Ц.ГЭНДЭНЖАМЦ: ТӨГРӨГ НУУРЫН ОРДОД ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИД НЭГ Ч ТОНН НҮҮРС БОРЛУУЛААГҮЙ
2012 оны 4 сарын 27
“Төгрөг нуур энержи” компанийн химийн зөвлөх инженер Ц.Гэндэнжамцтай ярилцлаа.
 
-Танай компанийн эзэм­шиж буй Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг ордын Тахилтын хэсгийн нүүрсний чанар ямар байдаг вэ?
-Би цахилгаан станцад олон жил ажилласан. Энэ туршлагаас үзэхэд өндөр даралтын уурын зууханд чулуун нүүрс хамгийн чухал байдаг. Манай эзэмшиж буй лицензийн талбайд байгаа B1, B2,  B3 зэрэглэлийн нүүрс бий. Өөрөөр хэлбэл,  илчлэг багатай, хүрэн нүүрстэй. Иймд өндөр даралттай уур гаргах хэмжээнд уурын тогоог халааж чаддаггүй. Тэгэхээр өнөөдөр манай нүүрсийг бүх хэрэглэгч голж байгаа юм. Иймд энэ нүүрсийг  боловсруулах шаард­лагатай. Эсвэл илчлэг өндөртэй хий гаргаж болно. Мөн шингэрүүлж ашиглаж болно. Тухайлбал, шатахуун гаргаж авна гэсэн үг.

-Нүүрснээс шатахуун гаргаж авах технологи дэлхийд хэр хөгжсөн байдаг юм бол?
-Германы Фишер, Трофич нарын эрдэмтэн анх 1923 онд нүүрснээс шатахуун гаргаж авч байсан юм билээ. Үүнээс хойш ная, ерэн жил болж байхад одоо л дөнгөж хөгжиж эхэлж байна. Манайхан хүрэн нүүрсээ хийжүүлээд, шингэрүүлээд л шатахуун гаргаад авчихна гээд хялбархан зүйл ярьдаг. Судалгаа сайн хийх хэрэгтэй. Тэгж байж хийжүүлэх, шин­гэрүүлэх нүүрс болон түүнд тохирох технологио сонгоно. Ерөнхийлөгчийг саяхан Германд айлчлах үеэр нүүрс шингэрүүлэх болон бусад технологийг нь ашиглах талаар тохиролцож гарын үсэг зурсан. Гэвч үйлдвэрлэл явуулах хэмжээнд хүрэхэд олон жилийн хөдөлмөр шаар­дана. Зөвхөн судалгаа хийхэд л гурав, дөрвөн жилийн хугацаа хэрэгтэй. Харин нефть боловсруулах амархан. Шууд нэрээд л шатахуун болон бусад бүтээгдэхүүнийг нь ялгаад авчихдаг.
Монгол орны нутгийн өмнөд хэсэг Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймагт коксждог нүүрсний нөөц ихтэй. Баруун бүсийн нутаг чулуун нүүрстэй. Манай компанийн ашиглах гэж байгаа Тахилтын хэсэг залуу хүрэн нүүрстэй. Ийм нүүрсийг хэрхэн ашиглах, боловсруулах тухай судалгаа шинжилгээ сайн хийх шаардлагатай юм. Наад зах нь урд хөршийн Шанхай, Герман, Австралийн лабораторид  нүүрсээ шинжлүүлж хэд хэдэн удаа туршилт хийж байж боловсруулахад тохирсон технологио тодорхойлно. Ингэж байж  манай уурхай ажиллах, үйлдвэрийн цогцолбороо босгох хэмжээнд хүрнэ.

-Нүүрсээ түшиглээд цахилгаан станц барих бололцоо бий юу?
-Илчлэг багатай, хүрэн нүүрстэй тул том цахилгаан станц барьж болохгүй. Би дээр хэлсэн. Асар өндөр даралттай уур гаргаж хүчрэхгүй шүү дээ. Зүйрлэвэл аргал, чулуун нүүрс түлэх нь хоёр өөр. Аргалын илчлэг 1700 орчим ккал-тай байдаг. Тиймээс түлэхэд жаахан байж байгаад л унтарна.  Нэг хувин чулуун нүүрс түлэхэд шөнөжин гэр халаагаад л хононо. Тэгэхээр илчлэг бага нүүрсийг боловсруулж байж л үр ашигтай хэрэглэнэ. Гэхдээ нүүрсний чанартаа тохирсон бага оврын цахилгаан станц байгуулж болох л байх. Цахилгаан станц байгууллаа гэхэд тэр бүс нутагт нээгдэх олон уурхай, боловсруулах үйлдвэрийн цахилгааны хэрэглээг бүрэн хангаж хүчрэхгүй. Цахилгаан станцын хэрэглээг хангадаг Шивээ-Овоо, Багануур гэсэн том уурхай байна. Хоёуланг нь улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн. Эдгээр ордыг стратегийн ордын жагсаалтад оруулсан.
Энэ хоёроос өөр дулааны цахилгаан станцыг  нүүрсээр хангаж  чадах  эрчим хүчний хүрэн нүүрсний том уурхай манайд байхгүй.  Ийм том уурхай нээхэд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манайх шиг жижигхэн уурхайг дээрх хоёр уурхайн хэмжээнд хүргэнэ гэвэл техник, технологи хэчнээн өндөр хөгжсөн ч дор хаяж 10 жил зарцуулна шүү дээ. Багануурын уурхай 1978 онд ашиглалтад орсон. Шивээ-Овоогийн уурхай 30 жил боллоо. Тэгэхэд одоо л дөнгөж энэ уурхай жилд хоёр сая тонн нүүрс олборлож байна.  Багануурын уурхайг анх нээхэд жилд зургаан сая тонн нүүрс олборлоно гэж тооцож байсан. Гэтэл өнөөдөр техник нь хуучирч, жилд 3.5 сая тонн нүүрс гаргаж байгаа.
Энэ хоёр уурхайд асар олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төрөөс хийсэн. Одоо Багануурын уурхай тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй байна. Шинэчлэлт хийхэд 60 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг юм. Бидэнд ийм хэмжээний хөрөнгө оруулалт байхгүй. Улсаас ч дэмжлэг өгөхгүй шүү дээ. Улсын мэдлийн ийм том уурхай зогсчих гээд л байж байгаа.

-Төгрөг нуурийн хүрэн нүүрсний ордын Тахилтын хэсэг стратегийн ордод орох хэмжээнийх мөн үү?
-Нийт нөөц нь 68 сая тонн. Үүнээс ашиглах нь 60 гаруй сая тонн юм. Тэгэхээр ийм нөөцтэй, нүүрс нь илчлэг бага, үнслэг өндөр, хүхэртэй  ордыг стратегийнх гэж болохгүй л дээ. Нүүрсний илчлэг нь 6700 ккал, нөөц нь 50 сая тонноос дээш коксжсон нүүрсний ордыг стратегийнх гэж байгаа. Гэтэл манай нүүрсний илчлэг хамгийн бага цахилгаан станцынхаа стандартыг хангаж чадахгүй байна. Стратегийн орд гэж улсад асар их хэмжээний нэмүү өртөг үйлдвэрлэх, ашиг оруулж буй газруудыг хэлдэг. Жишээлбэл, Эрдэнэтийн зэс молибдени, Тосон заамрын алтны ордыг хэлж буй.  Гэтэл Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод лиценз эзэмшиж байгаа компаниуд үйлдвэрлэл явуулаагүй, олборлоогүй борлуулалт хийгээгүй байгаа. Лиценз эзэмшигчдийн ихэнх нь хайгуул хийж өрөмдлөг хийсэн хүн л байна. Хамгийн гол нь нүүрсээ олборлоод борлуулах зах зээл байхгүй.

Нөгөө талаас борлуулах зах зээлээ олоод нүүрсээ олборлолоо гэхэд нүүрс тээвэрлэх зам харилцаа алга. Машинаар зөөлөө гэхэд Өмнөговь шиг болно шүү дээ. Бас боловсруулах үйлдвэр ажиллуулах цахилгаан байхгүй. Эхний ээлжинд энэ дэд бүтцээ шийдэх ёстой. Тэгж байж л уул уурхайгаа хөгжүүлдэг жамтай. Лиценз эзэмшигчид нийлээд Мааньт өртөө хүртэл 65 км төмөр зам баръя гэхэд нэг км замд 2.2 тэрбум төгрөг гэж байгаа.

Тэгэхээр бид өөрсдийн хүчээр шийдвэрлэх бололцоо алга. Дээр нь манай төмөр замын сүлжээ нэг урсгалтай болохоор тээвэрлэх хүчин чадал нь бага байдаг. Зүтгүүр, ачааны вагоноо шинэчлэх, тоог нь олшруулах гээд асуудал их бий.
 
-Та цахилгаан станцад ажиллаж байсан хүний хувьд манай улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээ ямар хэмжээнд байгаа гэж бодож байна вэ?
-Манайд Багануур, Шивээ-Овоогоос гадна дулааны цахилгаан станцуудыг хангах гурав дахь том уурхай нээх ёстой. Яагаад гэвэл, эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсч, шинэ цахилгаан станц ч барих гэж байна. Тэгэхээр Төгрөг нуур, Цайдам нуурын хүрэн нүүрсний ордын дэд бүтцийг хөгжүүлж уурхай нээх бололцоо бий.
Мөн хойд зүгт Шарын гол, Сэлэнгийн Түшиг суманд Улаан-Овоогийн уурхай байгаа. Энэ хоёр хойд зүгийн хэрэглэгчээ хангаж чадна. Зүүн талд Адуунчулуун, Чандганы уурхай бий. Чандганын уурхайг түшиглэж 600 мвт хүчин чадалтай цахилгаан станц барих төсөл бий. Мөн Цайдам нуурт бас ийм цахилгаан станц барих төсөл хийж байна лээ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.