Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн хэвшлээс гадуурх төрийн “халамж”


Олон хүүхэдтэй айлд гэрийн бүх л ажлыг хийдэг нэг хүүхэд байдаг. Өөрийн хийх ёстой ажлаа хэнээр ч хэлүүлэлтгүй хийх түүнийг байгаа  цагт  гэрийн бүх зүйл эмх цэгцтэй. Эцэг, эхийн сэтгэл ч тайван.  Хэдий түүнийг эцэг, эх нь хайраар дутаахгүй өсгөх ч, яагаад ч юм шинэ бүхнийг хэрэглэх, өмсөх тохиол бараг олддоггүй гэдэг. Уншигч та хэний тухай өгүүлж буйг төвөггүйхэн мэдсэн байх. Шоовдор гэж хэлэгддэг айлын дунд хүүхэд байхын үүрэг, хариуцлагыг үүрч өссөн олон залуус ч үүнийг батлах биз ээ.

Тэгвэл яг л ийм шоовдорлосон үзэгдлийг Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдсан Буянт-Ухаа орон сууцны журам дээр ахиад л бататгав. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнээс хэд дахин хямд гэгдэх орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад, үлдсэнийг нь залуу гэр бүл, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэнэ хэмээсэн. Үнэндээ, Монгол Улсын зах зээлийн хөдөлгөгч хүч, баялаг бүтээгч нь хувийн хэвшлийнхэн. Тэр дундаа амралтын өдрөө ч умартан өдөр, шөнөгүй ажилладаг тэднийг нийгмийн баялгийн 70 хувийг бүтээгч гэж эдийн засагчид онцолдог. Өнөөдөр барилга, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй тэр битгий хэл хүнс, хувцасны үйлдвэрлэлийг хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрч буй. Гэтэл Монголын эдийн засгийг чирж яваа тэднийг шоовдорлосон нь хувийн хэвшлийн секторт ажиллаж буй залуусыг гомдоход хүргэсэн хэрэг. Энэ талаар “Гикон” сантехник угсралтын компанийн ажилтан н. Бат “Би сургуулиа төгсөөд хувийн хэвшилд ажилласнаас хойш таван жил болж байна. Ажилд орсон цагаасаа өрх тусгаарлана гэж цалингаасаа хуримтлал үүсгэн банкинд хадгаламж нээсэн. Байрны урьдчилгаанд ч хүрэхээр мөнгөтэй болсон энэ үед Буянт- Ухаа хорооллын орон сууцыг зах зээлийн үнээс хямд худалдана гэсэн Засгийн газрын шийдвэр ээж, аавынхаа хажууд эхнэр хүүхэдтэйгээ амьдарч буй над шиг олон залуусыг баярлуулсан байх. Гэвч эл байрны 60 хувийг төрийн албан хаагчдад олгоно гэсэн нь хувийн хэвшилд ажиллаж байгаа залуус төрд хамаагүй гэж ойлголоо. Үлдсэн 40 хувьд нь багтахын тулд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд ширүүхэн өрсөлдөөн үүсэх нь тодорхой. Хэчнээн хөөцөлдсөн ч хувийн секторт ажиллаж байгаа залуу хосууд тэр байранд орно гэдэг худлаа биз” хэмээв.

Харин арьс ширний үйлдвэрт ажиллах Э.Туяамаа “Би үйлдвэрт ажиллаад гурван жил болж байгаа. Залуу гэр бүлийн гол бэрхшээлийн адил нөхөр бид хоёр тусдаа гарч чадахгүй л байна. Хэдий нөхрийнхөө төрсөн гэрт байгаа ч тусдаа гарч, бие дааж амьдрах юмсан гэж боддог. Тэр ч үүднээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдсан Буянт-Ухаа орон сууцны хорооллын үнэ ханшинд ихэд сураг тавьж байсан. Гэвч Засгийн газар зах зээлийн үнээс хямд гэгдэх орон сууцныхаа 60 хувийг төрийн албан хаагчдад олгоно гэсэн журам гаргажээ. Яагаад, хувийн салбарт ажиллаж байгаа залуусыг дэмжихгүй байна вэ. Ямар ч зүйлд дандаа төрийн албан хаагчдыг онцолдог нь залуусыг ямар ч хамаагүй аргаар төрийн албан хаагч болоход хүргэдэг байх” хэмээв.

Хүний нутагт долоон жил ажилласан Н.Дагвын хувьд энэ шийдвэр дэндүү өрөөсгөл мэт санагдсан хэмээсэн. Тэрээр “Надад Солонгосын нэг л зүйл их авууштай санагдсан. Энэ нь, хувийн хэвшлийн секторийг дэмжих төрийн хайр. Солонгост хувийн хэвшлийг төрөөс бодлогоор дэмжихийн сацуу үргэлж боломж олгодог. Тиймээс ч  хувийн хэвшлийн сектор нь сайн хөгжсөн юм билээ. Гэтэл манайд эсрэгээрээ төрийн албан хаагчдыг илүү онцолж анхаардаг. Ийм байвал хувийн хэвшил хөгжихгүй шүү дээ. Миний ажилчид байрны зээлд хамрагдаж чадахгүй бол хувийн хэвшилд хэн ажиллах юм бэ” хэмээн бухимдан өгүүлсэн юм.
Төрийг нэгэн гэр бүл гэж зүйрлэвэл Засгийн газар өрхийн тэргүүн. Ард түмэн түүний алагчлалгүй үзэх үр хүүхэд гэмээр. Гэтэл үр хүүхдээ төрийн албан хаагч, хувийн хэвшлийн гэж ялгасан нь шоовдорлосноос ялгаагүй. Үүнийг ч бататгаж орон сууцны корпорацын захирал А.Гантулга “ТОСК бол төрийн өмчит үйлдвэрийн газар, Ерөнхий сайдын мэдлийнх. Засаг ямар шийдвэр гаргана, түүнийг дагана” хэмээсэн. Тэгэхээр төрийн гэх тодотголтой ТОСК төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад түлхүү анхаарлаа хандуулах. Харин зорилтот бүлэг гэх хувийн секторт ажиллаж буй залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настангуудын хувьд үлдсэн 40 хувь дээр авьяас чадал, танилын хүрээгээ ашиглах хэрэгтэй болох нь. Уг нь, засгийнхан улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг тодотгосон хурлын үеэр байнга л Монголын эдийн засгийг та бүхэн авч яваа шүү хэмээн магтдагсан.  Гэтэл сэтгэлийн урам, дэм өгсөн үг нь цементэн дээр цэцэг ургуулсан хошгируулалт байсан гэж үү...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан