Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УКРАЙН ХОЁР ХЭСЭГ БОЛОН ЗАДАРЧ МАГАДГҮЙ

Украйнд сөрөг хүч­нийхний эхлүүлсэн эсэр­гүүцлийн “Май­дан” жагсаал ялалтаар өндөрлөж байна. Европын холбооны төлөөлөл болон сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх үеэр Ерөнхийлөгч Янукович буулт хийж экс Ерөнхий сайд Тимощенког суллах, сөрөг хүчинтэй хамтарсан эвслийн Засгийн газар байгуулах, хүчирхийллийг зог­соох, хугацаанаас өм­нө парламентын болон Ерөн­хийлөгчийн сонгууль хийхээр болсон.
Энэ тохиролцоог Европын холбооноос эхлээд АНУ гээд энэ маргааныг анхааралтай ажиглаж байсан талууд бүгд дэмжсэн юм. Европын холбоо Тимощенког сулласан явдлыг ойрын хугацаанд гарч байгаагүй түүхэн үйл явдал гэж үнэллээ. Суллагд­сан Тимощенко Киевт хүрэлцэн ирж эрх чөлөөний талбайд сөрөг хүчний жагсагчдийн өмнө үг хэлэв. Тэрээр жагсагчдад хандан Янукович болон түүнийг тойрон хүрээллийг бүгдийг нь баривчлан “Майдан”-д авчран хатуу шийтгэхээс нааш жагсаалаа тарааж болохгүй, цааш нь үргэлжлүүлэх ёстой гэв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Украйны парламент Радад эрх барьж байсан Бүс нутгийн намаас “Майдан”-ы дуулиан шуугианаар 42 гишүүн нь гарч явсан тул сөрөг хүчин нь олонхи боллоо. Радад олонхи болсон сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Януковичийг огцруулах санал хураалт явуулан дуу нэгтэйгээр батлав. Улмаар Ерөнхийлөгчийн болон Киев хотын мэрийн сонгуулийг хугацаанаас нь өмнө яаралтай явуулах товыг гаргажээ.
Гэвч хэд хоног хаана байсан нь мэдэгдэхгүй явсан Янукович мэдэглэл хийж албан тушаалаасаа буугаагүй, хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч хэвээр байгаа, Украйнд төрийн эргэлт явагдаж байна гээд одоогийн Радагийн гаргасан шийдвэрүүд бүгд хууль бус гэдгийг онцолжээ.

Януковичийн сууж явсан машин руу сөрөг хүчнийхэн буудаж, амь насанд нь халдахыг завдсан байна. Ингэснээр Украйны хуучин төв Засгийн газар үндсэндээ бутран унаж тус улсад Засгийн газар гэхээр юм байхгүй болж хувирлаа. Хуучин сайдуудын зарим нь суудлаасаа буухгүй, Радагийн шинээр томилсон сайдуудыг хүлээн зөвшөөрөхгүй гээд бодит байдал дээрх эрх мэдэл хэнд байгаа, хэн үймээн самууныг нэг тийш болгож зогсоох нь тодорхойгүй хэвээр.
Хамгийн сүүлийн мэдээнээс үзвэл Украйнд эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүний тоо 82 болж, шархадсан хүмүүсийн тоо хэдийнэ 200 даваад байна. Үймээнд автсан хотуудад дээрэм тонуул үргэлжилсээр байгаа тул “Майданд” оролцогчид цагдаа нар болон сайн дурын­хантай хамтарсан эргүүлж хийж зэвсэглэсэн гэмт этгээдүүдийн үймээнээс жирийн иргэдийг хамгаалах талаар тохиролцоонд хүрээд байгаа ажээ.
Шинэ Рада нь Украйны Батлан хамгаалах, Дотоод хэргийн сайд нарыг томилж, тэд бүгд “Майдан”-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэвч сөрөг хүчний хэт явцуу үзэлтнүүд Дотоодын цэргийн албан хаагчид, цагдаагийн ажилтнууд, ялангуяа “Беркут” тусгай хүчний ангийн албан хаагчдыг ангуучилсан хэвээр байна.
Цагдаагийн ажилтнуудыг өнгөрсөн оны сүүлээс эхлэн өчигдрийг хүртэл сөрөг хүчний жагсаалыг тараахад хүч хэрэглэж байсан, баривчилсан гэж хонзогнон өс авч байгаа юм. Өчигдөр гэхэд Киевийн нэгэн дүүргийг цагдаагийн даргыг ажлынх нь үүдэнд үл мэдэгдэх этгээд хутгалан хүнд шархадуулжээ.
Ерөнхийлөгч Януковичийг өөрийн онгоцоор Орос руу нисэх гэхэд хилийн цэргийнхэн тусгай зөвшөөрөл аваагүй, бичиг баримтын зөрчилтэй гээд зөвшөөрөөгүй тухай албан ёсоор мэдэгдэв. Дотоод хэргийн сайд асныг онгоцоор Орос руу нисэх гэхэд бичиг баримтын зөрчилтэй гээд хил давахыг нь бас зөвшөөрөөгүй байна.

Украйны Ерөнхий проку­рор байсан Виктор Пшонка, Радагийн экс дарга Александр Турчинов нарыг Донецк муж дахь шалган нэвтрүүлэх боомтоор Орос руу гарах гэхэд л шинэ удирдлагаасаа тушаал авсан хилчид нэвт­рүүлээгүй төдийгүй баривчлах гэж оролджээ. Эд­гээр албан тушаалтнуудын хам­гаалагчид зэвсэг хэрэглэн хилчдэд эсэргүүцэл үзүү­лэн баривчлагдалгүй зуга­таж амжжээ. Одоогоор “Майдан”-д оролцогчид, сө­рөг хүчний удирдлагын хам­гийн их үзэн яддаг, том албан тушаалтнуудын хаана бай­гааг хэн ч мэдэхгүй байгаа аж.
Януковичтэй хэлэлцээр хийсэн Европын холбооны төлөөлөгч Ерөнхийлөгч бо­лон түүний ойрын хүрээлэлд аюулгүй байдлын баталгааг хэн ч гаргаж өгөөгүй гэсэн нь байдлыг их ээдрээтэй болгож байгаа юм. Мөн Нидерландын Гадаад хэргийн сайд мэдэгдэл хийн Украйнд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хүчирхийллийг зөвшөөрч олон хүний аминд хүрсэн албан тушаалтнуудыг Нидер­ландад авчран Гаагийн хүний эрхийн шүүхээр шүүх ёстой гэв. Эсвэл Украйнд тусгайлан байгуулсан шүүхээр шүүж магадгүй тухай мэдэгдсэн нь гал дээр тос хийсэнтэй адил нөлөө үзүүллээ. Шүүгдэх хүмүүс нь мэдээж хуучин эрх баригчид  болж таарах биз. Тиймээс тэд болон тэднийг дэмжигчид хэзээ баривчлагдаад Гаагад хүргэгдэн шүүгдэх бол гээд зүгээр хараад суухгүй идэвхтэй арга хэмжээ авч эхлэх нь гарцаагүй.
Украйны зүүн нутгийнхан  Баруун нутгаас гаралтай хэт явцуу үзэлтнүүдийн түрэмгийлэл, хүчирхийллээс хот, суурингаа аврах уриа­тайгаар сайн дурын эргүүлийн багууд байгуулаад эхэлсэн тухай мэдээ ирж байна. Эдгээр сайн дурын эргүүлийн хүмүүс нь хэт үндсэрхэг үзэлтнүүдийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн нутаг дээрээ эрх мэдэл олгохгүй гэж мэдэгдэээд байгаа.
Байдал энэ мэт цаашид үргэлжилбэл Украйн нь Оросын талыг баримтлагч Зүүн хэсэг ба Өрнөдийн талыг баримтлагч, хэт үндсэрхэг үзэлтэй Баруун хэсэг гэсэн хоёр хэсэг болж задарч мэдэх нь.
Украйнтай эдийн засгийн нягт харилцаатай Унгар, Польш, Словак гэх мэт улс энэхүү болзошгүй задралт ба түүнийг даган гарч ирэх  цус асгаруулсан иргэний дайн гэх мэт таагүй зүйлсэд бэлдээд эхэлчихэж. Унгар гэхэд Украйнтай хийдэг арилжаагаараа ДНБ-ийхээ 0,7 хувийг бүрдүүлдэг болохоор эмх замбараагүй байдал, түүнийг дагасан эдийн засгийн уналт, украйнчуудын худалдан авах чадварын бууралт нь эдийн засагт нь таагүй нөлөө үзүүлэх нь гарцаагүй гэдгийг ойлгож байгаа. Иймд Унгарын Ерөнхий сайд Виктор Обран тушаал гаргаж Украйны үйл явдлыг хянах, яаралтай арга хэмжээ авах тусгай штаб  байгуулан ажиллаж эхэлсэн аж. Энэ штаб нь Украйнаас их хэмжээний дүрвэгсэд орж ирэхэд бэлдэж байгаа гэнэ. Польшийн Ерөнхий сайд Тускийн мэдээлж байгаагаар Польш, Словак хоёр ч таагүй зүйлсэд эртнээс бэлдээд байгаа бөгөөд Украйнаас галт зэвсгийн шарх авсан олон тооны хүн ирнэ гэдэгт бэлдээд байгаа ажээ.

Украйн нь 45 сая гаруй хүн амтай, газар нутгийн хэмжээгээр Францтай ойрол­цоо улс юм. Зөвлөлтийг 1992 онд задран унасны дараагаар л анх удаа тусгаар улс болсон. Түүхэндээ тусгаар улс болж байсангүй, Орос ба Польшийн хоёрын байнга булаацалддаг  нутаг байв. Олон зуун жил үргэлжилсэн энэ түүхэн ээдрээтэй явцын үед Украйн нь хоорондоо нэлээд тод ялгаатай хоёр хэсэг болон бүрэлдэн тогтжээ. Оростой хил залгаа, оршин суугчдын дунд оросоор ярьдаг хүмүүс давамгайлсан, Оросын үнэн алдартны сүмийн нэг хэсэг болох Украйны үнэн алдартны сүмийн дагагчид гол төлөв байдаг Зүүн Украйн.
Харин олон зууны турш Польшийн нөлөөнд байсан, зөвхөн украйн хэлээр яригчид давамгайлсан, Оросыг эсэргүүцэгч үзэл уламжлал ёсоор хүчтэй, Ромын католик урсгалыг дагагчид ба бие даасан тусгаар үнэн алдартны сүмийг дагачид байдаг Баруун Украйн гэсэн хоёр гол хэсэг болсон.
Зүүн Украйн нь хөгж­лийн явцад үйлдвэрлэл гол төлөв хөгжсөн бүс ну­­таг болж бүрэлдэн тогт­сон. Үйлдвэрлэлийн бүтээг­дэхүүнээ борлуулдаг гол зах зээл нь Орос. Харин Баруун Украйн нь газар тариалан голлон хөгжсөн бүс нутаг.
Польшийн улс төрийн удирдлагууд энэ онцлогтой холбоотойгоор Украйн нь Европыг бүхэлд нь тэжээх хэмжээний газар тариалан эрхэлдэг нутаг болохоор үүндээ голлон анхаараад үйлд­вэрлэлийн салбараа орхисон нь дээр гэсэн мэдэг­дэл хийж дуулиан тарьж байлаа. Өөрөөр хэл­бэл, Украйн нэгдсэн улс хэлбэрээр Европын холбооны талыг баримтлагч болвол хөрш орнууд нь энэ улсын үйлдвэрлэлийг дэмжихгүй, харин газар тариалангийн салбарт тусламж үзүүлнэ гэдгээ хэлсэн хэрэг. Зүүн хэсгийг дэмжихгүй Барууны талын эдийн засгийг л дэмжинэ гэсэн үг.
Ийм байдал Зүүн Украйны хүмүүсийн санаанд нь таарахгүй нь ойлгомжтой. Тэд хүнд үйлдвэрлэлийн салбараа цаашид ч алдалгүй авч үлдээхийн тулд Оростой найрсаг харилцаатай хэвээр байхыг эрмэлзэж байгаа юм.  Харин Баруун Украйнчуудад энэ бүхэн нааштай байгаа нь ойлгомжтой. Хоёр Украйнаас гадна Крымийн хойг гэж бас байна. Крымийн татарууд бүр Зөвлөлтийн үеэс л тусгаар улс болох тэмцлийг идэвхтэй явуулж байсан. Украйныг тусгаар улс болсны дараагаар өөртөө засах бүс болсон. Украйн задарвал Крымийн татарууд тусгаар улс болгохын төлөө тэмцэхийг хэн ч үгүйсгэхгүй. Ингэвэл Украйн нь бүр гурван хэсэг болж задрах дээрээ тулна.
Байдал цаашид хэрхэн өрнөхийг энэ долоо хоногийн үйл явдал эцэслэн харуулах юм.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
7 honogiin dotor buten ulsiig zadalnaa aanh kk
Хамгийн их уншсан