсний салбарыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа.  Уг чуулга уулзалтаар төр, компаниуд болон холбогдох бүх талууд тулгамдсан асуудлаа ярилцаж, гарцаа тодорхойлно гэж бодож байна. Яваандаа Монгол улс жилд 50 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Энэ онд 31.4 сая тонныг экспортолно. Үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. Тэр бүгдийг хэрхэн шийдэх талаар нухацтай ярилцах юм. 

-Нүүрсний салбарт хө­рөн­гө оруулалт хэр орж ирж байгаа бол. Энэ онд хэ­дий хэмжээний хөрөнгө оруу­лалт орж ирэх төлөв байна. Тооцоо судалгаа бий юу?
-Манай улсаас 13 компани нүүрс экспортолж байгаа. Тэд энэ онд тасралтгүй ажиллах боломж бий гэж тооцсон. Иймд дээрх хэмжээний нүүрс экспортлох тооцоог Ашигт малтмалын газар хийсэн.  Хайгуул судалгаа хийж байгаа компаниуд бий. Тэдний нөөц энэ жил батлагдвал ирэх онд нүүрсний экспорт нэмэгдэнэ.

-Өнгөрсөн онд төлөв­лөсөн хэмжээний нүүрсээ экспортолж чадаагүй. Энэ онд төлөвлөгөөндөө хү­рэхийн тулд ямар ямар асуудалд анхаарч ажиллаж байна вэ?
-Эхний ээлжинд хилийн боомтоор нүүрсээ саадгүй гаргах нь чухал. Дараа нь тээврийн замын асуудал байна. Таван толгой Гашуунсухайт боомтын чиглэлд хатуу хучилттай зам тавьсан.  Одоо “Эрдэнэс МГЛ” компани “Энержи ресурс” компанийн барьсан замыг нь шилжүүлж авч байна. Төмөр зам барих ажлаа хурдавчлах шаардлага бий. Нөгөө талаар компаниуд худалдан авагч талтайгаа үнэ ханшаа тохирох ёстой.

-Нүүрсний үнэ ханш ямар байх төсөөлөл гарав. Зах зээл сэргэх янз байгаа болов уу?
-Зах зээл хүнд байна. Өмнөх 2011, 2012 онтой харьцуулах аргагүй дордсон. Гэхдээ нүүрсний хэрэглээ хэвийн байгаа. Манай улс урд хөршид хорин жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс экспортлохоор тохирсон. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд жилд 50 саяас дээш тонн нүүрс нийлүүлэх шаардлага бий. Төрийн зүгээс БНХАУ-тай бодлогын төвшинд нүүрсний экспортоо тохирсон. Одоо компаниуд үнээ тохиролцож нүүрсээ хэрхэн нийлүүлэх талаар ярилцаж байна. Тэгэхээр энэ удаагийн чуулганаар урчирч буй хүндрэл бэрхшээлээ ч шийдэх гарц хайна. Тухайлбал, нүүрс­ний үнэ зогсоогүй унаж буй тул зардлаа буу­руу­лах шаардлагатай.  Үү­ний тулд хамгийн чухал асуудал нь тээвэр, логистик. Мөн нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нүүрсээ баяжуулж үнэ хүргэх. Дотооддоо нүүрсээ боловсруулах талаар ч ярилцаж байна. Жишээ нь БНХАУ-ын “Синотек” компанитай хүрэн нүүрс хийжүүлж, бүтээгдэхүүнээ тус улсад худалдах талаар яриа хэлцэл өрнөж буй юм.   Нөгөө талаар шингэн түлш гаргах, эрчим хүч үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангаад илүүдлийг нь дэлхийн зах зээлд нийлүүлэх асуудал бий. Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Энэ талаар нэлээд ажил хийж байна. Удахгүй, УИХ-д өргөн барина.  Үүнд нүүрсний салбарынхны байр суурь их чухал.

-Нүүрс экспортлогчид  хэ­дэн төрлийн татвар төлж байна вэ. Жишиг үнэ тогтоож байгаа нь амьд­ралд нийцэхгүй байна гэдэг?
-Бусад аж ахуйн нэгжтэй адил бүх л төрлийн татвар төлж байгаа. Жишээлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар л гэхэд хэмжээнээсээ шалтгаалаад 25, НӨАТ 10 хувь гэх мэт төлдөг. Нөөц ашигласны төлбөр таван хувь байдаг. Өсөн нэмэгдэх нөөц ашиглсаны татвар бага. Учир нь зах зээлийн үнэ ханш нь унасантай холбоотой. Жишиг үнэ л маргаан тарьдаг. Энэ үнийг УУЯ, Сангийн яам хамтраад зарлана. Үүнд нүүрс экспортлогчид нэлээд шүүмжлэлтэй хандсаар байна. Олборлогчид бидний экспортолж буй үнэ  жишиг үнэтэй таарахгүй байна гэдэг асуудал тавьдаг. Ингээд экспортын гэрээнийх нь үнээр тооцох талаар ярилцаж байна. Энэ асуудал шийдэгдвэл компаниудад чамгүй дэмжлэг болно.

-Нүүрсээ баяжуулж үнэ хүргэж зарна гэж яриад л байгаа. Энэ талаар ямар нэг амжилтад хүрч байна уу?
-Нүүрсийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр Ухаа худагийн уурхайд ашиглалтад орсон. Энэ үйлдвэр жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Нүүрсээ угаагаад экспортлоход хоёр дахин илүү үнээр борлуулдаг. Өнөөдөр нэг тонн нүүрс 40 ам.доллар байхад угааж баяжуулсан нь 90 гаруй ам.доллар хүрнэ. Бусад  компани нүүрс баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Говьд усны асуудал хүнд. Иймд хуурай аргаар баяжуулах технологи судалж байгаа. Нүүрсээ баяжуулснаар Австралийнхтай өрсөлдөж чадна. Мөн тээврийн зардал нь буурах ашигтай тал бий. 

-Хүрэн нүүрс шингэ­рүүлэх талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярилаа. Одоогоор яг бэлэн болсон үйлдвэрээ бариад эхэлсэн төсөл байгаа юу?
-Дөрвөн төсөл яригдаж байсан. Одоо хоёр нь ТЭЗҮ-ээ хийсэн. Тухайлбал Багануурт нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ батлагдсан. Эдгээр төслийг хувийн компаниуд хийж байгаа тул манай яамны зүгээс дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг.  Иймд тэдийд ашиглалтад орно гэж хэлэх боломжгүй. Үйлдвэрлэл эхлэхийн тулд нэлээд туршилт судалгаа хийх ёстой. Урьд нь ерөнхий төслүүд ярьдаг байсан. Одоо ТЭЗҮ нь эхнээсээ батлагдаад явж байгаа нь ахиц дэвшил гэж үзэж байна.

-“COAL Mongolia-2014” чуулга уулзалт дээр шатдаг занарын талаар ярилцах нь. Занар олборлох ажил ямар шатанд явна. Нутгийн иргэд эсэргүүцэж байсан хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Шатдаг занарыг ил, далд боловсруулах гэсэн хоёр аргаар олборлодог. Далд боловсруулах аргыг АНУ-д хэрэглэж нэлээд амжилт олсон гэдэг. Гэвч байгаль орчинд халтай гэсэн шүүмлэл дагуулж байна. Монголд занар олборлох нь шинэ зүйл. Иймд  “COAL Mongolia-2014” хурал дээр аль аль талаас нь ярилцахаар оруулсан юм. Дэлхийд түлшний асуудлыг шийдэхэд хувьсал болсон занар манай улсад элбэг байдаг тул энэ талаар ярихаас өөр аргагүй. Гэхдээ шууд олборлоод эхлэх асуудал биш. Судалгаа ид хийж байна. Цаашид энэ судалгаанд үндэслээд хэрхэн шийдэх вэ гэдгээ ярилцах ёстой. Манай оронд байгаа занар чанартай гэдгийг судалгаа хийж байгаа байгууллагууд танилцуулсан. Туршилтын журмаар түлш гаргасан. Энэ түлш нь өндөр чанартай байна гэсэн. Гэхдээ байгаль орчны асуудлыг хэрхэн шийдэх нь чухал юм.

0 Сэтгэгдэл
darga targan ard turanhai baih ni uls tur yum daa
жаахан туранхайдуу биендээ арчаатай дарга байж болдоггүй л юм байх даа. Дарга гэхээр Гахай шиг юм гараад ирэхийн
darga targan ard turanhai baih ni uls tur yum daa
Хамгийн их уншсан