Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАЛДАН БОШИГТ ХААНЫ ЕРӨӨЛ


Эсээ

Галдан бошигт  хааны мэндэлсэний 370 жилийн ойд

Энэ хаан ерөөл өргөдөг байсан юм. Энэ хаан ерөөлөөр тодорсон хувилгаан юм. Ойрад Монголын буддын шашны гэгээнтэн Энса хутагт нэгэнтээ Зүүнгарын хаант улсын хаан хотогчин Эрдэнэбаатар хунтайжийн өргөөнд морилжээ. Энса хутагтыг буцахад Эрдэнэбаатар хунтайжийн тавдугаар хатан Юм Ага,
-Гэгээнтэн та надад үр хайрлаач гэжээ.

Энса хутагт мишээж,
-Хатан танд бурхан үр заяана гэж хэлсэн гэдэг. Энса хутагт ийнхүү найр тавин ерөөсний дараа жил 1644 оны хөх хулгана жил Галдан мэндэлжээ. Галданг зургаан настайд Зая бандид Намхайжамц, Эрдэнэбаатар хунтайжид бараалхаж,
-Ойрад Монголоос таны хөвүүн Галданг  Түвдэд залж аваачмаар байна. Далай лам, Ванчин богд тэргүүтэн энэ саналыг надаар дамжуулж илгээв. Та таалан болгоовол Галдан хөвүүн Бурхан багшийн эрдэм гэгээрэлд нэвтэрч бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх сайн үйлийг эхлүүлэх юм гэж наминчлан залбирчээ.
Түвдийн Дашлхүмбэ хийдэд Галданг очих үед Чингис хааны алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн хөвүүн, Монголын анхны Богд Өндөр гэгээн Занабазар, Галдан хөвүүний магнайд адис хүртээж,
-Миний хатан эх Ханджамц хатан, Галдан хөвүүний хатан эх Юм Ага хатан хоёул Торгуудын  Шүхэр дайчин хэмээх удамт хүний эгч дүү хүүхнээс төрсөн юм. Галдан бол миний цусан  төрөл билээ гэж айлджээ. Өндөр гэгээн  Занабазар  өөрийн анхны  уран баримал Очирдарь бурхныг хоёр хувь бүтээж нэгийг нь Манжийн Энх-Амгалан хаанд, нөгөөг нь Галданд бэлэглэсэн түүхтэй.

Монголын хоёр их хувилгаан хувь заяагаар Дашлхүмбэ хийдэд учирч ойр дотно болов. Насан эцэс хүртлээ Өндөр гэгээн  Занабазар, Галдангийн тухай муу үг дуугараагүй гэдэг. Галдан бошигт хаан Өндөр гэгээний уран барималч гоц  авьяасыг гайхан биширч Төвхөн хийдэд түүний урланд нууцаар очсон баримт бий.
Галдан зургаан наснаас 21 жил Буддын таван ухаанд нэвтэрхий боловсорч  Богд Зонховын суудалд заларсан анхны монгол лам билээ. Ширээт лам бөгөөс Далай лам, Ванчин богд тэргүүтэн мяндагтны адил зэрэг дэв өндөр, бурхны  элч билээ. Нэгэн хавар гэнэт  Юм Ага хатан эх нь Түвд нутагт бараа бологсдын хамт  ирэхэд Галдан лам түүнийг угтаж авав.

Энэ үе 1671 он болой. Далай ламын өргөөнд шашны мяндагтнуудын зөвших ёслол болов. Зүүнгарын хаант улсын хаан Сэнгэ алагджээ. Хаан Сэнгийг эцэг нэгт Цэцэн, Зодов хоёр хорлож алаад өөрсдөө  хаан сэнтийд горилсон юмсанж. Эрдэнэбаатар хунтайжийн анхны Киргиз угсаат хатны хөвгүүд хаан төрдөө тэрсэлжээ. Сэнгэ бол Галдангийн зулай гишгэж төрсөн ах юм.
Галдан лам түүхэн сонголтын цаг үетэй тулжээ. Бурхны шашны гэгээнтнүүд Галданг  хүлээнэ. Эрс шийдмэг зантай Галдан лам,
-Би бурхнаас төрөөгүй ээ. Би эхээс төрсөн. Харин бурхан бол миний оюун санааг бүтээсэн юм. Галдан миний махан бодийг эцэг, эх бүтээсэн юм. Би ээжийгээ дагана. Би Зүүнгарын хаант улсын хаан болно. Би бурхандаа  үнэнч үлдэе гэв.
Тавдугаар далай лам Лувсанжамц, Түвдийн ерөнхий сайд дисрид Сансрайдорж, Ванчин богд, цөм толгой дохилцон зөвшөөрч, Галдан шар шувтлах хүндэтгэлийн ёслол үйлдэв. Богд Зонховагийн суудал эзгүйрэв. Энэ өндөр хэргэмт суудалд дахиад монгол хүмүүн залраагүй билээ.

Галдан, хаан сэнтийд залрав. Ингэж Галдангийн суудал, эрх ашиг, дотоод ертөнц, санаа сэтгэл солигдов. Зүүнгарын хаан Галданд Далай лам бошигт хэмээх шашны эрхэм дээд цол олгов. Галдан бошигт анхныхаа зарлигаар Цэцэн,  Зодов  хоёрыг цаазлав. Ах Сэнгийн  хатан Анударийг хатнаа болгов. Тэрбээр винайн ёсноос салж эр хүний ёсонд оров.

Галдан бошигтыг Зүүнгарын хаант улсын  хаан болонгуут Манжийн хаан Энх-Амгалан түүнд хаан цол хүртээн өргөмжлөв. Энэ явдал Түшээт хан Чахундоржийн дургүйг хүргэж, Энх-Амгалан хаанд тал олох, Галдан хааныг мохоох хувийн өс өвөрлөсөн байна. Элч зарж явуулсан Галдан хааны ах Доржзавыг 300 цэргийн хамт Түшээт хан хядав. Мөн Засагт хан Шарыг цэрэглэн довтолж Түшээт хан алав.

Түшээт хан Чахундорж хунтайж илт өдөөн хатгаж байлаа. Харин Засагт ханы ноёд Галдан бошигт хаанаас цэрэг, зэр зэвсгийн тусламж гуйсан тул Зүүнгарын цэргүүд дайлаар мордож, Түшээт ханыг номхотгов. Монголчууд өвөр хоорондоо хөлөө жийлцэж, эв эе эвдрэх нь Галдан хааны санаанд үл нийцнэ. Галдан бошигт хаан Манжийн хаан Энх-Амгаланд найрсаг захидал бичиг явуулж, хүчирхэг Манж улсын зүгээс тусламж хүсдэг байв. Манжууд халх, Ойрадыг бага багаар хагалж ашиг хонжоо горилно.

Галдан бошигт хаан Дундат азид эрхшээлээ өргөжүүлж, Хасгийн Янгир султаан, Туркстаны султаан мэттэй дайтаж газар нутгаа тэлсээр байв. Галдан бошигт хааны өнө холын бодлого бол Чингис хааны Их Монгол улсыг байгуулах эрмэлзэл байв. Монголын их хаан Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай нарын дархалсан урт замаас хойш дөрвөн зууны  нар, салхи өнгөрсөн хойно Галдан бошигт хаан Их Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн хүн билээ.
Галдан хааны мэдээч нар Өвөр Монгол, Орос, Дундат Ази, Түвд, Хятадад ламын дүрээр сууж цагийн байдлыг түүнд хүргэнэ. Далай лам, Ванчин богд, Жирүн хутагт, Зая гэгээн Намхайжамц тэргүүтэн Галдан хааныг дэмжиж, улс  төрөө мандуулахад тусалсаар ирсэн үнэн түүх байна.

Оросын Тобольск муж, Москва хотод Галдан элч зардаг байв.
Зүүнгарын хаант улс дотооддоо цэргийн зэр зэвсэг, гунан буу, дарь хүхэр, төмрийн хүдэр бэлтгэнэ. Мал аж ахуйгаа хот айлын зохион байгуулалтад оруулж өсгөв. Увсад манан чулууны үйлдвэр,Ховд голын хөндийд Сартагтайнгуу хэмээх шуудуу татаж өргөн их тариа тарив. Галдан бошигт хаанд цэргийн хүнс чухал байв.

Галдан бошигт хаан бол Хубилай хааны бодлогыг үргэлжлүүлэн шашин, төрийг хослон барьж соёл боловсролд ухаан зардаг байв. Тэрбээр Зая бандид Намхайжамц  гэгээнтнээр тод бичиг зохиолгов. Галдан хааны төр, цэрэг, соёлын бодлогын түшиг нь  Ану хатан байсан юм. Ану хатны жинхэнэ нэр Анударь. Ану хатны эцэг Очирт сэцэн хан бол Ойрадын чуулган даргаар олон жил ажиллаж “ИХ ЖУРАМ” хуулийг санаачилсан номч мэргэн хүн.
Галдан хаан тод бичгээр 13 мөрт сонат бичдэг байсан нь номын гэгээн хуудсанд үлджээ.

... Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг!
Сэтгэлд багтсан бөгөөс их, багын ялгал үгүй ...
Энэ суут мөр монголчуудын зүрхэнд хадгалагдсаар байна. Галдан бошигт хаан газар шороондоо амь шигээ хайртай байлаа. Манжийн Энх-Амгалан хааны барьцаанд байсан ганц хөвүүн Сэвдэнбалжираа Хөх нуурын уудам тал нутгаар сольж авахыг манжууд түүнд сануулахад,
-Өнө мөнхөд орших газар нутгаа үхээд өнгөрөх ганцхан амиар солихгүй. Миний нутгийн газраас бурхан гуйсан ч өгөхгүй гэж хэлсэн байдаг.
Манжид 1616 онд Өвөр монголын Цахар тэргүүт 49 хошуу, 1686 онд Халх монгол дагаар орж, харин Ойрад монголчууд 68 жилийн дараа урвагчдын балгаар толгойгоо хэрчүүлж хүчинд автсан зам мөртэй. Галдан хаан арга билгийн ухаантай ч хуйвалдаан, урвалт, урагшгүй явдал, үл итгэлцэлээс болж босоогоороо нөгчсөн жанжин баатар билээ.
Зуун модны тулалдаанд Ану хатан эрсдэхэд Галдангийн тал бие үгүй болсон. Галдан хааны 30 мянган цэрэг манжийн хувь илүү цэргийн өөдөөс баатарлагаар сөрж, өвс дэрлэн нас барсаар сэлбэх цэрэггүйн харгайгаар цөөрсөөр ялагдалд хүрэв. Хувилгаан Галдан хаан,

Амьдралд ялагдана гэж үгүй ...
Амьдралд ялна гэж үгүй ... хэмээн өгүүлжээ.
Монголчуудын эв нэгдэлд бутрааж манжууд цус дусаасан. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байсныг Чингис хаан нотолсон. Манжийн дарангуйлал  Монголын газар нутгийг хэсэгчлэн хуваагаад зогсоогүй оюуны  санд булингар юүлсэн юм.
Бидний монголчууд өнөөдөр баруун, зүүн монгол гэж талцах нь манжийн хорлол юм. Түүхийн энэ цагаан толбыг арилгаж Галдан бошигт хаан, Өндөр гэгээн Занабазар хоёроо тархи, зүрхэндээ залая.

Занабазар гэгээнтний  цагаан, ногоон дарь эх тэргүүт 21 дарь эх ЮНЕСКО-гийн соёлын өв болж бишрэл хүндэтгэлийн манлайд очлоо. Өндөр гэгээн Занабазар уран авьяастны хувьд Леонардо Да Винчитэй эн зэрэгцэж байна. Монголын анхдугаар Богд тэнгэрийн авьяастан байжээ.
Чингис хааны алтан ургийн Занабазар наран, саран мэт мөнхийн авьяас билигтэй гэдгийг тэмдэглэе. Чингис хааны дээд удмын Дуба сохор гэгч гурван мэлмийт, холч ухаантны тасархай Хархул ноёны ач, Эрдэнэбаатар хунтайжийн  хөвүүн Зүүнгарын хаант улсын  хаан Галдан бошигт билээ.
Нуруу, нугасны талаасаа Галдан хаан Өндөр гэгээн Занабазартай угсаа нэг. Цусан талаасаа нэгэн урсгалын цэнгэг горхи мэт эгч, дүүсийн бүрэлваатай.
Галдан бошигт хааны ерөөлийн зүрхэн тарнийг монгол хүн найрал дуу мэт эгшиглүүлж байна.

... Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг!
Сэтгэлд багтсан бөгөөс их, багын ялгал үгүй!
Манай эриний он тооллын өмнөх 239 онд ертөнцийн анхны төрт улсыг байгуулсан Хүннү гүрний Модун Шаньюу хаан “Газар бол улсын үндэс” хэмээн тунхагласныг Галдан бошигт хааны сонгодог сургаалтай эндүүрэх тохиол буй боловч агуулга, хэлбэрийн хувьд агаар нэгэн буй.
Галдан бошигт хааны 370 жилийн ой бол монголчуудын 370 жил амьсгалсан  агаар, 370 жил өргөсөн сүү, 370 жилийн түүх юм. Дэлхийн түүхэнд Галдан хаан шиг том лам байдаггүй юм. Галдан бол ширээт лам мөн. Галдан бол Ойрад Монголын их хаан мөн. Галдан бол хүний дээд эгэл жирийн хүн юм. Тэрбээр хүн шиг амьдарч хорвоод мөнхөрсөн билээ.
Хааны ерөөл орштугай!

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч
Дамдины Жамъян

0 Сэтгэгдэл
ингэж хэлж буй хүн өөрөө л төр, ард түмэнь бүр төрсөн гэр бүлээ үймүүлж байдаг урвагч адгийн новш байгаа биз. Иймэрхүү тэнэг малыг бүү тооцгоо, түүхийн үнэнийг гаргаж түмэн олондоо үлгэр дууриал үзүүлж буй их зохиолч, сэтгүүлч, бас түүхлэгч Жамяан гуай таньд талархаж байна.
ховдынхон галдан бошгот хаанаар төлөөлүүлж халхуудыг дарж, орос, х у ж а а хоёрт тус болсоноо хэлэх гээд байгаа юм болов уу... дахиад л монголчуудын түүхийг гуйвуулах нь дээ... хийрхлээ гэж... эрх баригчдаас болж монголчууд үргэлж хоорондоо талцаж байх юм байна л даа... ухаангүй ноёдод урашгүй албат гэж үг байдаг даа...
Хамгийн их уншсан