Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.ОДЖАРГАЛ: ӨӨРТӨӨ, ХҮЧТЭЙ БАЙ БИТГИЙ БУУЖ ӨГ ГЭЖ ХЭЛДЭГ

“MCS” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын яриаг хүргэж байна.

Хөт-Б.Л-Монголын хам­гийн завгүй хүний нэгийг урьсандаа баяртай байна. Энэ удаагийн ярилцлагын эхний асуултыг Ануг тавьж эхлүүлээсэй гэж хүсч байна.
Хөт-П.А-Таны хүүхэд насны тань талаар ярилцлагаа эхлүүлбэл сонин байх болов уу?
-Миний хувьд 1965 онд Баянхонгор аймагт төрсөн. 1969 онд манайх Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Тухайн үед одоогийн гуравдугаар хороолол буюу 500 айлын гэр хороололд гэрт амьдардаг байлаа. Дараа нь микрт ирсэн. Эхээс тавуулаа. Бага нас маань микрт л өнгөрсөн. Өнөөгийн зах зээлийн эдийн засаг биш социализмын үеийн нийгэмд амьдарч байсан болохоор их сонирхолтой байжээ. Хоёр ч системийг үзсэн би өөрийгөө их азтайд тооцдог. Бага байхад юм ч их ховор байж. Гадаадын чихэр, ундаа, боов харахаараа их баярлана. Тэрийгээ маш том гэр бүлийн баяр гэж боддог. Энэ мэтчлэн хүүхэд насны дурьдатгал их бий. Юм ховор байх тусмаа л их амттай байсан юм уу даа.
 
Хөт-П.А-Хэр мөрөө­дөмтгий хүүхэд байсан бол?
-Мөрөөдөлгүй яахав. Арван жилийн дурсгалын дэвтэр гэж байдаг байлаа. Түүнд кока кола гэж бичээд өндөр өндөр байшин зурсан байдаг юм. Ирээдүйн амьдрал маань иймэрхүү байх ёстой гэж мөрөөдөж байсан нь тэр байх л даа. Энэ талаар хааяа л найз нартаа ярьдаг. 

Хөт-Б.Л-Эмээ, ээж аав­тайгаа байх үед гарсан эгзэгтэй, санаанаас гардаггүй дурсамж, харуусал, баяр хөөр болж байсан үеэ эргээд нэг дурсахгүй юу?
-Би хүүхэд байхдаа их доошоо харж явдаг, газраас товч олж цуглуулдаг байж билээ. Манай эмээ дээл их оёно. Тэгэхээр эмээд хэрэг болно гэж боддог байсан юм уу даа. Их гоё, гоё өнгөтэй товч олж өгөхөөр эмээ маань их баярладаг байж билээ. Тэр үеэ хааяа нэг бодохоор сайхан санагддаг. Мөн манай аав Баянхонгор аймгийн Баянбулаг сумынх. Ах, бид хоёрыг дагуулаад л явдаг байсан юм. Хөдөө очсон хойно аавтайгаа барилдана. Хорхог хийгээд, хамаатан саднууд цугладаг байсан үеэ дурсахаар бас их сайхан дурсамжтай байдаг.

Хөт-П.А-Та аялах дуртай юу?
-Зун хөдөө явах их дуртай. 7-10 хоног найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ хамт хээр явж, дуртай газраа майхан барьж, хоол хийж идэх нь хамгийн гоё амралт болдог. Гадаадын улс орнуудаар аялахад дуртай газраа майхангаа засах боломжгүй шүү дээ. Энэ боломж манай улсад л байдаг болохоор гоё, сайхан таашаалыг нь мэдэрч жил бүр аялахыг хичээдэг.

Хөт-Б.Л-Ижийг тань Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынх гэдгийг мэднэ. Ингэхэд ижийнхээ нутагт хэр анхаарч, ямар ажил хийж байна вэ?
-Нэг их сүртэй ажил хийж гавиагүй ээ. Дэлгэрцогт сумын эмнэлгийг ээжийнхээ нэрэмжит болгож өгсөн. Жаахан хөрөнгө оруулалт хийж, засч янзалсан. Дөрөв, таван жилийн өмнө байх шүү.

Хөт-П.А-Таныхаар нүнжиг гэж юу вэ?
-Өгөөмөр, юм үзсэн хүнийг хэлж байгаа юм болов уу даа.

Хөт-П.А-Монгол хүн аав, ээжийнхээ ачийг хариулна гэ­дэг онцлогтой. Өөрийг тань ингэж сайхан өсгөсөн эмээ, ээжийнхээ ачийг ха­риулж чадсан гэж боддог уу?
-Үр хүүхэд нь хүмүүжилтэй, сайн сайхан яваад нь баярладаг гэж хүмүүс ярьдаг. Яахав, амьд байхад нь баярлуулж чадсан байж магадгүй.  Оюутан байхдаа наймаа хийгээд гайгүй орлоготой болонгуутаа эмээдээ мөнгө өгч байсан юм. Эмээ маань тэтгэврээсээ хэд дахин илүү мөнгө авсандаа их баярладаг байж билээ. Тэр үед баярлуулж байсан юм болов уу л гэж боддог. Гэхдээ мэдээж хүмүүжүүлсэн тэр сайхан ачийг нь яаж хариулж чадах билээ дээ.

Хөт-Б.Л-Бага, залуу байх­даа хүн их унтамхай байдаг шүү дээ. Ингэхэд эмээ тань өглөө яаж сэрээдэг байсан бол?
-Гайгүй дээ. Надад өгдөг ганц тушаал нь гурил элдүүлэх. Харин миний үндсэн ажил бол мод хагалах байлаа. Энэ ажлуудаа хийхгүй бол загнуулна. Тухайн үед цахилгаан үнэтэй байсан болохоор хэмнэх гээд мод түлдэг байсан хэрэг л дээ.

Хөт-П.А-Багадаа их гурил элддэг байсан гэлээ. Одоо ер нь гурил элддэг үү. Тийм зав, боломж нь гарах юм уу?
-За даа, бараг ховор. Үнэнийг хэлэхэд, гэрийн ажилд нэг их оролцоод байдаггүй.
 
Хөт-П.А-Гэр бүлийнхээ хүнтэй хэдийд, хэрхэн танилцаж байв?
-Манай хүнийг Батмөнх гэдэг. “Орчлон” сургуулийн захирал. Оюутан байхдаа бид Киевт танилцаж байлаа. Манай хүн Биеийн тамирын дээд сургуульд сурдаг байсан юм. Би чинь сагс тоглоно. Тэгээд сагс тоглож байгаад л танилцсан хэрэг.
 
Хөт-П.А-Та хэр романтик хүн бэ?
-Романтик шүү.

Хөт-Б.Л-Монгол орныг өнөөдрийн нүдээр харахад юу нь ичмээр харагддаг вэ?
-Ичих гэхээсээ илүү, хөгжүүлэх боломж нь байна уу гэвэл бий. Ичих гэдэг талаас нь харвал хотын утааг хэлж болохоор байна.
 
Хөт-П.А-Та өөрийгөө хэр эр хүн гэж бодож явдаг вэ?
-Эр хүнд чинь худлаа хэлдэггүй, нүнжигтэй зан байх ёстой болов уу.

Хөт-П.А-Таныг багадаа ээж, ааваасаа хагацсан гэдэг яриа бий. Ээж, аавынхаа талаар дурсахгүй юу. Та түрүүн эхээс тавуулаа гэж ярьсан?
-Аав, ээж маань хоёулаа эмч байсан. Хоёулаа өвчний улмаас нас барсан. Тэгээд эмээ дээрээ тавуулаа үлдсэн. Эмээгийн маань биднийг хүн болгосон ач гавьяа их. Гайгүй сурлагатай байсан болохоор гадаадад суралцах боломж олдсон. Амьдрах хэрэгтэй учраас хичээлийнхээ хажуугаар өөртөө таарсан наймаа хийж эхэлсэн. Оросоос мотоцикльний гинж, тамхины цаас оруулж ирж борлуулдаг байлаа. Эндээс тарваган малгай аваачиж зарна. Тэр үеийн оюутнууд ингэж л амьдардаг байсан юм шүү дээ. Эмээ маань 1990-ээд оны сүүлээр нас барсан.

Хөт-П.А-Нэг л өдөр MCS гэж үндэсний хэмжээний компани байгуулаад ерөнхийлөгч нь болоогүйн лавтай. Энэ компани анх ямар бизнес хийж, хаанаас хөрөнгө мөнгө босгож байсан талаар сонирхуулахгүй юу?
-1989 онд Киевээс төгсч ирээд төвийн эрчим хүчний системд ажилд орсон юм. Математикийн инженерээр хоёр жил ажиллаж байгаад Эгийн голын усан цахилгаан станцад дотоодын зөвлөхийн эрчим хүчний эдийн засагчаар ажиллах боломж олдсон. Тэгэхэд би гурван сар Швейцарийн Цюрихт  эдийн засгийн үндэслэл, тооцоо хийхээр ажиллаж байхад консалтинг компани гэж их гоё ажил юм байна, оюун ухаан, боловсрол шаардсан ийм бизнес хийх юмсан гэсэн бодол төрсөн. Тэгээд 1993 оноос эрчим хүчний чиглэлээр консалтинг бизнесээ эхэлсэн. Уг нь, MCS гэдэг нь Mongolian consulting service үгийн товчлол юм. Монголоор бол зөвлөгөө өгөх үйлчилгээ гэсэн үг шүү дээ. Эхлээд орон нутагт зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлээд, дараагаар нь хөдөө аж ахуйн салбарт тооцоо хийж өгнө гэхэд Дэлхийн банкнаас сонирхож байна, судалгаа хийлгэе гэж ирж байсан. Нэг инээдтэй зүйл ярья л даа.

Хөт-П.А-Тэг л дээ.
-Тухайн үед аятайхан оффисгүй байсан л даа. Дэлхийн банкнаас хүн ирж уулзана гээд байдаг. Ямар цэцэрлэгийн өрөөндөө авчралтай нь биш гээд Урт цагаанд нэг өрөө авсан. Компьютер их үнэтэй байсан болохоор бичгийн машинтай л байлаа. Тиймээс статистикийн газарт ажилладаг байсан найзаасаа гуйгаад өрөөнд нь нөгөө Дэлхийн банкны  хүнтэйгээ уулзахаар болсон. Яриа хөөрөө ч амжилттай болсон. Гэтэл яг өрөөнөөс нь гараад явж байтал нөгөө хүн маань ариун цэврийн өрөө чинь хаана байдаг вэ гэдэг юм байна. Сандрахдаа ийшээ гээд л заагаад өгчихсөн. Миний аз болоход зөв зүг зааж өгсөн байсан л даа. Ингэж л анхныхаа 5000 ам.долларын өртөгтэй ажлаа авч байлаа. Ажил амжилттай болоод ирэхээр хүн зүгээр суугаад байдаггүй юм байна. Өөр зүйл рүү тэмүүлнэ. Амжилттай болох тусам урам авч илүү гоё зүйл хийхийг хүсдэг болдог.  Одоо MCS-т 7000 орчим ажилтан бий. Үүний 260 нь бизнес удирддаг захирал, ахлах менежер. Эдгээр хүн л бизнесээ удирдаж хамт явж байгаа. Тэрнээс биш би ганцаараа нэг төсөл бичээд, зохиогоод байдаггүй. Бодлогынх нь хувьд л удирддаг.

Хөт-П.А-Та өөрийгөө зо­риулагдсан хүн, ийм л хувь тавилантай байжээ гэж боддог уу?
-Би тийм зориулагдсан онцгой хүн биш.

Хөт-П.А-Тэгвэл хэлэх дуртай үг тань юу вэ?
-Өөртөө хүчтэй бай, битгий бууж өг гэж хэлдэг.

Хөт-П.А-Амжилттай явах нь хувь тавилантай холбоотой гэж боддог уу?
-Хүнд аз гэж л байдаг байх.

Хөт-Б.Л-Монголд ядуу хүн гэж байгаа юу. Миний хувьд байдаггүй гэж боддог. Намайг ингэж хэлэхээр хүмүүс бид ядуу дорой амьдарч байна гэх байх л даа?
-Монгол хүн залхуу юу гэдгийг л тал бүрээс нь өөрөөр тайлбарлах байх. Би Энэтхэгт очиж үзэж байсан. Тэр үед монголчууд үнэхээр азтай юм гэж бодож байлаа. Тэгээд бид чинь ядуу биш юм байна гэсэн сэтгэгдэл төрж байсан шүү.
 
Хөт-Б.Л-Удахгүй УИХ-ын сонгууль болно. Оролцох уу?
-Үгүй. Миний хувьд намын харьяалалгүй. Бизнесээ хөөгөөд явах юм бол надад асар их боломж бололцоо бий.

Хөт-Б.Л-Саяхнаас төр өмчгүй байх ёстой гэж ярьдаг болсон. Энэ нь ямар ухагдахууны тухай яриад байна вэ. Ийм байж болох уу?
-Өмч гэдэг чинь тусдаа асуудал. Тодорхой өмчтэй байхыг үгүйсгэхгүй. Төрийн оролцоо тодорхой хэмжээгээр байх уу гэдэг нь л чухал. Нэг сэтгүүлээс төр өөрөө засуул, хувийн хэвшлийнхэн бөх нь байх ёстой гэсэн талаар уншиж байсан юм. Тэр утгаараа бид ажлыг нь хийх хүн нь юм шиг байна. Төр бол бодлогоор дэмжээд явах ёстой юм байна гэдэг утга нь зөв тогтолцоо юм уу гэж харж байгаа.

Хөт-Б.Л-Ажил хийж бай­гаа хүнд уурлах, бухим­дах, цухалдах, баярлах  үе зөндөө гарна. Бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Онигоо сонсдог. Нэг удаа жаахан бухимдалтай байсан үедээ  “АХА” нэвтрүүлгийн талаар сонсоод татаж унтлаа инээж билээ. Түвдэнгийн Бор гэж хэн бэ гэсэн асуултад хурдан морь гэж хариулсан гэдэг. Тэгээд Түвдэнгийн Борыг ямар хаднаас түлхсэн бэ гэхэд нь Мэлхий хад гэсэн байгаа юм. Хөтлөгч нь юу гэнээ гэсэн чинь Ээж хад гэж л дээ. Онигоо шиг л байгаа биз дээ. 

Хөт-Б.Л-Тэр нэвтрүүл­гийг үзэхээр ой гутдаг юм. Нэг удаа үзэж байхдаа өөр­тэйгөө холбогдсон асуул­тад муухай ичсэн шүү. “Монголын нууц товчоо”-г хэн зохиосон бэ гэсэн чинь нэг хүүхэд Бавуугийн Лхаг­васүрэн гэж хариулж байгаа юм даа. Үнэхээр ичсэн?
-Бас ядаргаагаа гольф тоглож тайлдаг болсон. Гэхдээ жаахан цаг шаардлагатай байдаг юм. Нэг тоглохдоо есөн км алхдаг. Хүн бол зүгээр үедээ есөн км явган явахгүй. Тоглоомдоо төвлөрөөд бөм­бөгөө хөөхөөр нэг л мэдэхэд алхчихсан байдаг.

Хөт-П.А-Амьдрал нь тодорхой төвшинд тогт­чихсон ч юм уу, сан­хүүгийн эх үүсвэртэй хүмүүс л гольф тоглодог гэдэг?
-Энэ Скай резортын гольфын талбай хүн бүхний өмнө нээлттэй. Мэдээж, хямдхан тоглоом биш. Тэгээд ч асар их хөрөнгө оруулалт хийгдсэн. Байнга арчилгаа хэрэгтэй байдаг. Усжуулахаас авахуулаад урсгал зардал ихтэй. Нөгөө талаас нь харах юм бол хүн өөрийнхөө эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

Хөт-П.А-Та баян хүн үү?
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Гурван хүүхэдтэй, эхнэр маань өөрийн гэсэн бие даасан ажилтай, ах дүү олуулаа, сайхан хамт олонтой гэдэг утгаараа өөрийгөө баян гэж боддог юм. Бас нэг юм хэлэхэд Ази, Америкийн менежментийн ялгааны талаар онолоор их заадаг даа. Америк хүн сонголт  ихтэй учраас нэг чадвартай залууг өнөөдөр ажилд авлаа гэхэд жилийн дараа л өөр компанид ажиллана. Азийн онцлог болохоор аль болох олон жил хамт ажиллаад найз болчихдог. Компани ч гэсэн энэ хүн насаараа ажиллана гэж ойлгодог. Нөгөө хүн нь ч гэсэн компанидаа олон жил ажилладаг. Тэгээд ч тэр компани хамт олных байдаг. Ажиллагсад амьдралынхаа ихэнх цагаа зарцуулж байгаа учраас өөрсдийнх нь компани байх ёстой гэдэг зарчим, хүний нөөцийн бодлого явуулдаг юм.
Хөт-Б.Л-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан