Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.БОЛДБААТАР: ЖОНШНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧ ТӨМРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛЖ БАЙНА

“Монголросцветмет” компанийн ерөнхий захирлын зөвлөх М.Болдбаатараас жоншны зах зээл, үйлдвэрлэлийн талаар сонирхов.

-Жоншны үйлдвэрлэл ямар хэмжээнд байна. Энэ онд хэдэн тонн жонш экспортлох төлөв байгаа вэ?

-Манай компанийн жоншны үйлдвэрлэл буурсан. Тухайлбал, борлуулалт сайн байсан 2010, 2011 оныхтой харьцуулхад гурав дахин буурсан байгаа. Тэр үед жоншны төрөл бүрийн баяжмал доод тал нь 130 орчим мянган тонныг борлуулж байсан юм. Гэтэл энэ онд 45 мянган тонныг  экспортлох төлөвлөгөө бий.
-Жоншны баяжмалын борлуулалт ингэж буурсан шалтгаан гэвэл?
-Оросын хөнгөн цагааны “Урсал” компани сүүлийн тав, зургаан жил манай бүтээгдэхүүний үндсэн худалдан авагч байсан. Гэтэл тэдний хөнгөн цагааны нөөц ихссэн. Дөрвөн сая гаруй тонн бүтээгдэхүүн нь агуулахад нь байгаа гэсэн. Нөгөө талаар үйлдвэрлэлийн зардал нь өссөн зэрэг шалтгаан бий. Мөн дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр Сибирь талдаа байдаг дөрвөн томоохон үйлдвэр зогссон.  Ингээд “Урсал” өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас  өнөөг хүртэл нэг ч тонн жоншны баяжмал аваагүй. Худалдааны гэрээ хэлцэл  хийсэн зүйл алга.
-Тэгэхээр одоо үйлдвэрлэж буй багахан хэмжээний жоншны баяжмалаа өөр ямар зах зээлд борлуулж байна вэ. Урд хөршид  жоншоо зарах  боломж манайд хэр байдаг бол?
-Хятад дэлхийд жоншны үйлдвэрлэл, борлуулалтаар тэргүүлдэг улс. Иймд жонш гадаадаас бараг авдаггүй. Сураг сонсоход манайхаас өөр  компаниудын олборлосон жоншийг бага хэмжээгээр авдаг гэсэн. Манай компани Хятадад жонш экспортолж үзээгүй. “Монголросцветмет” компани одоо Киргизид металлургийн баяжмал нийлүүлж байна. Мөн Украинд флотацын баяжмалаа бага хэмжээгээр борлуулдаг.
-Жоншны үнэ ханш ямар байгаа вэ?
-Манай компани фло­тацын баяжмалаа нэг тонныг нь 305-340  ам.доллараар зарж байна. Металлургийн жоншны баяжмалаа нэг тонныг нь 160 орчим ам.доллараар борлуулж байгаа.
-Жоншны үйлдвэрлэл буурсан өнөө үед “Мон­голросцветмет” ком­пани баяжуулах үйлдвэрээ хэрхэн ашиг­лаж байна вэ?
-Өнөөдөр Бор-Өндөрийн үйлдвэр хүчин чадлынхаа 30 хувьд жонш баяжуулж байна. Үлдсэн 70 хувьд нь бид төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр манай баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй юм. Энэ онд манай компани 110 гаруй мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэнэ. “Монголросцветмет” ком­пани Баргилтын төмрийн хүдрийн ордыг эзэмшдэг. Уг ордоос олборлосон хүдрээ баяжуулж байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд жонш баяжуулах үйлдвэртээ нэмэлт тоног төхөөрөмж суурилуулаад төмрийн хүдэр боловсруулах технологи нэвтрүүлсэн. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ оны нэгдүгээр сарын хугацаанд 30 гаруй мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж борлуулаад байна.
-Экспортод гарч буй ашигт малтмалын жишиг үнэ зарладаг. Энэ нь жоншны борлуулалтын үнэтэй  хэр нийцтэй байдаг юм бол?
-Хоёр гурван жилийн өмнө Хятадын зах зээлийн үнийг  аваад тогтоочихдог байсан. Тэгэхдээ түүнээс хилийн боомт хүртэлх тээврийн зардлаа хасдаггүй. Одоо бол манай компанийн жоншоо борлуулж буй ханштай ойролцоо үнэ гаргаж байгаа. Жонш үйлдвэрлэгч бусад компаниуд жижиг үнэ өндөр тогтоод байна гэдэг.   
-Манай улс жонш үйлдвэрлэлээр дэлхийд ямар байр суурь эзэлдэг вэ?
-“Монголросцветмет” компани бүрэн хүчин чадлаараа жонш баяжуулж байх үед дэлхийд эхний тавд багатдаг  байсан. Тодруулбал,  Хятад, Мексик, ӨАБНУ, Монгол, ОХУ зэрэг улс ордог.
-Тэгэхээр жоншны нөөц манай улсад хэр байдаг вэ?
-Манай улс 20-25 жил ашиглах нөөцтэй. Энэ бол хайгуул судалгаа хийгээд албан ёсоор тогтоосон нь юм. Үүн дээр өсөх магадлалтай нөөцийг нь оруулбал 40 жил ашиглана. Тэгэхээр жоншны нөөц дундарч байна гэж болно.
-Нэмэлт хайгуул хийж байгаа юу?
-Томоохон хайгуул хийсэн зүйл алга. Зарим компани жоншны хайгуул хийгээд нөөц батлуулдаг. Гэхдээ жоншны нөөцийг олон жилээр өсгөх хэмжээнд хүрэхгүй.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Өөр улс орнуудад борлуулж болно шүү дээ энэтхэг солонгос япон гээд жонш сонирхож байгаа орнууд байж л байна цаана чинь төрийн ажлыг нэг иймэрхүү л хийдэг улсдаа та нар хоцрогдсон хогнууд
Хамгийн их уншсан