Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бидэнд уран биш эрүүл ирээдүйл чухал

“Цөмийн аюулгүй Монголын төлөө” нэгдсэн залуус өчигдөр жагсаал зохион байгуулж, цөмийн хаягдал хийдэг шар торхийг нүдэж эсэргүүцлээ сүржин илэрхийллээ. “Монголд цөмийн хог хаягдал хэрэггүй”, “Иргэдэд үнэн зөв мэдээлэл өг”, “Бидэнд уран биш эрүүл ирээдүй чухал” гэсэн лоозон барьсан тэд химийн хорт бодисоос хамгаалах хувцас өмсчээ. Хүчинтэй байгаа ураны 101 лицензийг хүчингүй болгохгүй бол Монголд хэзээ мөдгүй цөмийн аюул нүүрлэх нь гэдгийг сануулж сануулж буй нь энэ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч, хүн төрөлхтөнд маш том аюул тарьсан гамшиг учирсан билээ. Өчигдөр жагсаал хийсэн нь энэ л аймшигт үйл явдлыг эргэн сануулах, ард иргэдийг атомын цахилгаан станцын хор аюулаас сэрэмжлүүлэх, эрх баригчдад энэхүү алдааг эх орондоо бүү давтаач гэсэн сануулга өгөх, иргэдийн санал бодлыг сонсох, олон нийтийн анхаарлыг хандуулах гэснийх аж. Тиймдээ ч арга хэмжээгээ “Бүү март, бүү давт” хэмээн нэрийджээ. “Бүү март Бүү давт” арга хэмжээ Улсын их дэлгүүрийн урд талын Битлз хамтлагийн хөшөөтэй талбайд нээлтээ хийсэн бол 15:30 минутад Сүхбаатарын талбайд үргэлжилсэн юм. Залуус дээрх замыг шар торх нүдэн туулж, гаргасан мэдүүлгээ чанга яригчаар олон нийтэд танилцуулсан нь иргэдийн анхаарлыг нэлээд татсан юм.
Монголд цөмийн хог хаягдал булшлахгүй байх, ураны лицензүүдийг хүчингүй болгох, энэ асуудлаар ил, далд ямар нэг гэрээ хэлэлцээр хийсэн бол түүнийгээ мэдэгдэхийг эрх баригчдаас шаардаж, гуравдугаар сард есөн зүйл бүхий шаардлага УИХ, Засгийн газарт өгсөн юм. Байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбооноос өгсөн дээрх шаардлагын хариуг өөрсдөд нь өгөлгүй, долоо хоног хоцроосны эцэст хэвлэл мэдээллийн байгууллагууд руу тараасанд тэд бухимдаж байгаа аж. “Энэ нь иргэний нийгмийн байгууллагуудыг үл хүндэтгэн, тохуурхаж буй үйлдэл. Ул суурьтай мэдээлэл өгсөнгүй” хэмээн жагсагчид хэлсэн. Энэ үндэслэлээ ч зүйл бүр дээр тайлбарласан юм.
Арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсыг цөмийн аюулгүй болгох асуудал. Тиймээс Байгаль орчны төрийн бус байгууллагуудаас эрх баригчдад дахин шаардлага тавьж, ард иргэддээ зориулан уриалга гаргажээ.
Тус шаардлагад, “Хөгжлийн томоохон төслүүдэд иргэдийн саналыг авах, шийдвэр гаргах төвшинд иргэдийг оролцуулах тухай олон улсын “ААРХУУСЫН конвенц”-д Монгол Улс нэгдэн орох асуудал яригдаж буй энэ үед цөмийн энерги ба ураныг ашиглах эсэх асуудлыг ард түмний оролцоотойгоор буюу 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө ард түмний дунд санал асуулга явуулах замаар шийдвэрлэхийг шаардаж байна” гэжээ. Харин иргэдэд хандсан уриалгадаа, “Цөмийн энергийг ашиглах, уран олборлох нь ард иргэдийн эрүүл мэнд, амьд байгаль оршин тогтноход маш их эрсдэл дагуулдаг болохыг Монголын нийт ард иргэдэд анхааруулахын ялдамд ирээдүйн үр ач нартаа зовлон гамшиг үлдээхгүй байхын төлөө санал асуулгад идэвхитэй оролцож, цөмийн энергийн төлөө байгаа улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчийг сонгохгүй байхыг уриалж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан